Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1537

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01537

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12а байр, 12 тоотод оршин суух Янжин овогт Рэнцэндоржийн Энхцэцэг /Регистрийн дугаар ЧК62040568/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Энхцэцэг, гэрч П.Төмөрчөдөр, гэрч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Иргэн Р.Энхцэцэг миний бие 1991 оны 10 сарын 29-ний өдрийн “Туул жинпан” компанийн захирлын тушаалаар ажилд орж ажилласан. Ингээд 1996 оны 8 сард миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дуусгавар болсон. Би 55 нас хүрч тэтгэврээ тогтоолгохоор Баянзүрх дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандахад та 1994 онд ажиллаж байгаад хүүхэд төрүүлэхээр ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрээ авчирч өг гэсэн юм. Ингээд Улаанбаатар хотын архивт хандахад  “Туул жинпан” компанийн мэдээлэл алга гэж хэлсэн. Дараа нь Төв архиваас мэдээлэл авах гэсэн боловч мөн холбогдох материал алга, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн юм. Иймд намайг 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 он хүртэл “Туул жинпан” ХХК-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Энхцэцэг нь “Туул жинпан” ХХК-д 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 он хүртэл “Туул жинпан” ХХК-д худалдагчаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооноос 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Рэнцэндоржийн Энхцэцэгт олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 12-13 дугаар талд “Туул-Жинпан компанийн байнгын захирлын 1991-10-29-ний өдрийн 08 тоот тушаалаар 1991.10.29 Туул-Жинпан компанид худалдагчаар авч ажиллуулав” гэж бичигджээ. /хх-5/

 

Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 480 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Туул-Жинпан компани байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Рэнцэндорж овогтой Энхцэцэгт холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа олгох боломжгүй байна” гэжээ. Мөн Нийслэлийн Архивын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17200436 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт Туул-Жинпан компани байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Рэнцэндорж овогтой Энхцэцэгт холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа олгох боломжгүй байна” гэжээ. /хх-13, 14/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Р.Энхцэцэгийг “Туул жинпан” ХХК-д худалдагчаар ажиллаж байсныг гэрчлэхээр П.Төмөрчөдөр, Р.Энхтайван нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч П.Төмөрчөдөр “...П.Төмөрчөдөр миний бие нь Монгол Хятадын хамтарсан “Туул жинпан” ХХК-д Р.Энхцэцэгтэй 1991-1995 он хүртэл худалдагчаар хамт ажиллаж байсныг тодорхойлж байна”, гэрч Р.Энхтайван “Миний бие Р.Энхтайван нь “Туул жинпан” ХХК-д Р.Энхцэцэгтэй 1994-1995 онд хамт ажиллаж байсан нь үнэн” гэж тус тус мэдүүлсэн.

 

Р.Энхцэцэгийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцсон 2703000362 тоот “Баталгаажилтын хуудас”-аар 1994 оны 10, 11, 12 дугаар сарууд, 1995-2000 он дуустал хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон /хх-7/ байх тул 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохоор байна.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Янжин овогт Рэнцэндоржийн Энхцэцэг /Регистрийн дугаар ЧК62040568/-ийг 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Туул жинпан” ХХК-д “худалдагч”-аар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР