| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 015/2016/0004/Э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 515
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Яринпил,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.М-д холбогдох 1705 0112 30174 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э овгийн Д.М, 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр, удирдахуйн ухааны мэргэжилтэн мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,
Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17-18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн “...” нэртэй караокений 01 тоот өрөөнд, эр эмийн хардалтын улмаас иргэн Ц.Б-ийг зодож олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан,
хамтран амьдрагч П.Оюунтунгалагийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Мөнх-Эрдэнийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу /8 цагийг 1 хоногт дүйцэх/ 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 30 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Чингис” архины шил 0.75 грамм 2 ширхэг, 50 граммын хундага 1 ширхэг, цэвэр усны бөглөө 1 ширхэг, “Чингис” архины шилний бөглөө 1 ширхэг, саарал өнгийн богино куртик зэргийг тус тус устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямын нэхэмжилсэн 1.367.874.185 төгрөгийн нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 1.341.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих, оршуулгын зардал 26.274.185 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчийн ар гэрээс хохиролд төлсөн 5.000.000 төгрөгийг хохирлоос хасч үлдэх 21.274.185 төгрөгийг Д.М-эс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 110 дугаар байрны 59 тоотод оршин суух Газарчин овогт Дашцэрэнгийн Давааням /РД:УД74020164/-д олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 1.341.600.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч П.Оюунтунгалаг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямд 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдолдоо: “... Тэр залуугийн зүй бус үг хэллэг, намайг хүн гэж огт бодохгүйгээр дорд үзэн доромжилсон тэрхэн агшинд би өөрийн мэдэлгүй сэтгэл санаа цочирдсоны улмаас уг хэрэг болсон. Би анхнаасаа хар буруу санаа өвөрлөж очоогүй, зөвхөн эхнэрээ авах гэж очсон. Би хийсэн үйлдэлдээ маш ихээр харамсаж байна. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Учир нь:
Д.М-, хохирогч Ц.Б-ийг хамтран амьдрагч П.Оюунтунгалагтай эр эмийн хардлагаар зодсон бөгөөд зодуулснаас болж үхэлд хүргэсэн гэмтэл авч, амь насаа алдсан тухайд маргаж, мэтгэлцэх зүйлгүй болно.
Д.М- үнэхээр амь хохирогч Ц.Б-ийг зодох, алах зорилго тавиагүй очсон нь хангалттай тогтоогдож, нотлогдож байдаг. Зөвхөн хамтран амьдрагч эхнэр болох П.Оюунтунгалагийг “ирж аваач” гэж Д.М- рүү утсаар ярихад очоод талийгаач Ц.Б-өд хандаж хэлэхдээ “Чи манай эхнэртээ явалдлаа, би танай эхнэртэй явалдвал ямар байх уу” гэж хэлээд хамтран амьдрагч П.Оюунтунгалагийг “хувцсаа өмс, явъя” гэсэн боловч П.Оюунтунгалаг хувцсаа өмсөх чадваргүй согтсон байсан учир хувцсыг нь өмсгөх гэж байтал, тэр залуу (Ц.Б-) хүрч ирээд “овоо муу банди юм аа, архи хундагалаад өг” гэхээр нь “чадахгүй” гэж хэлээд эргэхэд миний куртикнээс татаад урсан. “Наад хүн чинь чамтай явахгүй, надтай үлдэх гээд байна бандиа. Чамд хайргүй, надад хайртай” гэх мэтээр олон муухай зүйл яриад намайг доромжлоод, тохуурхаад байхаар нь согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод эхнэрээ хурдан хувцаслаад эндээс явъя гэж бодож байтал миний цээж рүү цохиод “муу шалдан банди, гуйлгачин, өрөөсөн бөөртэй пизда, чам шиг ядуу армийн гуйлгачин, хүүхнээ тэжээж чаддаггүй лалар минь, эхийгээ шаа” гэх зэргээр монгол хүний амнаас гархааргүй үг хэлж, намайг хүн гэж огт бодохгүй, доромжлон, миний өрөөсөн бөөртэй болохыг хүртэл мэдэж байсан юм. Намайг “ээжийгээ шаа” гэхээр нь миний сэтгэл санаа гэнэт хачин болоод дүрс хийгээд, ухаан санаа бүдгэрээд, өөрийгөө мэдэхээ болиод шанаанд нэг цохиод, толгойд нь нэг удаа өшиглөснөө мэдэж байна гэдэг. Талийгаачийн хэлсэн энэ зүйлийг би мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч нарын хэнд ч хэлээгүй. Хохирогч нас барчихсан байхад ёс зүйн хувьд хүнд байсан, мөн миний амнаас үнэхээр ийм муухай үг гарахгүй байсан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М- мэдүүлж байсан юм.
Энэ бүх үйл явдал болон хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл Д.М- тухайн агшинд үнэхээр “санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” нь тогтоогдож байдаг. Тухайлбал:
1. Д.М- анхнаасаа хүн алах гэсэн санаа зорилго байгаагүй. Талийгаачтай уулзаад “би чиний эхнэртэй явалдвал чамд ямар байх уу” гэж хэлээд П.Оюунтунгалагийг авч явахыг бодоод хувцсаа өмс, одоо явъя гээд л хувцасыг нь өмсүүлэх оролдлого хийж байсан болохоос биш, талийгаач Ц.Б- рүү хандаж зодоон цохион хийх гэж хэл ам, хэрүүл маргаан гаргах, дайрч довтлох, ална хядна гэх мэтээр огт довтлоогүй байдаг.
2. Ц.Б- нь, Д.Мөнх-Эрдэнийн хамтран амьдрагч П.Оюунтунгалагийг гэр орон, ажлаас нь гадуур хоноглон архидаж, сүүлдээ ирж эхнэрээ ав гэж эрээ цээрээ алдаж, монгол зан уламжлалд харшилсан, Д.Мөнх-Эрдэнийн нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдэл хийж, өмсөж явсан хувцасыг нь урж, цээж рүү цохиж, хамтран амьдрагчийг ямар ч чадваргүй болтол согтоож, нөхөр болох Д.Мөнх-Эрдэнийг дуудаж ирүүлээд “чи архи хундгалж өг” гэх мэтээр тохуурхан доромжилж, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан хүндээр доромжлон тохуурхсан байдаг.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас Д.М- сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байна. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг. Шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтаас дүгнэлт хийхэд Д.Мөнх-Эрдэнийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, хууль хэрэглэж өгөхийг хүсэе.
Шүүхээс, нэхэмжлэлийг хангасан талаар.
Анхан шатны шүүхээс, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангахдаа оршуулгын зардал 26.274.185 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байдаг. Яагаад гэвэл “Нью-сенетри” ХХК-ийн кассын орлогын ордер 3000436 номертоо худалдан авагч Ц.Б- гэсэн 9.000.000 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 163 дугаар талд зарлагын баримт номергүй, материалын үнэт зүйлийн нэр зэрэг зүйл, хэвийн боов, хадаг, Дашчойлон хийдэд ном уншуулах, бурхан бүтээх, Налайх ганданд хурал даасан, шинийн 29-ний хурал даасан, “Баян” ХХК-д зул өргөсөн, Гандангийн хурал даасан, биоэнерги төвд буяны ус тараах, “Сайн номуун” хийдэд ном уншуулсан зэрэг шашны холбогдолтой болон зарлагын баримтгүй, тамга тэмдэггүй, цөөнгүй хуулийн шаардлага хангаагүй зүйлийг шүүгдэгч Д.М-эс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямд олгохоор шийдвэрлэсэн юм.
Иймд олгох ёстой гэсэн 21.274.185 төгрөгөөс шашны холбогдолтой 2.028.000 төгрөг, тамга тэмдэг дугааргүй, хөшөө босгосон гэх бүгд 9.158.635 төгрөг, нийт 11.186.635 төгрөгийг хасаж хохирол тооцож өгөхийг хүсэе ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс гэм бурууг дүгнэж ял оногдуулж, дэглэмийг тогтоохдоо анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заажээ. Мөн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох болно хэмээн шийтгэл тогтоолд бичжээ.
Д.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ял шийтгэлийн хувьд 12 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” хэмээн хуульчилжээ.
Гэмт хэргийн хохирлын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 26.274.185 төгрөгийн оршуулгын зардлаас 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирол бүрэн төлөгдөөгүй гэж үзнэ. Гэмт хэргээс үүдэлтэй хор уршгийн хувьд талийгаач нь бага насны 2 хүүхэдтэй, өрх гэрийнхээ орлого амьжиргааг ганцаараа залгуулдаг байсан. Үлдэж буй 2 хүүхдийн тэтгэмжийн асуудал ар гэр бүлд нь үлдэж буй сэтгэл санааны зовиур шаналал өнөөдрийг хүртэл арилаагүй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр талийгчийн хувьд зүй бус үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн хэрэгтээ гэмших, уучлалт гуйхаас илүүтэйгээр өөрийн бусдын алтан амь насыг хөнөөсөн үйлдлийг зөвтгөхийн тулд талийгаачийг өөрийг нь зүй бус үг хэллэг үйлдлээр доромжилсон мэт амь биед аюултай довтолгооныг эхэлсэн мэтээр мэдүүлж буй зэрэг нь хийсэн үйлдэлдээ гэмших бус харин ч өөрийн үйлдлийг зөвтгөх байдлаар шүүх хуралд оролцсон.
Дээрх нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр заасан нь үндэслэл муутай бөгөөд хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлж өгнө үү.
Миний хань Ц.Б- нь хувь хүний хувьд төлөв даруу зантай, олон найз нөхөдтэй, найзууд дундаа нэр хүнд сайтай, эхнэр хүүхдүүддээ халамж хайр энэрэлтэй, сэтгэл сайтай их цайлган нөхөрсөг хүн байсан. Хайртай хань амьдралын түшиг тулгуурыг минь өөрсдийнхөө гэр бүлийн дотоод хэрүүл маргаанаас болж маш онц харгис хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэн сүйтгэсэн Д.М- гэгч этгээдэд маш ихээр гомдолтой байна. Эрдэнэт хүний амь насыг онц харгис жигшүүртэйгээр, санаатайгаар ална гэж занаж, урьдаас бэлдэж орж ирэн архины том шилээр толгой тархигүй нүдэж, зодож алсан алуурчинд Монголын шүүх яагаад 15 жил жирийн дэглэмд ял эдлүүлэхээр оноож байгаад би үнэхээр гомдолтой байна.
Д.Мөнх-Эрдэнийн найз Х.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ нөхрийг минь очиж заавал ална, заавал алах ёстой гэж дахин дахин давтаж яриад ирж алсан тухай, мөн гартаа архины шил барьчихсан, тэр шилнээс нь цус гоожиж байсан талаар мэдүүлэгтээ хэлсэн байсан.
Мөн П.Оюунтунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “талийгаач Ц.Б- нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг хэл амаар доромжилж маргаан болоогүй” гэсэн байсан. Гэтэл алуурчин этгээд 1 удаа цохиж, өшиглөсөн талаар мэдүүлсэн байгаа нь анхнаасаа худал мэдүүлж хэргээ хүлээхгүй, хүний амийг хөнөөхийг юман чинээнд боддоггүй араатан болохоо тодорхой харуулж байна.
Үхсэн хүн үг хэлэхгүйг далимдуулж ханийг минь гүжирдэн гүтгэж ялаа хөнгөрүүлэхээр зүтгэж байгаа алуурчин Д.М-д шүүхээс 15 жилийн шийтгэлийг ядаж 20 жил болгож ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхийг хүсч байна. Миний хань өөрөө хөгшин ээжтэй хүн. Эхийг нь тэгж хүний амнаас гарахааргүй үгээр дормжлоно гэж хэзээ ч байхгүй. Энэ этгээд өөрөө хэрэглэдэг үгээ миний ханийг хэлсэн мэтээр гүтгэж ял завших гэж оролдож байна.
Мөнгө нэхэмжлэх асуудлын тухайд бид талийгаачийхаа оршуулганд хэрэглэсэн баримттай зардлуудыг л нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс баримтгүй дүнг бүгдийг хасаад баримттай дүнг гаргаж маш ойлгомжтойгоор өмгөөлөгчид нь тайлбарлан мэдүүлж шийдсэн асуудал.
Монголын шудрага шүүх засаглал, шүүхийн байгууллагыг төрд төлөөлдөг шүүгч та нар минь, ханийг минь онц ноцтой хэрцгийгээр олон удаа санаатайгаар архины том шилээр зодож амь насыг нь хөнөөсөн Д.М-д хуулийн дээд хэмжээ оноож, талийгаачийн ар гэр, үр хүүхэд бидний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ итгэж, найдаж байна ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хохирочийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж өгнө үү ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал тогтоогдоогүй, зөвхөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ингэж мэдүүлдэг. Онц харгис хэрцгий аргаар алсан болох нь хангалттай тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, дэглэмийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй санал нэг байна ...” гэв.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхийн дүгнэлт хийж, хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхүүр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үйлдэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17-18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгирт” ХХК-ийн “Гүрэн” нэртэй караокений 01 тоот өрөөнд, хамтран амьдрагч П.Оюунтунгалагийг Ц.Б-тэй хардсаны улмаас иргэн Ц.Б-ийг зодож баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн хөхлөгийн доор зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу олон тооны шарх гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан,
Мөн хамтран амьдрагч П.Оюунтунгалагийг зодож биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, дотор булангийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-10, 11-14/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 15-17, 18-20/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-23/, цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-24/ гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 25-26, 160-162, 163-168/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 27-30, 147, 172-173/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх-42/, хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-141, 142, 143-145/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 149-150, 151-159/, эд мөрийн баримт /1 хх-171/, хохирлын баримтууд /2 хх-149, 155-205/, хохирол төлсөн баримт /3 хх-11/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баясгалан /1 хх 31-34, 182-184/, Д.Давааням /1 хх185-191/, хохирогч П.Оюунтунгалаг /1 хх174-175, 176-180/, гэрч М.Билгүүтэй /1 хх 37-39, 52, 197-198/, Ч.Чинтөр /1 хх 40-41, 53-54/, Х.Мөнх-Эрдэнэ /1 хх 43-44/, О.Хурцбилэг /1 хх 45/, П.Оюунтунгалаг /1 хх 46-47, 58-59/, С.Алтаннамар /1 хх 48-49, 56/, Г.Дамдинбазар /1 хх-51/, Б.Батбаатарын /1 хх-57/, Б.Цэрэнбалжир /1 хх 208-210/, шинжээч эмч Т.Номинцэцэг /1 хх 247-250, 2 хх-1-2/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “П.Оюунтунгалагийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 13530 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-66/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаач Ц.Б-ийн цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт зулгаралт, зүүн хөхлөгийн доорх зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач дээрх хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ. Талийгаач В/lll/ бүлгийн цус байна, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, талийгаач элэгний архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна, энэ нь үхэлд хүргээгүй. Талийгаачид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай байжээ.” гэсэн 2131 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 232-234/,
шүүх сэтгэц эмгэг судлалын “Д.М- нь сэтгэцийн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй” гэсэн 1058 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 219-222/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.М- нь Ц.Б-ийг зодож биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” алах гэсэн хүндрүүлэх шинжийг,
нэг гэрт хамтран амьдарч, эхнэр нөхрийн харилцаатай байсан П.Оюунтунгалагийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүнийг онц харгис хэрцгийгээр алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 15 жил 30 хоногийн хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин, Д.Мөнх-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.
1 дүгээр хавтаст хэргийг 221-222 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Д.Мөнх-Эрдэнийн амьдралын түүх болон болсон хэргийн талаар өөрийн үгээр тайлбарлуулан яриулж, сэтгэцийн байдлыг санал нэгтэйгээр “Д.М- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримтгүй байна” гэсэн дүгнэлтээр гомдлын үндэслэл няцаагдаж байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн /1 хх 94-95, 99, 2 хх 23-26, 38-39/ мэдүүлгээс дүгнэхэд гомдолд дурдсанчлан “хохирогчийн зүгээс зүй бус үг хэллэг хэлэгдсэн” талаар урьд мэдүүлээгүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь түүнийг үнэлэх боломжгүй бөгөөд, тухайн нөхцөлд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтыг үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 149, 155-205 дугаар талд авагдсан баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хуульд заасан журмын дагуу цугларсан байх тул өмгөөлөгч Ж.Яринпилээс хохирлын баримттай холбогдуулан гаргасан гомдлыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ