| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01707/и |
| Дугаар | 1487 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1487
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/01487 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 1 дүгээр байр, 19 тоотод оршин суух М.Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 9 дүгээр гудамж, 421а тоотод оршин суух Ж.Ч холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ө, хариуцагч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн М.Ө миний бие иргэн Ж.Ч той 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн бидний хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүссэн билээ. Бидний дундаас охин Ч.Д 2010 оны 04 дүгээр сарын 27-нд мэндэлсэн. Бид өөрийн гэсэн гэр оронгүй байсан учир эхэндээ хоёр биенийхээ аав ээжийнхээр амьдардаг байсан. Энэ байдал нь хэн хэндээ хүндрэлтэй байсан болохоор 2011 оны сүүлээр гэртэй болсон ч нөхөр маань гэртээ хаяа ирж хонодог байсан бөгөөд зан ааш нь илт хувирч, уур уцаартай болж элдвээр хэлж доромжлон, үе үе гар хүрч зодох болсон. Миний хувьд энэ дарамт доромжлолыг гэр бүлийн холбоог бат байлгахын тулд уучилж хамт амьдрах гэж их хичээсэн боловч бидний үзэл бодол, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2012 оноос хойш өдийг хүртэл тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин Ч.Д миний асрамжинд өсч торнисон. Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ж.Ч той гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ч.Д ыг миний асрамжинд үлдээж, эцэг Ж.Ч оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Ж.Ч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.Ч миний бие нь 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.Ө тай хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн бидний хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүссэн. Бидний дундаас охин Ч.Доржханд 2010 оны 04 дүгээр сарын 27-нд мэндэлсэн. Бид 2012 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Охин Ч.Д нь ээжийнхээ асрамжинд өсөж байгаа. Нэхэмжлэл гаргагч М.Ө ын хүсэлтээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эх дээр нь өсгөх, хүүхдийн тэтгэмж төлөх зэргийг Ж.Ч миний бие зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ө нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч Ж.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Зохигч болох М.Ө , Ж.Ч нар 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 271 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн 0142651, Г-271 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Ч.Д төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-3, 5, 7/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигчид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2012 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Ч.Д ыг төрсөн эх М.Ө ын асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ж.Ч оор хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Охин Ч.Д ыг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх М.Ө нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Ж.Ч д саад учруулахгүй байх үүрэгтэй.
Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2017 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,300 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, М.Ө , Ж.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ч.Д-ыг төрсөн эх М.Ө-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Ж.Ч -оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ч.Д -ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ө д олгож, хариуцагч Ж.Ч оос хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,233 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч М.Ө хариуцагч Ж.Ч ийг эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР