| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 142/2018/00808/И |
| Дугаар | 001/ХТ2019/00582 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2019/00582
Х.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01109 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар магадлалтай,
Х.А-ийн нэхэмжлэлтэй,
Э.Д-д холбогдох,
Гэрээ цуцалж, 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд 51-66 ОРО улсын дугаартай хонда сивик машиныг авах гээд үзэж байхад зарж байгаа эзэн Э.Д- нь миний машин энгийн механик хабрид биш би хот руу 120 милтэй яваад ирсэн. Хөдөө явахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч кондейшин байхгүй, хабрид байсныг нь салгасан байсан. Тэгээд дахин дахин утасдаад байхаар нь хол явж үзэлгүй авахаар болсон. Баяр наадмын амралт эхэлчихсэн байсан болохоор шилжүүлэхгүй гээд бичиг баримтаа канондож гараар бичиг үйлдэхээр болж бичиг баримтыг нь үзэхэд Нэт Капитал ББСБ-ын нэр дээр эзэмших эрх нь байсан. Э.Д- нь бүтнээр нь авъя, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 4.800.000 төгрөгөө бүрэн авсан. Хамгийн гол нь хабрид гэсэн бичгээ хуулаад хаячихсан байсан. Мөн кондейшингоо аваад оронд нь жанам тавьсан байсан. Астачир нь элэгдэж муудсан, хайгаад олдохгүй байна, ойрхон явж байгаад явахгүй зогсож араас нь түлхэж хашаандаа оруулсан. Машинаа буцааж ав мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь мөнгийг чинь зээлэндээ өгчихсөн гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Нэткапитал ББСБ-аас зээл төлсөн эсэхийг нь лавлаж асуухад зээлийн үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөг гэсэн боловч 1.985.000 төгрөг байсан. Иймд Э.Д-гаас машины төлбөрт өгсөн 4.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашиныг авах үед Х.А-т худал зүйл огт хэлээгүй бөгөөд автомашины талаарх мэдээллийг үнэн зөв өгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээнд оролцогчдын чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Х.А-т автомашины эзэмшлийг шилжүүлэн өгсөн бөгөөд одоо ч автомашин Х.А-ийн эзэмшилд байгаа тэрээр автомашиныг хэрэглэж байгаа. Ийнхүү автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашиныг эзэмшилдээ Х.А- нь авсан тул гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд Х.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01109 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1,225 дугаар зүйлийн 225.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Д-гаас 4,800,000 төгрөг гаргуулан Х.А-т олгож, Х.А-ийн эзэмшлээс Хонда Сивик маркийн 51-66 ОРО улсын дугаартай автомашиныг гаргуулан Э.Д-д олгож, харилцан буцаалт хийлгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1109 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь ББСБ-ын нэр дээр автомашин бүртгэгдсэнийг гэрээ байгуулах үед буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдэж байсан төдийгүй худалдагч Э.Д- энэ талаар тухайн үед хэлсэн. Ийнхүү нэхэмжлэгч гэрээ байгуулах үед автомашины бүртгэл ББСБ-ын нэр дээр байгаа мэдсэн нь нотлогдож байхад гэрээ байгуулснаас хойш 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олж мэдсэн мэтээр дүгнэсэн нь буруу болжээ. Нэткапитал финанс корпорациас авсан байсан зээлийн үлдэгдлийг ЭДовжуу нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлж зээлийг хаасан бөгөөд Зээлтэй холбоотой материалыг үрэгдүүлсэн бөгөөд ББСБ-иас уг асуудалтай холбоотой материалыг авахыг хүссэн боловч Алтанхуяг гэх хүн чиний автоамшинтай холбоотой асуудлаар шүүхэд хандсан байгаа тул баримтуудыг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгч авах шаардлагатай бол холбогдох шүүхийн албан тоотыг үндэслэн олгоно гэж хэлээд баримтуудыг өгөхөөс татгалзсан. Улмаар анхан шатны шүүхэд хандаж дээрх нотлох баримтууд болох зээлийг хэзээ Э.Д- төлж дуусгасан, хэдэн онд зээл авсан зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3458 дугаар "Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар талууд маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшлийн талаар маргаагүй, харин эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байна..." гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Шинжээчийн дүгнэлт нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд Алтанхуягийн эзэмшилд уг авто машин 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очсон үүнээс хойш уг автомашиныг хэрхэн өөрчилж засварласныг хариуцагч талаас мэдэх боломжгүй. Мөн шинжээчид ямар хуулийн ямар зүйл заалтаар хариуцлага хүлээлгэх талаар сануулсан баримт байхгүй байхад шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үнэлж байгаа нь буруу болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 251.3, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д дэх заалтуудыг анхаарч үзээгүй нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч Э.Д-гаас 4.800.000 төгрөг нэхэмжлэхдээ доголдолтой машин худалдсан тул гэрээнээс татгалзаж, үнийг буцаан гаргуулна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...машины талаарх мэдээллийг бүрэн өгч, эзэмшлийг шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж маргажээ.
Зохигчид 2018 оны 7 дугаар сарын 10-ний өдөр 51-66 ОРО улсын дугаартай, Хондо сивик маркийн автомашиныг 4.800.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч машины үнийг бүрэн төлж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан боловч урд гуфер доод хэсгээрээ цуурсан, хурд хэмжигч заахгүй, хурдны хайрцаг, дискэн холбоо, хөдөлгүүр асаах стартер эвдрэлтэй, урд тэнхлэгийн 2 дугуйн тоормосны хүчний зөрүү их, үйлдвэрээс тавьсан цахилгаан мотор буюу хабрид системийг салгасан, автомат хурдны хайрцаг, дискэн холбоог өөр механик хурдны хайрцгаар орлуулсан нь шаардлага хангахгүй байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогджээ .
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Харин гэрээний зүйл болох машин биет байдлын доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн зүйлийн 251.2.-т зохицуулжээ.
Нэхэмжлэгч гэрээ байгуулах үедээ машиныг шалгаж авсан хэдий ч хариуцагч тухайн техникийн талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй байна.
Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ашиглалтын явцад ч илрэх тул эд хөрөнгийг үзэж, хараад авсан гэх хариуцагчийн татгалзлал үндэслэлгүй юм. Доголдолтой эд хөрөнгө худалдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээг цуцалж хохирлоо шаарджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримт хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/01109 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 92.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ