Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1519

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01519

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 73 дугаар байр, 30 тоотод оршин суух хаягтай Ц.Т -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 73 дугаар байр, 30 тоотод оршин суух хаягтай А.Т -д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хүнсний худалдааны 153 дугаар павильоны үнэ болох 28,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 14,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Ц.Т миний бие А.Т тай 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсон бөгөөд 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Их хэт суманд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч А.Т  нь удалгүй өдөр болгон хэрүүл өдөж, муу муухайгаар харааж, архи ууж, агсам согтуу тавьж, архи ууж ирэх бүрдээ намайг зодож ална гэж айлгадаг болсон. Улмаар бид Улаанбаатар хотод амьдрал ахуйгаа дээшлүүлэх санаатай ирсэн боловч архи уухаа болих нь битгий хэл бүүр их ууж, бид хоёр ойлголцохоо больж архи ууж согтох болгондоо намайг дарамталж ална гэж айлгаж, амьдралдаа нэмэр болохгүй нэрмээс болох нь их болсон энэ хүн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох байр, автомашиныг авахад ямар ч хөрөнгө оруулаагүй бөгөөд би өөрөө зах дээр халуунд нь халж, хүйтэнд нь даарч байж өнөөдрийн энэ амьдралыг босгосон надад энэ хүнтэй цаашид амьдрахад айдастай бөгөөд хэзээ энэ хүний гарт өртөх бол гэж бодон өдөр хоногийг өнгөрөөх болсон. Иймд энэ хүнтэй гэрлэлтээ цуцлуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 73  дугаар байрны 30 тоот, 2 өрөө Улаанбаатар хотын банкны 8 хувийн зээлээр авсан орон сууцнаас А.Т ы нэрийг хасуулж байраа өөртөө авах, дундын өмчлөлийн автомашин болох 76-64 УНИ улсын дугаартай Делика маркийн автомашинаас өөрт ногдох хувийг авах нэхэмжлэлийг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хүнсний худалдааны 153 дугаар павильон нь Нарантуул захын өмч бөгөөд миний эгч Ц.Ургамал нь “Нарантуул трейд” ХХК-аас түрээслэн ажиллуулдаг болно. Иймд А.Т ы гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

“А.Т миний бие 2004 оны 8 сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж Ц.Т тэй гэр бүл болсон. Бид Дорноговь аймгийн Их хэт суманд мал хариулж, аавын өгсөн малаар амьдрал ахуйгаа залгаж байлаа. 2004 оны 7 сарын 7-нд хүү Тэмүүлэн төрсөн ба эх баригчийн алдаанаас болж хүүхэд тархины хүнд гэмтэлтэй төрсний улмаас хүүхэд маань хоол унд идэж, ууж чадахгүй учир бид хооллодог, явж чадахгүй байнгын асаргаанд байсан. Ц.Т үр хүүхдээ орхиод Улаанбаатар хотод амьдарна гээд 2, 3 сараар явж алга болдог байсан. Би тэвчээд малаа маллаад байдаг байсан. Хүү маань 10 нас хүрсэн байхдаа 2013 онд нас барсан. 2011 онд миний төрсөн эгч А.Энхтүвшингийн Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 158 тоот хүнсний бөөний агуулахыг түрээслэж, хамтдаа наймаа хийдэг байсан. 2013 оны 7 сард 153 тоот агуулахыг Монмасло компанийн борлуулагч Доржхорол гэдэг хүнээс 28 сая төгрөгөөр худалдан авч, Ц.Т  уг 153 тоот агуулахыг өөрийн нэр дээр Нарантуул трейд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан юм. Бид нэг гэр бүлийн хүмүүс тул 153 тоот агуулахыг хэн нь өөрийн нэр дээр гэрээ байгуулж түрээслэх тал дээр маргаан гаргаагүй. Тэр агуулахыг ажиллуулж наймаа хийж олсон орлогоор бид өнөөг хүртэл амьдарч, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд 73  дугаар байрны 30 тоот, 2 өрөө, 56,6 м.кв байрыг 2015 оны 2 сарын 2-ны өдөр эрхийн бүртгэлийн 2204068577 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг бид хоёрын нэр дээр гаргуулж авсан юм. Уг байрны үнэ нь 101,952,000 төгрөг бөгөөд 1,952,000 төгрөгийг бэлнээр Голомт банкинд тушаасан. Үлдэгдэл 100,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт 28,633,000 төгрөгт тооцож миний дүү А.Түвшинбатын өмчийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89 дүгээр байрны 168 тоот 2 өрөө байрыг барьцаалсан юм. Сар бүр 956,000 төгрөгийг байрны үндсэн зээл, хүүг төлдөг болно. Байр авахад бид хоёрт урьдчилгаа зээлэх хүн байгаагүй учраас дүүтэйгээ ярилцаж байж урьдчилгаанд нь байрыг нь тавьж байж бид хоёр байртай болох нөхцөл бүрдсэн болно. 2016 оны 6 сарын 27-ны өдөр Delica D-5 маркийн машиныг 20 сая төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаанд нь 3 сая төгрөг өгч, 17 сая төгрөгийг Хаан банкнаас 3 жилийн хугацаатайгаар жилийн 21,6 хувь, сарын 1,8 хувийн хүү төлөхөөр зээлж Delica D-5 маркийн машин авсан, эзэмших гэрчилгээтэй болно. Сар бүр энэ машины төлбөрт Хаан банкинд 645,800 төгрөгийг төлдөг юм. Гэтэл эхнэр Ц.Т нь 2016 оны 7 сарын 1-ний өдөр надад мэдэгдэлгүй өөрөө дур мэдэн миний зөвшөөрөлгүйгээр 153 тоот агуулахыг бие өвдсөн, гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа гэж худал хүсэлт гарган “Нарантуул трейд” ХХК-д өгч, төрсөн эгч Ц.Ургамалын нэр дээр шилжүүлсэн байна. Энэ нь ямар зорилгоор шилжүүлсэн бэ гэхээр надаас салж гэрлэлтээ цуцлуулах бэлтгэл хийсэн юм байжээ. Би энэ үйлдлийг нь тэр үед мэдээгүй болно. Ц.Т өөр хүнтэй нөхцөж хүүхэдтэй болоод дараа нь 153 тоот агуулахыг эгчийнхээ нэр дээр шилжүүлсэн. Ц.Т нь намайг архи уудаг, агсам тавьдаг, айлгаж сүрдүүлдэг, алахаар заналхийлдэг гэх мэтээр маш муухайгаар худлаа гүтгэлгийн чанартай зүйл бичсэн байна. Ямар ч хүн 14 жил зодуулж дарамтлуулж амьдарна гэж байхгүй шүү дээ. 14 жил амьдрахдаа Ц.Т нэг ч удаа зодуулсан дарамтлуулсан гэж хуулийн байгууллагад хандаж байгаагүйгээс худал болохыг харж болно. Энэ нь шүүхэд тусдаа амьдрахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтээ хэрэгжүүлэх гэсэн арга ядсан дайралт юм болов уу. Хэрэв тийм үндэслэл гаргах гэж байгаа бол хуулийн байгууллагаас тодорхойлсон баримттай байж энэ хүсэлтээ гаргамаар юм. Намайг байр, машин авахад ямар ч мөнгө оруулаагүй гэсэн байна. Бид хоёрыг Нарантуул худалдааны төвийн түрээслэгч нар буюу ойр орчмын түрээслэгч нар хэн нь хэнтэйгээ яаж харьцдаг, хэн нь яаж ажил хөдөлмөр хийснийг гэрчилж болно. Харин ч Ц.Т намайг хэл амаар доромжилдог байсныг гэрчлэх хүмүүс олон бий. Одоо тэрээр гэр бүлээ цуцалж надаас бидний өмчлөлийн 2 өрөө орон сууц машиныг авч, намайг гудамжинд хөөж гаргах далд санаагаа хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжилжээ. Би энэ өмч хөрөнгө амьдралыг босгох гэж хэрхэн яаж хөдөлмөрлөснийг шүүх хуулийн байгууллага эрх биш ялгаж харж үнэн зөв шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь Ц.Т гэрээсээ миний өвөл хүйтэнд өмсдөг годон гутал, хазаар, эмээлийн чимэг бас бус зүйл, бичиг баримт, хар данс зэрэг өөрт салахад хэрэгцээтэй бүхнээ аваад байсан учраас би тусдаа амьдарч байна. Ц.Т ийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрнө. Харин Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 73  дугаар байрны 30 тоот, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхээс миний нэрийг хасуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ байрыг авахад гол нөхцөл болсон урьдчилгаа төлбөргүй байсан тул миний төрсөн дүү А.Т ын өмчийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89 дүгээр байрны 168 тоот 2 өрөө орон сууцыг байрны урьдчилгаа төлбөрт барьцаалж 100,000,000 төгрөгийн зээлийг авч “Өндөр буянт” ХХК-д төлж байрыг өмчилж авсан юм. Бид энэ байранд орсноос хойш 2014 оны 9 сарын 12-ноос хойш өнөөдрийг хүртэл 25 сарын хугацаанд нийт 23,896,750 төгрөгийг төлсөн тул энэ мөнгөний 50 хувийг Ц.Т т төлөхийг зөвшөөрнө. Түүнд энэ байрыг өмчлөлд нь үлдээх боломжгүй. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Delica D-5 маркийн машины урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг, хүү 1,937,400 төгрөг буюу нийт 4,937,400 төгрөг төлсөн ба машины зээлийн төлбөрийг төлөх хэмжээний мөнгөөр зарж, үлдсэн мөнгийг тэнцүү хувааж авахаар тохиролцож болно. Ер нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрөх боловч Ц.Т  нь эгч Ц.У ын нэрээс Нарантуул захын 153 дугаар агуулахыг өөөрийн болон миний нэр дээр буцаан шилжүүлж, түрээсийн гэрээг шинээр “Нарантуул трейд” ХХК-тай байгуулахыг энэ тайлбараараа мэдэгдэж шаардаж байна.

Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хүнсний худалдааны 153 дугаар павильоны үнэ болох 28,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 14,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ц.Т ээс 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Ц.Т , хариуцагч А.Т нар гэр бүлийн дундын өмчлөлтэй холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, эд хөрөнгийн асуудлаар Эвлэрлийн гэрээ байгуулж, гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч А.Т д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хариуцагч А.Т гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хүнсний худалдааны 153 дугаар павильоны үнэ болох 28,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Т ээс гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигч болох Ц.Т,  А.Т нар 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг Дорноговь аймгийн Иххэт сумын 12 дугаарт 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-4/

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 575  дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч  А.Т нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч А.Т нар гэр бүлийн дундын өмчлөлтэй холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж дор дурдсан асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 73 дугаар байрны 30 тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгчийн нэрээс А.Т ы нэрийг хасуулж, цаашид Ц.Т өмчлөхөөр тохиролцов. 2. Улаанбаатар хотын банкны орон сууцны зээлийн гэрээний барьцаанд тавигдсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны 168 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр 30,000,000 төгрөгийг Ц.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор А.Т д буюу Улаанбаатар хотын банкны данс 2611184690 тоот дансанд төлж барагдуулж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны 168 тоот байрны ордерийг чөлөөлж өгнө. 3. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ НОСЗГ1101/140813, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээ НОСЗБГ1101/140813, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн НОСЗНГ1105/140223/1/ Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний зээлийн төлбөрийн үүргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хариуцагч А.Т төлж, түүнээс хойших төлбөрийг Ц.Т бүрэн хариуцна. 4. Талууд дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг хэн аль нь зөрчсөн тохиолдолд энэхүү эвлэрлийн гэрээ хүчингүй болж, эд хөрөнгөтэй холбоотой маргааныг дахин шийдвэрлүүлэх эрхтэй” гэж харилцан тохиролцжээ.

 

Зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгийн талаар эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй гэх тайлбарыг зохигчдын хэн аль нь гаргаж байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлаар өөр маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ц.Т, Т.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Зохигчид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 73 дугаар байрны 30 тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгчийн нэрээс А.Т ы нэрийг хасуулж, цаашид Ц.Т өмчлөх, Улаанбаатар хотын банкны орон сууцны зээлийн гэрээний барьцаанд тавигдсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны 168 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр 30,000,000 төгрөгийг Ц.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор А.Т д буюу Улаанбаатар хотын банкны данс 2611184690 тоот дансанд төлж барагдуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны 168 тоот байрны ордерийг чөлөөлж өгөх, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн НОСЗГ1101/140813 дугаартай Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн НОСЗБГ1101/140813 дугаартай Нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн НОСЗНГ1105/140223/1/ дугаартай Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний зээлийн төлбөрийн үүргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хариуцагч А.Т төлж, түүнээс хойших төлбөрийг нэхэмжлэгч Ц.Т бүрэн хариуцах, эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг хэн аль нь зөрчсөн тохиолдолд энэхүү эвлэрлийн гэрээ хүчингүй болж, эд хөрөнгөтэй холбоотой маргааныг дахин шийдвэрлүүлэх эрхтэй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас хариуцагч А.Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Т д буцаан олгож, хариуцагч А.Т аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т т олгосугай.

 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦЭРЭНДОЛГОР