Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1465

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/01465

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс,

1976 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 1-1980 тоотод оршин суух, Сартуул овогт Шүрхүүгийн Батхуяг /РД:ЧО76081411/-т архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Аяатбек /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Ш.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Аяатбек шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 1-1980 тоотод оршин суух Ш.Батхуяг нь тус дүүргийн нутаг дэвсгэр дээр байнга архидан согтуурч удаа дараа саатуулагдаж, нийтийн хэв журам байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтууруулах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ш.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүрхүү овогтой Батхуяг би архи ууж эхнэртэйгээ маргалддаг нь үнэн архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд Ш.Батхуягийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Ш.Батхуяг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 1-1980 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Тэрээр 2010 оноос хойшхи хугацаанд удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Ш.Батхуягийн эхнэр Ц.Оюунгэрэлийн өргөдөл, 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт авагдсан  байна.

 

Ш.Батхуяг нь “Архинд донтох өвчний 2 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Сартуул овогт Шүрхүүгийн Батхуяг /РД:ЧО76081411/-ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Ш.Батхуягийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн  2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЦЭРЭНДОЛГОР