| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2019/0156/З |
| Дугаар | 729 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 729
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, шүүгч М.Б, шүүгч Г.Ма нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бг, иргэдийн төлөөлөгч Д.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нарыг оролцуулан,
Гомдол гаргагч: Э ХХК
Хариуцагч: Оюуны өмчийн газар Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э
Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э нь Эрүүл мэндийн сайд Д.С*******ээс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр виферон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан гэх гомдол мэдээлэлд холбогдох телевизүүдэд холбогдуулан үүсгэсэн ******* тоот зөрчлийн хэрэгт миний бие Э ХХК-ийн өмгөөлөгчөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон билээ.
Дээрх зөрчлийн хэргийг шалгаж дуусаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01 тоот шийтгэх хуудас үйлдэж, холбогдогчоор Э ХХК-д 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан шийтгэх хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан ба уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.
Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бус болсон тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ... хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах нь төрийн үндсэн үүрэг бөгөөд хүний үндсэн эрх, эрх чөлөө, бусад хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг гүйцэтгэх эрх, мэдлийн байгууллагын буюу төрийн өөрийнх нь хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт болно.
Дээрх чиг үүрэг нь Зөрчлийн тухай хуульд ч тусгалаа олсон байх бөгөөд хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс уйлдэхуйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хун, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гээд, 3 дугаар зүйлийн 3.2-т ...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах үндэслэл нь зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу үүсгэсэн бодит үйлдэл байхыг олгодог.
Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эын үүсгэсэн зөрчлийн хэрэгт Хяналтын прокурор Г.М ******* тоот дугаар олгож, гарын үсэг зурснаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
Уг зөрчлийн хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, Анагаах ухааны доктор, Профессор Д.О*******гийн Эмч зөвлөж байна нэвтрүүлэг, V телевизээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан Ай Ёо доктор зөвлөж байна нэвтрүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн амьсгалын замын өвчин, Олон улсын эмнэлзүйн хандлагын тухай ярилцлага нэвтрүүлгүүд нь тус хуулийн хориглосон зар сурталчилгааны хэлбэрийг ашигласан буюу зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар дээрх телевизүүдэд Зөрчлийн хэрэг нээсэн байсан.
Уг зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын үндэслэх хэсэгт холбогдох телевизүүд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гээд, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна" гэж заасан байна.
Дээрх зөрчлийн хэрэгт нэр бүхий телевизүүдийн мэдээ дунд миний үйлчлүүлэгч Э ХХК-ийн импортолдог бүтээгдэхүүний тухай дурдагдсан учраас холбогдох тайлбарыг авахаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Б*******өөс тайлбар авсан байдаг. Харамсалтай нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын дагуу холбогдох телевизүүдээс нэг ч тайлбар авалгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж зөрчилд тооцох буюу буруутгах талыг барьж шийдвэр гаргасан нь зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар шийтгэл оногдуулах зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ.
Зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэж буй үндэслэл хууль бус болсон тухайд: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эын үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №01 тоот шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт ...олсон нь гээд ...холбогдогч Э ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г. виферон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилж, барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болох нь өргөдөлд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэжээ.
Уг ...олсон нь хэсэгт дурдсан Виферон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилж, барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь гэсэн үндэслэлийг тодорхойлж үзвэл энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих" зөрчил бөгөөд холбогдох телевизүүдэд уг зүйлээр хэрэг нээгээгүй болох нь хэрэг үүсгэсэн тогтоолоос илт байна. Хэрэв уг зүйлээр үүсгэсэн гэж үзвэл холбогдох телевиз болон нэвтрүүлэгт дурдагдсан Виферон лаа бүтээгдэхүүнтэй холбоотой үйлдвэрлэгч болон нийлүүлэгч нарын хоорондын гэрээ, зөвшөөрөл бусад эрх үүссэн баримт бичгийг шалган үзэлгүй илт хууль бус, алдаатай шийтгэл оногдуулсан байна.
Зөрчилд тооцогдож буй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, Анагаах ухааны доктор, Профессор Д.О-ын Эмч зөвлөж байна нэвтрүүлэг, V телевизээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан Ай Ёо доктор зөвлөж байна нэвтрүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн амьсгалын замын өвчин, Олон улсын эмнэлзүйн хандлагын тухай ярилцлага нэвтрүүлгүүдийг Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хэрэг нээсэн хэмээн танилцуулж байсан хэдий ч шийтгэлийн хуудсанд одоогоор Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтуудыг мөн үндэслэсэн нь уг шийтгэлийн хуудас илт алдаатай захиргааны шийтгэвэр болсныг харуулж байна.
Бодит байдал дээр холбогдох телевизүүдээр гарсан нэвтрүүлгүүд нь ханиад томуу, хүүхдийн өвчлөлтэй холбоотойгоор хэрэглэж болох эмчилгээ, эмийн зөвлөмж нэвтрүүлэг байх бөгөөд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан жороор олгодог мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамалтай холбоотой агуулга огтоос байдаггүй.
Нөгөө талаар Э ХХК-ийн хувьд Эм судлалын салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрлэгдэж дэмжигдсэн зар сурталчилгааны зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрлийг нөхцөл, хугацаа, журмыг зөрчиж хэтрүүлэн сурталчилгаа явуулсан гэж үзэж болохгүй юм. Учир нь дээрх нэвтрүүлгүүд нь олон нийтийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн тогтмол гаргадаг нэвтрүүлгийн тодорхой нэг удаагийн буюу хүйтний улирал эхэлж буй үед томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, сэрэмжлүүлэг нэвтрүүлгүүд байсаар байтал тухайн нэвтрүүлгүүд бүхэлдээ Э ХХК-ийн импортолдог бүтээгдэхүүний зар сурталчилгаа гэж үзэн зөвшөөрөгдсөн хэлбэр, хугацаанаас хэтрүүлж зар сурталчилгаа явуулсан гэдэг нь огт үндэслэлгүй.
Мөн зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсын үндэслэх хэсэгт Иймд холбогдогч Э ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухайн хуулийн 10.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул" гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 10.1 зүйлийн 4 дэх хэсэгт хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн үйлдэлд торгох шийтгэл оногдуулахаар заасан байна. Эрүүл мэндийн сайд Д.С*******ээс Виферон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан гэх гомдол мэдээлэлд нэр бүхий телевизүүдэд холбогдуулан нээсэн ******* тоот зөрчлийн хэрэгт Э ХХК-ийн зүгээс аливаа хэлбэрээр хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн эсхүл түгээсэн үйлдэл огт байхгүй бөгөөд зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий этгээдийн зүгээс энэ чиглэлд тодорхой ажиллагаа хийгээгүй болно.
Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь хэсэгт тус тус зааснаар Э ХХК-ийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хянаж Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №1 тоот шийтгэх хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Эрүүл мэндийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн Интерферон альфа лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан гэх гомдлын дагуу Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д ... Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ... зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасныг үндэслэн Зөрчлийн ******* тоот хэргийг телевизүүдийн нэр дээр нээсэн. Хяналт шалгалтын явцад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн нэмэлт материал, фэйсбүүкт тавигдсан бичлэгт үзлэг хийснээр холбогдогчоор Э ХХК-ийг татан үйл ажиллагаа хариуцсан захирал Ганпүрэв овогтой Б*******өд холбогдогчийн эрх үүргийг танилцуулан мэдүүлэг авсан болно.
Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э би зөрчлийн нөхцөлийг тогтоохдоо
а. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн телевизээр явуулсан нэвтрүүлэгт Виферон лаа хэлбэрийн эмийг жоргүй эмийн жагсаалтад байх хугацаанд зар сурталчилгаа явуулахдаа 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зөвшөөрлийн агуулгаас давсан үг хэллэг ашигласан, хугацаа хэтрүүлсэн Э ХХК-ийн логог нэвтрүүлгийн турш байршуулж байн байн харуулсан/.
б. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ай ёо доктор, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Жаргал де Факто нэвтрүүлгүүдээр виферон лаа хэлбэрийн эмийг Эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр жороор олгох эмийн жагсаалтад байх хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд сурталчилгаа хийсэн гэсэн үндэслэлээр шийдвэр гаргаж Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.
Иймд Э ХХК-ийн өмгөөлөгч Ш.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, зөрчлийг таслан зогсоож, хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э миний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Фэйсбүүк хуудсанд байршуулсан хууль бус сурталчилгаа бүхий нэвтрүүлгийг татан авахуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Э ХХК-иас Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эт холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийн дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.
Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э Э ХХК нь виферон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилж барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, мөн зүйлийн 13.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01 тоот шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, анагаах ухааны доктор, профессор Д.О*******гийн Эмч зөвлөж байна нэвтрүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн V телевизээр гарсан Ай ёо доктор зөвлөж байна нэвтрүүлэг, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн амьсгалын замын өвчин, олон улсын эмнэл зүйн хандлагын тухай Jargal de facto нэвтрүүлгүүдийн бичлэг бүхий CD-ээс үзвэл Э ХХК нь импортоор оруулж ирдэг виферон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Оросын Холбооны Улсын Ферон үйлдвэрлэгчийн интерферон хүний рекомбинант альфа-2 /Виферон/ лаа хэлбэрийн эм нь анх 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлаас эмнэлзүйн болон Эмзүйн бүртгэлийн шинжээчийн дүгнэлт-ийг үндэслэн улсын эмийн бүртгэлд жороор олгох нөхцөлтэйгээр бүртгэгдсэн байна. Дээр дурьдсан эмийн олгох нөхцөл /жортой болон жоргүй/ 2010 онд бүртгэгдснээс хойш хэдэн хэдэн удаа өөрчлөлт орж байсан байна.
******* дугаар зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаар Эм, судлалын салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлд Виферон лааг жоргүй олгохоор, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар Хүний эмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд Виферон лааг жороор олгохоор шийдвэрлэсэн байна.
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн V телевизээр гарсан Ай ёо доктор зөвлөж байна нэвтрүүлэгт цаад фононд виферон эмийн нэрийг бичиж, биет байдлаар сурталчилсан /хамгийн зөв сонголт, бүх эмийн сангуудаар зарагдаж байгаа гэх мэт/, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн амьсгалын замын өвчин, олон улсын эмнэл зүйн хандлагын тухай Jargal de facto нэвтрүүлгээр виферон лаа эмийг цорын ганц гэх мэтээр тус тус 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр жортой эмийн жагсаалтад орсон хугацаанд сурталчилгаа хийсэн болох нь дээрх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, анагаах ухааны доктор, профессор Д.О*******гийн Эмч зөвлөж байна нэвтрүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн V телевизээр гарсан Ай ёо доктор зөвлөж байна нэвтрүүлэг, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүүхдийн амьсгалын замын өвчин, олон улсын эмнэл зүйн хандлагын тухай Jargal de facto нэвтрүүлгүүдийн бичлэг бүхий CD болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн V телевизээр гарсан Ай ёо доктор зөвлөж байна нэвтрүүлгийн төгсгөлд ...Вифероныг хаана хаана зарж байгааг хэлэхээ мартсан байна. Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа шүү. Э ХХК вифероныг монголд оруулж ирээд олон жил болж байна гэсэн хөтлөгчийн тайлбараар тус тус эмийн сурталчилгаа хийсэн гэдэг нь нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно, 13.2-д Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасныг зөрчсөн гэж үзэж Э ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, зөрчил шалгах шийдвэрлэх журмын дагуу зөрчлийн байдлыг хангалттай нотолсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Эрүүл мэндийн яамны эм эмнэлгийн хэрэгсэл, вакцин, био бэлдмэлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Л.Ц*******гээс авсан мэдүүлэгт холбогдогч Э ХХК-ийг ... Анагаахын шинжлэх ухааны сургуулийн багш, Анагаах ухааны доктор, профессор О******* виферон лаа хэлбэрийн эмийг Э ХХК-ийг төлөөлөн ярилцлага өгсөн гэж үзэж байна гэсэн боловч холбогдогч Э ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл-д ... Манай талаас хийсэн, захиалсан зар сурталчилгаа байхгүй ... гэж мэдүүлжээ.
Мөн гомдол гаргагч Э ХХК-ийн өмгөөлөгч Ш.А шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын дагуу холбогдох телевизүүдээс тухайн үед нэг ч тайлбар авалгүйгээр зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүх мөн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол манай компанид биш тухайн эмийг сурталчилж байгаа телевизүүд нь зөрчил гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй гэж заасны дагуу Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэх хуудсыг гаргахдаа Э ХХК-ийн зөрчил үйлдсэнийг хангалттай баримтаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүх гомдол гаргагч Э ХХК-ийн Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14, 4.15 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 6.11 дүгээр зүйлийн 1, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Э ХХК-ийн Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ
ШҮҮГЧ М.
ШҮҮГЧ Г.М