Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батхишиг,

шүүгдэгч Д.Т гийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдорж, С.М. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хурал

дааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Т д холбогдох 2017 2400 0258 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д.Т, 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Д.Т  нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын автобусны буудлын замд “Daewoo BS106” загварын, ... улсын дугаартай, авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчин, авто тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  явган зорчигч Г.Б-н амь нас хохирсон, С.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Т г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Т г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.Т гийн В, С, D, Е ангиллын №1022004 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас 3.830.589 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д, 424.490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-д тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-н нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Amano” гэсэн бичигтэй CD 1 ширхэг, АТТ-14-011 гэсэн бичигтэй хар өнгийн зөөврийн хатуу диск 1 ширхэг, зөөврийн хатуу дискний холбогч 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалахыг тус тус дурдаж, Д.Т д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т  давж заалдах гомдолдоо: “... Миний жолоодож явсан автобус нь техникийн хувьд бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байсан. Би явган хүний гарцтай зам дээр хүн мөргөж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэмт хэрэг үйлдээгүй.

Осол гарах үед би автобусыг зогсоох арга хэмжээ авсан, тоормозны мөртэй, зайлуулж дарж гарах гэтэл нэг бөөрөнхий хар юм ирж мөргөсөн, автобус 40 км цагийн хурдтай явсан. Энэ осол замын голд, явган хүний гарцгүй зам дээр болсон.

С.М. намайг 48 хоногийн дараа гүтгэж, худал хэлж дүгнэлт гаргуулсан. Би худлаа ярьж байгаа талаар мөрдөн байцаагчид удаа дараа тайлбарласан боловч хүлээж аваагүй. Мөн гэрч С.Алтантуяагийн мэдүүлгийг хууль бусаар бүрдүүлсэн. Би хүлээж аваагүй, гарын үсэг зураагүй, дахин шалгуулах талаар хүсэлтийг олон удаа гаргасан боловч хүлээж аваагүй. Намайг гүтгэж шийтгүүлсэнд маш их гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгуулж, үнэн зөвийг олж өгнө үү. Ганцхан С.М.гийн үгээр шийтгэж болохгүй.

2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим, миний бие Анагаах ухааны нүүр ам судлалын их сургуулийн урдах замын явган хүний гарц өнгөрөөд явж байтал гэнэт замын голд нэг бөөрөнхий хар юм гараад ирсэн, би тоормоз гишгэж, зайлуулж дарахад тэр хар юм ирж автобус мөргөсөн. Буугаад харахад 2 хүн замын голд хэвтэж байсан. Энэ бүхнийг харсан гэрч С.Алтантуяа мөрдөн байцаагч Азбаярт хэлсэн боловч мөрдөн байцаагч Азбаяр “олон юм ярьж өөрийгөө ороогоод яах гэсэн юм, зүгээр хараагүй, үзээгүй гэж хэл” гээд загнаад, өөрөө зохион бичиж, гарын үсэг зуруулж, намайг хилс хэрэгт гүтгэж, ял эдлүүлж байгаад маш их гомдолтой байна. Энэ талаар улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргахад “манайх шалгахаа больсон, авлигатай тэмцэх газарт өргөдлөө өг” гэсний дагуу өгөхөд “чиний хэрэг шүүх дээр байна” гээд одоо хүртэл шалгаж өгөөгүй.

Энэ осол 32-ын автобусны буудлын замд болоогүй гэдгийг С.Алтантуяа байцаагч Азбаярт хэлэхэд загнаад зөв бичээгүй гэсэн. Шүүх хуралдаанд гэрч С.Алтантуяа мэдүүлэхдээ, Анагаах ухааны их сургуулийн жижүүр ирж хараад манай сургуулийн урд архи ууж байсан 2 хүн байна, автобусны буудал биш, намайг явган хүний гарцтай зам дээр хүн мөргөөгүй гэдгийг үнэн зөвөөр ярьсан. Гэрч С.Алтантуяагийн шүүх хуралдаанд хэлсэн гэрчийг олж, байцаалт авч хэргийн үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Миний бие Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцтай зам дээр хүн мөргөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тээврийн прокурорын газарт буцааж, дахин шалгуулж өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Т гийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 595 дугаартай захирамж гаргаж, Д.Т д холбогдох эрүүгийн хэрэгт 11 үндэслэл зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хэргийг Тээврийн прокурорын газарт буцаасан.

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаж, 683 дугаартай магадлал гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.3 дахь заалтад заасан “Давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш” гэснийг зөрчин хууль бус магадлал гаргаж, захирамжийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцаасныг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр анхан шатны журмаар хэлэлцэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлж, шүүгдэгч Д.Т д ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй, хууль зөрчсөн шийтгэх тогтоол гаргалаа гэж гомдол гаргаж байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар хэсэг “Давж заалдах, хяналтын журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх”, Гучин наймдугаар бүлэг “Шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн бүлгийн 38.1 дэх зүйлээс 39.12 дугаар зүйлийг дуустал “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүгчийн захирамж болон яллагдагчийн талаар авч хэлэлцэх ямар нэгэн зүйл, заалт, үсэг, өгүүлбэр тусгагдаагүй байгаа” талаар хяналтын шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгч гомдол гаргасан. Гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаан явуулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргаагүй.

Өмгөөлөгчийн гомдлын талаар яасан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч гаргасан захирамжаа зөрчин хуулийн хүчин төгөлдөр бус магадлалаар Д.Т д ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Дээрх 11 ажиллагаан дээр нэмж шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгч оролцсон гэрч С.Алтантуяа явган хүний гарцтай зам дээр Д.Т г хүн мөргөөгүй гэдгийг гэрчилсэн. Шүүхийн асуулт, хариултад Анагаах ухааны нүүр ам судлалын их сургуулийн жижүүр хараад “манай сургуулийн урьд архи ууж байсан 2 хүн байна, мөн автобусны буудал биш” гэдгийг гэрчилсэн тул тэр гэрчийг олж байцаалгах, холбогдох бусад хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байгааг анхаарч, нөхөн хийлгүүлж өгнө үү.

Талийгаач Г.Баяндүүрэн, явган зорчигч С.М. нарыг явган хүний гарцтай зам дээр мөргүүлээд яаж 20 гаруй метрийн цаана, автобусыг давж унасан, тэдний ууж байсан архины үлдэгдэлтэй шил хагараагүй байсныг мөрдөн байцаалтын туршилт хийлгэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэж өгнө үү.

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийн “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” болон мөн дүгнэлтийн “Тогтоох нь:” хэсэгт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын автобусны буудлын замд гэж хэрэг учрал болсон газрыг буруу нэрлэж яллаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг анхаарч шалгуулж өгнө үү.

С.М.гийн явган хүний гарц гэж зааж үзлэг хийлгэсэн тэр гарц нь Анагаах ухааны нүүр, ам судлалын их сургуулийн багш, ажилтан, оюутан нарт зориулагдсан явган хүний гарц, автобусны буудал гээд яллаад байгаа нь уг сургуулийн автомашины зогсоол бөгөөд гэрч С.Алтантуяа автобусны буудал биш гэдгийг шүүх хуралд хэлсэн. ТҮЦ-ийн цонхоор явган хүний гарц дээрх бүх хөдөлгөөн нь ил тод харагддаг гэдгийг хэлсэн.

Өндөр настай, хүнд согтолттой, гэр орон нь тэр гарцны цаана байдаггүй, талийгаачийг шөнийн 22 цагийн орчим өөрийн гэх ухаангүй С.М. дагуулж ямар зорилгоор гарцаар гарах гэсэн нь нотлогдоогүй байхад, мөн шүүгдэгч Д.Т  замын голд гэнэт нэг бөөрөнхий хар юм гарч ирэхэд тоормос гишгэж зайлуулж дараад байхад ирж мөргөсөн гэсэн мэдүүлгийг шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим автобус гарцаар гараад ирж байхад 2 согтуу хүн манай ажлын доод талд, замын голд явж байсан гэж гэрчийн мэдүүлэг С.Алтантуяаг өгч байхад мөрдөгч И.Азбаяр олон юм ярьж, өөрийгөө ороогоод яахав хараагүй л гэж хэл гэж гэрчид хууль бусаар нөлөөлж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хилс хэрэгт Д.Т г гүтгэж, хэлмэгдүүлж байгааг анхаарч үзнэ үү.

3.8 хувийн, 2.43 хувийн согтолттой хүмүүс хэдэн шил архи уусны дараа ийм хэмжээний согтолттой болдог, өөрийн биеийг хянах, удирдах чадвартай эсэх талаар шинжээч эмч нарыг байцаалгах, шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээч эмч А.Батбаярыг гэрчээр оролцуулсан боловч хариулт авч чадаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш гэснийг зөрчсөн 683 дугаартай магадлал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Тээврийн прокурорын газарт буцаан хүргүүлнэ үү ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тухайлбал, гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн талаарх, талийгаач Б.Баяндүүрэнгийн өв залгамжлагчид олгох тухай нэхэмжлэлийн талаар огт дурдаагүй, шийдвэрлээгүй байдлыг мөн тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт заасан. С.М.д иргэний журмаар жич нэхэмжлэх талаар дурдсаныг тус тус эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж нэг мөр, эргэлзээгүй, тов тодорхой, шууд шийдвэрлэхээр заасан байна.

Шүүх талийгаач Б.Баяндүүрэнгийн оршуулгын ажилтай холбогдсон үлдэгдэл 6.735.448 төгрөгөөс 2.904.859 төгрөгийг хасаж, 3.830.589 төгрөг, хүнд гэмтэл авсан С.М.д эм, тарианы гэх 424.490 төгрөг тус тус зөвхөн зайлшгүй зардлыг гаргуулахаар болсон.

Тогтоолын тогтоох хэсгийн 6-д тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэхгүй дан ганц 508.1 дүгээр зүйл, заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэх хэдий ч хохирогч нас барсны улмаас гэм хор учруулсны нөхөн төлбөрийг түүний өв залгамжлагчид үүссэн эрхийн дагуу шаардсан боловч шийдвэрлээгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан болохоос үндсэн зохицуулалт бол хуулийн 505, 508 дугаар зүйлүүдэд хохиролд тооцох нөхцөл, хохирлыг арилгах хэмжээг зохицуулсан байдаг ба эдгээр 505, 508 дугаар зүйлийг хэрэглээгүй, зөвхөн 508.1 дэх хэсгийг дурдаж бичсэн болохоос түүний үйлчлэлээр бодит үр дүн гараагүй байх тул дүр эсгэсэн үндэслэл болсон гэж үзэж байна.

Хэрэв 508 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн тохиолдолд 508.3 дахь хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг тооцохдоо “тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэгт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тэтгэврийг ойлговол зохино.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-228.6, 505, 506 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр хохирлыг барагдуулна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах асуудал эрүүгийн эсхүл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамааран шүүх хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, хэлбэрийн талаар хуульд заасан журмыг нэг мөр хэрэглэж байвал зохино. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална гэж хуулийг нэг мөр, зөв хэрэглээний талаар Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан байна.

Эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацааны орлого, эм тарианы болон эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан зэрэг бусад амь нас, эрүүл мэндийн гэм хорын зардлыг нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 510.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Учир нь, энэ заалт нь эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгахаар заасан  болохоос хохирогч нас барсан, амь нас, эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн хохирлыг барагдуулах ойлголт, утга агуулгад хамаарахгүй байна.

Энэ нэхэмжлэл гэмт хэргээс улбаатай буюу тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой учраас гэмт хэрэг нь хуулийн дагуу шүүхэд хөдлөшгүй баримтаар нотлогдсон, бодит байдал илт эргэлзээгүй байгаа тул эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэх эргэлзээ, хүлээлт энэ хэрэг дээр үүсэх боломжгүй учраас хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт бүрэн гүйцэд шийдвэрлэхээр байна.

Энэ нь гэмт хэрэг гарснаас хойш өдгөө бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн нь С.М.гийн биеийн байдал өдрөөс өдөрт хүндэрч, мөнгөгүйн улмаас эмчилгээ хийлгэх, эм, тариа, сувилал авч чадахгүйд хүрч байгаа учраас дахин иргэний журмаар явахад цаг, хугацаа алдаж эрүүл мэнд, биеийн байдал улам хүндрэх, бүр үхлийн аюулд хүргэхээр байгаа тул нэн даруй дахин хугацаа алдалгүйгээр хохирол, гэм хорыг шийдүүлж хариуцагчаас гаргуулж авах бодит шаардлага гарч буйг анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Тэгээд ч С.М.гийн биеийн байдал хүндэрсний улмаас өмнөх хэд хэдэн шүүх хуралд ирж чадахгүй шүүх хурлыг хойшлуулж байсан удаатай. Иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шүүхээс хагас дутуу, дүр үзүүлж хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглээгүй   орхисон, зөвхөн эрүүгийн хэргийг чухалчилж иргэний хэргийн нэхэмжлэлээс зайлсхийх,  хөнгөвчлөх  зэрэг шүүхийн түгээмэл алдааг давтаж байгаа нь хоёрын хоёр эрдэнэт хүний   амь нас, эрүүл мэнд хохирчихоод байхад туйлын хариуцлагагүй, хайнга хандаж байгаад харамсалтай байна.

Өөрөөр хэлбэл хүний амь насны эрсдэл, хүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нь энэ гэмт хэргийн улмаас учрах хохирол мөн бөгөөд хүний амь нас эрсдсэн, эрүүл мэндэд учирсан хохирол амь насанд аюултай, хүнд гэмтлийн зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх байдлыг ч харгалзаагүй байна. Мөн хохирол мөн эсэхийг тодорхойлоход эргэлзээ гарвал “тухайн гэмт хэрэг үйлдэгдээгүй бол, гэмт хэргийн халдлагад өртөөгүй бол энэ хохирол учрах байсан уу” гэдэг асуултад хариулах замаар тодорхойлох боломжтой байсан.

С.М.гийн эрүүл мэндэд учирсан хор уршиг нь арилгах болон нөхөн төлөх боломжгүй, ирээдүйд үр дагавар нь бий болох гинжин хэлхээ мэт үргэлжлэн бий болох сөрөг үр дагавар үүсгэх тул түүнээс урьдчилан хамгаалахад ач холбогдолтой энэ нэхэмжлэлийг хэргийн хамт шийдвэрлүүлмээр байна.

Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтаар шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, түүн дээр үндэслэж тооцоог гаргаж өгсөн ба шүүх нэхэмжлэлтэй холбоотой тооцоог бүрэн хийх боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүрэн гүйцэд шийдвэрлэхгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үндэслэл, шалтгаан байхгүй гэж үзэж байна. Хариуцагч П.Очирпүрэвээс “хуульд заасан үндэслэл жүрмын дагуу бид хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй, яагаад гэвэл хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа үүднээс хандаж байгаа” гэдгээ онцлон илэрхийлсэн байхад хэргийн эрүү, иргэн гэлтгүй шүүхэд адилхан эрхийг олгосон байхад яагаад иргэний шүүхээр шийдвэрлүүл гэж зайлсхийсэн нь ойлгомжгүй байна.

Тогтоолын тогтоох хэсгийн 11-д иргэний хэргийн зохигчдоос хариуцагчийг бичээд нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийг орхиж хэргийн оролцогчдын эрх тэгш, шударга ёсны зарчмыг зөрчиж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эрхийг хасаж, харин хариуцагчийн давж заалдах эрхийг хангаж, түүнд давуу байдал олгосон байна.

Тэгээд ч энэ хэсэгт “давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн мөртлөө чухам хаанахын, ямар шүүхэд гаргах нь тодорхой бус, энэ хэсэг хуулийн шаардлагыг зохих ёсоор хангаагүй байна.

Иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд эрхэм шүүгч амь эрсэдсэн болон амь насанд аюултай хүнд гэмтэл авсан хоёрын хоёр эрдэнэт хүний хохирол, гэм хорын байдал, хувь заяанд маш хариуцлагагүй хандаж, тэдний амь нас, эрүүл мэндийг бодохгүй, хууль, шударга шүүх, шүүгчийн энэрэнгүй байх эрхэм ёс, жудаг журмыг умартсан гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэснийг удирдлага болгон талийгаач Г.Баяндүүрэнгийн өв залгамжлагчдад 146.204.162 төгрөг, хохирогч С.М.д 86.400.000 төгрөг, нийт 232.604.162 төгрөгийг хариуцагч “Автотерминал трейд” ХХК (захирал н.Хатан)-иас гаргуулан өгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М. давж заалдах гомдолдоо: “... 32-ын автобусны замд автобусанд мөргүүлж, шинжээчийн 5314 тоот дүгнэлтээр миний биед баруун 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины хөндийд хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус хавчилт, 1 шүдний хугарал, дух, зүүн хацарт зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдсон болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Т д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосонд гомдолтой болно.

Д.Т  нь нэг хүний амь нас хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн, мөн хохирогч надад 620.000 төгрөг өгснөөс өөр гэм хорын хохирол өгөөгүй болно. Харин Д.Т  нь давж заалдах гомдолдоо 2 согтуу хүн өөрөө ирж мөргүүлсэн гэсэн утгатай гомдол гаргаж байгаад маш их гомдолтой байна. Хохирогч надад шинжээчийн дүгнэлтээр амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл, 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт, хөдөлгөөн нь үлэмж хомсдсон, хугацаагүй гэж тогтоогдсоныг би тодорхой хугацаа буюу 30 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар сэргээх хугацаа гэж бодвол 360 сар бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 86.400.000 төгрөгийг нэхэмжилснийг надад өгөөгүй болно.

Иймд “Автотерминал Трейд” ХХК-иас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт 86.400.000 төгрөг гаргуулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.

Мөн 424.490 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоолоор Иргэний хуульд зааснаар олгохоор тогтоосон боловч миний бие явж, хөөцөлдөж чадахгүй, байнга хэвтрийн дэглэм сахиж, хүний асрамжид байгаа болно.

Одоо би 19 настай охинтойгоо хамаатныдаа амьдарч байгаа бөгөөд амьжиргааны ямар ч эх үүсвэргүй хэцүүхэн амьдарч байна. Дээрх нэхэмжилсэн мөнгөний тодорхой хувийг “Автотерминал Трейд” ХХК-иас мөнгөн төлбөрийн хэлбэрээр яаралтай гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Б.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Т гийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Д.Т  нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим “Автотерминал Трейд” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo BS106” загварын, 74-31 УНВ улсын дугаартай, “7-н буудал Нисэх”-ийн чиглэлийн авто тээврийн хэрэгсэл жолоодон автобусны эцсийн буудал буюу долоон буудлаас бааз руугаа  явах замдаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын замд Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Баяндүүрэнгийн амь нас хохирсон, С.М.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 2-4, 5-7, 18-20, 21/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх 11/, цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 12, 13-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 17/, хохирлын баримтууд /1-р хх 26-63, 123-126, 2-р хх 144/, эд мөрийн баримт /1-р хх 129/, амь хохирогч Г.Баяндүүрэн, хохирогч С.М. нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх 64-73, 119-121/,

иргэний нэхэмжлэгч Х.Байдолда /1-р хх 23-25/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэмчигдорж /1-р хх 75-78/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Очирпүрэв /1-р хх 91-93, 94-96/, хохирогч С.М. /1-р хх 97-101/, гэрч Т.Улаанаа /1-р хх 132/, Х.Лханям /1-р хх 133/, Б.Солонго /1-р хх 134/, С.Алтантуяа /1-р хх 135, 2-р хх-150/, шинжээч эмч С.Чулуунсүх /1-р хх 162/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3928, 2336, 3929, 4011, 4012 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх 142-143, 145, 150, 160, 161/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “С.М.гийн биед баруун 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины хөндийд хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчийлт, 1 шүдний булгарал, дух, зүүн хацарт зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, зүүн тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь биед аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө”,

“Г.Баяндүүрэнгийн цогцост суурь ясны зүүн их далавч, чамархайн хөхлөг сэртэнг хамарсан, цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн талын чамархайн булчин, чамархай, дагзны хуйханд цус хуралт, эрүү, зүүн хоншоор, хацар ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалт, элэгний баруун дэлбэнгийн урд гадаргуу болон холбоос хэсгийн язарсан урагдал, баруун бөөрний язарсан урагдал, хэвлийн хөндийн цус хуралт /500 мл/, хоёр уушгины бүх дэлбэнгийн няцрал, цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, зүүн 2, 3, 5, 6 дугаар хавирганы шууд хугарал, гялтанд цус хуралт, цээжний хөндийн цус хуралт /500 мл/, зүүн суга, зүүн өвдөг, баруун зүүн хацар, дух, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлүүдээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Дээрх авто ослын улмаас гавал тархины битүү гэмтэл болон хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ” гэсэн 5314, 805 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх 153-154, 155-158/,

Авто тээврийн үндэсний төв, Сонгинохайрхан салбарын шинжээчийн “... Тус автобусны баруун талын гэрлийн тогтоогуур хугарч, дотогш цөмөрсөн, баруун талын гэрлийн дээд хэсэг хонхойсон, салхины шил баруун доод хэсэгт цацарч хагарсан эвдрэл гэмтэл нь тээврийн хэрэгслийн баруун урд талаар гадны биет мөргөснөөс үүссэн ба уг зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.” гэсэн 17/033486 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх168-171, 172/,

 

Замын цагдаагийн албаны “Daewoo BS106 загварын, 77-31 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т  нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  ... зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 174-175/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Баяндүүрэнгийн амь нас хохирсон,  С.М.гийн  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар давж заалдах гомдолдоо “... хүн мөргөж Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэмт хэрэг үйлдээгүй, бөөрөнхий хар юм ирж мөргөсөн, хэргийг дахин шалгуулахаар Тээврийн прокурорын газарт буцааж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргаж байгаа боловч Д.Т гийн үйлдэл нь хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, тухайн үйл баримтыг үгүйсгэсэн эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолдагийн “Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, амь хохирогчийн өв залгамжлагчдад 146.204.162 төгрөг, хохирогч С.М.д 86.400.000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”, мөн зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж хуульчилсан хэдий ч амь хохирогч Г.Баяндүүрэнгийн хууль ёсны асрамжид болон өв залгамжлагчаар тогтоогдсон гэх хүнгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй,

хохирогч С.М. гэмт хэрэг гарах үед хөдөлмөр эрхэлдэг байсан нь тогтоогдоогүй бөгөөд хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гараагүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда болон С.М. нарын гомдолд дурдсан мөнгөн дүнгээр хохирлыг тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хохирогч С.М. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан хохирлын баримтуудыг судлан үзэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдорж оршуулгын зардалд 8.445.646 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч 4.100.000 төгрөгийг төлсөн, үлдэх 4.345.646 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй, тооцооллын алдаа гаргаж 3.830.589 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.    

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэмт хэргийн шинжийг “... бусдын амь насыг хохироосон” гэж, 6 дахь заалтдаа Иргэний хуулийн зохих заалтыг буруу баримтлан шийдвэрлэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... бусдын амь насыг хохироосон ...” гэснийг “... бусдын амь нас хохирсон ...” гэж,

6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “Автотерминал ХХК-иас 3.830.589 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдоржид, 424.490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М.д тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “Автотерминал ХХК-иас 4.345.646 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдоржид, 424.490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М.д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

 

                                                                        

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

 

                                                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ