Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/493

 

 

 

 

 

 

 

2021          07         23                                    2021/ШЦТ/493

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн, 

Шүүгдэгч Я.А, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.А-д холбогдох эрүүгийн 2009000001492 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я.А /РД:/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Я.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутын үед 4 улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла Молл худалдааны төвийн урд авто зам дээр хойноосоо урагш чигтээ хөдөлгөөнд оролцож байхдаа уулзвараар зүүн тал руу эргэх хориотой газарт буцаж эргэх хөдөлгөөн хийж замын зөрчил гаргасан үйлдлийг нь шалгахаар Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаа С.Баярбат очиж тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэх, регистрийн дугаараар нь холбогдох мэдээлэл шалгах, автомашины хөдөлгүүрийг унтраах зэрэг хууль ёсны шаардлага тавин албан үүргээ биелүүлж байхад нь надаас хоноцын архи үнэртэж байгаа юм, бичиг баримтаа хаясан, яаралтай ажилтай явж байна гэх зэргээр тайлбар тавин улмаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан үйлдлийг хууль сахиулагч автомашины үрүүлээс нь барьж хөдөлгүүрийг унтраах оролдлого хийхэд нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг үргэлжлүүлж машинаар чирэн эрүүл мэндэд нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009000001492 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Я.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Цагдаагийн албан хаагч эхлээд зогсоосон. Тэгээд шалгаад байж байтал эм тариатай явж байсан, жоохон ярьсан. Бичиг баримт байхгүй байсан болохоор санаа зовоод хөдөлсөн. Би хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулна. Миний тээврийн хэрэгслийг журмын хашаа руу аваад явсан. Тэгээд 3 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс замын цагдаагийн мөрдөгч жолоодох эрхийг нэг жилээр хасаад зөрчлийн хуулиар 400.000 төгрөгөөр торгосон. Тэгээд би тээврийн хэрэгслээ журмын хашаанаас авсан. Одоо миний машин надад байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Баярбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед үүргээ авч гараад ажлаа хийж байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла молл худалдааны зүүн хойд уулзвар дээр хойноос, урагшаа чиглэлд тоёота приус маркийн сувдан цагаан өнгийн 4 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн эргэх хориотой газар буцаж эргэхээр нь зогсоод шалгасан. Тэгээд өөрийгөө танилцуулаад машины бичиг баримт үзүүлэх талаар хэлэхэд “бичиг баримт, жолооны үнэмлэх хаясан яаралтай ажилтай болоод эргэчихлээ”, гээд төрийн албаны ерөнхий шалгалтын цаас харуулсан. Тэгэхээр нь “хориглосон газар буцаж эргэсэн” гэж хэлээд хуулийн зүйл заалтыг нь хэлж өгөөд регистрийн дугаарыг нь асуугаад шүүсэн чинь Ядамсүрэнгийн Амарзаяа гэх овог, нэртэй жолоочийн үнэмлэх нь В ангиллын хүчинтэй байсан, надад регистрээ хэлж өгч байхад тэр хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн, би “танаас архи согтууруулах ундаа үнэртэж байна” гэхэд, “өчигдөр орой уусан хоноц үнэртэж байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “согтуурлын зэргийг чинь явж шалгуулъя” гэхэд, “оёулаа цуг явах юм уу” гэхээр нь “тийм ээ хамт явна, үгүй бол энд анхан шатны согтуурлын зэрэг шалгадаг үлээдэг багаж руу үлээгээд үзчих, хэрэв согтуурлын зэрэг гарвал манай замын цагдаагийн алба руу яваад багаж үлээж болно” гэсэн, тэгтэл тэр хүн “за байж байгаарай” гээд доошоо тонгойгоод бичиг цаас ухаад байсан, тэгэхээр нь би тэр хүнийг зугтаах гэж байна гэж бодоод үрүүлээс нь бариад машиныг нь унтраах гэсэн, “байж бай, байж бай”, гэж хэлээд шууд хөдлөөд намайг 10 метр орчим чирсэн, чирэгдээд газар унахад миний албаны энгэрийн камер миний гар утас хоёр зам дээр шидэгдээд гар утасны дэлгэц хагарсан, энгэрийн камерын гадна талын дээд талд халцраад зурагдсан гэхдээ ажиллаж байгаа, мөн баруун талын гарын алга зулгарсан. Зүүн мөр хөндүүрлэж өвдөж байна, би босож ирээд арын пост руу станцаар “согтуу жолооч шаардлага биелүүлэхгүй намайг чирээд унгачихлаа, зогсоогоорой” гэж зарласан чинь тэр машин чигээрээ явахгүй, шууд баруун эргээд “Сонгдо” эмнэлгийн зам руу явсан, би араас нь алхаад явсан, тэгээд хойд пост дээр гарч байсан, ахлагч н.Соёл-Эрдэнэ, эргүүл н.Алтангэрэл, н.Мөнгөнцогц нарт нөхцөл байдлаа тайлбарлаад АТ 10-руу залгаад хойд төв зам руу гарсан үгүйг талаар асуухад “гараагүй байна” гэж хэлсэн, “нэгдүгээр эмнэлгийн зогсоол дээр очоод үзээдэх” гэж хэлэхээр нь очоод үзсэн чинь намайг чирсэн гэх машиныг тэнд тавиад цоожлоод явсан байсан, тэр машин дээр үзлэг хийгээд журмын хашаа руу ачсан, нийт 610.000 төгрөг төлөхөөр лизингээр авсан Самсунг А-11 маркийн улаан өнгийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч М.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "... Бид 5 шараас гараад харих гээд Я.А машин бариад н.Алтангэрэл бид хоёр тус машинд нь суугаад явсан, явж байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла худалдааны төвийн арын замд замын цагдаа зогсоосон. Тэгээд Амарзаяа цагдаад баахан цаас үзүүлээд байсан, юу үзүүлсэн талаар нь хараагүй. Тэгээд Амарзаяа эмнэлэг орох гээд явж байна гэдгээ хэлсэн. Я.Агаас “архи үнэртээд байна, үлээлгэж согтолтын зэргийг шалгана” гэж хэлсэн, Я.А машинаа бариад цаашаа шууд зугтаачихсан, цагдаа араас нь машиныг нь 2 удаа тогшоод ард үлдсэн. Би цагдаа яаж үлдсэн, чирүүлсэн талаар нь бол хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Нэгдүгээр эмнэлэг рүү дөхөж явсан, нэг замын цагдаагийн албан хаагч бидний сууж явсан машиныг буюу Я.Агийн жолоодож явсан машиныг дохиод зогсоосон, Я.А бичиг баримт байхгүй, гэх зэргээр хоорондоо ярилцаад байсан, ярилцаж байгаад гэнэт шууд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12908 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. С.Б биед баруун сарвууны алганд зулгаралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд  “...Samsung а11 маркын гар утсыг  459.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ”  /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

С.Б Цагдаагийн байгууллагад гаргасан "...4 улсын дугаартай тзэврийн хэрэгслийг зогсоон шалгах үед шаардлага биелүүлэхгүй, машиныг нь унтраах оролдлого хийхэд чирч унагаан зугтаж машиныг 1 дүгээр эмнэлгийн зогсоолд нуусан байсныг тогтоон түр саатуулсан, Ядамсүрэн овогтой Амарзаяа нь чирч унагаан зугтаах үед миний Самсунг А11 загварын гар утас унаж шидэгдэн дэлгэц хагарсан" гэсэн өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн "... баруун доод буландаа 19 секундын авто замын хэсгийг харуулсан бичлэг байв. Модны ар талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь авто замын нэгдүгээр эгнээн дээр зогсож байгаад 08 секундэд хөдөлж байх бөгөөд уг машины баруун урд талаас замын цагдаагийн албан хаагч чирэгдэж байгаад 10 секундэд авто зам дээр унаж тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн явж байгаа бичлэг байв, ... цааш тоглуулахад 15 секундэд газар унасан цагдаагийн албан хаагч босож тухайн тээврийн хэрэгслийн араас алхаж байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл, СД эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол / хх-ийн 9-10 дугаар хуудас/, 

 

Хамгаалалтын хэлтсийн алба хаагчдын 2020 оны 11 дүгээр сарын 07, 08-нд ажиллах ажлын цагийн хуваарь "... 443 Япон Улсын элчин сайдын яамны баруун уулзвар 09.00-21.00 цагт дэд ахлагч С.Баярбат”, Монгол* Улсын Цагдаагийн Ерөнхий газрын 333000 дугаартай Самданпүрэвийн Баярбат Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч гэсэн А-0003347 дугаартай ажлын үнэмлэх...”  /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Я.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-57 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Я.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутын үед 4 улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла Молл” худалдааны төвийн урд авто зам дээр хойноосоо урагш чигтээ хөдөлгөөнд оролцож байхдаа уулзвараар зүүн тал руу эргэх хориотой газарт буцаж эргэх хөдөлгөөн хийж замын зөрчил гаргасан үйлдлийг нь шалгахаар Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаа С.Баярбат очиж тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэх, регистрийн дугаараар нь холбогдох мэдээлэл шалгах, автомашины хөдөлгүүрийг унтраах зэрэг хууль ёсны шаардлага тавин албан үүргээ биелүүлж байхад нь “надаас хоноцын архи үнэртэж байгаа юм, бичиг баримтаа хаясан, яаралтай ажилтай явж байна” гэх зэргээр тайлбар тавин улмаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, уг үйлдлийг хууль сахиулагч автомашины жолоодлогоос нь барьж хөдөлгүүрийг унтраах оролдлого хийхэд нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг үргэлжлүүлж, машинаар чирэн эрүүл мэндэд нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд: 

 

 

 

Шүүгдэгч Я.Агийн “...Цагдаагийн албан хаагч эхлээд зогсоосон. Тэгээд шалгаад байж байтал эм тариатай явж байсан, жоохон ярьсан. Бичиг баримт байхгүй байсан болохоор санаа зовоод хөдөлсөн...” гэсэн мэдүүлгээр,

 

Хохирогч С.Б “...Шангри-Ла молл худалдааны зүүн хойд уулзвар дээр хойноос, урагшаа чиглэлд тоёота приус маркийн сувдан цагаан өнгийн 4 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн эргэх хориотой газар буцаж эргэхээр нь зогсоод шалгасан. Тэр хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн. Би анхан шатны согтуурлын зэрэг шалгадаг үлээдэг багаж руу үлээгээд үзчих, хэрэв согтуурлын зэрэг гарвал манай замын цагдаагийн алба руу яваад багаж үлээж болно гэсэн, тэгтэл тэр хүн “за байж байгаарай” гээд доошоо тонгойгоод бичиг цаас ухаад байсан, тэгэхээр нь би тэр хүнийг зугтаах гэж байна гэж бодоод рулээс нь бариад машиныг нь унтраах гэсэн “байж бай, байж бай” гэж хэлээд шууд хөдлөөд намайг 10 метр орчим чирсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч М.Ганзоригийн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрилла худалдааны төвийн арын замд замын цагдаа зогсоосон. Я.Агаас архи үнэртээд байна, үлээлгэж согтолтын зэргийг шалгана гэж хэлсэн, Я.А машинаа бариад цаашаа шууд зугтаачихсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Алтангэрэлийн “...Нэгдүгээр эмнэлэг руу дөхөж явсан, нэг замын цагдаагийн албан хаагч бидний сууж явсан машиныг буюу Я.Агийн жолоодож явсан машиныг дохиод зогсоосон, Я.А бичиг баримт байхгүй, гэх зэргээр хоорондоо ярилцаад байсан, ярилцаж байгаад гэнэт шууд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлгээр, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12908 дугаартай дүгнэлт ,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 

 

С.Б Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол,

 

Бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

 

Хамгаалалтын хэлтсийн алба хаагчдын 2020 оны 11 дүгээр сарын 07, 08-нд ажиллах ажлын цагийн хуваарь,

 

С.Б А-0003347 дугаартай ажлын үнэмлэх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч С.Баярбат нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Я.А нь хууль сахиулагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд нь саад учруулж, улмаар хууль сахиулагчийн биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, санаатай гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Я.Аг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б “...хохирлоо барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 63/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Я.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх шүүгдэгч Я.Аг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба  тухайн гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.

 

Шүүгдэгч Я.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Я.А нь 4 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн, эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        

           ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Я.А-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ад холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.А нь 4 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Я.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН