Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.М д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ш.Насанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Ш.Насанжаргалын бичсэн дүгнэлтээр О.М д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн О.М, 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1055 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,  оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УИ93072318/,

 

О.М  нь Д.Тэмүүжинтэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 39 дүгээр байрны урд зогсоолд байрлуулсан М.Баатарчулууны 71-01 УНЯ улсын дугаартай, “Тоёота Чейзер” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33-195 тоотод оршин суух Т.Оюунбилэгээс 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “нөүтбүүкийг чинь 2 хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 600.000 төгрөгийн хохирол,

давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24 дүгээр байрны 0 тоотод оршин суух иргэн О.Эрдэнтуяагаас “Х нөүт” загварын нөүтбүүкийг нь “2 хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 100.000 төгрөгийн хохирол,

2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байрын 21 тоотод оршин суух иргэн Е.Нурбергенээс 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 250.000 төгрөгийн хохирол,

2016 оны 11 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 1030 дугаар байрны 24 тоотод оршин суух иргэн Г.Баатарсүрэнгийн гэрээс “Ленова” загварын зөөврийн компьютерийг “нэг хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 400.000 төгрөгийн хохирол,

2016 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны гадна иргэн Ч.Гэрэлтуяагаас “зөөврийн компьютерээ түр өгөөч, төсөл бичээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 500.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” Андуудын автобусны буудал дээрээс иргэн О.Эрхэсийг хуурч мэхлэн иргэн Э.Тэмүгэний “HP” загварын зөөврийн компьютерийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 500.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 15-ны үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны дотуур байрны А-36 тоотод оршин суух иргэн М.Зулжаргалын эзэмшлийн “Тошиба ай-5” загварын гар утсыг түүний дүү М.Шагжаас “хэрэглэчихээд орой авчраад өгье” гэж итгэл төрүүлэн, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 300.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 2.650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.М ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.М ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, О.М , Д.Тэмүүжин нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд, О.М ыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.М ыг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 121 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29.040.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Тэмүүжинг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар О.М ын урьдчилан цагдан хоригдсон 121 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж 29.040.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Тэмүүжинд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.М д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Тэмүүжин урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.М аас 6 сарын хугацаанд 1.400.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Оюунбилэгт 600.000 төгрөг, хохирогч М.Зулжаргалд 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мөрөнгоод 500.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн 19-21 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Одгэрэлд буцаан олгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Тэмүүжинд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Насанжаргалын бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагч О.М  нь “2-3 хоногийн дараа мөнгийг чинь өгнө гэж” хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Руби” ломбарданд хохирогч Р.Анирмаагийн гар утсыг 1.400.000 төгрөгийн барьцаанд тавиулж уг мөнгийг авч ашиглан залилсан,

мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 22 тоотод оршин суух иргэн Д.Бум-Эрдэнийн зөөврийн комьютерийг “хэрэглэчихээд удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн авч барьцаанд тавьж хохирогчид 959.940 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг тус тус үйлдэж, дүүргийн прокурорын газраас О.М ын үйлдлийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 62 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Гэтэл О.М  нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын хооронд 7 удаагийн үйлдлээр иргэдийн эд зүйлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, Д.Тэмүүжинтэй бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 396 байрны урд талын зогсоолд байрлуулсан хохирогч М.Баатарчулууны машины 4 ширхэг дугуй, обуд зэргийг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба дээрх гэмт хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 тоот шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, шүүх уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

О.М  нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэхээс өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Р.Анирмаагийн 1.400.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Бум-Эрдэнийн зөөврийн комьютерийг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрсэн,

О.М ын шүүхийн шийдвэр гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр шийтгэгдсэн гэмт хэргийн зүйлчлэлээс хөнгөрөх эсхүл хүндрэх ялтай зүйл, хэсэг, заалт биш боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” тохиолдол биш тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тухай Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг нэгтгэхгүйгээр ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 тоот шийтгэх тогтоолын О.М д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтэд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

О.М  нь 2016 оны 11 дүгээр  сараас 2017 оны 3 дугаар сарын хооронд 7 удаагийн үйлдлээр иргэдийн эд зүйлийг хуурч мэхлэх, итгэл эдвэх аргаар залилан мэхэлж авсан, бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдыг эд зүйлийг хулгайлж, нийт 2.650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

 

Гэтэл О.М  нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Руби” ломбарданд хохирогч Р.Анирмаагийн гар утсыг 1.400.000 төгрөгийн барьцаанд тавиулж уг мөнгийг авч ашиглан залилсан,

 

мөн 2017 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 22 тоотод оршин суух иргэн Д.Бум-Эрдэнийн зөөврийн комьютерийг “хэрэглэчихээд удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн авч барьцаанд тавин хохирогчид 959.940 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь 1709017250079 дугаартай эрүүгийн хавтаст хэргийн материалаар нотлогдож байна.

 

Дээрх үйлдлүүд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг хуульчилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан  ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно гэж заажээ.

 

Иймд О.М  нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийтгэх тогтоолоор шийтгүүлэхийн өмнө хэд хэдэн залилах гэмт хэрэг үйлдсэн байдалтай байх тул прокурор Ш.Насанжаргалын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын О.М д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 490 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгч О.М д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, О.М д холбогдох эрүүгийн хэргийг Прокурорын газар /Сүхбаатар дүүргийн прокурор/-т буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очих хүртэл О.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ