Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/471

 

 

 

 

 

2021          07          09                                  2021/ШЦТ/471        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч М.Нарантуяа, 

            Шүүгдэгч М.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 1909035601291 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд:

 

2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 165 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

 

2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98/54 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухахй шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 27 хоногийн хорих ялаас өршөөгдсөн,

 

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, М.М /РД/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.М нь бусадтай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 24- нөөс 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа явуулдаг “Г ” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж бусдад 2.717.983 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909035601291 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч М.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 3 тоотод хууль бусаар нэвтрэн орж тус тоотод байхлах оффис дотроос өөрийн танил Төгөлдөртэй хамт 1 ширхэг нөөтбүүк, 5 ширхэг хос гутал, 2 ширхэг аяга, 1 ширхэг цүнх авсан. Ингээд нөөтбүүкээ зарсан бөгөөд танихгүй хүнд зарсан, үлдсэн эд зүйлийг нь хөдөө байдаг нэг танихгүй хүнд зарчихсан. Төгөлдөр бид хоёрын авсан зүйлүүдийг бүгдийг хэллээ. Надад өөр дүүрэгт үйлдсэн шалгагдаж байгаа хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93 дугаар хуудас/,

 

Хохирогч М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө манай оффисын тагтаар дамжиж волконы хаалгыг хөшиж хулгайч орж хар саарал өнгийн делл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, сурагчийн панел 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, зэс аяга 1 ширхэг, бор өнгийн мезлэн брэндийн 43 размерийн эрэгтэй хүний ботинк 1 хос, хар өнгийн Версаж брэндийн 41 размерийн эрэгтэй хүний ботинк 1 хос, four fift avenue брендийн 41 размерийн ботинк 1 хос, хар хөх өнгийн сергио брэндийн ботинк 2 хос ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан учраас анх цагдаагийн байгууллагад хандсан. Манай компаний үйл ажиллагаа явуулдаг байрны гадна талд буюу хашааны үүдэн хэсэгт харуул хамгаалалтын алба, хяналтын камер ажилладаг. Мөн оффис дотор хяналтын камер байхгүй, бид нар байрны гадна талын камер шүүж үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цаг 30 минутын орчимд 160-170 см орчим өндөртэй, малгайтай цамц өмссөн 2 залуу хойд талын хашааг давж ирээд 30 орчим минут болоод буцаж хашаа давж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Миний хувьд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа 190903650 дугаартай хэрэгт холбогдох алдагдсан эд зүйлс болно. Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.717.983 /хоёр сая долоон зуун арван долоон мянга есөн зуун наян гурван төгрөг/-р үнэлэгдэв. /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-27 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.М-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 152 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 108-150 дугаар хуудас/,  ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 171 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж бусдад 2.717.983 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

- Мөрдөгчийн тэмдэглэл,

 

- Хохирогч Мын “...2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 9 дүгээр сарын 25-нд шилжих шөнө манай оффисын тагтаар дамжиж волконы хаалгыг хөшиж хулгайч орж хар саарал өнгийн делл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, сурагчийн панел 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, зэс аяга 1 ширхэг, бор өнгийн мезлэн брэндийн 43 размерийн эрэгтэй хүний ботинк 1 хос, хар өнгийн Версаж брэндийн 41 размерийн эрэгтэй хүний ботинк 1 хос, four fift avenue брендийн 41 размерийн ботинк 1 хос, хар хөх өнгийн сергио брэндийн ботинк 2 хос ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан...камер шүүж үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цаг 30 минутын орчимд 160-170 см орчим өндөртэй, малгайтай цамц өмссөн 2 залуу хойд талын хашааг давж ирээд 30 орчим минут болоод буцаж хашаа давж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан...” мэдүүлэг,

 

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

- Шүүгдэгч М.М-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 3 тоотод хууль бусаар нэвтрэн орж тус тоотод байхлах оффис дотроос өөрийн танил Төгөлдөртэй хамт 1 ширхэг нөөтбүүк, 5 ширхэг хос гутал, 2 ширхэг аяга, 1 ширхэг цүнх авсан....” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч М.М нь мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж “Г” ХХК-ны байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг нь авсны улмаас түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

 

Прокуророос шүүгдэгчид холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч М.М-ийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М-т учирсан 2.717.983 төгрөгийн  хохирол нөхөн төлөгдөөгүй ба шүүгдэгч М.М-өөс хувьд ногдуулан 1.358.992 төгрөгийг гаргуулж хохирогч М-т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч М.М-ийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч М.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 337 дугаартай шийтгэх тогтоолоор М.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 6 сарын хугацаагаар биечилэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа 429 дүгээр хаалттай Хорих ангиас ирүүлсэн ялын тооцооны тодорхойлолтоор /хх-ийн 171/ шүүгдэгч М.М-ийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 08 хоногийн хугацаа үлдсэн талаар тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Мийн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 12 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч М.М-ийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

 

             Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 214 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.М-г бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 12 сар 08 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 214 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-өөс 1.358.992 төгрөгийг гаргуулж хохирогч М-т олгосугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН