Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0529

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 511 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0153/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шийдвэрт “нөхөн ногдуулалтын актын тооцоолол, татвар ногдох зүйл зэрэгт маргаагүй болно” гэж алдаатай дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.

            Татварын мөнгөний хэмжээ их, багадаа асуудал биш бөгөөд нэхэмжлэгч талын хувьд зарчмын асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Чиргүүл гэдэг төрлийн тээврийн хэрэгсэлд Ачааны автомашин гэдэг өөр төрлийн тээврийн хэрэгслийн албан татварыг ногдуулж, хэрэглэж болох эсэх? Тээврийн хэрэгслийн даацыг хууль тогтоомжийн дагуу хэн, яаж тогтоодог вэ? Татварын улсын байцаагчид тээврийн хэрэгслийн даацыг тодорхойлох, тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдсон уу?, Татварын хяналт шалгалт хийж байгаа татварын байцаагч тээврийн хэрэгслийн даацыг өөрийн үзэмжээр тогтоож, төрөл-ангилалыг өөрчлөх нь хууль ёсны юу? Тээврийн хэрэгслийн даац, ачсан ачааны хэмжээ хоёр нэг ойлголт уу, өөр ойлголт уу? гэдэг зарчмын хэдэн асуудалд үндэслэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх маргааны зүйлээ ойлголгүй, түүнд хамааралтай хууль тогтоомжийг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй.

3.2. Татварын байцаагчид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар Нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа ...28 чиргүүлийн албан татварыг 2020 онд 4,843,600 төгрөгөөр дутуу ногдуулсан нь Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн ... гэсэн заалтыг тус тус зөрчиж байна” гэж үндэслэлдээ тодорхой бичсэн. Тэд чиргүүлийн татварыг дутуу төлсөн гэж үзэхдээ Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 10-д заасан Чиргүүл төрлийн татварын хэмжээг хэрэглээгүй бөгөөд харин уг тогтоолын 6-д заасан 70-80 тн даацтай ачааны автомашины татварыг чиргүүлд ногдуулж зөрүүг тодорхойлон хууль бус татварын акт гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх үүнийг зөвтгөхийн оронд бүр тэс хөндлөн шийдвэр гаргасан буюу чиргүүл дээр + ачааны автомашиныг нэмээд нэг тээврийн хэрэгсэл гэж үзсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... “Э” ХХК-ийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл нь зүтгүүр, чиргүүлийн хамт нийт ачааны даацын хэмжээ нь 74600 кг байна...” гэж, "...нэг тээврийн хэрэгсэл дунджаар зүтгүүр, чиргүүлийн хамт нийт 74600 кг ачааны даацтай гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж бичсэнээс харагдах юм.

Товчоор бол зөрчилтэй гэж үзсэн чиргүүл дээр + зөрчилгүй гэж үзсэн зүтгүүрийг нэмсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн шаардлагыг зөрчсөн. Татварын байцаагчид нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа зөвхөн чиргүүл дээр зөрүү тавьсан бөгөөд зүтгүүр дээр ямар нэгэн зөрчил, нөхөн ногдуулалт тогтоогоогүй болохыг Нөхөн ногдуулалтын актаас харж болно.

3.3. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.2-т ““автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг”, 1.2.50-д ““чиргүүл” гэж механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгслийг Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлд “дараах автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна” 1/-д “бүх төрлийн ачааны автомашин”, 7/ авто чиргүүл гэж тус тус хуульчилснаар чиргүүл, ачааны автомашин хоёр нь тус тусдаа тээврийн хэрэгслүүд бөгөөд тэдгээрт ногдуулах татварын төрөл, хэмжээ ч тус тусдаа хуульчлагдан тогтоогдсон.

Түүнчлэн хэргийн материалд хадгалагдаж буй нэхэмжлэгч талын тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээгээр чиргүүл, чирэгч нь тус тусдаа улсын дугаар, тус тусдаа марк, модель, тус тусын арлын дугаар, ангилал бүхий хоорондоо харилцан хамааралгүй, бие даасан тус тусдаа тээврийн хэрэгслүүд болох нь тогтоогдоно.

Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлд дараах байдлаар чиргүүлийн албан татварыг бусад тээврийн хэрэгслүүдээс тусад нь тогтоосон тул чиргүүлд ачааны автомашины албан татварыг ногдуулах боломжгүй (татварын байцаагчид ингэж ногдуулсан), түүнчлэн чиргүүл, ачааны автомашин хоёрыг хооронд нь нэмээд нэг татвар тогтоох (анхан шатны шүүх ингэж үзсэн) нь тус тус хууль зүйн үндэслэлгүй юм.

3.4. Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүргүүлнэ” гэж, 171.2-т “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр 18-ны өдрийн А/222 тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.1-д “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн болон ашиглалттай холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтөлнө”, 3.3.4-д “Импортоор оруулж ирсэн шинэ болон ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн, эсхүл экспортын дагалдах баримт бичиг...”, 3.10-д “Автотээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад дурдсан жагсаалтын дагуу техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэлийн санд бүртгэнэ”, 13.9-д “Өмчлөгчийн болон техникийн мэдээллийг энэхүү журмын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтад заасны дагуу мэдээллийн санд бүртгэнэ”, түүнчлэн дээрх Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2 дугаар хавсралт буюу Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдэх мэдээллүүдийн жагсаалтын 10-д “Даац, кг”, 17-д “Автотээврийн хэрэгслийн төрөл, зориулалт” зэрэг олон төрлийн мэдээлэл, үзүүлэлтийг бүртгэхээр зохицуулсан.

Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтуудаар тээврийн хэрэгслийн төрөл, зориулалт, даацыг тодорхойлох, бүртгэх нь Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх юм. Татварын улсын байцаагч (түүнчлэн шүүх) автотээврийн байгууллагаас тодорхойлсон төрөл, зориулалт, даацыг шууд авч хэрэглэх ёстой болохоос бус өөрөө тээврийн хэрэгслийн төрөл, зориулалт, даацыг тодорхойлох эрх хэмжээ байхгүй, ийм эрх хэмжээ хэрэгжүүлэх ч ёсгүй юм. Гэтэл манай тохиолдлын тухайд Татварын улсын байцаагчид өөрсдийн санаачилгаар чиргүүлийг ачааны автомашины төрөлд хамруулан, өөрсдийн дураар Автотээврийн байгууллагын тодорхойлсон даацыг өөрчлөн тогтоох замаар татварын дутуу төлөлт гаргаж ирсэн маргаан бүхий хэрэг юм.

3.5. Юуны өмнө Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хуульд тээврийн хэрэгслийн төрөл, зориулалт, даацыг тодорхойлох эрх хэмжээг татварын байцаагчид олгоогүй болно. Хэрэв татварын байцаагч төлөх татварынх нь хэмжээг тогтоох гэж байгаа тээврийн хэрэгслийнхээ төрөл, зориулалт, даацыг өөрөө тодорхойлдог болчихвол энэ нь дур зоргоороо авирлах нөхцлийг үүсгэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Дулмаа, Дорж, Бат нарын ижил тээврийн хэрэгслүүд дээр өөрийн үзэмжээр өөр өөрөөр хандах боломжтой болох бөгөөд үүнтэй ижил нөхцөл байдал “Э” ХХК-ийн тохиолдолд үүссэн гэдгийг ойлгон хүлээн авна уу.

3.6. Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл 1 жилд буюу 365 хоногт нэг удаа төлөх татварын асуудлыг хуульчилсан юм. Гэтэл татварын байцаагчид Автотээврийн байгууллагаас тодорхойлсон тээврийн хэрэгслийн төрөл, зориулалт, даацыг хэрэглэхгүй тухайн тээврийн хэрэгслийн 365 хоногоос тодорхой хоногуудад ачсан ачааны хэмжээгээр татварын хэмжээг тодорхойлж байгаа нь буруу юм.

Хэрэв ийм аргачлалаар авч үзвэл буюу тээвэрт явсан эсэх, ачсан ачааны хэмжээгээр татварыг тогтооно гэж үзвэл дараах 3 тохиолдолд хэрхэх вэ гэдэг асуулт үүснэ?

1. **-56 БЧ Zhengkang чиргүүл 2023 онд 365 хоног тээвэрт тасралтгүй явсан, өдөр бүр ачсан ачааны тоо хэмжээ харилцан адилгүй өөр.

2. **-58 УЧ Futon чиргүүл 2023 онд 50 хоног тээвэрт явсан, 315 хоног нь яваагүй зогссон, явсан 50 хоногт ачсан ачааны хэмжээ өөр өөр, буцах талдаа хоосон явсан.

3. **-44 БЧ ZOZ чиргүүл 2023 онд огт тээвэрт яваагүй эвдрээд зогссон.

Өөрөөр хэлбэл ачсан ачааны хэмжээгээр татварын хэмжээг тогтоох тохиолдолд татвар төлөлт өөр өөр байх бөгөөд бүр 3 дахь тохиолдолд татвар төлөхгүй байх талаарх нөхцөл байдал, маргаан үүсэх боломжтой юм. Яг үүнтэй ижил “Э” ХХК-ийн 28 чиргүүл тус бүрээр авч үзвэл ашиглалтууд харилцан адилгүй өөр өөр, зарим нь зам тээврийн осолд орсноос ашиглагдаагүй зогсож байгаа ч чиргүүл байгаа юм.

Гэтэл Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэсэн зохицуулалт хуульчлагдсан тул тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэх, түүнийг яаж ашиглаж байгааг үл харгалзан албан татварыг тухайн тээврийн хэрэгслийн хуулийн дагуу тодорхойлогдсон төрөл, зориулалт, даацад үндэслэн ногдуулах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            2.1. Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нар нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2221902638 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалт хяналт шалгалт явуулжээ.

            2.2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад “... Толгой компани болох “М Э К” ХХК-иас хөрөнгө оруулалтаар шилжин ирсэн 28 чиргүүлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд   4 843 600 төгрөгөөр дутуу ногдуулсан” гэж дүгнэн маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актаар 4 843 600 төгрөгийн нөхөн татвар, 1 453 080 төгрөгийн торгууль, 968 720 төгрөгийн алданги, нийт 7 265 400 төгрөгийн төлбөрийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл”, “Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна:”, 7/-д “авто чиргүүл”, 5 дугаар зүйлд “Албан татварын хэмжээ”, 3-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай” 6/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл”-ийн жилийн албан татварын хэмжээг тогтоохдоо “ачааны машин 40-50 тн даацтай 250 000 төгрөг”, “Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 6000 төгрөг” гэж тогтоожээ.

2.4. Гэтэл анхан шатны шүүхээс “...гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээнээс үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэг тээврийн хэрэгсэл, нэг удаагийн тээврээр 2020 онд дунджаар 70000-74000 кг ачааг тээвэрлэсэн, ... нэг тээврийн хэрэгсэл нь нэг удаагийн тээврээр дунджаар 74000 орчим кг ачааг тээвэрлэж байгаа нь тогтоогдож байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолоор тогтоосон хэмжээгээр буюу нэхэмжлэгч компанийн нэг тээврийн хэрэгсэл нь 70-80 тн даацтай ачааны авто машин гэж үзэж, нэг автомашины жилийн татварын хэмжээг 400 000 төгрөг байхаар тооцож нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан хариуцагч нарын шийдвэртэй үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

2.5. Учир нь нэхэмжлэгч компанийн чиргүүлийн хувьд дээр дурдсанаас бага хэмжээний даацтай болох нь нэгэнт хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хуулбар болон бусад баримтуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд тухайн чиргүүлүүд дунджаар хэдэн тонн ачаа тээвэрлэж байснаас үл хамааран тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдсан даацын хэмжээгээр автотээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг тодорхойлж ногдуулахаар байна.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн даацын хэмжээнээс үл хамааран “даац хэтрүүлж, их хэмжээтэй ачаа ачиж, тээвэрлэсэн байвал автотээврийн хэрэгслийн албан татварыг их хэмжээгээр, багаар ачиж, тээвэрлэсэн бол багаар ногдуулж, төлүүлэх” хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг дутуу ногдуулсан гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын  автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Нийслэлийн  Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН