| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00110/И |
| Дугаар | 130/ШШ2017/00200 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2017/00200
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Д сумын * дүгээр багт оршин суух, Ж овогт Ж Б ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Б , гэрчид Р.Д , Т.Ш , К.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцааны барилгын 4-р трест угсралтын цахилгаанчин, гагнуурчнаар 1979 оны 7-р сарын 01-ээс 1992 оны 11-р сарын 24-ний хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч архивын лавлагаанаас ажилласан хугацааны хөдөлмөр лавлагаа нь гараагүй. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1979 оны 7-р сарын 1-ээс 1992 оны 11-р сарын 24-ний хүртэл нийт 13 жил 4 сарыг Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трест цахилгаанчин, гагнуурчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би анх 1979 онд 4-р Барилга трестэд ажилд орсон. 1994 онд ажлаас чөлөөлөгдөж хөдөө нүүгээд явсан. Тэр хугацаанд ажиллаж байсан 10 хэдэн жилийн архивын лавлагаа архиваас гараагүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестэд цахилгаанчнаар ажилласан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б нь Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэж шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаартай архивын лавлагаа, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн №018655 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаартай тушаалын хуулбар, Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 124 дугаартай тушаалын хуулбар, Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Р.Д , 3 дугаар багийн иргэн Т.Ш , К.З нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаартай архивын лавлагаанд Барилга трестийн 1979, 1992 онуудын баримтыг шүүн үзэхэд иргэн Ж.Б д холбогдох баримт гараагүй болно гэжээ.
Хүсэлт гаргагч өөрийн шаардлагаа үндэслэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлаж байгаа байдал нь хоорондоо зөрүүтэй, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч нар мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаартай тушаалаар Ж.Б ыг барилга угсралтын цахилгаанч, гагнуурчнаар 7-р сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, мөн Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 124 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх эрхийн дагуу Баян-Өлгий аймгийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргаар ажиллаж байсан одоо Өлгий сумын 5 дугаар багийн өндөр настан Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулан гэрчээр асуухад ...Би энэ хүний ажиллаж байсан эсэхийг санахгүй байна. Хүсэлт гаргагч Ж.Б ы нотлох баримтаар гаргаж өгсөн Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 124 дугаартай тушаалд /А/ гэж зурсан гарын үсэг минийх биш бөгөөд харин тамга нь тухайн байгууллагын тамга мөн байна. Тушаалын баланк нь ч тухайн байгууллагынх биш байна. ... Мөн Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Баян-Өлгий аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаартай тушаалд зурсан гарын үсэг Х даргын гарын үсэг биш байна. 1990 оноос өмнөх бүх тушаалуудын толгой хэсэг бүгд улаан өнгөөр том үсгээр бичигддэг байсан. ... Мөн тус байгууллагад Р.Д гэдэг хүн ажиллаж байсныг мэдэхгүй юм байна гэсэн мэдүүлгээс харахад хүсэлт гаргагч Ж.Б нь Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин, гагнуурчнаар ажиллаж байсан байна гэж дүгнэх боломжгүй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн К.З, Р.Д нар Ж.Б тай чухам хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан талаар тодорхой хэлж чадаагүй, гэрч Т.Ш нь шүүх хуралдаанд ... би энэхүү тодорхойлолтыг өөрөө бичээгүй, Ж.Б ы бичсэн тодорхойлолтод гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн байдлаас харахад гэрч нар мэдүүлгийн эх сурвалжийг зааж өгч чадаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Б нь шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ байдлаа тодорхой тайлбарлаж чадаагүй, түүний нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 02 өөрийн хүсэлтээр цахилгаан гагнуурчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилтийн урд бичигдсэн он сар өдөр нь засвартай тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолгоо гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Ж.Б ы Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ж Б ы Баян-Өлгий аймаг дахь Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН