Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

       Дугаар 142/ШШ2017/00599

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: 1981 оны 05 сарын 29-нд төрсөн, 36 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 2-10 тоотод оршин суух Жонон овогт Янжиндуламын Мөнхцэцэгийн /РД:ФБ81052961/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 1978 оны 02 сарын 07-нд төрсөн, 39 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 2-10 тоотод оршин суух Чонос овогт Доржготовын Баярбатад /РД:ИЦ78020779/ холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Мөнхцэцэг, хариуцагч Д.Баярбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Баярбаттай 2003 онд танилцаад гэр бүл болж 2005 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 онд том хүү, 2005 онд бага хүү маань тус тус төрсөн. Сүүлийн үед бид таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Учир нь энэ хүн архи уухаараа их хэцүү ааштай /агсан, үглээ, дуулна, хашгирна/. За тэгээд дуугай бай гээд хэлбэл зодоон үүснэ. Би амьдраад удаагүй байхаас л их л зодуулж байлаа. Одоо ч энэ байдал нь засраагүй 13 жил болж байна. 2016 оны 09 сарын 20-нд хүүхдийн төрсөн өдрөөр зодсон. Би аль аль талын ах дүүгээс нууж сүүлдээ цагдаад ханддаг болоод байгаа. Энэ зодсон өдрөөс хойш би нөхрөөс аль болох зугтаж амьдрах боллоо. Бага хүү маань тэмцээнд явах болоход гадаад паспортыг нь ааваар нь хөөцөлдүүлээд аав нь хотоос гэртээ ирлээ. Би ч айлд дайж байгаад гэртээ харьтал гэр ирсэн унтаж байхаар нь гайгүй байх гээд том хүүгийн хажууд унтлаа. Шөнө 3 цагт босч ирээд намайг доромжлон гичий, янхан, хэнтэй хаагуур явалдаад ирэв гээд зодуулж эхэллээ. Том хүү боль гэтэл хүүгээ загнаад бага хүү уйлж би цагдаа дуудах боломжгүй нүүр нүдгүй цохиуллаа. Энэ өдөр 2017 оны 04 сарын 14-нөөс 15-ны шөнө байлаа. Би 15-нд цагдаад гомдол бичиж өгсөн. 7 сар хүнээс зугтаж түгшүүртэй амьдрах надад хэцүү байгаа тул шүүхэд хандах боллоо. Миний бие шүүхэд 2013 оны 08 сард, 2015 оны 03 сард тус тус хүсэлт гаргасан ч эвлэр гээд эсвэл эвлэрүүлэн зуучлахад ханд гэсэн. Миний бие нэг өглөө сэрэхэд нөхрийн гарт амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хүнтэй эвлэрэх битгий хэл харахыг ч хүсэхгүй байгаа тул бид гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ би өөрөө асрана. Хүүхдийн эцэгээс тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидэнд дундын эд хөрөнгө байхгүй. Өдий болтол өөрийн гэсэн хашаа байшингүй амьдарч байна. Би өөрөө нуруугаараа группт байдаг гэв.

Хариуцагч Д.Баярбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Мөнхцэцэг нь хариуцагч Д.Баярбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2003 онд танилцаж, 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас хүү Б.Амин-Эрдэнэ 2003 оны 07  дугаар сарын 14-ний өдөр, хүү Б.Эрдэнэбаяр 2005 оны 09-р сарын 20-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г-1021, Г-712 дугаартай Б.Амин-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарын төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 сарын 25-ны өдрийн Маргад Коллеж сургуулийн тодорхойлолт, Орхон цогцолбор сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.

            Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос байнгын хэрүүл, зодоонтой байх болсон ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, хариуцагчийн байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байдлыг харгалзан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Б.Амин-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нар нь төрсөн цагаасаа эцэг, эхийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 2-10 тоотод амьдарч байсан ба хүүхдийн насны байдал, хүүхдийн өссөн орчин нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнээд эх Я.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг өгнө гэсэн бас эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй учраас хариуцагчаас 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу эцэг Д.Баярбатаас тэтгэлэг гаргуулан хүү Б.Амин-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 94 104 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Д.Баярбатаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан Төрийн санд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жонон овогт Янжиндуламын Мөнхцэцэг, Чонос овогт Доржготовын Баярбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 07  дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Амин-Эрдэнэ, 2005 оны 09-р сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнэбаяр нарыг эх Я.Мөнхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Б.Амин-Эрдэнэ, хүү Б.Эрдэнэбаяр нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Баярбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 164 304 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ