| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01944/и |
| Дугаар | 1438 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1438
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/01438 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их дарь эх 1 дүгээр гудамж, 90 тоотод оршин суух Тайж овогт Чулууны Нямаа /Регистрийн дугаар ЦА71082574/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Нямаа, гэрч Ш.Бямбадорж, гэрч Ц.Номт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Нямаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Чулуун овогтой Нямаа миний бие 1995 оны 08 сарын 01-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохойн тасагт туслах төлөөлөгчөөр орж ажиллаад 2002 оны 01 сарын 10-ны өдөр сургуульд сурах хүсэлтээр чөлөөлөгдсөн болно. Миний бие уг ажиллах хугацаандаа Цагдаагийн ерөнхий газрын харъяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэст жижүүрийн шуурхай албанд хоногийн жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэж, эрэлч нохойг хэргийн газарт ашиглаж ажиллаж байсан тул миний ажилласан жилийг жижүүрийн албанд ажилласнаар тогтоож өгч тусална уу” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Нямаа нь Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохойн тасагт туслах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа жижүүрийн албанд 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу жижүүрийн албанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21/800 дугаартай архивын лавлагаанд “Чулууны Нямаа нь /ЦА-71082574/ Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын 1995 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын даргын зөвлөлийн 1995 оны 09 дүгээр сарын 20-ны шийдвэрийг үндэслэн 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Цагдаагийн Ерөнхий газрын албаны нохойн тасагт туслах төлөөлөгчөөр томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгож, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн б/05 дугаар тушаалаар “Их засаг” хууль зүйн их сургуульд суралцах болсон тул 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Нийслэлийн Цагдаагийн газрын албаны нохойн тасгийн туслах төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн ахлагч цолыг хураасан байна” гэжээ. /хх-12/ Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 26/382 дугаартай тодорхойлолтод “Чулууны Нямаа нь 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохойн тасагт туслах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан...” гэжээ. /хх-3/
Нийслэлийн Цагдаагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14а 2/1612 дугаартай албан бичгээр Ч.Нямаад хариу өгөхдөө “...Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд байсан Албаны нохойн туслах тасаг нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хэд хэдэн удаа өөрчлөгдөж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд Албаны нохойн сургалтын хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдсан, мөн таны томилогдон ажиллаж байгаа албан тушаалд эргүүл, харуул, жижүүрийн гэсэн тодотгол байхгүй байна...” гэжээ. /хх-7/
Хүсэлт гаргагч нь жижүүрийн албанд ажиллаж байсантай холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн рапортын дэвтрээс хуулбарлан ирүүлсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ч.Нямаа нь дэд ахлагч цолтой, жижүүрийн албанд ажиллаж рапорт бичиж байсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 1999 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 1999 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Нямаа нь ахлагч цолтойгоор жижүүрийн албанд ажиллаж рапорт бичиж байсан байна. /хх-19-24/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч Ч.Нямааг Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохойн тасагт туслах төлөөлөгчөөр жижүүрийн албанд ажиллаж байсныг гэрчлэхээр Ц.Номт, Ш.Бямбадорж нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Ц.Номт “...Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн лаборант ажилтай Ц.Номт би Чулуун овогтой Нямаатай 1995-2002 онд тус албанд нохойн туслах төлөөлөгчөөр нийслэлийн цагдаагийн дүүргүүдийн жижүүрийн шуурхай албанд үүрэг гүйцэтгэж хамт ажиллаж байсан нь үнэн...”, гэрч Ш.Бямбадорж “...Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Бямбадорж би Чулуун овогтой Нямаатай 1992 онд Цагдаагийн Ерөнхий газрын Албаны нохойн тасгийн Албаны нохой сургагчийн дамжаа төгсөж, 1995-2002 онд тус албанд нохойн туслах төлөөлөгчөөр нийслэлийн цагдаагийн дүүргүүдийн жижүүрийн шуурхай албанд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсныг тодорхойлж байна...” гэж тус тус мэдүүлжээ.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Чулууны Нямаа /Регистрийн дугаар ЦА71082574/-г 1995 оны 08 сарын 01-ний өдрөөс 2002 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Албаны нохойн тасагт туслах төлөөлөгчөөр жижүүрийн албанд ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ
Д.ЦЭРЭНДОЛГОР