Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0559

 

М.Аийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн М.А

Нэхэмжлэгч: М.А

Хариуцагч: Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

Гуравдагч этгээд: Г.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116/ШШ2023/0029 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээд Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 116/2023/0024/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.А нь Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан “Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116/ШШ2023/0029 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 33 дугаар зүйлийн 33.3, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Аийн Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.А миний бие Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116/ШШ2023/0029 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Сонгон шалгаруулалтын бүртэл хууль, журам зөрчсөн тухайд:

Ажлын байрны тодорхойлолт 3 дугаарт заасан “албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “мэргэжил” гэсэн хэсэгт мэргэжлийн шаардлагыг “ой зүйч, ой судлаач, ойн инженер” гэж заасан байх ба нэхэмжлэгч миний бие нь МУИС-ийн биологийн факультерийг ой судлал мэргэжлээр төгссөн. Миний мэргэжил нь ажил олгогчийн тавьсан ажлын байрны шаардлагад бүрэн нийцсэн бол Г.Мгийн мэргэжил Экологи, байгаль хамгаалал гэсэн бакалаврын зэрэгтэй, Хүрээлэн буй орчин судлалаар магистрын зэрэгтэй байгаа нь мэргэжил албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага, индекстэй нийцэхгүй байгаа.

Боловсролын сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс /хөтөлбөрийн нэр/ шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалаар баталсан индексээр сонгон шалгаруулалт зарласан албан тушаалын индекс нь 08-2 кодтой индексд хамаарч байна. Миний мэргэжлийн индекс нь 082103 кодтой бөгөөд 08-2 үндсэн индексд хамаарч байгаа бол өрсөлдөгч Г.Мгийн мэргэжлийн индекс нь 05-Байгалийн шинжлэх ухаан математик, статистик, 052 Хүрээлэн буй орчин /052202: 052102 кодоор орж шалгаж болно/ албан тушаалын мэргэжлийн шаардлага буюу индекстэй хамааралгүй байна.

3.2. Сонгон шалгаруулалтын бүртгэлийн талаар ажлын 1 өдрийн дотор гомдол гаргаагүй гэх үндэслэлийн тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь бүртгүүлэгч этгээдийг өөрийг нь бүртгэхгүй тохиолдолд гомдол гаргах зохицуулалт юм.

Учир нь шалгалтад бүртгүүлсэн иргэдийн дэлгэрэнгүй баримт, мэдээллийг өрсөлдөгч иргэн бүр нээлттэй харах боломжгүй байдаг. Иймд би Г.Мгийн мэргэжил, мэргэшил албан тушаалын шаардлагад тохирч байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан.

3.3. Сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтын явцын болон үнэлгээний талаарх үндэслэл бүхийн олох баримт байхгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Энэхүү ярилцлагын шалгаруулалтад намайг 9 оноогоор, Г.Мг 26 оноогоор үнэлсэн үндэслэлээ хариуцагч нотлох баримттайгаар тайлбарлаж нотолж чадаагүй. Эсрэгээрээ миний ярилцлагын бичлэгийг байгаа эгсэн хэр нь Г.Мтэй хийсэн ярилцлагын үеэр Сонгон шалгаруулах комиссын гишүүдийн утасны цэнэг дууссан учраас бичлэг байхгүй гэж шүүх хурал дээр тайлбарласан. Энэ нь хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “шалгуулагч нарт хэдэн оноо өгөх нь шалгалтын багийн гишүүдийн эрх” гэж хариулж байгаа нь уг шалгалт хэнийг тэнцүүлэх нь бидний эрх гэж үзэж байна гэж ойлгохоор байгааг шүүх анхаараагүй.

Гэтэл шүүх ярилцлагын шалгалтын явцын бичлэг, ярилцлага авсан гишүүдийн шалгуулагч нарт тавьсан асуулт, хэрхэн хариулсан, ямар үндэслэлээр хэдэн оноо өгсөн талаарх тайлбар мэдүүлэг зэргийг нотлох баримтаар цуглуулаагүй хэр нь нотлох баримтгүйгээр сонгон шалгаруулалт хууль журам зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль бус.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 02 дугаар тогтоолоор Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллага, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Ахлах, дэс түшмэлийн удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулах комиссыг байгуулж, ажлын хэсэг төрийн албаны цахим хуудсаар шалгалтын бүртгэлийг зарлаж, 2023 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09.00 цагаас 17.00 цагийн хооронд шалгалтад бүртгүүлэх иргэдийн материалыг хүлээн авчээ.

3.2. Уг шалгалтад гурван иргэн бүртгүүлснээс нэг иргэний материал шаардлага хангаагүй үндэслэлээр цуцлагдаж, нэхэмжлэгч М.А, гуравдагч этгээд Г.М нарын цахим бүртгэл баталгаажсан тул төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулжээ.

3.3. Шалгалтыг эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, удирдан зохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин гэсэн хэлбэрээр зохион байгуулсан байх ба дээрх шалгалтуудаас М.А нийт 88 оноо, Г.М нийт 89 оноо авч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад Г.М нэгдүгээрт эрэмбэлэгдэж, хэн аль нь дүнгийн хуудастай танилцаж, гарын үсэг зурсан байна.

3.4. М.А дээрх шалгалтын дүнг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдлын хариуд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 02/880 дугаартай “... Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулагдсан байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг хүргүүлжээ.

3.5. Улмаар М.Аээс Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан “Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.1. Нэхэмжлэгчээс “... ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн шаардлагыг “Ой зүйч, ой судлаач, ойн инженер” гэж заасан байх ба миний бие “Ой судлал” мэргэжлээр төгссөн бөгөөд 082103 дугаар мэргэжлийн индекстэй. Гэтэл Г.Мгийн мэргэжлийн индекс нь 05-Байгалийн шинжлэх ухаан математик, статистик 052 Хүрээлэн буй орчин кодтой буюу тус мэргэжлийн шаардлагад нийцээгүй” гэж тайлбарлан маргажээ.

4.2. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 3.2.2-т “анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах, 4.1.5-д “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх”, 5.2. “Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй” гэж тус тус заасан.

4.3. Анхан шатны шүүх хариуцагчийн “... индексийг нээлттэйгээр зарлаж, ерөнхий мэргэжлийн хэмжээнд шалгалтыг авч болно гэдэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн” гэх тайлбарыг үндэслэн “... Г.М нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолт”-д зааснаар тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг тус тус хангасан байна” гэж дүгнэжээ.

4.4. Гэтэл хэрэгт Г.Мгийн эзэмшсэн Экологи, байгаль хамгаалал, Хүрээлэн буй орчин судлалын мэргэжил нь албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагад нийцэж байгаа эсэх, Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг ерөнхий мэргэжлийн хэмжээнд дүйцүүлэн авч болох чиглэлийг Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн эсэх талаар баримт байхгүй байна.

5. Түүнчлэн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... би сорилын шалгалтад 16 оноогоор илт давуу байсан ч ярилцлагын шалгалтад намайг 9 оноогоор, Г.Мг 26 оноогоор үнэлсэн үндэслэлээ хариуцагч нотлох баримттайгаар тайлбарлаж чадаагүй ... ярилцлага 12 цагийн үед болсон. Шалгалтын дүн байршсан эсэхийг харахад бусад хүмүүсийн дүн гарсан, миний болон Г.Мгийн дүн гараагүй байсан. 16.00 цагт дүнтэй танилц гэсэн, Шалгалтын дүнг тухай бүр мэдээллэх журмыг зөрчсөн. Миний ярилцагын бичлэг байгаа хэр нь Г.Мгийн бичлэг байхгүй, шүүх энэ талаарх баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

5.1. Хариуцагчаас “... шалгалтын дүн дээр маргах зүйл байхгүй. Бичлэг хийсэн боловч цэнэггүй болоод бичлэг хийгдээгүй байсан. Хурлын тэмдэглэл, оноо, явцын талаарх баримтуудаа Төрийн албаны зөвлөл рүү явуулсан” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд ярилцлагын шалгалтын бичлэг хийгдсэн эсэх, шалгуулагч нарт ямар асуулт тавьсан, хэрхэн хариулсан талаар болон шалгалтын дүнг тухай бүрт танилцуулаагүй учир шалтгааныг тодруулж, холбогдох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна. Энэ талаар нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

6. Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус заасан.

6.2. Хариуцагчаас Г.Мг шалгалтад бүртгэхдээ журам зөрчсөн гэж тайлбарлан маргахад шалгалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжтой биш байна.

6.3. Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 116/ШШ2023/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ