Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Э.Батжаргал, нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг,

Иргэдийн төлөөлөгч Үзмээ,

Гэрч, иргэний нэхэмжлэгч А.Ариунням,

Шинжээч Ц.Ганболд, М.Энхтайван,                                                                                                                                                                                                                                                                                  

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Няндавын Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 201510010125 тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, зам барилга машин механизмын жолооч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг БОС 2-42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Няндавын Эрдэнэцогт /ЕО73050373/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт “Хангинуурын даваа” гэх газрын ойролцоо Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлийн 101 дүгээр километрийн заалт хэсгийн асфальтан хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн 51-45 ДГО улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 9.1 дэхь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Н.Мөнхбат, Э.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд суманд эхнэрийнхээ хамт өөрийнхөө машинтай явж байгаад Цагаан дөрвөлж гэх газрын ойролцоо өөрийн танил Ууганбаяр гэх залуутай тааралдсан. Тэгээд би Ууганбаярыг хүргэж өгөх санаатай машиндаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөх гэсэн чинь би Өгөөмөрийн гудамжинд бууна гэхээр нь чи гэр лүүгээ харихгүй юм уу гэсэн чинь, үгүй ээ би Өгөөмөрийн гудамж орж найзынхаа гэр лүү очно гэж  хэлээд надаар хүргүүлсэн. Тэгээд Ууганбаярыг Өгөөмөрийн гудамж руу хүргэж өгөх гээд явж байхад Ууганбаяр та надтай хамт Алтанширээ сум руу яваад ирээч, маргааш өглөө гэхэд ирэхгүй бол шүүхэд шилжих гээд байна гэхээр нь би өнөөдөр бол яагаад ч амжихгүй маргааш өглөө эрт явъя гэж түүнд хэлсэн. Тэгээд л Ууганбаяр Өгөөмөрийн гудамжид буугаад үлдсэн. Тэгээд тухайн өдөртөө 10 цагаас эхлээд над руу Ууганбаяр утсаар яриад та өнөөдөр Алтанширээ яваад өг л дөө надад машин тэрэг олдохгүй байна гээд гуйгаад байхаар нь 11 цаг дөхүүлээд Ууганбаяртай уулзахаар Цагаан дөрвөлж гэх газар луу очсон. Тэгээд би Ууганаа хаана байгаа юм бэ гэж утсаар асуусан чинь Цагаан дөрвөлж гэх байрны 3 давхарт байна гэж хэлэхээр нь Ууганбаярын байгаа газар луу ороод очтол Ууганбаяр 4-үүлээ байж байсан. Тэгэхээр нь Ууганбаярт эртхэн явъя тэгэхгүй бол оройтлоо гэж хэлсэн чинь Ууганбаяр нөгөө 3 залуугаа явъя гээд босоод ирэхээр нь ийм олуулаа юм бол явахгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хэдийн нэг нь Алтанширээд хоцорно, бусад нь буцаж ирнэ, хамт яваад газар үзээд ирье гэж гуйгаад байхаар нь Ууганбаяр тэр 4-ийг Алтанширээ сум руу авч явахаар болоод гарсан. Тэгээд Замын-Үүдээс Алтанширээ рүү гарах болсон чинь Ууганбаярт бензиний мөнгө байхгүй, та Алтанширээ бензинийг өөрөө зохицуулчих, би очоод мөнгийг нь өгнө гэхээр нь би Хаан банкны АТМ-рүү очоод 100,000 төгрөг аваад колонк руу очиж 80,000 төгрөгөөр нь бензин аваад Замын-Үүдээс гарсан. Гарахынхаа өмнө Номин дэлгүүр лүү очиж нэг хайрцаг тамхи замдаа уух ундаа аваад гарсан. Тэгээд Замын-Үүдээс гараад Сайншанд чиглэлд явж байгаад Шаргын овоо зөрлөгийн ойролцоо очоод миний машины жолоочийн хойд талын дугуй хагарч зогссон. Тэгэхээр нь би машинаас буугаад дугуйгаа сольсон бөгөөд дугуйгаа сольчихоод хөдлөх гээд машиндаа суутал Ууганбаяр үхэхнээ замын юм байвал гаргаад ир гэсэн чинь ард сууж байсан залуучуудын нэг нь шил архи гаргаж ирсэн. Одоо бол яг ямар архи гаргаж ирсэн гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд л нөгөө архиа задлаад Ууганбаяр бид 2 хувааж уусан ба Мөнхбат гэх залуу архинаас огт уугаагүй, харин нөгөө хоёр залуу нэг нэг л татсан байх. Тухайн үед Ууганбаяр Алтанширээ сум ру яваад шөнөдөө иргэж ирнэ гэсэн болохоор би замдаа унтая гэж бодоод өөрийн машиныг Мөнхбатат бариулаад цааш хөдөлсөн. Тухайн үед би архи уухынхаа өмнө хамт явсан залуучуудаас ах нь архи уулаа машин барих хүн байна уу гэж асуухад Мөнхбат гэх залуу нь би архи уудаггүй юм өмнө нь би архи уудаг байсан, одоо архи уухаа болиод удаж байна, би машин баръя гэж хэлсэн. Тэгээд л би Мөнхбатад машинаа бариулаад цааш хөдөлсөн. Тэгээд Мөнхбатад машинаа бариулснаас хойш яг юу болсон гэдгийг санахгүй байгаа, нэг мэдсэн чинь Сайншанд сумын эмнэлэгт ухаан орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110/,

- Шүүгдэгч Н.Эрдэнэцогт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд суманд эхнэрийнхээ хамт явж байгаад талийгаач Ууганбаяртай таарсан. Ууганбаяр Алтанширээ яваад ирье гэсэн би амжихгүй гэхэд гуйгаад өнөөдөр явахгүй бол маргааш өглөө гэхэд шүүхэд шилжих гээд байна гээд байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд талийгаач Мөнхбат, Ган-Эрдэнэ,Ууганбаяр, Ариунням нарын хамт явсан. Замаасаа Номин дэлгүүрээс би тамхи ундаа авсан архи хэн авсныг мэдэхгүй. Бензиний мөнгө байхгүй гэхэд нь би өөрөө хийсэн. Тэгээд Шаргын овоо зөрлөгийн ойролцоо очоод миний машины жолоочийн хойд талын дугуй хагарч зогссон. Дугуйгаа янзалж байтал одоо хэнийг нь санахгүй байна нэг нь нэг шил архи гаргаж ирээд би урд өдөр нь жаахан нойргүй явсан болохоор ганц татаад унтлаа нэг нь бариарай гэхэд Мөнхбат барина гэж байсан. Мөнхбат архины эмчилгээ хийлгээд уухгүй байгаа гэж байсан тэгээд уугаагүй тэгээд би цааш нь юу болсныг санахгүй байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, биеийн байдлын минь харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Л.Санчирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Э.Ууганбаяр нь миний нөхөр, бид хамт амьдраад 11 жил болж байна. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нөхөр хүүхдийн хамт гэртээ байж байтал 08 цагийн үед манай нөхөр Ууганбаяр ажлаас нь дуудаад, нөхөр маань ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Тэгээд намайг гэрт хүүхдүүдийн хамт байж байтал 11 цагийн үед талийгаач нөхөр маань надруу залгаж би ажлаа дуусчихсан байна, хөдөө явах гээд машинтай ярьчихлаа одоо гэрлүү очъё гэж хэлээд дахиж холбоо бариагүй. Тэгээд нөхөртэйгөө холбоо барьж чадалгүй гэртээ байж байтал тухайн өдрийн 16 цаг өнгөрөөгөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын эмнэлэгээс над руу залгаад манай сумаас урагшаа машин онхолдоод аваар гарсан байна. Өөрийн чинь утсыг аваарт орсон хүний утаснаас оллоо гэж хэлээд та энэ утасны эзнийг таних уу гэж асуусан. Тэгэхээр нь би наад хүмүүсийн чинь бие ямар байна гэж асуухад бүгдээрээ ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд тухай өдрийнхөө шөнө аваарт орсон хүмүүсийг Замын-Үүд сумын эмнэлэг рүү, Замын-Үүд сум руу авч ирэхэд нөхөр Ууганбаяраа нас барсан талаар нь мэдсэн. Би гомдолтой байна. Оршуулгын зардалд гаргасан нийт 5 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Мөн шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтээ: “Хохирогч Л.Санчир би Н.Эрдэнэцогтоос хохирол төлбөр нийт 2,250,000 төгрөгийг хүлээн авав. Иймд миний бие нь одоо шүүгдэгч Н.Эрдэнэцогттой тохиролцсон ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй” гэсэн хүсэлт /2-р хх-ийн 137/,

-Хохирогч Г.Жаргалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Н.Мөнхбат нь миний төрсөн хүү байгаа юм. Би талийгаач дүү Н.Мөнхбаттайгаа 2015 оны 07-р сарын 05-ны орой 23 цагийн үед гэртээ уулзсан. 2015 оны 07-р сарын 06-ны өдөр бүтэн ажилтай байгаад хүүтэйгээ уулзаж чадаагүй тэгээд 19 цаг 30 минутын үед гэртээ ирээд хоол хийх гээд байж байтал 20 цаг 30 минутын үед миний утас руу Ууганбаярын эхнэр нь над руу залгаж Эрдэнэ сумын наана аваар гарсан байна, бие нь муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй байлгүй дээ гэж хэлээд утсаа тасалчихаад хэсэг зуур байж байгаад Ууганбаярын эхнэр лүү өөрөө залгаад чи сая юу гэж хэлсэн бэ гэж асуутал Эрдэнэ сумын наана аваар гарсан байна. Мөнхбат, Ууганбаярын бие муу байна гэнээ та явах уу гэж надаас асуухаар нь би үгүй ээ, гайгүй бол чи очоод тэр хэдийг асраад байж бай, би маргааш өглөө ажлаа өгчихөөд хүрээд очьё гэж хэлсэн. Тэгсэн чинь Ууганбаярын эхнэр та тэгвэл манай нөхрийн бригадын мөнгө нь орсон байвал олоод өгөөч гэж хэлэхээр нь би за тэгье гэж хэлээд пүүлэгч рүү очоод асуутал мөнгө нь ороогүй байсан. Тэгээд би Ууганбаярын эхнэрт мөнгө олоод өгдөг юм билүү гэж бодоод ажлын байр луугаа орох гэтэл, байрны гадаа хүн их чангаар уйлахаар нь юу болов гээд очтол Ууганбаярын эхнэр манай нөхөр сая нас барчихлаа гэж байна гээд уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би чи сая ямар утсаар ярив гэж хэлээд Эрдэнэ сумын эмчийнх нь утсыг авч, түүн рүү залгаж би аваарт орсон хүүхдүүдийн нэгнийх нь ээж байна гэтэл хэнийх нь вэ гэхээр нь манай хүүхдийг Мөнхбат гэдэг гэтэл эмнэлэгээс сая эмнэлэгт ирээд нас барсан гэж хэлсэн. Тухайн үед би үнэмшээгүй юм. Олон хүн явсан болохоор андуурсан байх гэж бодсон. Би талийгаач хүүгээ 2015 оны 07-р сарын 06-ны өдөр хэнтэй хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй, оршуулгын зардал болон гаргасан зардалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, Мөн шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтдээ: “... 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болох шүүх хуралдаанд оролцохгүй. Эрдэнэцогт нь хохирлоо төлж барагдуулсан. Сэтгэл санааны гомдолгүй, ял шийтгэлийг нь хөнгөлж өгнө үү” гэсэн хүсэлт /2-р хх-ийн 147/,

-Хохирогч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Г.Ган-Эрдэний төрсөн дүү нь байгаа юм. Намайг 2015 оны 07-р сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт гэртээ байж байхад шөнийн 00 цагийн үед машинтай явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан талаар надад хэлсэн. Тэгээд л гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад өөрийн бага дүүг Замын-Үүд сум руу явуулж, ахын шарилыг авчруулсан. Тухайн үед хамт машинтай явж байгаад осолд орж нас барсан хүмүүсийн ар гэрээс нь манайхны утасны дугаарыг олж мэдэгдсэн. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Бид нар ар гэрийнхэнтэйгээ ярилцаад буруутай этгээдэд гомдол гаргалаа гээд нас барсан ах маань босоод ирэхгүй болохоор ямар нэгэн гомдол гаргаад яахав гэж ярилцсан. Санамсаргүй зам тээврийн ослоос болж нас барсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Би талийгаач ахыгаа Замын-Үүд сумаас Өвөрхангай аймаг Нарийн тээл сум руу тээвэрлэхэд гаргасан шатахууны зардалыг л нэхэмжилнэ, өөр надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахад хэргийн материалтай танилцахгүй, надад шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй. Манай гэр Өвөрхангай аймагт байдаг болохоор дахин Замын-Үүд сум руу ирж хэргийн материалтай танилцаж чадахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, Мөн шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлтдээ: “... Тээврийн зардал болох 760,000 төгрөгийг нэхэмжилсэн. Н.Эрдэнэцогт нь 400,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 360,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Иймээс хохиролын 360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /2-р хх-ийн 135/,

-Гэрч  Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Би 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал 14 цаг 15 минутанд сумын эмнэлэгийн сувилагч, бага эмч Нямсүрэнгийн утсанд Эрдэнэ сум Хангинуурын давааны хойд талд засмал замын баруун талд машин онхолдож 4-5 хүн осолдсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн төвд дуудлага өгснөөс хойш 10 минутын дараа их эмч Сарантуяа миний бие бага эмч Нямсүрэн, Цэцэгсүрэн, сувилагч Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй хэргийн газар луу явж 14 цаг 45 минутанд очсон. Бид нарыг очиход приус маркийн цагаан өнгийн машин онхолдож, 4 дугуй нь дээшээ харчихсан, дотор нь байсан хүмүүс нь хэдэн тийшээ цацагдсан байсан. Осолд орсон хүмүүсийг үзэхэд 2 залуухан 25 орчим насны 2 хүн нас барчихсан, онхолдсон машинаас урд зүгт хар эрээн цамцтай, цайвар шоорттой, цэнхэр пүүзтэй залуу ухаангүй дөнгөж гиншигнэх дуу гаргаж амьсгалж, хамар толгойноос нь цус гарч, амнаас нь хөөстэй усан ягаан цус гарч ухаангүй биеийн байдал нилээд хүнд байсан. Энэ хүний хажууд настайвтар махлагдуу толгой нүүрнээс нь цус гарч ёолж байсан. Харин машины хойд талд нас барсан хүний хажууд биеийн байдал нь арай дээр ухаантай хөл эвгүй болчихлоо гээд босч сууж тийчигнэсэн байдалтай залуу байсан. Тэгээд 2 залуу нь газар дээрээ нас барсан байсан болохоор толгой цээж хэсгээр нь өөрсдийнх нь хажууд байсан хувцасаар нь бүтээгээд авч явсан. Эмнэлэг рүү явахдаа хэргийн газар дээр эмч Нямсүрэн, сувилагч Мягмаржав нарыг орхин явсан. Тэгээд 3 өвчтөнг сумын эмнэлэг рүү тээвэрлэн авч ирсэн бөгөөд, түүний нэг өвчтөн болох хэргийн газар биеийн байдал нь маш муу байсан залуу эмнэлэгт ирээд 10 минут бололгүй нас барсан. Тэгээд л үлдсэн 2 өвчтөнд эмчилгээ хийсэн, одоо биеийн байдлыг харж эмчилгээ хийж байна. Осолд орсон хүмүүс ямар нэгэн зүйл ярих чадваргүй байсан, дуудлагаар очиход эдгээр хүмүүсээс маш их архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /хх -ийн 43-44/,

_ Гэрч Ц.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн үед Н.Эрдэнэцогт нь өөрийн ухаантай, амнаас нь архи их үнэртэж байсан бөгөөд “гадаа ямар халуун юм бэ, ам цангаад байна, би яачихсан юм бэ” гэж хэлж байсан. Ослын газарт анх очиход Н.Эрдэнэцогт нь эрүүл ухаантай байсан ба Эрдэнэ сумын эмнэлэгт очоод Н.Эрдэнэцогтоос осолд орсон машиныг хэн жолоодож явсан талаар асуухад би барьж явсан, энэ миний машин байгаа юм гээд эмч нарт уурлаж байсан. Мөнхбат эмнэлэг дээр ирээд юм ярилгүй нас барсан бөгөөд А.Ариунням өөрийн ухаангүй, ослын шокноосоо гарч чадахгүй хаана байгаа газраа мэдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12/,

-Гэрч  Я.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн өдөр 14 цаг 15 минутанд миний утсанд 91430911 дугаарын утсаар Эрдэнэ сумын Хангинуурын давааны хойд талд машин онхолдсон байна гэх дуудлага ирсэн. Би дуудлагыг хүлээн авч их эмч Сарантуяад танилцуулж, жолооч Ганхуяг, их эмч Сарантуяа, бага эмч Цэцэгсүрэн нарын хамт ослын газар луу 14 цаг 25 минутанд явсан. Бид нар осол болсон газарт 14 цаг 45 минутанд очсон бөгөөд уг газарт очиход цагаан өнгийн машин засмал замын баруун талд шороон дээр дээш харж онхолдсон байдалтай, машины эргэн тойронд нийт 5 хүн шидэгдэж унасан байдалтай байсан. Уг хүмүүсийн биеийн байдлыг үзэхэд машины хойд талд ертөнцийн зүгээр баруун тийш харж хэвтсэн байдалтай эрэгтэй хүн ямар нэг амьсгал, хариу урвалгүй нас барсан, машины зүүн талд баруун тийшээ харсан байдалтай хэвтэж байсан эрэгтэй хүн нас барсан байдалтай байсан. Тэгээд үлдсэн 3 хүнд үзлэг хийхэд нэг залуугийн биеийн байдал маш хүнд, хариу урвалгүй бага зэрэг гиншиж амьсгалсан, хамар амнаас нь ягаан өнгийн хөөсөрхөг цус гарсан байхаар цус тогтоох, өвдөлт намдаах эмчилгээ тариаг хийсэн. Нөгөө 2 хүний арай ахимаг насны хүн нь хариу урвалтай, тариа тарихад өвдөж байна боль гэж хариу хэлж байсан. Нүүр нь нилэнхүйдээ цус болсон, эрүүний шархнаас цус гарсан байсан, машины хойд талд хэвтэж босож суух хөдөлгөөн хийж ёолсон залуу байсан. Тэгээд л уг 3 хүнийг сумын эмнэлэгт аваачиж эмчилгээ хийхээр их эмч Сарантуяа, бага эмч Цэцэгсүрэн, жолоочийн хамт тээвэрлэн авч явсан. Тэгээд жолооч Ганхуяг уг 3 хүнийг сумын эмнэлэгт хүргэж өгчихөөд, хэргийн газар луу буцаж ирсэн. Осолд орсон хүмүүс их л өвдөж ёолсон, гиншсэн хүмүүс байсан, өвдөлтөөсөө болж ямар нэг зүйл ярих чадваргүй байсан. Эмнэлэгт хүргэгдэж ирсэн ахимаг насны хүнээс архи үнэртэж байсан, архи уусан болов уу гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,

-Гэрч  С.Цэцэгсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Намайг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэртээ амраад байж байхад олон нийтийн цагдаа Саран-Ээмэг утсаар залгаж Хангинуурын даваан дээр осол гарсан байна эмнэлэг рүү хурдан хэлээрээ гэж хэлсэн. Тэгээд сувилагч Эрдэнэчимэг рүү залгаж осол гарсан талаар хэлээд гэрээсээ гараад эмнэлэг рүү очиход манай эмнэлэгийнхэн осол гарсан талаар мэдчихсэн, ослын газар луу явах гээд байж байсан. Тэгээд 14 цаг 25 минутанд эмнэлэгээс гаднаас осол гарсан газар луу хөдөлж 14 цаг 45 минутанд ослын газар очсон. Осол гарсан газарт очих үед засмал замын баруун талд цагаан өнгийн суудлын автомашин дээш харж онхолдсон, зүүн урагш зүгт харсан байдалтай байсан бөгөөд, машины эргэн тойронд 5 хүн машинаас шидэгдэж унасан бололтой хэвтэж байсан. Тэгээд би машинаас бууж, онхолдсон машины хойд талд хэвтэж байсан 2 хүн лүү очиж үзлэг хийхэд, нэг залуу нь баруун урд зүгт дээш харж хэвтсэн байдалтай, толгойноос нь их цус гарч газарт бүлэгнэсэн байдалтай амьсгал хурааж нас барсан байсан. Тэгэхээр нь хажуу талд нь байх залуу руу очиж үзлэг хийхэд тэр залуу хөл их өвдөж байна гэж хэлээд босох гээд өндөлзөөд байхаар нь буцааж хэвтүүлээд биед нь үзлэг хийж өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд л эмч нар хүмүүсээ үзэж дуусаад амьд үлдсэн 3 хүнийг сумын эмнэлэг рүү тээвэрлэхээр шийдээд, эмнэлэг рүү жолооч Ганхуяг, их эмч Сарантуяа нарын хамт амьд үлдсэн 3 хүнийг тээвэрлэн авч явсан. Тэгээд сумын эмнэлэг дээр 15 цаг 30 минутын үед эмнэлэг дээр ирээд хүмүүсээ эмнэлэг рүү оруулж өрөө өрөөнд тусгаарлан үзлэг, эмчилгээ хийсэн боловч эмнэлэг рүү ирсэн 3 хүний нэг нь 10 минут бололгүй нас барсан. Уг хүнийг эмнэлэг рүү авч явж байхад биеийн байдал маш муу байсан. Тэгээд эмнэлэгт ирээд нэг их удалгүй нас барсан. Тэгээд л үлдсэн 2 хүнд эмчилгээ хийж, Эрдэнэцогт гэх хүнд шархны цэгцлэлт хийж оёдол тавьсан ба их эмч Сайншанд сумын эмнэлэгээс зөвлөгөө авч давхар эмчилгээ хийсэн. Миний үзлэг хийсэн хүн согтуу юм шиг унтамхайраад байсан. Харин машин барьж явсан гэх Эрдэнэцогтоос архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Эмнэлэгт хүргэж ирээд эмчилгээ хийсний дараа Эрдэнэцогт гэх хүнээс хэн машин барьж явсан бэ гэж асуухад, би машин барьж явсан, уг машины жолооч би гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,

- Гэрч С.Цэцэгсүрэн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “Эмнэлэг дээр ирээд Н.Эрдэнэцогтоос жолоо хэн барьж явсан талаар асуухад би барьж явсан, миний машин гэж хэлсэн. Өөр зүйлийн талаар яриагүй бөгөөд өөрийн ухаантай, амнаас нь архи их үнэртэж байсан. Тухайн үед эмчилгээ хийж байсан эмч нарт уурлаж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 14/,

-Гэрч А.Ариуннямын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “2015 оны 07-р сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд Г.Ган-Эрдэнэ ах бид хоёрын хөлсний байранд Г.Ган-Эрдэнэ, Мөнхбат ах нарын хамт байхад гаднаас Ууганбаяр гэдэг залуу орж ирээд хөдөө яваад хонь аваад ирье гэхэд надад Г.Ган-Эрдэнэ ах ажилгүй юм чинь цуг хамт явъя гэхээр нь би зөвшөөрч удалгүй байрны гадаа машин ирж Г.Ган-Эрдэнэ, Мөнхбат, Ууганбаяр бид 4 машинд сууж сумын төвөөс гарах замдаа жолооч Номин-1 гэсэн хаягтай дэлгүүрээс  шил архи авч Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн асфальтан хучилттай замд орж Улаанбаатар чиглэлд 10 километр орчим явж байхад машины баруун урд талын дугуй хагарч оронд нь аваарын шар өнгийн дугуй тавиад цааш явж жолооч замаас гараад айлд очиж юм асуугаад буцах замдаа ороод дахин замаас гарч даваан дээр машин зогсож жолооч авсан 0,75 литрийн архиа гаргаж бид дөрөвт өгсөн. Тэр архинаас Мөнхбат ах бид хоёр огт уугаагүй, Ган-Эрдэнэ ах бага зэрэг ууж харин жолооч Ууганбаяр ах нар ихэнхийг нь уусан юм. Тэгээд жолооч машинаа бариад буцаж хатуу хучилттай замд орж явсан. Би утсаараа оролдоод явж байхад машин гэнэт түжигнээд унах шиг болсон түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан ба ээж Ариунтунгалагаас асуухад чи 6 хоног эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Түүнээс хойш хамт явсан Г.Ган-Эрдэнэ, Мөнхбат, Ууганбаяр ах нарыг нас барсан талаар сонссон юм. Би өөрийн сууж яваад аваарт орсон машины марк, улсын дугаарыг санахгүй байна. Жолооч Эрдэнэцогт, Ууганбаярын хамт 0,75 литрийн архины ихэнхийг хувааж уусан. Г.Ган-Эрдэнэ ах бага зэрэг уусан. Г.Ган-Эрдэнэ ах бага зэрэг ууж, Мөнхбат ах архины эмчилгээ хийлгэсэн учир уугаагүй би урууландаа хүргээд буцааж өгсөн. Бидний зорчиж явсан машин хэдэн км/цагийн хурдтай явсныг миллийг хараагүй болохоор мэдэхгүй, хурдтай явж байсан. Миний зүүн хөлний өвдөг орчим толгойн хэсгээр өвдөж байна. Мөн зүүн нүд таллаж харж байна. Дотогшоогоо юм огт харахгүй байгаа. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлж өчнөөн зардал гарч эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/,

-Гэрч А.Ариуннямын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “51-45 ДГО улсын дугаартай Приус 11 маркийн автамашиныг жолооч Н.Эрдэнэцогт гэгч ах замын турш машинаа өөрөө барьж явсан. Талийгаач Ган-Эрдэнэ, Ууганбаяр, Мөнхбат нар нь нэг ч удаа машиныг нь жолоодох талаар ярьж хэлээгүй. Би осол болохоос өмнө машины арын суудалд талийгаач Ган-Эрдэнэ, Мөнхбат нарын хамт сууж байсан. Харин жолоочийн хажууд Ууганбаяр ах сууж байсан бөгөөд жолооч ахыг архи ууснаасаа болж хэр зэрэг согтсон байсныг мэдэхгүй байна. Урд талд Ууганбаяр ахтай хоорондоо юм яриад явж байсан. Осолд орсноос болж эмчилгээнд нийт 1,500,000 төгрөг зарцуулсан. Замын зардал болон байр хоолонд бас тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Нийлээд ойролцоогоор 2,000,000 гаруй төгрөг болно. Баталгаажуулах зарим нэг баримт бичиг огт аваагүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 8/,

-Иргэний нэхэмжлэгч А.Ариуннямын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би буруутай этгээдээс дараах зүйлийг нэхэмжилнэ. Анх аваарт орсноос хойш гаргасан эмчилгээний зардал, Замын-Үүд, Улаанбаатар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хооронд явсан тээврийн зардал болох 1,774,000 төгрөг, байцаалт өгөхөд зарцуулсан зардал, хоол, буудлын төлбөр 400,000 төгрөг, намайг Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт үзүүлэхэд өөрийн нүдийг үзүүлэх шаардлагатай Болор мэлмий эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Уг эмнэлэгт үзүүлэхэд намайг нүдний хагалгаанд орох шаардлагатай гэсэн бөгөөд уг эмнэлэгт үзүүлсэн бичиг баримтанд 2,500,000 төгрөгөөр хагалгаанд орох зардлыг бичиж өгсөн байгаа. Би буруу этгээдээс нийт 4,674,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний зүүн нүд осол орсноос хойш юм харахаа больсон хагалгаанд ороход 2,500,000 төгрөг болно гэсэн энэ мөнгийг нэхэмжилж байна. Урд нь нэхэмжилж байсан мөнгөө авахгүй. Би Эрдэнэцогтоос 500,000 гаруй мянган төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 18/,

-Гэрч Б.Шинэзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Би тухайн үед Н.Эрдэнэцогтоос хэн машин барьж явсан талаар асуухад биеийн байдлаасаа болж ярихад хүндрэлтэй байсан бололтой ярьж чадахгүй байсан бөгөөд Н.Эрдэнэцогтын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой байсан учраас та миний асуултанд амаар хариулж чадахгүй өол гараараа дохиод хариулчих, тийм гэвэл гарынхаа алгыг бугалгаараа дээш, доош хөдөлгөж, үгүй гэвэл толгой сэгсэрч байгаа мэт хоёр тийш нь хөдөлгөөрэй” гэж хэлээд та осолд орсон тээврийн хэрэгсэлийн жолооч мөн үү гэхэд тийм гэсэн утга илэрхийлээд гараа дээш доош болгосон, дараа нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд үгүй гэсэн хариултыг гараа хоёр тийш сэгсрэх маягтай хөдөлгөсөн. Үүний дараа та осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан уу гэхэд тийм гэсэн утга илэрхийлж гараа дээш, доош хөдөлгөсөн ба сүүлийн удаа осолд орох үед өөрөөсөө гадна 4 хүнтэй явсан уу гэхэд тийм ээ гэсэн утга гараараа илэрхийлсэн юм. Тухайн үед Н.Эрдэнэцогт нь ярьж чадахгүй байсан боловч ухаан санаа нь хэвийн байсан бөгөөд Н.Эрдэнэцогтыг гараараа дохио зангаа илэрхийлэхэд замын зохицуулагч Д.Гандаваа миний хажууд зогсож байсан. Өөр хэн нэгэн тэр өрөөнд байгаагүй. Харин А.Ариуннямын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд ороход Н.Эрдэнэчулуун гэгч эмэгтэй байгаагүй бөгөөд А.Ариуннямаас машин хэн жолоодож явсан талаар асуухад “ухаан санаа нь ослын улмаас балартсан бололтой, МЧ дээр ачаа ачиж байгаад вагоноос уначихлаа, эсхүл би гэртээ байна” гэх мэтээр хариулж байсан тул хэргийн талаар өөр зүйл асуугаагүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 6/,

-Гэрч Д.Гандаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Би тухайн өдөр мөрдөн байцаагч Б.Шинэзориг, хяналтын прокурор Н.Амаржаргал, шинжээч Г.Болор-Эрдэнэ нарын хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хангинуурын даваа гэх газрын ойролцоо 51-45 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл асфальтан замын хажууд онхолдсон байна гэх дуудлагыг хүлээн авч, хэргийн газарт хэмжилт хийж, бүрэлдэхүүний хамт ажилласан. Тэгээд хэргийн газарт үзлэг хийж дууссаны дараа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд очиж осолд орсон тээврийн хэрэгсэлийн жолооч болон зорчигчтой уулзсан. Тээврийн хэрэгсэлийн жолооч Н.Эрдэнэцогт, зорчигч А.Ариунням нартай мөрдөн байцаагч а/д Б.Шинэзоригийн хамт уулзаж ярилцсан. Тухайн үед тээврийн хэрэгсэлийн жолооч болон зорчигчийн биеийн байдлаас шалтгаалан тайлбар байцаалтыг мөрдөн байцаагч авах боломжгүй байсан. Тухайн үед Н.Эрдэнэцогт гэх хүн ярьж чадахгүй байсан бөгөөд мөрдөн байцаагч уг хүнтэй та миний асуусан асуултанд хариулаад гарны хөдөлгөөн дохиогоор тийм, үгүй гэж хариулаарай, тийм гэсэн тохиолдолд гарыг дээш, доош нь хөдөлгөж, үгүй гэсэн тохиолдолд гарыг баруун, зүүн тийш хөдөлгөөрэй гэж хэлсэн, тэгээд уг хүнээс та осолд орсон тээврийн хэрэгсэлийн жолооч мөн үү гэхэд тийм буюу гарыг бугуй хэсгээр дээш, доош хөдөлгөж хариулсан. Дараа нь та согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэхэд үгүй гэж дохиогоор хариулсан, та тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан уу гэхэд тийм гэж дохиогоор хариулж, та өөрөөсөө гадна 4 хүнтэй явсан уу гэхэд тийм гэж дохиогоор хариулан ярьж байсан” гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 7/,

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/,

- Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-20/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24/,

- Н.Мөнхбатын нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээний хуулбар, нас барсан бүртгэлийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 24-25/,

- Э.Ууганбаярын иргэний үнэмлэхний хуулбар, нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 34-35/,

- Г.Ган-Эрдэний нас барсан бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/,

- Н.Мөнхбатын цогцост үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн тухай  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар дүгнэлт /хх-ийн 53-55/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар дүгнэлт: Н.Мөнхбатын цус гэх шингэнд спиртийн агуулга илрээгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 56/,

- Н.Мөнхбатын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 57-60/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар дүгнэлт: 1. Г.Ган-Эрдэний цус гэх шингэнд 1,6 промилли спиртийн агуулга илэрлээ. 2. Г.Ган-Эрдэний цус гэх шингэнд 1,6 промилли спиртийн агуулга илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 62/,

- Г.Ган-Эрдэний цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар дүгнэлт /хх-ийн 63-69/,

-Э.Ууганбаярын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаар дүгнэлт, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар дүгнэлтэнд 1. Э.Ууганбаярын цус гэх шингэнд 1,9 промилли спиртийн агуулга илэрлээ. 2. Э.Ууганбаярын цус гэх шингэнд 1,9 промилли спиртийн агуулга илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 71-78/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар дүгнэлт:

1. Н.Эрдэнэцогтын биед баруун талын духны өмнөд хэсэг, баруун нүдний ухархайн дээд, доод хана, гайморын хөндийн өмнөд хана, хоншоор ясны баруун өмнөд хэсгүүдийг хамарсан зөрөөгүй хугарал, зулай орой болон ар дээд хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, зүүн хөмсөг, эрүү, өвдөгний язарсан шарх, цээжний баруун тал болон баруун гуя, шилбэ хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, унах, гулгах, нидрэгдэх үед үүсгэгдсэн байна.

3. Н.Эрдэнэцогтын биед учирсан гэмтлийн баруун талын духны өмнөд хэсэг баруун нүдний ухархайн дээд доод хана, гайморын хөндийн өмнөд хана, хоншоор ясны баруун өмнөд хэсгүүдийг хамарсан зөрөөгүй хугарал, зулай орой болон ар дээд хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл дорх цус хуралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөмсөг, эрүү, өвдөгний язарсан шарх, цээжний баруун тал болон баруун гуя, шилбэ хамарсан зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т зааснаар хөнгөн зэрэгт тус тус хамарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар дүгнэлт: Н.Эрдэнэцогтын цус гэх шингэнд спиртийн агуулга илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 87/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаар дүгнэлт: А.Ариуннямын цус гэх шингэнд спиртийн агуулга илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 88/,

- Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3789 дугаар дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр адитгалын шинжилгээнд тэнцэхгүй гэх дүгнэлт /хх-ийн 92-93/,

- Шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн б/11 дугаар техникийн дүгнэлт: 1. Приус 11 маркийн 51-45 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Няндавын Эрдэнэцогт нь МУ-ын ЗХДХ-ийн 2.7.а жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Хариулах боломжгүй байна. 3. Хурд тодорхойлох боломжгүй байна. 4. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хэмжээг үл харгалзан дээрх заалтууд хамаарна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь анхаарал сарнин самбаарчлах хугацаа ихэсч, зам хөдөлгөөний аюулгүй байдлыг буруу дүгнэж осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн учир Приус 11 маркийн 51-45 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Няндавын Эрдэнэцогт нь МУ-ын ЗХДХ-ийн 2.7.а заалтыг зөрчсний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Н.Эрдэнэцогтын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 116-117/,

- Шүүх сэтгэц гэм судлалын №18 дугаар магадлагаа: 1. Н.Эрдэнэцогт нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. 2. Н.Эрдэнэцогт нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. 3. Н.Эрдэнэцогт нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 236/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 185 дугаар шинжээчийн:

1. А.Ариуннямын биед тархи доргилт, зүүн ташаа орчим зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар алдагтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 24/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны 1405 дугаар шинжээчийн:

     1. ДГА-ийн шинжээч эмч П.Гаваасүрэнгийн №185 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

      2. Тухайн үед А.Ариуннямын биед тархи доргилт, зүүн ташаа орчим зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.

       3. А.Ариуннямын биед зүүн нүдний хараагүйдэл нь нүдний угт өөрчлөлтгүй атлаа шилэнцэрт сул цустай гэсэн онош нь эргэлзээтэй тул ямар шалтгаантай хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй байна.

       4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 43-44/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар шинжээчийн:

     1. А.Ариуннямын зүүн нүдний шилэнцэрт хуучин цустай байна. Энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 188-198/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт “Хангинуурын даваа” гэх газрын ойролцоо өөрийн эзэмшлийн 51-45 ДГО улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад осол гарч, машин дотор сууж явсан Н.Мөнхбат, Э.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ нар нас барсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлд маргаагүй, харин “шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 журамлан хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжтой” гэж, иргэний нэхэмжлэгч А.Ариунням “уг осол болсноос миний зүүн нүд юм харахаа больсон гэтэл яагаад ийм шинжээчийн дүгнэлт гараад байгааг ойлгохгүй байна” гэж мэтгэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Н.Эрдэнэцогтын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Ариуннямын “...автамашиныг жолооч Н.Эрдэнэцогт гэгч ах замын турш машинаа өөрөө барьж явсан...жолооч Эрдэнэцогт, Ууганбаярын хамт 0,75л архины ихэнхийг хувааж уусан...” гэсэн мэдүүлэг /2хх-8/, гэрч Ц.Сарантуяагийн “...Тухайн үед Н.Эрдэнэцогт нь өөрийн ухаантай, амнаас нь архи их үнэртэж байсан... Ослын газарт анх очиход Н.Эрдэнэцогт нь эрүүл ухаантай байсан ба Эрдэнэ сумын эмнэлэгт очоод Н.Эрдэнэцогтоос осолд орсон машиныг хэн жолоодож явсан талаар асуухад би барьж явсан, энэ миний машин байгаа юм гээд эмч нарт уурлаж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-12/, гэрч С.Цэцэгсүрэнгийн “...Харин машин барьж явсан гэх Эрдэнэцогтоос архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Эмнэлэгт хүргэж ирээд эмчилгээ хийсний дараа Эрдэнэцогт гэх хүнээс хэн машин барьж явсан бэ гэж асуухад, би машин барьж явсан, уг машины жолооч би гэж хариулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх47/, гэрч Д.Гандаваагийн “...Н.Эрдэнэцогт гэх хүн ярьж чадахгүй байсан бөгөөд мөрдөн байцаагч уг хүнтэй та миний асуусан асуултанд хариулаад гарны хөдөлгөөн дохиогоор тийм, үгүй гэж хариулаарай, тийм гэсэн тохиолдолд гарыг дээш, доош нь хөдөлгөж, үгүй гэсэн тохиолдолд гарыг баруун, зүүн тийш хөдөлгөөрэй гэж хэлсэн, тэгээд уг хүнээс та осолд орсон тээврийн хэрэгсэлийн жолооч мөн үү гэхэд тийм буюу гарыг бугуй хэсгээр дээш, доош хөдөлгөж хариулсан...” гэсэн мэдүүлэг /2хх-7/, “Талийгаач Ж.Мөнхбат нь цээжний баруун талд 1-9-р хавиргануудын нугаламын хажуугийн шугамын хугарал, цээжний баруун талд 5, 6, 7-р хавирга суганы арын шугамын хугарал, уушигны баруун дэлбэнгийн урагдал, цээжний хөндий дэх цус алдалтын улмаас хурц цус алдаж эргэлдэх цусны хэмжээ багассанаас зүрх судасны дутагдалд орж нас барсан...” болохыг тогтоосон Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №13 дугаартай дүгнэлт /хх-53-55/, “Талийгаач Г.Ган-Эрдэнэ нь орой яснаас урд самалдаг руу чиглэсэн 2 салаалж түрк эмээл хүртэл үргэлжилж самалдагийг салгасан хугарал, орой ясны баруун чамархай руу чиглэж чамархай хэсэгт 2 салаалж цөмөрсөн хугарал, баруун гавлын дунд хонхорын урд хэсгээр түрк эмээл дамнаж зүүн ар хонхорт дугуйлсан хугарал, тархины орой хэсгийн зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, тархины суурь хэсэг уртавтар тархины гүүр хэсэгт цус хуралт гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас барсан ...” болохыг тогтоосон Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №12 дугаартай дүгнэлт /хх64-67/, “Талийгаач Э.Ууганбаяр нь гавлын орой, нүүр, суурь ясны үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, тархины хэлбэр алдагдал, нурууны нугаламын 3-р нугалам урагш шахагдаж гарсан хугарал, нугасны тасрал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас барсан ...” болохыг тогтоосон Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №14 дугаартай дүгнэлт /хх-71-73/, Жолооч Н.Эрдэнэцогт нь “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн” болохыг тогтоосон техникийн шинжээчийн №б/11 дугаартай дүгнэлт /хх-95/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эрдэнэцогтод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэн үзсэн болно.

Мөн шүүгдэгч Н.Эрдэнэцогтын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, уг ослын улмаас түүний биед хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 журамлан ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины толины хагархай, хуванцар таг зэргийг  устгаж, түүний 399679 дугаартай В, ангилалын жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь хохирогч Л.Санчирт 2,250,000 төгрөгийн /2хх-ийн137/, Г.Жаргалмаад 5,218,860 төгрөгийн /2хх-ийн 147/, Г.Ганбаатарт 760,000 төгрөгийн /2хх-ийн 65, 135, 148/, иргэний нэхэмжлэгч А.Ариуннямд 525,000 төгрөгийн /2хх-ийн 65-66, 146/ хохирол учирсныг төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч А.Ариунням нь уг ослын улмаас зүүн нүд харахгүй байгаа хагалгаанд ороход 2,500,000 төгрөг шаардлагатай гэж нэхэмжилсэн. Мөрдөн байцаалтанд А.Ариуннямын биед гэмтэл учирсан талаар шинжээч томилж шинжээчийн №185 дугаартай дүгнэлт гаргасан уг дүгнэлтэнд “... тархи доргилт, зүүн ташаа орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо... учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2хх-24/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1405 дугаартай дүгнэлтэнд “... 185 тоот дүгнэлт үндэслэлтэй. А.Ариуннямын биед зүүн нүдний хараагүйдэл нь нүдний угт өөрчлөлтгүй атлаа шилэнцэрт сул цустай гэсэн онош нь эргэлзээтэй тул ямар шалтгаантай хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /2хх-43-44/, мөн шүүхийн шатанд А.Ариуннямыг зүүн нүдэнд гэмтэл учирсан эсэх талаар түүнийг биетээр нь үзэж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж дүгнэлтэнд “...зүүн нүдний шилэнцэрт хуучин цустай байна. Энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд А.Ариунням нь хэрэг учрал болсны дараа буюу  3 сарын дараа Болор мэлмий нүдний эмнэлэгт үзүүлсэн /2хх-36-40/ нь цаг хугацааны хувьд тухайн хэргээс болж түүний зүүн нүдэнд гэмтэл учирсан гэж тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болсон байна. Иймд иргэний нэхэмжлэгч А.Ариуннямын нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Няндавын Эрдэнэцогтыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Няндавын Эрдэнэцогтын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэцогтод оногдуулсан  3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй гэснийг дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн толины хагархай, хуванцар таг  зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Эрдэнэцогтын 399679 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

6. Иргэний нэхэмжлэгч А.Ариуннямын нэхэмжилсэн 2,500,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсогсноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эрдэнэцогтод урьд авсан батлан даалтанд єгєх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, мөн иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧИД                                              А.ЦЭРЭНХАНД

                                                              Л.БАТЖАРГАЛ