Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0530

 

Ж.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Цэцэг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.М, өмгөөлөгч Ж.Э

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Гуравдагч этгээд Б.Г

            Хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон гуравдагч этгээд Б.Г нарын өмгөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 125/2022/0028/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.М-оос Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Цэцэг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсэг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ын ажилд томилох тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж,

2 дахь заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 ,64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.М-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож,

3 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Ж.М-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 16 дугаартай шийдвэр гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тус анхан шатны шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 64 дүгээр зүйлийн 64.4, 64.3.2, 65 дугаар зүйлийн 65.2 дугаар хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаартай “сумын Засга дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн Б/34 дугаартай Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.М-ийг Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэсэн.

Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргадаг төсвийн эрх мэдэл бүхий этгээд биш бөгөөд тухайн эрх үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаар авч хэлэлцсэний үндсэн дээр тухайн сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулах ёстой байсан боловч шүүх шууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэснийг хууль бус биелэгдэх боломжгүй шийдвэр гэж үзэж байна.

Аливаа шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд сумын Засаг дарга нь тухайн сумынхаа Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүнд орж түүнээсээ цалин хөлс авч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа төлж явдаг билээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулах талаарх асуудлыг хэлэлцэхдээ хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилж мэдэгдэж холбогдох судалгаа тооцоо баримтыг хүргүүлээгүй, огцруулах үндэслэлд хамаарахгүй асуудлаар огцруулах санал гаргасан зэрэг холбогдох хууль тогтоомж хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг биелүүлээгүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна.

Учир нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны хуралдаанаас өмнө Засаг даргыг огцруулах талаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүх төлөөлөгч нар мэдэж байсан бөгөөд өмнөх удаагийн буюу 2021 оны 12 дугаар сарын хуралдаан дээр энэ асуудлаар удаа дараа мэдэгдэж түүний үндэслэл шалтгааныг хэлэлцэж байсан үйл баримтын талаар нэг ч дүгнэлт хийлгүйгээр шууд эсрэг утгатай дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлэх гэсэн гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Анх нэхэмжлэгч Ж.М-оос “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/06 дугаар “Сумын Засаг дарга Ж.М-ийг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр “Цэцэг сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулан, Цэцэг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 09 сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/01 дүгээр “Ээлжит 6 дугаар хуралдаанд үйлчлэх ажлын алба, хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар захирамжаар “... нэхэмжлэгчийн субьектив эрхэд шууд чиглэсэн агуулгагүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх дүгнэлтийг хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.3. Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1058 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” хуралдааны тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/36 дугаар “Б.Г-ыг ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагууд нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай харилцан уялдаа хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасныг зөрчиж, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин дээрх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

2.5. Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.М-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн хувьд эрх нь сэргэх боломжгүйд хүргэхээр нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

2.6. Учир нь анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Г-ыг Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргаар томилсонтой холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/08 дугаар “Сумын Засаг даргад Б.Г-ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол болон Б.Г-ыг Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргаар томилсон Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын Б/36 дугаар захирамж тус тус хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хэрэг маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлээгүй байх бөгөөд нэгэнт дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.7. Мөн түүнчлэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан Засаг даргыг огцруулах тухай санал нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр, энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх эрхийг дээд шатны Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байх тул шүүх Засаг даргыг огцруулсан шийдвэрүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдах учиртай.

 

Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд олонхийн саналаар шийдвэрлэсэн буюу Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлсэн (эсхүл биелүүлсэн) эсэхтэй холбогдон гарсан улс төрийн шийдвэрт шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН