Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1418

 

 

 

 

 

 

 

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын

Хилийн чанд дахь өмчийг удирдах газар,

Холбооны улсын үйлдвэрийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01384 дүгээр шийдвэртэй, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах газар, Холбооны улсын үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Галсанпунцаг,

 

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны 15 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров Василий Владимировичи,

Хэлмэрч И.Чойжамц,

Хариуцагч П.Галсанпунцаг,

Гуравдагч этгээд Ж.Галт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь төрийн өмчийг удирдах Улсын үйлдвэрийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа Оросын Холбооны Улсын өмчийн нийт үл хөдлөх эд хөрөнгө, үүний дотор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар бичил хороолол, 9 дүгээр орон сууцтай холбоотой ажлуудыг хариуцан, ашиглалт хамгаалалтын талаар үүрэг хүлээсэн байгууллага болно. Бид хууль ёсны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл тухайн 15 тоот орон сууцанд дураараа аашлан, хууль бусаар амьдарч байгаа иргэн Д.Галсанпунцаг нь манай байгууллагын хууль ёсны дагуу эрхээ эдлэхэд саад учруулж байгаа болно. Иргэний хуулийн өмчлөх эрхийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч хууль эсвэл гэрээгээр олгогдсон өөр этгээдийн эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дагуу өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах, хадгалах, эзэмших, өмчлөх эрхтэй болно.

Өмчлөх эрхийн гэрчилгээ болон тус байрыг эзэмших, ашиглах гэрээ байхгүй иргэн нь манай эрхийг санаатайгаар зөрчиж байна. Энэ 9 дүгээр байрны 1 дүгээр орц дахь орон сууцнуудыг цааш нь түрээслэх, ашиглалт хамгаалалтыг хариуцахаар манай байгууллага иргэн Ж.Галттай гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний хугацаа дууссан. Мөн Ж.Галттай байгуулсан Д.Галсанпунцагийн гэрээний хугацаа ч дууссан. Гэтэл удаа дараа манай байгууллагыг шүүхэд өгч хэдэн жил шүүхээр явуулж, энэ хугацаанд байрандаа байсаар л байна. Иймд Д.Галсанпунцагт гэр бүлийн гишүүдийнхээ хамт тус орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ байрны 1 орцонд 15 айл байдаг юм. Ганцхан надтай ярьж байгааг би гайхаж байна. Нэхэмжлэгч тал Д.Галсанпунцагийг байрнаас нь гаргачихвал бусад нь мөн гарна гэж бодсон байх. Нэхэмжлэлийн шаардлагад Д.Галсанпунцаг болон бусад иргэд гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Галсанпунцагийг гэр бүлийн гишүүдийн хамт гэж бичих ёстой байсан. Үүнийг харахад Д.Галсанпунцаг болон бусад иргэдийг гэж бичсэн нь нөгөө 14 иргэдийг хэлж байна гэж ойлгогдож байна. Миний бие 2000 оны 6 дугаар сард энэ байранд орсон. Миний дараа 14 айл цуварч орсон. Би тухайн үед “Оюуны ундраа” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай байсан. “Оюуны ундраа” ХХК нь зарим айлд энэ байрыг бэлэглэсэн, мөн худалдаж байсан. Тухайн үед “Оюуны ундраа” ХХК-ийн охин компанитай 2005 онд албан ёсны гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 0.55 ам.доллараар түрээсэлж байсан. “Оюуны ундраа” ХХК дундаас нь ашиг олж байсан. Ингээд явсаар байгаад 2012 онд иргэн Ж.Галт гарч ирсэн. Нэхэмжлэгч намайг Ж.Галттай гэрээ байгуулаагүй, үнэ төлбөргүй, хууль бусаар амьдарч байна гэж байна. Би Ж.Галттай гэрээ байгуулсан. 2013 онд гэрээний хугацаа дууссан. Дахин гэрээ сунгах талаар Ж.Галтын зүгээс болон Орос улсын байгууллагын талаас ямар нэгэн шаардлага гаргаагүй. Ж.Галт гуравдагч этгээдийн байр сууриас шүүхэд тайлбар өгсөн байна. Өөрсдөө санаачилж гэрээгээ сунгах эрх зүйн үр дагавартай. Би ингэж шүүхээр явснаар 2014 онд 9 дүгээр байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр нь ОХУ-г бүртгүүлсэн. Хэрэв миний бие маргаан үүсгэж захиргааны шүүхээр яваагүй бол өнөөдрийг хүртэл энэ 9 дүгээр байр бүртгэлгүй байх байсан. 2014 он хүртэл ямар ч бүртгэлгүй байсан. Бид Монголын нэг бүртгэлтэй компанийн зөвшөөрлөөр түрээсийн гэрээ байгуулж, төлбөрөө төлж ирсэн. Би энэ хугацаанд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй ч “Оюуны ундраа” ХХК-ийг буруу зүйл хийж байна гэж үзэж, сайн дураараа Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэгчийн дансанд түрээсийн төлбөрийг төлж байсан. 2012 онд нөхөр Ж.Галттай гэрээ байгуулж, түүний хувийн хаан банкны дансанд төлбөр төлж байсан. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамгийн сүүлд мөнгө тушааж, Ж.Галттай холбоо барихад гэрээ дахин хийхгүй гэх зүйл ярьж байсан тул дахиж түрээсийн төлбөр төлөөгүй. Миний ганц алдаа 2013 оны 09 дүгээр сараас нэхэмжлэгчийн дансанд сайн дураараа төлбөр хийгээд явах байж гэж бодож байна. Би өөрийн оршин суугчийнхаа эзэмшигчийн хувьд үүргийг биелүүлж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие хамгийн сүүлд 2013 онд нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр тус байрны оршин суугч нартай гэрээ байгуулсан. Надтай гэрээ байгуулснаараа хууль ёсны оршин суугч болно. Тийм учраас дараа нь асуудал үүсвэл аль ч шүүх дээр очсон та бүхэн хууль ёсоор оршин суух эрх чинь үүсч байгаа юм гэж би тайлбарлан өгч зарим айлтай гэрээ байгуулсан. Хэсэг иргэд чамтай гэрээ байгуулахгүй гэж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д.Галсанпунцагтай түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сард дуусахад Д.Галсанпунцагт гэрээний хугацаа чинь дуусч байна, та сунгах уу гэхэд хариу хэлээгүй. Сүүлд дахиж уулзаад гэрээгээ яах гэж байна, гэрээгээ байгуулах уу гэхэд, наадхаа ураад хаячих гээд гэрээгээ сунгаагүй. Тэгээд тэр цагаас хойш захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсгэж явсан. Тийм учраас энэ хүний өөрийнх нь хүсэл зоригоор түрээсийн гэрээ үргэлжлээгүй дууссан. Энэ Баянзүрх дүүрэг, 15 хороолол, 5 хэсэг, 9 байрны 15 ширхэг байрыг түрээслэх гэрээг Хилийн чанд дахь төрийн өмчийн газартай 2012 онд байгуулж, 2013 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн болсон учир 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тус байгууллагатай гэрээ байгуулсан. Би энэ байгууллагатай гэрээ байгуулсан түрээслэгчийн хувьд түрээсээ авч, Орос улсын талд төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл Д.Галсанпунцаг гэх мэт хүмүүс түрээсийн төлбөрөө төлөхгүй амьдарч байгаагаас болж би цааш нь төлбөрийг нь төлж чадахгүй өрөнд орж эхэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр байрны 15 тоот орон орон сууцыг хариуцагч Д.Галсанпунцагийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Галсанпунцагаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч анх улсын тэмдэгтийн хураамжийг ганц хүнд холбогдуулан төлчихөөд Д.Галсанпунцаг болон бусад иргэдэд гэж тус орцны 15 айлыг албадан гаргах санаа агуулсныг шүүх анзаараагүй. Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг анхаарч, хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нэхэмжлэлд тус байрыг эзэмшиж, ашиглаж байгаа Ж.Галттай гэрээ байгуулаагүй, өнөөдрийн байдлаар үнэ төлбөргүй, хууль бусаар тухайн байранд амьдарч байна гэсэн. Гэтэл миний бие 2012 оны 09 дүгээр сарын 01-нд Ж.Галттай түрээсийн гэрээ байгуулан түүний данс болон бэлнээр төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Мөн Ж.Галт нь ОХУ-ын холбогдох албан тушаалтантай байгуулсан гэрээ хэрэгт авагдсан. “Оюуны Ундраа” ХХК-ийн охин компани “Сууб Бо” ХХК-тай 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц түрээслэх гэрээ байгуулсан, мөн л төлбөрийг тухайн дансанд нь тушааж байсан. ОХУ-ын өмч гэж байгаа тус байр нь 2014 он хүртэл хэний ч өмч биш байсан бөгөөд хэрэгт гэрчилгээ нь байгаа. Захиргааны шүүхэд гомдол гаргаж шалгагдаж байх хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 13-нд ОХУ-ын өмчөөр бүртгэгдсэн бөгөөд үүнээс өмнө хэний өмч байсан нь тодорхойгүй.

Баянзүрх дүүргийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 112 тоот тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 442 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 649 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан, энэхүү ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 194 дүгээр шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож байсан.

Шүүх тус орон сууцыг Д.Галсанпунцагийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь манай гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй, надад хамаарсан шийдвэр гэж үзэж байна. Хэрэв бусад орон сууцанд амьдарч байгаа иргэдийг албадан гаргавал их хугацаа шаардагдах болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанд дахь өмчийг удирдах газар, Холбооны улсын үйлдвэрийн газар нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч Д.Галсанпунцагт холбогдуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны 15 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн оролцогч талуудаас уг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэх үндэслэлээр нотлох баримт болгон ирүүлсэн Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 112 тоот тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна.222

 

Зохигчдын хэн аль нь уг маргаан бүхий үйл баримтад хамаарах, хариуцагч Д.Галсанпунцаг нь гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 442 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 131 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 649 дугаар тогтоолтой иргэний хэргийг дээрх тогтоолын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, ердийн журмаар шийдвэрүүлэх болсон гээд, тогтоолын хувийг хэрэгт хавсаргажээ. /хх115-117/

 

Хэрэгт авагдсан баримтаар уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, талуудын тайлбараар Захиргааны хэргийн бүх шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэх боловч энэ талаар баримтгүй байна. Дээрх тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтыг зөв тогтоохын тулд шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаан, түүнд хамаарах хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/01384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА