Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/1083/З |
Дугаар | 221/МА2023/0536 |
Огноо | 2023-08-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0536
В.Т, М.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 80-82 дугаарт орсон иргэн В.Т болон М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар Засаг даргын захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Т-д эзэмших эрх, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 1462804329 дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сэргээлгэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч В.Т, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Гуравдагч этгээд Ч.Б, Г.Б, Ц.Г, Д.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/1083/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.Т, М.Б нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 80-82 дугаарт орсон иргэн В.Т болон М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар Засаг даргын захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Т-д эзэмших эрх, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 1462804329 дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сэргээлгэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.4, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Т, М.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хөрш Ч.Б, Г.Б нарын дур зоргоороо өөрсдийн хүссэнээр орц гарцаа шийдүүлэхийг хүсч дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл гомдлыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба кадастрын зургийг үндэслэн газар эзэмшигч Ц.Г-ийн орц гарц хашаалсан зөрчлийг арилган шийдвэрлэхгүйгээр шударга эзэмшигч В.Т, М.Б нарт шаардах хуудас, мэдэгдэх хуудас өгч дарамт шахалтад оруулах байдлаар В.Т, М.Б нарын газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдан бичүүлж авсан өргөдлөөс хойших үйл явдалд шүүх дүгнэлт хийгээд өмнөх Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, тэдний боловсруулсан төслийг баталгаажуулсан Засаг даргын хууль бус шийдвэрийг нүдээр харсан атлаа хараагүй юм шиг, энэ байдалд огт дүгнэлт хийхгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасанд маш их харамсаж байна. Газрын алба, дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн асуудлыг эрх биш В.Т, М.Б нарын иргэний зүгээс шүүх харж тунгаах байх гэсэн найдлага талаар өнгөрлөө.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “3. Нэхэмжлэгч тал “...Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бусдын зорчих орц, гарцыг хаасан тул хашаа барьсан газраа чөлөөл гэх агуулгатай шаардах хуудас ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас В.Т, М.Б нарын хүсэлтийг Ц.Г-ийн газрын кадастрын зургийг үндэслээд шийдвэрлэх боломжтой байсан. /Ц.Г нийтийн эзэмшлийн орц гарцыг хааж хашаалсан зөрчлийг арилгаж гэж хэлсэн шүү, ингэж гуйвуулж болохгүй/ Тийм байхад газар эзэмших эрхийн зөрчил гаргаагүй иргэн В.Т, М.Б нарын эрхийг ноцтой зөрчиж байна. В.Т-ийн эзэмшил газрыг дундуур нь хөндлөн огтолж орц, гарц гаргаж хоёр тусад нь гэрчилгээ олгосон... Тухайн үед Ч.Б, Г.Б нарын Газар зохион байгуулалтын албанд хандаж байхад шийдвэр гаргахдаа кадастрын зургаа үндэслэж шийдээгүйн улмаас энэ асуудал үүсэж байна гэж дүгнэж байна” гэж, 3.1. Харин хариуцагч талаас “...Нэхэмжлэл гаргаж байгаа субъектүүд өөрсдөө газрын хэмжээндээ өөрчлөлт оруулъя гэж хүсэлт өгөөд захирамжаа гаргуулсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний 480 дугаар захирамжаар энэ асуудал нь шийдэгдсэн байгаа... Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр заавал 700 м.кв талбайг эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй.... эргэн тойрны 4-5 айлын эрх ашиг хөндөгдөж байгаа. Яг үнэндээ 480 дугаар захирамжаар 700 м.кв талбайг нь 625 м.кв. 75 м.кв гээд өөрийнх нь хүссэн хэмжээгээр В.Т-д хуваагаад олгосон... газар дээр нь захиргааны байгууллагаас очоод хэмжилт хийх гээд очиход 625 м.кв талбайг өөрсдөө сунгаад, нэмээд 82.4 м.кв талбайг нэмээд 707.4 м.кв талбайгаар хашаа хийсэн байсан. Тэр нэгж талбайг өмчлөх гээд байвал тэрийгээ өмчилж болно. Түүнийг захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрөөд, захиргааны акт гаргах замаар асуудлыг шийдэж болно.... Тэгвэл бид захиргааны актаа хүчингүй болговол энэ хүний эрх ашиг дахиад хөндөгдөнө... Иргэн эзэмшиж байгаа болохоос бүх газар төрийн өмч...” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.
Газрын хэмжээндээ өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтийг нэхэмжлэгч В.Т, М.Б нар нь өөрсдөө хүсээд, сайн дураараа бичиж гаргаж өгөөгүй юм шүү. Газрын алба дараах байдлаар дарамт шахалт үзүүлсэн:
А. Шаардах хуудас өгсөн: “Монгол Улсын Газрын тухай хуулийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудыг зөрчин дур мэдэн бусдын эзэмшил газар дээр төрөл бүрийн объект, хашаа, хаалт, шон байрлуулсан нийтийн эдэлбэрийн газар гудамж, зам талбайг хааж зөвшөөрөлгүй хаасан, орц гарц гаргахаар төлөвлөсөн байршилд хашаа хаалт барьсан байгаа учир энэ тухай танд албан ёсоор анхааруулж 7 хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардаж байна. Зөрчлийг үл тоох буюу давтан үйлдвэл Монгол Улсын Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох болно. Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга... Т.М...” гэсэн байжээ.
Б. Мэдэгдэх хуудас өгсөн: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай”, ... тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчин бусдын орц гарцыг хаасан байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах болсныг мэдэгдэж байна.
В. Дээрх дарамт шахалтын улмаас В.Т, М.Б нарын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” өргөдөл: Тус дүүргийн 19 дүгээр хороонд Шарга морьтын зусланд 0,07 га газар эзэмшээд 17 жил болж байна. Гэтэл хажуу 2 айлын дураараа төрийн албанд ажилладгаараа байнга дарамтлан байнгын хэл ам хийн оршин суух амар тайван байх нөхцөлгүй боллоо. Уг нь 4 айл дамжин орц гарц заавал гаргах гэж зүтгэж байхаар хажуу талдаа нэг айлын булан дамжин орц гарц гаргах боломж байсан боловч анх газрын алба буруу гаргаж өгсөн алдаагаа засахын оронд танайхаар дамжин гаргахгүй бол танай эзэмшил газрын чинь эрхийг цуцална гэж дарамтлан сүрдүүлсэн тул арга буюу энэ өргөдлийг бичлээ” гэжээ. Гэтэл Газрын алба нь В.Т, М.Б нар нь өөрсдөө хүсээд өргөдөл гаргасан гэж тайлбарлаад шүүгч тэр тайлбарыг нь үндэслээд дараах байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Улмаар В.Т, М.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг гаргаж, хүсэлтийн агуулгад “...хөрш айлуудын орц гарцын асуудлыг шийдвэрлэх зорилгоор газрын албатай тохиролцсоны дагуу өргөдөл гаргасан...” гэжээ.
4.3. Ийнхүү В.Т, М.Б нарын хүсэлтэд үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар В.Т-д 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар захирамжаар олгосон нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 700 м.кв газрын хэмжээг 625 м.кв, 75 м.кв болгон өөрчилсний дагуу, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэгж талбарын 1462804328 дугаар бүхий 625 м.кв, 1462804330 дугаар бүхий 75 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.
4.6. Өөрөөр хэлбэл дээрх албан бичигт авагдсан 2016 оны 02 дугаар сарын архивын мэдээлэлд буй /ийм нотлох баримт хэрэгт байхгүй/ хөрш залгаа М.Б-ын 18642327906541 дүгээр, В.Т-гийн 18642327926532, Л.Б-ийн 18642327891524, Ц.Г-ийн эзэмшлийн 18642327913507 дугаар нэгж талбар бүхий газруудын хэлбэрт өөрчлөлт оруулж, орц гарц гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамжийг үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн /уг захирамжаар маш олон газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн, манай нөхцөлд үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн гэж дүгнэх боломжгүй/ гэж дүгнэх үндэслэлтэй.
Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг хууль зүйн голлох үндэслэл болгосон байна. /Манайд хамаарахгүй гэсэн нь дээрх тайлбараар үгүйсгэгдэнэ/
5.1. 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж тус тус зохицуулжээ. /В.Т, М.Б нар нь хэний ч газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй/
5.2.Дээрх хуулийн зохицуулалтаар дүүргийн Засаг дарга газар эзэмшигч В.Т, М.Б нарын хүсэлтийг үндэслэн эзэмшил газрын байршил, хэмжээнд халдахгүйгээр орц, гарц гаргахад зориулагдсан хэмжээг захын хэсэгт нэмж олгох замаар орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд газрын талаар төрөөс баримтлах зарчмыг хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан” гэжээ.
Бусдын газар эзэмших эрхийг зөрчөөгүй шударга газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж сүрдүүлж, шаардах хуудас, мэдэгдэл гаргаж дарамт шахалт үзүүлэн өргөдөл бичүүлж авчхаад юун шударга ёс, юун тэгш байдал, юун иргэдийн оролцоог хангах, юун үр нөлөөтэй байх, юун зорилгодоо нийцсэн байх, юун бодит нөхцөлд тохирсон байх, юун шийдвэр нь үндэслэл бүхий байх вэ? бүх зарчмынхаа эсрэг шийдвэр гаргачихлаа шүү дээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...В.Т-ийн эзэмшил газрыг хоёр хувааж, хуваагдаж салсан газар бүрд нь хоёр тусдаа гэрчилгээ гаргасан нь В.Т, М.Б нарын эрхийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлах боловч ийнхүү зохион байгуулснаар М.Б-ын эзэмшил газрын орц гарц В.Т-ийн эзэмшил газраас тусгаарлагдаж байгаа энэ тохиолдолд газар эзэмшигчийн хувьд эерэг нөлөөтэй үндэслэлтэйн дээр бусад газар эзэмшигч нарын тэгш байдлыг хангах зарчим Захиргааны ерөнхий хуульд заасан үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг нэгэн адил хангасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Энэ байдлыг нотлох ямар ч бичгийн баримт хавтаст хэрэгт байхгүй, харин ч эсрэгээрээ болох нь кадастрын зургаар нотлогдоно, энэ талаар шүүх дээр болон үзлэгийн үеэр хариуцагчийн төлөөлөгч, гэрч н.М-ийн /газрын албаны ажилтан/ амаар хэлсэн худал тайлбараар дүгнэлт хийж болохгүй.
6.2. Мөн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг очиж хийхэд маргаан бүхий акт нь хээрийн судалгаанд үндэслэсэн, газар өмчлөгч, эзэмшигчдийн эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндэд аюулгүй, хамгийн тохиромжтой шийдвэр болсон байх ба өмнө нь тухайн зуслангийн газарт газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүйгээс гаргасан алдаагаа арилгаж /нэг өгүүлбэрт хээрийн судалгаа хийсэн, хийгээгүй талаар шүүх эсрэг дүгнэлт хийсэн байна/ нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн шийдвэрийг хууль болон бодит байдалд нийцсэн гэж үзсэн болно.
Шүүх хүртэл кадастрын зураг дээрх Ц.Г-ийн орц гарц хааж хашаалсан зөрчлийг харсаар байж нүдээ аниад газрын алба, дүүргийн Засаг даргын шийдвэрийг зөвтгөж дүгнэсэнд маш их харамсаж байна. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Г.Б, Ч.Б нарын орц гарцны талаарх гомдлыг шийдвэрлэхдээ газар эзэмшигч Ц.Г нь нийтийн эдэлбэр, орц гарцыг хааж хашаалж хашаа барьсан зөрчлийг арилгаж Г.Б, Ч.Б нарын орц гарцны асуудлыг шийдвэрлэхгүйгээр Г.Б, Ч.Б нарын хүслийг гүйцэлдүүлж шударга эзэмшигч В.Т, М.Б нарыг эзэмшлийн газраараа орц гарц гаргахгүй бол газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоно хэмээн дарамт шахалтад оруулан Шаардах хуудас, Мэдэгдэх хуудас өгснийхөө дараа, өргөдөл бичиж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулж В.Т, М.Б нараар өргөдөл бичүүлж авчхаад, энэ тухайгаа өргөдөлдөө биччихээд байхад хүртэл шүүх өөрсдийн хүсэлтээр талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна гэж дүгнэсэнд маш их гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч В.Т, М.Б нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 80-82 дугаарт орсон иргэн В.Т болон М.Б нарын газар эзэмших эрхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар Засаг даргын захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай В.Т-д эзэмших эрх, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 1462804329 дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар тус дүүргийн 15 дугаар хороо Шарга морьт зусланд байрлах нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 699 м.кв М.Б-д, нэгж талбарын 18642327906541 дугаар бүхий 700 м.кв газрыг нэхэмжлэгч М.Б-т тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/336 дугаар захирамжаар М.Б-ийн эзэмшлийн нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 699 м.кв газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч В.Т-д шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.3. Улмаар нэхэмжлэгч нараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамжаар нэхэмжлэгч В.Т-ийн нэгж талбарын 18642327926532 дугаар бүхий 699 м.кв газрыг 625 м.кв, 75 м.кв болгон 2 хуваасан бол нэхэмжлэгч М.Б-ын нэгж талбарын 18642327906541 дугаар бүхий 700 м.кв газрын хэмжээг 699 м.кв болгон тус тус өөрчилжээ.
2.4. Хэдийгээр нэхэмжлэгч нараас дээр дурдсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтүүдийг өөрсдөө хүсээд сайн дураараа гаргаагүй, газар эзэмших эрхийг цуцална гэж дарамтлан сүрдүүлсэн учраас өргөдөл гаргасан” гэж тайлбарлах боловч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч В.Т-ийн газрын хэмжээг 625 м.кв, 75 м.кв болгон 2 хуваан дундуур нь гуравдагч этгээд нарын эзэмшлийн газар руу орц, гарц гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж тус тус заасанд нийцсэн байна.
2.5. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий газрын агаар сансрын зураг болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт удаа дараа хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар гуравдагч этгээд Ч.Б, Г.Б, Д.Х нарын эзэмшлийн газар нь орц гарцгүй болох нь тогтоогдсон, гуравдагч этгээд Ч.Б өөрийн эзэмшлийн газраараа орж гарахыг нэгэнт зөвшөөрч буй энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актаар ийнхүү орц гарцны асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн нь зөв болжээ.
2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч В.Т-ийн хувьд хувьд 625 м.кв, 75 м.кв буюу нийт 700 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч тухайн 75 м.кв газраас гадна одоо бодитоор 707.4 м.кв газрыг хашаалсан, энэ талаар маргаагүй энэ тохиолдолд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/480 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч В.Т, М.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН