Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 654

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т-Э ХХК 

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.г

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”–ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.б, хариуцагч Ш.г, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Т-Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Гантулга шүүхэд гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж заасан.

Гомдол гаргагч тал Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамааралтай байсан.

Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малын гаралтай түүхийн эдийн зээлийг нэгдсэн зохион байгуулалт буюу биржийн зах зээлд шилжүүлэхийн тулд түүхийн эд бэлтгэн нийлүүлэгчид болох малчин, тариаланчид нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооллын хэлбэрт орж түүхий эдээ биржээр дамжуулан зах зээлийн бодит үнээр борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2011 оны 06 дугаарын сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан

Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийг 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна” гэж заасан.

Үүний дагуу Засгийн газраас 2013 онд Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан. Гэтэл Хөдөө аж ахуйн бирж нь өнөөдрийг хүртэл арилжааг зохион байгуулах байр, тээвэрлэлтийн авто хэрэгсэл, түүхий эдийг таньж мэдэх боловсон хүчин, агуулах, лаборатори байхгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаад өнөөдрийг хүртэлх хугацаанд малчид, тариаланчид ба аж ахуй нэгжүүдийн хооронд жинхэнэ бодит арилжаа Хөдөө аж ахуйн бирж дээр хийгдээгүй. 

Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж заасан, Бараа, түүхийн эдийг Хөдөө аж ахуйн биржээр арилжсан талаар Хөдөө аж ахуйн бирж “арилжаалсан бараа, түүхий эдийн тодорхойлолт” өгдөг ба энэхүү тодорхойлолт нь барааг экспортод гаргахад шаардлагатай, бүрдүүлэх баримт бичгийг нэг болдог байсан. Тэгвэл бодит байдал дээр бараа, түүхий эдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилждаг малчин, тариаланчин байхгүй байдаг тул аж ахуйн нэгжүүд өөрсдөө явж бараа, түүхий эдээ худалдаж, авч байгаа ба өөрсдийн худалдаж авсан бараа, түүхий эдээ худалдаж авч байгаа ба өөрсдийн худалдаж авсан бараа, түүхий эдээ экспортод гаргахын тулд өөр нэг хүн олж уг хүнээ бараа, түүхий эдээ худалдах гэж буй худалдагч болгож, өөрсдийн худалдан авсан түүхий эдээ биржээр дамжуулан дахин өөрсдөө худалдаж авдаг буюу дүр үзүүлсэн, зохиотол арилжаа явагддаг гэсэн үг. Үүгээр зогсохгүй гэрээний үнийн дүнгээс тооцож Хөдөө аж ахуйн бирж үйлчилгээ үзүүлсний төлөө 0,32 хувийн шимтгэл, хөдөө аж ахуйн биржийн арилжааны брокерын компани 0,28 хувийн шимтгэл авдаг. Брокерийн компанид төлж байгаа 0.28 хувийн шимтгэлд Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 126 дугаар тогтоолоор тогтоосон брокерын компаниас төвлөрүүлэх Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан гэрээний нийт үнийн дүнгийн 0,08 хувиар тооцох зохицуулалтын үйлчилгээний хөлсийг бас багтаасан байдаг. Үүний эцэст Хөдөө аж ахуйн биржээс энэ бараа биржээр арилжсан гэсэн тодорхойлолт /нэг хуудас цаас/ авч, эцэст нь бараагаа экспортод гаргадаг. Ямар ч арилжаа зохион байгуулдаггүй Хөдөө аж ахуйн бирж олон тэрбумаар хэмжигдэх арилжаа хийлээ гээд байдгийн учир нь энэ юм.

Аж ахуй нэгжүүдийг дүр үзүүлсэн, зохиомол арилжаа хийхээс өөр аргагүй болгож буй шалтгаан нь төрөөс Хөдөө аж ахуйн гаралтай, түүхий эдийн биржийн тухай хуулийн биелэлтийг хангаж ажиллахгүй байгаатай шууд холбоотой бөгөөд энэхүү нөхцөл байдлыг Засгийн газар, харьяа яам, Хөдөө аж ахуйн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим гээд бүх байгууллагууд мэддэг.

Гаалийн ерөнхий газрын Монголын ноос ноолуурын холбоонд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Биржийн тодорхойлолт нь гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагагүй” гэсэн утгатай 02-1/1878 тоот албан бичгийг өгсөн байдаг ба 2017 онд манайхтай ижил буюу малын ноос, ноолуур бэлтгэж, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 5 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн бирж дээр дүр үзүүлсэн, зохиомол арилжаа хийхээс татгалзсан хөдөө аж ахуйн биржээр дамжуулахгүйгээр бараагаа шууд экспортод гаргасан.

Гэтэл Хөдөө аж ахуйн биржээс уг асуудлаар эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаж улмаар цагдаагийн байгууллага шалгаад уг үйлдлийг гэмт хэрэг биш гэж хэрэгсэхгүй болгосон. Улмаар Хөдөө аж ахуйн бирж нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд 5 компанид холбогдуулан гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч зөрчил шалгах ажиллагааг явуулж 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудас гаргаж Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу манай компанийг 3.000.000 төгрөгөөр торгож, хохиролд 52,163,467,65 төгрөг, “*******” ХХК-г 3,000,000 төгрөгөөр торгож, хохиролд 101,144,593,37 төгрөг, “*******” ХХК-г 3,000,000 төгрөгөөр торгож, хохиролд 102,871,878,39 төгрөгийг тус тус гаргуулахаар шийтгэлдийн хуудас гаргасан байдаг. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.г нь бидний тайлбар, баримтыг огт харгалзахгүйгээр зөвхөн Хөдөө аж ахуйн биржээс гаргаж өгсөн шимтгэлийн тооцооллоор хохирлын хэмжээг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд Хөдөө аж ахуйн бирж дээр дүр үзүүлсэн, зохиомол арилжаа хийх буюу нэг талаасаа хууль бус үйлдэл хийхээс татгалзсныхаа төлөө шийтгэл хүлээсэн нь шударга бус явдал юм.

Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчаас зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Ноос ноолуурын зөвлөл”-өөс Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас асуудлыг судалж үзэн үүрэг, даалгавар өгсний дагуу Үндэсний хөгжлийн газарт Хөдөө аж ахуйн бирж, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон ажлыг хэсэг байгуулагдаж, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулах талаар хамтран ажиллахаар болсон ба энэ хүрээнд компаниуд 2017 онд биржээр арилжаагүй барааны шимтгэлийн бодит дүнг дахин нягтлан гаргаж Хөдөө аж ахуйн бирж нь манай компанитай 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж 2017 онд биржийн арилжаанд оруулалгүй экспортод гаргасан ноолуурын арилжааны шимтгэлд 15,000,000 төгрөгийг манай компани нөхөн төлөхөөр болсон.

Мөн Хөдөө аж ахуйн бирж нь бусад “Ханбогд кашмер” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-уудтай ийм байдлаар тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан.

Тухайн үед Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар эвлэрлийн гэрээнд үнийн дүн тавих шаардлагагүй бодитоор гаргасан дүнгээрээ барааны шимтгэлээ төлчихвөл энэ шимтгэлийн маргаанд дуусгавар болно гэж хэлж байсан.

Хөдөө аж ахуйн биржээс компаниудтай эвлэрлийн гэрээ байгуулсан талаараа Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, хуулбарыг хүргүүлсэн гэж бидэнд мэдэгдсэн. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргуулж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийтгэлийн хуудсанд заасан дүнгээр хохирлыг барагдуулах ажиллагааг хийхээр байгаа нь компаниудад маш хохиролтой байна.

Бид Хөдөө аж ахуйн бирж дээр дүр үзүүлсэн, зохиомол арилжаа хийхээс татгалзсаныхаа төлөө шийтгэл хүлээсэн бөгөөд хэрэв шийтгэлийн хуудаст заасан дүнгээр шийтгэлийн хуудсыг биелүүлэх талаараар Хөдөө аж ахуйн бирж, Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэж байсан бол бид тухайн үед шүүхэд гомдол гаргахаар байсан. 

Өнгөрсөн хугацаанд Хөдөө аж ахуйн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль ч шийтгэлийн хуудсыг биелүүлэх талаар мэдэгдэж байгаагүй.

Бидний хувьд Хөдөө аж ахуйн биржтэй эвлэрлийн гэрээ байгуулж 2017 онд биржээр дамжуулан арилжаалаагүй барааны шимтгэлийн маргаантай асуудал дууссан гэж ойлгож, итгэж үнэмшиж байсан боловч тийм биш болохыг шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарснаар мэдлээ. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь уг эвлэрлийн гэрээ байгуулснаас шалтгаалсан явдал байсан. Гэтэл одоо Санхүүгийн зохицуулах хороо нь одоо энэ талаар мэдэгдэх болж хувирч, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж гаргуулсан байна.

Дээрхээс дүгнэхэд бид захиргааны байгууллага бюу Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны шууд хамааралтайгаар, Хөдөө аж ахуйн бирж-Санхүүгийн зохицуулах хорооны уялдаа холбоотой ажиллагаанаас болж шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа болно.

Гомдлын үндэслэл:

Нэг: Дээр дурьдсанчлан нэгэнд малчид ноолуураа Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилждаггүй, Хөдөө аж ахуйн бирж ч өөрөө арилжаа хийх нөхцлийг бүрдүүлээгүй байдаг тул компаниуд өөрсдөө явж түүхий эдээ худалдан авч цуглуулдаг. Энэ нөхцөлд компани ноолуурыг биржээр дамжуулан худалдан авах талаарх хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд дүр үзүүлсэн, зохиомол арилжааг хийхээс өөр аргагүй болдог. Бирж дээр дүр үзүүлсэн, зохиомол арилжаа хийх нь өөрөө хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой бөгөөд 2017 онд энэхүү хууль бус үйлдийг хийхээс татгалзан малчдаас худалдан авсан ноолуураа шууд экспортод гаргасан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хууль бус үйлдэл хийхээс татгалзсан үйлдлийг зөрчилд тооцон шийтгэл оногдуулсан нь хууль, шударга ёс, эрх зүйн зарчимд огт нийцэхгүй байна.

Хоёр: Хөдөө аж ахуйн бирж өөрийн сайт дээрээ 2013 онд байгуулагдсанаас хойш 2,4 их наяд төгрөгийн арилжаа хийсэн талаараа мэдээллэсэн боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХЭГ/754 тоот албан бичигт “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар яам, бирж, тус салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаагаас Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг зогсооход хүрч болзошгүй байдал ажиглагдаж байна” гэсэн нь Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хуульд агуулгаараа хийгдэхгүй байгааг харуулна.

Гурав: Манай компани Хөдөө аж ахуйн биржээс эвлэрэх санал тавьсаны дагуу 2017 онд биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг нөхөн гаргаж тооцоо нийлж 15,000,000 төгрөгийг төлөхөөр 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Харин шийтгэлийн хуудас дээр биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг 52,163,467.65 төгрөгөөр тогтоосон нь хэт зөрүүтэй байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.г нь уг хохирлын дүнг тооцохдоо нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, зөвхөн тухайн үед Хөдөө аж ахуйн биржийн өгсөн мэдээнд үндэслэсэн, Хөдөө аж ахуйн биржийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дөрөв: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжах бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан. Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тус хуулийн 16 дугаар зүйлээр зохицуулсан байсан ба уг зүйлд “биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон, бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардоага”-ыг зөрчсөн үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэх талаар заагаагүй байсан.

Харин Улмаар Улсын Их Хурлаас Зөрчлийн тухай хуулийг батлахдаа тус хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д энэхүү үйлдлийг шинээр зөрчилд тооцон шийтгэл оногдуулахаар заасан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүйгээр 2017 онд барааг биржээр арилжаагүй бүх тохиолдлыг хамруулан зөрчилд тооцон шийтгэл ногдуулсан.

Иймд манай компанийн гаргасан гомдлыг хүлээн авч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гомдол гаргагч Т-Э ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжах бараа, түүхий эдийн жагсаалтад орсон, бараа түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол..” гэж заасан зөрчлийг үйлдсэн тул Хорооны улсын байцаагч 1801000005 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар улсад учруулсан хохирлыг төлүүлэх, торгуулийн шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсыг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхмаад мэдэгдэхэд тухайн үед Сэлэнгэ аймагт явж байна гэсэн тул 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр биечлэн танилцуулж гарын үсэг зуруулан хүлээлгэн өгч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг уг шийтгэлийн хуудсаар даалгасан болно.

Т-Э ХХК Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн, хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахдаа хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй болно.

Иймд хуульд заасан хугацаанд тус компанийн байцаагчийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана” гэж зааснаар тус компанийн харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, тус шүүхийн шүүгч Ц.Байгалмаагийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар торгууль болон хохирлыг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гарсан.

Т-Э ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо “...Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай байсан” гэж дурдсан боловч захиргааны байгууллагын ямар буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

Т-Э ХХК нь шийтгэл оногдуулснаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулж биржээр арилжаагүй бараа, түүхий эдийн шимтгэлийг биржид нөхөн төлөхөөр болсон нь Хорооны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Мөн гомдол гаргагчид шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгөхдөө гомдол гаргах тохиолдолд гомдол гаргах газар болон хугацааны талаар тайлбарлаж өгсөн тул түүнийг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Одоогоор шүүгчийн захирамжийн дагуу торгууль болон хохирлыг албадан гаргуулах ажиллагаа үргэлжилж байгаа болно.

Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагаа нэгэнт явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т-Э ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Гомдол гаргагчаас “...Шийтгэлийн хуудсаар биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг 52,163,467,65 төгрөгөөр тогтоосон нь хэт зөрүүтэй, хохирлын дүнг тооцохдоо нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй, зөвхөн тухайн үед Хөдөө аж ахуйн биржээр өгсөн мэдээнд үндэслэн, Хөдөө аж ахуйн биржийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд судалж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж,

Хариуцагчаас “...Гомдол гаргагч нь шийтгэл ногдуулснаас хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, биржээр арилжаалаагүй бараа, түүхий эдийн шимтгэлийг биржид нөхөн төлсөн нь хорооны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд эрх бүхий албан тушаалтны ногдуулсан шийтгэлийн хуудсыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй” гэж маргажээ.

2018 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 1801000005 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд Гаалийн ерөнхий газраас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Монгол улсын хилээр гарсан малын гаралтай хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн судалгаанаас улсад 323,2 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлийг дурдаж Т-Э ХХК-д шийтгэл ногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөдөө аж ахуйн бирж” ХХК Т-Э ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Биржээр арилжах бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэснийг зөрчиж, 2017 онд Биржийн арилжаанд оруулалгүй экспортод гаргасан ноолуурыг нөхөн арилжаанд оруулж, биржийн арилжааны шимтгэлийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 2018 онд арилжаанд орсон бараа, түүхий эдийн арилжааны шимтгэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02-1/1878 дугаар албан бичигт ...Биржийн толорхойлолт нь мэдүүлэгчээс шаардах баримт хамаарахгүй тул гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардахгүй, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Засгийн газрын хэрэгт эрхлэх газарт хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/304 дүгээр албан бичгээр ...Хөдөө аж ахуйн бирж нь 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эд арилжих тусгай зөвшөөрлөө авсан, өөрөөр хэлбэл 2013-2017 онд явуулсан үйл ажиллагаа нь тодорхой бус байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн ХЭГ/754 дүгээр албан бичгээр ...Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын саналыг судалж, ...Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, ноос ноолуур угаах үйлдвэрүүдтэй хороондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулах арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгажээ.

Мөн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр албан бичгээр тус биржээс гаргасан гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж, Т-Э ХХК-иас 52,163,467,65 төгрөг гаргуулахаар шийтгэлийн хуудас гарсан байна.

...Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үндэсний хөгжлийн газар, Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн бирж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон, эвлэрлийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Уг гэрээг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн...Иймд дээрх асуудлыг дахин нягтлан шалгаж, аж ахуйн нэгжүүдтэй эвлэрлийн гэрээний дагуу хамтран ажиллах боломжоор хангана уу гэсэн хүсэлт хүргүүлжээ.

Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд Т-Э ХХК-ийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчилд хамаарах хугацааг тогтоож, тухайн хугацааны зөрчилд холбогдох нотлох баримтыг цуглуулж, бодит байдалд дүгнэлт хийж зөрчлийг тогтоох шаардлагатай тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.гийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   О.О