Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1386

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Шинэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01196 дугаар шийдвэртэй, Х.Шинэцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Нью энержи стар” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Шинэцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Нью энержи стар” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 96 дугаар тушаалаар тус компанид Захиргаа, хүний нөөцийн менежерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж, энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж, сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл тус компани 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажлаа хүлээлгэх өгөхийг шаардаж, маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн ерөнхий захирал 128 дугаартай тушаал гаргаж ажлаас гэнэт чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заал болон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Ажлаас чөлөөлөх үндэслэлээ орон тоог цомхотгох болсон гэж тайлбарласан, энэ тухайгаа надад хуулийн хугацаанд мэдэгдээгүй, ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсанд гомдолтой. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар компанийн ажилтнуудын ажиллах нөхцлийг хангах, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, албан бичиг, тушаал шийдвэрийн боловсруулалт бүртгэл, архив, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах, хугацааг сунгуулах зэрэг тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай салшгүй холбоотой үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг Захиргаа, хүний нөөцийн менежерийн ажлын байрыг хасах үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Иймд хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан тул урьд эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нью энержи стар” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Х.Шинэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд бодит байдлаас зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Компаний ерөнхий захирал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон тоо хасагдсан тухай мэдэгдэл өгснийг менежер Х.Шинэцэцэг хүлээн авч танилцан гарын үсэг зурж, ажлаа хүлээлцэхээр хариуцаж байсан бичиг баримтаа цэгцэлж эхэлсэн.

Ингээд ажлаа хүлээлцээд, сарын хугацаанд ажил дээрээ ирэхгүй байж болох тухай захирлын шийдвэрийг менежер Д.Нармандах /ерөнхий захирал Күк Жүнг Ёл Солонгос хүн учраас орчуулагчаар дамжуулан/ хэлсэн. Х.Шинэцэцэг ч өөрийнх нь хариуцаж байсан ажил учраас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар тушаалыг боловсруулж захирлаар гарын үсэг зуруулсан байдаг. Үүнийг залруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон тоо хасагдсан тухай мэдэгдэл өгсний дагуу Х.Шинэцэцэгт 12 сарынх нь цалинг графикийн дагуу 15, 30-ны өдөр өгч, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бодож олгосон.

Бид ажлаа хэвийн зохих ёсоор хийж байсан хүнийг чөлөөлөөгүй, Х.Шинэцэцэг нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлдэггүй, зан харилцааны хувьд хүмүүстэй таарамжгүй, ажилдаа ахиц, үр дүн гаргаагүй учраас ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнийг албажуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэж, 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийг олгосон зэрэг нь ажилтныхаа цаашдын ажил, амьдралын нэр хүнд, бусад байдлыг бодолцож, харилцан ойлголцсон шийдвэр болсон.

Энэ хугацаанд нэхэмжлэгч нь компанийн хүмүүстэй удаа дараа холбогдож, цалин тэтгэмжийн талаар асууж лавлаж байснаас үзэхэд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.Шинэцэцэгийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 5 087 365 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг “Нью энержи стар” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг  нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, нэхэмжлэгч танилцан гарын үсэг зурсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ажил хүлээлцэх, мэдэгдлийн хугацаанд ажил дээр ирэхгүй байх шийдвэрийг нэхэмжлэгчтэй зөвшилцөн, түүнд таатай байх талаар бодолцон гаргасан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгч өөрөө боловсруулж 2 сарын тэтгэмж авахаар тушаалд заасан нь гэрчийн мэдүүлэгээр шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Мэдэгдэл өгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарах нь зохигчдын хэн алинд ойлгомжтой байсан ч нэхэмжлэгч дараагийн ажлаа хөөцөлдөх, тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг нь харгалзан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан.

Дээрх үйл баримтууд тогтоогдсон, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчсөн гэж буруутгаж байгаа ч уг заалтыг агуулгын хувьд нийцүүлэн хэрэглэсэн. Хуулийн дагуу нэг сарын өмнө мэдэгдэж, 2 сарын тэтгэмж олгосон байхад хариуцагчийг үндэслэлгүй халсан гэж буруутгаж байгааг хуулийг хэт нэг талыг барьж тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Х.Шинэцэцэг нь хариуцагч “Нью энержи стар” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тус компанийн зарим орон тоо буюу нэхэмжлэгч Х.Шинэцэцэгийн ажлын байрыг цомхтгож, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цуцлах болсныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил олгогч ажилтанд мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 49, 50/

Гэтэл хариуцагч “Нью энержи стар” ХХК нэхэмжлэгч Х.Шинэцэцэгийг дээрх мэдэгдэлд заасан хугацаанаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 3/

Иймд анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн гэх дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч “Нью энержи стар” ХХК-ийн хувьд ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь нэхэмжлэгч Х.Шинэцэцэгийн хүсэлт бөгөөд үүнийг гэрч Б.Долгион нотлосон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, гэрч Б.Долгионы мэдүүлснээр “ажилтан өөрөө ажлаас чөлөөлөх тухай тушаалыг боловсруулсан” гэж үзэх нь учир дутагдалтай, тухайн үйл баримтыг эргэлзээгүй нотлох, нотолгооны хэрэгсэл гэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Х.Шинэцэцэгийг “Нью энержи стар” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА