Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ш т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Б.Ш , түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ганзоригийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Ш , түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Ш т холбогдох эрүүгийн 1808 0018 90115 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б.Ш, 1985 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... дүүргийн ... дүгээр хороо, ... түр оршин суух, /РД:............./,

 

Шүүгдэгч Б.Ш  нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22-23 цагийн орчим, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын хуучин эцсийн автобусны буудал орчим, ... оны ... дугаар сарын ...-наас ...-нд шилжих шөнө ... цагийн орчим, мөн тус өдрийн ... цагийн орчим тус тус ... дүүргийн ... дүгээр хороо, ...  тоотод, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э-ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гар хөлийг хүлж тарчлаасан үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ... “өөр хүнтэй унтсан” гэх шалтгаанаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Ш ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

 

Шижирбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ш ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон олс, даавууны тасархай, хагарсан лонхны ёроол хэсэг, бариулгүй хутганы ажлын хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах” орон тооны бус комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

 

1. Хохирогч Б.Э-ийн “... 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр намайг хайгаад амиа хорлоно гэж яриад байгааг мэдээд гэртээ харъя гэж бодоод нөхөртэйгээ танихгүй хүний гар утсаар ярьж “Баттогтохтой зочид буудалд орсон, дотно харьцаанд орсон” талаар хэлсэн. Тэгтэл манай нөхөр “хүрээд ирээ, чамайг ямар ч тохиолдолд би уучилна” гэхээр нь би зочид буудлаас орой 22-23 цагийн орчим гараад эцсийн автобусны зүүн талд таксинаас буугаад очиход манай нөхөр шууд нүүр лүү цохиод авсан. Тэгтэл энгийн машинтай хоёр цагдаа явж таараад ирж болиулсан. ...би нөхрийн хамтаар гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ харьсан шөнө дөө намайг “биеэ угаа” гэж хүчээр миний хувцсыг тайлуулаад, түмпэнд ус хийгээд миний бэлэг эрхтэн рүү угаалгын нунтаг хийгээд угаа гээд байсан. Би өөрөө бэлэг эрхтнээ угаасан. Тэр шөнөдөө Б.Ш  намайг зодоод, нүүр, ам руу цохиод байсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10-11 цагийн орчим Б.Ш  намайг алга болсон талаар хэсгийн байцаагч Энхбатад хэлсэн, очиж уулзъя гээд дагуулаад очсон. Тэгтэл Энхбат байцаагч намайг гэртээ ирснийг мэдээд Б.Ш т намайг зодож болохгүй талаар хэлж зөвлөсөн. Тэгээд шууд бид хоёр гэртээ харьсан. Б.Ш  гэртээ харингуутаа намайг дарамтлаад, хутга бариад “чиний нэг эрхтнийг авч байж чамайг уучилна” гээд дайраад байсан. Манай нөхөр уурлаад олс нарийн даавуу цуулж байгаад намайг хүлээд ам руу даавуу чихээд, ам боож уясан. Миний духан дээр хар өнгийн фалмастраар янхан гэж бичээд, миний гар утсаар зураг аваад хөлийн гуя шилбэр руу өшиглөөд байсан ...” гэх мэдүүлэг,

2. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

3. Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 802 дугаартай дүгнэлтээр “Б.Э-ийн биед зүүн доод зовхи, эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, завжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

5. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 26, 27-ны хоорондох ойролцоо хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Э-н зүүн доод зовхи, завжинд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтлүүд нь дангаараа буюу тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин Б.Э-н биед учирсан дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг,

6.  Б.Ш ын “... 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим над руу эхнэр Б.Эрдэнэцэцэг гар утсаар залгаад “би танай найз Баттогтохтой явсан, чамайг би хуурсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь уулзъя гээд зурагтын хуучин эцэс дээр Б.Э-тэй уулзсан. Б.Э-ийг таксинаас буугаад ирэхээр нь би шууд зүүн нүд рүү нь цохисон. Тэгтэл арын машинаас цагдаа бууж ирээд намайг болиулсан. Би эхнэрээ дагуулаад гэртээ харьсан. Гэртээ хариад шөнө 01-02 цагийн орчим би Б.Э-ийн хөл рүү ганц хоёр удаа өшиглөөд биеэ угаа гэж хэлээд хувцсыг тайлаад ус хийсэн ваннд суулгаад, бэлэг эрхтэн лүү угаалгын нунтаг хийгээд, “наадахаа угаа” гэж хэлээд өөрөөр нь угаалгасан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө миний уур хүрээд Б.Э-ийг гэрт байсан олс, хөлийн ороолтоор хөл гарыг хүлээд амыг нь даавуугаар хүлээд, духан дээр хар өнгийн фалмастраар янхан гэж бичсэн” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудаар Б. Шижирбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд хохирогч Б.Э-ийг байнга буюу 3 удаа зодож, бие махбодид нь халдсан, мөн хохирогчийн бэлэг эрхтэнг угаалгын нунтагаар угаасан, мөн удаан хугацаанд ам, гар, хөлийг нь хүлж, духан дээр “янхан” гэж бичиж тарчлаан хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад шүүхээс хохирогч Б.Э-ийн “... зочид буудлаас орой 22-23 цагийн орчим таксинаас буугаад очиход манай нөхөр шууд нүүр лүү цохиод авсан, гэртээ харьсан шөнөдөө хувцсыг минь тайлуулаад миний бэлэг эрхтэн руу угаалгын нунтаг хийгээд угаа гэсэн, тэр шөнөдөө намайг зодоод нүүр ам руу цохисон, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10-11 цагийн хооронд Б.Ш гэртээ харингуутаа намайг дарамтлаад хутга бариад чиний нэг эрхтнийг авч байж чамайг уучилна гээд дайраад байсан, олс нарийн даавуу цуулж намайг хүлээд, ам руу даавуу чихээд ам боож уясан, духан дээр янхан гэж бичээд гар утсаар зураг аваад хөлийн гуя шилбэ рүү өшиглөөд байсан ...” гэх мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан боловч Б.Ш т оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй хөнгөдсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг болох нь хангалттай тогтоогдсон байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Б.Ш ын үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй ба дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, одоо эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Эхнэр Б.Э ажил хийдэггүй, хүүхдээ асардаг. Бид нар бие биенээ уучилж, ойлголцож, одоо гэр бүлээрээ хамтдаа амьдарч байгаа.

Би маш их зүйлийг ухаарч ойлгосон. Түргэн зан бусдыг уучлах сэтгэл гаргаж чадалгүй түргэн зангаасаа болж ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байгаа бөгөөд бид бие биенээ илүү ихээр ойлголцож, олон зүйл дээр өөрөө өөртөө дүгнэлт хийсэн.

Цаашдаа эхнэр хүүхэддээ илүү ихээр анхаарч, бие биедээ илүү их нээлттэй ярилцаж, ойлголцож, халамж анхаарал хэрэгтэй юм байна. Энэ хугацаанд тунгаан бодож зөвхөн мөнгө олж гэр бүлээ тэжээн тэтгэхээс гадна гэр бүлээ анхаарч ярилцаж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож ухаарсан.

Миний бие барилгын ажил эрхэлдэг бөгөөд ялангуяа хавар, зун, намрын улиралд орлого олох боломж илүү их байдаг ба өвлийн улиралд голдуу барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийдэг. Эхнэр маань 3 хүүхдээ асарч, гэртээ байдаг тул ажил хийх боломжгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг хийхэд ажил хийх боломжгүйд хүрч, гэр бүлийг минь тэжээн тэтгэх, тусалж дэмжих хүн байхгүй болно. Хэрвээ шүүхээс надад торгох ял оногдуулсан тохиолдолд миний бие хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно.

Иймд миний энэ нөхцөл байдлыг анхааран үзэж, нийтэд тустай ажил хийлгэхээс өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна ...” гэв.

Шүүгдэгч Б.Ш ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч миний бие Б.Ш ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Б.Ш  нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй бөгөөд ар гэр хувийн байдлыг харахад 2-6 насны 3 хүүхэдтэй ба эхнэр Б.Э нь ажил эрхэлдэггүй хүүхдээ асардаг. Б.Ш, Б.Э нар эвлэрч одоо гэр бүлээрээ хамтдаа амьдарч байгаа. Б.Ш нь ажил хийж, цалин орлого олж гэр бүлээ тэжээдэг.

Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна.

Б.Ш ын хувьд нийтэд тустай ажил хийж байх хугацаанд ар гэр, эхнэр хүүхдийг нь тэжээн тэтгэх хүн байхгүй тул эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж нийтэд тустай ажил хийлгэхээс өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Б.Ш  нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22-23, 2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01-02, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12-14 цагийн үед тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э-ийг Г.Баттогтохтой хардаж, түүнтэй унтсан гэсэн шалтгаанаар буюу нэг санаа зорилго, сэдэлтээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

эд зүйл түр хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4, 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8, 9/, эд мөрийн баримт /хх-10/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12, 13/,

 

хохирогч Б.Эрдэнэцэцэг /хх 14-15, 16-18, 19, 20/, гэрч О.Түвшинтөгс /хх-25/, Н.Энхбат /хх 26-27/, Б.Батцэрэн /хх-28-29/, Г.Ганболд /хх 30-31/, Б.Билэгжүгдэр /хх 32-33/, Х.Нарантунгалаг /хх 34-35/, Ш.Дорждаваа /хх 36-37/, Г.Баттогтох /хх 38-39/, шинжээч эмч Г.Ханхүү нарын /хх 43-44/ мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Э-ийн биед зүүн доод зовхи, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, завжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 802 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн саарал олсонд хөвөрхий зангилаа, олом углуурганы зангилаа, тооно туших зангилаатай байна. Мөн уг олсны үзүүрүүдэд зүсэгдэлт шинээр гарсан байна. Саарал өнгийн давуунд тооно туших зангилаа, хөвөрхий зангилаа байна. Даваануудын үзүүрүүдэд зүсэгдэлт, ханзралт шинээр гарсан байна” гэсэн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-46-47, 48-51/,

 

шүүгдэгч Б.Ш ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-60-61, аюулын зэргийн үнэлгээ /хх 91-92/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /95-99/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ш т холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тус ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Прокурор эсэргүүцэлдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл гаргасан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн” гэж эсэргүүцэл бичсэн боловч уг гэмт хэргийг байнга буюу хэвшмэл маягтай, гурав ба түүнээс олон удаа хүчирхийлэл үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.Ш  нь тухайн цаг хугацаанд эр эмийн хардалтын улмаас нэг санаа зорилгоор, зөвхөн тухайн агшинд үүссэн нөхцөл байдлын улмаас Б.Э-ийг зодсон, дээр дурдсан үйлдлийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ш , түүний өмгөөлөгч нараас “нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг тохирсон гэж үзэж байгаа учир гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Ганзоригийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ