Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/489

 

 

 

 

 

 

   2021         07         22                                 2021/ШЦТ/489      

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч М.Нарантуяа,

Шүүгдэгч /хохирогч/ Н.О,

Шүүгдэгч /хохирогч/ С.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2009000000726 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловролтой, инженер, математикч мэргэжилтэй, Зөв хоололтын хувийн зөвлөх ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо гүнжийн 44 гудамж 81а тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.О

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, ХАБ-ын инженер мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 хороолол ҮЭ гудамж 56 байр 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Х, /РД: /,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд хохирогч С.Хийн хэрүүл маргаан үүсгэн, харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Х нь 2020 оны 04 дүгээр 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд хохирогч Н.Отой хэрүүл маргаан үүсгэн, ус буцалгагч авч шидсэний улмаас Н.Огийн биед нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуу 8.5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хашгэрэл чи намайг шулам гэдэг хэн юм бэ гээд маргаан эхэлсэн. Тэгээд намайг “чи ямар нүүрээрээ манайд ирж байгаа юм бэ, манай нөхрийг цагдаагийн хаалга татуулсан” гэх байдлаар над руу уурлаж байсан. Би энэ айлын бэр болж үр хүүхдүүдийг нь төрүүлж өсгөсөн хүний хувьд энэ айлд ирэх эрхтэй гэж бодож байна. Би архичин ахыг нь засаж, залруулаад хамт амьдрах гээд 7-8 жил болж байна. Бид нарын хувьд гэр бүл салсан асуудал байхгүй. Хашгэрэлийн нөхөр нь хүний гэрт байж байгаа хэр нь хүмүүсийг лагерт байдаг гэртээ амьдар гээд хөөж байсан. Би 8 дугаар ангийн боловсролтой хүнтэй суусан нь миний буруу биш. Тэглээ гээд тэр хүнийг доромжлох эрх байхгүй. Намайг “шулам гэж хэллээ” гэж уурлахад нь би “тийм чи шулам шүү дээ” гэж хэлсэн. Нөхрийнх нь хэлсэн үгийг л дамжуулж хэлсэн. Би ор ширээ хоёрын хооронд цай уугаад сууж байсан. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож цочролд орсон болохоор би мэдүүлгээ өгч чадаагүй...” гэв.

 

Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид хоёр хоорондоо маргалдсан. Би Одонгийн хүүхдүүдийг айл айлаар яваад байхаар нь өөр дээрээ аваад 2-3 сар харж байлгасан. Миний 5 настай хүүхдэд танай эх чинь шулам гэж хэлсэн. Би тэгэхээр нь орой ирээд “чи намайг яахаараа шулам гэдэг юм” гэсэн чинь “чи шулам биз дээ, янхан, гичий” гээд хараагаад эхэлсэн. Нэг мэдсэн чинь би ширээн дээр байсан аягатай цайны шавхрууг аваад нүүр рүү нь цацчихсан. Тэгсэн энэ хүн намайг үсэдсэн би зөрүүлээд үсдэж зодолдсон. Миний толгой руу цохиж, гарыг минь маажиж, самардсан. Тэгээд би зодолдож байх явцдаа гарт таарсан зүйлээ л аваад цохисон. Дотор нь халуун ус байгаа гэж би бодоогүй. Эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Н.О “...Хашгэрэл үснээс зулгаагаад ус буцалгагчтай халуун усыг ар нуруу руу хийсний улмаас түлэгдэж хөхөрсөн. Одоо эмчилгээний зардал болох 598.900 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Одон над руу цай цацахад тэрээр ирж намайг үсдэж өшиглөсөн. Энэ үед миний баруун гарыг цохиж хөхрөл няцрал үүсгэсэн. Зүүн хөл рүү цохисон. Бие биенийгээ үсдэх явцад толгойтой үсийг угзарч цохих явцад тархи доргилт гэмтэл учирсан. Ингээд би гарт тааралдсан зүйлийг аваад цохиход ус буцалгагчтай ус байсан. Би хохиролд 153.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 2009000000726 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.Огийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Хийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 21 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 хороо Шарга морьтын зусланд хадам ээжийн гэрт орой ажлаа тараад амрах гээд очсон. Зурагт үзээд сууж байхад манай хадам дүү Хашгэрэл надад хандаж “цэцэрлэгийн хүүхдэд ээж чинь шулам гэж хэллээ, аавыг минь үхэхээс өмнө цагдаад дуудуулж мууг нь үзлээ” гэж хэрүүл үүсгэсэн. Би бага наснаас нь алдаа оноог нь мэддэг учраас тэр алдаа оноонуудыг нь дурьдаж хэлсэн. Тэгэхэд хадам дүү Хашгэрэл ширээн дээр байсан буцалгасан савтай усыг миний нуруу хэсэг рүү шидсэн. Шидэгдэх үед халуун ус миний ар нуруу хэсэгт орж түлэгдэл үүсгэсэн. Манай хадам дүү орж гараад байсан. Гаднаас орж ирээд “чамайг ална” гээд заналхийлсэн. Тэр өдөртөө эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Урд талд нь байрлах өөрсдийн зуслангийн байшиндаа орж хоносон. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Бэргэн Одон миний толгойтой үснээс зуурсан би бас зуурсан байсан бөгөөд Одон миний толгой руу цохисон. Хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Тэгээд би гарт тааралдсан юмаа авч цохисон... миний баруун гарын шууг самардаад тохойноос маажаад тохой руу цохиж байсан санагдаж байна. Бас толгой руу цохисон, хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч П.Алтантөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Одон, манай эхнэр Хашгэрэл нар хоорондоо маргалдаад байсан. Сүүлдээ хэрүүл нь над руу орж “чи эхнэр авсан юм бол эхнэр хүүхдээ аваад зайлахгүй яасан юм бэ” гэж хэлэхээр нь би “та хоёр хэрэлдэхдээ гарч хэрэлд, битгий янз бүр болоод бай” гэж хэлсэн. Тэгээд зурагт үзээд сууж байхад Одон, Хашгэрэл нар бие биенийгээ үсдээд байгаа харагдсан. Би нялх хүүхдээ газарт хэвтүүлээд дундуур нь орж салгасан. Бие биенээ цохисон талаар анзаарч хараагүй. Ямар ч байсан цохилцож байгаа чимээ сонсогдсон. Дундуур нь ороод салгахад Хашгэрэл гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч П.Номин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Хашгэрэл эгч ээж рүү “би шулам юм уу, хүүхдэд тэгж хэлсэн байна” гээд хэрэлдэж эхэлсэн. Ээж рүү Хашгэрэл эгч ууж байсан цайныхаа шавхрууг цацсан. Хэрэлдэж байгаад ээжийг Хашгэрэл эгч үсдсэн. Тэр үед нь ээж зөрүүлээд Хашгэрэл эгчийг үсдсэн. Тэр хоёр зууралдаад үснээсээ таталцсан. Хашгэрэл эгч ард талд байсан ус буцалгагчтай усаа барьж аваад ээжийн ууц руу хийсэн. Тэгээд тал усыг нь асгаад ус буцалгагчаа газарт шидсэн. Тэр хоёр үснээсээ таталцаад зууралдаад байж байхад нь Алтантөгс ах очиж тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5111 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

1. Н.Огийн биед баруун нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуун 8,5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5169 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. С.Хийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. С.Хийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Н.Огийн биед нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуун 8,5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвийн үед удаан хугацаагаар суух, босох, явах боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Шинжээч М.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....Хашгэрэлийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Хийн биед учирсан дархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь үснээс зулгаах зулгаагдах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №292 дугаартай /хэргийн материалаар хийгдсэн/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

1. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ШШҮХ-н ШЭШГ-н шинжээчийн 5111 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Н.Огийн биед нурууны хэсэгт биеийн нийт гадаргуугийн 8.5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл учирсан нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Н.Огийн биед учирсан гэмтэл 2020 оны 04 сарын 25-ны орчим, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.

5. Тухайн үеийн үзлэгээр 8.5 см хамарсан гэж үзэх үндэслэлтэй....” гэсэн дүгнэлт /хх-ийн 174-176 дугаар хуудас/, 

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Огоос гаргасан хохирлын баримтууд /хх-ий 47-48, 95-96 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Хээс гаргасан хохирлын баримтууд /хх-ий 51-52 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, “Харү констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд хохирогч С.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хүч хэрэглэж “тархи доргилт, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

- Хохирогч С.Хийн “...Бэргэн Одон миний толгойтой үснээс зуурсан... миний баруун гарын шууг самардаад тохойноос маажаад тохой руу цохиж байсан. Бас толгой руу цохисон, хөл рүү өшиглөсөн. Бие биенийгээ үсдэх явцад толгойтой үсийг угзарч цохих явцад тархи доргилт гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Гэрч П.Алтантөгсийн “...Одон, Хашгэрэл нар бие биенийгээ үсдээд байгаа харагдсан. Би нялх хүүхдээ газарт хэвтүүлээд дундуур нь орж салгасан. Ямар ч байсан цохилцож байгаа чимээ сонсогдсон...” гэсэн мэдүүлгээр,

 

- Насанд хүрээгүй гэрч П.Номингийн “...Тэр хоёр зууралдаад үснээсээ таталцсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Шүүгдэгч Н.Огийн “...бид хоёр хэрэлдээд Хашгэрэл намайг үсдсэн. Би хариу биеэ хамгаалаад Хашгэрэлтэй үснээс нь зууралдсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Шинжээч эмч М.Золжаргалын “... Тархи доргилт гэмтэл нь үснээс зулгаах зулгаагдах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлгээр,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5169 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. С.Хийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд хохирогч Н.Ог “чи цэцэрлэгийн хүүхдэд эх чинь шулам гэж хэлдэг хэн бэ” хэмээн уурлан маргалдаж улмаар түүн рүү ус буцалгагч авч шидэн эрүүл мэндэд нь “баруун нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуун 8,5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шархбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Хохирогч Н.Огийн “...Хашгэрэл надад хандаж “цэцэрлэгийн хүүхдэд ээж чинь шулам гэж хэллээ, аавыг минь үхэхээс өмнө цагдаад дуудуулж мууг нь үзлээ” гэж хэрүүл үүсгэсэн. Хашгэрэл ширээн дээр байсан буцалгасан савтай усыг миний нуруу хэсэг рүү шидсэн. Шидэгдэх үед халуун ус миний ар нуруу хэсэгт орж түлэгдэл үүсгэсэн....” мэдүүлэг,

 

- Гэрч П.Алтантөгсийн “...Одон, манай эхнэр Хашгэрэл нар хоорондоо маргалдаад байсан. Одон, Хашгэрэл нар бие биенийгээ үсдээд байгаа харагдсан. Ямар ч байсан цохилцож байгаа чимээ сонсогдсон...” гэсэн мэдүүлэг,

 

- Насанд хүрээгүй гэрч П.Номингийн “..“...Хашгэрэл эгч ээж рүү “би шулам юм уу, хүүхдэд тэгж хэлсэн байна” гээд хэрэлдэж эхэлсэн. Ээж рүү Хашгэрэл эгч ууж байсан цайныхаа шавхрууг цацсан. Хэрэлдэж байгаад ээжийг Хашгэрэл эгч үсдсэн. Тэр үед нь ээж зөрүүлээд Хашгэрэл эгчийг үсдсэн. Тэр хоёр зууралдаад үснээсээ таталцсан. Хашгэрэл эгч ард талд байсан ус буцалгагчтай усаа барьж аваад ээжийн ууц руу хийсэн.....” нарын мэдүүлэг,

 

- Шүүгдэгч С.Хийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

            - Шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5111 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Н.Огийн биед баруун нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуун 8,5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №292 дугаартай /хэргийн материалаар хийгдсэн/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт: 1. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ШШҮХ-н ШЭШГ-н шинжээчийн 5111 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Н.Огийн биед нурууны хэсэгт биеийн нийт гадаргуугийн 8.5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл учирсан нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд Н.О ирсэн үед С.Хээсчи цэцэрлэгийн хүүхдэд эх чинь шулам гэж хэлдэг хэн бэ” хэмээн уурлан маргаан үүсгэж харилцан бие биенээ зүй бусаар хэлж маргалдан улмаар С.Хээс Н.О руу цайны хэсгээс цацсаны улмаас тэрээр эгдүүцэн С.Х рүү хүч хэрэглэхээр очиж улмаар харилцан бие бие рүүгээ дайрч давшлан хоорондоо үсдэлцэн Н.Огоос С.Хийн биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэж, С.Хээс Н.О руу халуун ус буцалгагчтай савыг шидсэнээс өндөр хэмийн ус түүний нуруу хэсгийг түлж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулжээ. 

 

Н.О, С.Х нар бие биедээ хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож тийнхүү үсдэлцэх, цохих болон ус буцалгагч авч шидэх үед тэдгээрийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч тус бүр биеэр үйлдсэний улмаас бие биедээ хөнгөн гэмтэл учруулан тус тусын эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.О, С.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.О, С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж шүүх хуралдаанд санал дүгнэлтээ гаргасан ба шүүгдэгч С.Хээс гэм буруугийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч Н.Огоос “...надад буруу байхгүй. Би биеэ хамгаалах үйлдэл хийсэн...” талаар хүсэлтээ илэрхийлсэн. 

 

Хохирогч С.Хээс маргааныг өдөөсөн үг хэлж, С.Одон руу цайны хэсгээс цацсан үйлдлээс болж С.Одон ихээр эгдүүцэж түүн рүү хүч хэрэглэхээр давшилж довтолж буй үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй.

 

Аргагүй хамгаалалтын шинж нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илэрхийлдэг бол энэ тохиолдолд С.Одонгоос өөрөө С.Х рүү довтолж, түүний биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэсэн үйлдлийг энэ ойлголтоор авч үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан хохирогч С.Хийн “...миний баруун гарын шууг самардаад тохойноос маажаад тохой руу цохиж байсан. Бас толгой руу цохисон, хөл рүү өшиглөсөн...толгойтой үсийг угзарч цохих явцад тархи доргилт гэмтэл учирсан...” гэж, гэрч П.Алтантөгсийн “...Одон, Хашгэрэл нар бие биенийгээ үсдээд байгаа харагдсан. Ямар ч байсан цохилцож байгаа чимээ сонсогдсон...” гэж, насанд хүрээгүй гэрч П.Номингийн “...Тэр хоёр зууралдаад үснээсээ таталцсан...” гэж, шүүгдэгч Н.Огийн “...Хашгэрэлтэй үснээс нь зууралдсан байсан...” гэж, шинжээч эмч М.Золжаргалын “... Тархи доргилт гэмтэл нь үснээс зулгаах зулгаагдах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Н.Огоос С.Хийн үсийг зулгаасан, цохьсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэж үзэхээр байна.

 

С.Хийн бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №5169 дугаартай дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч гаргахдаа хууль, журамд заасан нөхцлийг хангаагүй гэх эргэлзээ бий болоогүй, шинжээч дүгнэлтээ давхар нотолж үндэслэл бүхий мэдүүлгээ өгсөн хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжтай тохирч байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Огоос “...Хохиролд 598.900 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс 598.900 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Хээс 598.900 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Од, хохирогч С.Хээс “...Хохиролд 153.220 төгрөг нэхэмжилж байна...” байна гэсэн хүсэлтээ илэрхийлснээс 153.220 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Огоос 153.220 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хд тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Н.Огоос “өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтоодог.

 

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцсон прокурор төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээг авах үүргээ биелүүлж хохирогчийн эрхийг хамгаалан оролцдог.

 

Иймд шүүх хохирогч Н.Огийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй гаргуулах зардал биш гэж үзсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч С.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх шүүгдэгч С.Хийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба  тухайн гэмт хэрэг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгч Н.Ог гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.О нь хохирогчид гэм хорын хохирлыг төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул түүнд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй болохыг тэмдэглэв. 

 

Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Огийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг  5 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.О, С.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.О, С.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Хээс 598.900 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Од, шүүгдэгч Н.Огоос 153.220 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хд тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч Н.Огоос нэхэмжилсэн өмгөөллийн хөлсний 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, С.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН