Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1571

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01571

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, “Монгол глобал” ХХК-ийн байр 209 тоотод байрлах “Дафенг шүн” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9019041006, регистрийн дугаар 5227283/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ 24 байр 200 тоотод оршин суух Юмчин овогт Самбуугийн Баттогоо /РД:ЧА66112915/-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,254,650 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн С.Баттогоо нь “Дафенг шүн” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр худалдах худалдан авах ¼ тоот гэрээ байгуулан, Фотон маркын хүнд даацын өөрөө буулгагч автомашиныг 295,000 юань буюу 68,817,600 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа 92,300 юаныг 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 202,700 юаныг 5 сарын хугацаанд cap тутам тэнцүү хуваан төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд улмаар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болон 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Худалдах-худалдан авах 1/4 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үлдэгдэл төлбөр болох 5,254,650 төгрөгийг нэг сард 2,627,325 төгрөгөөр нийт 2 сарын хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож нэмэлт гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,254,650 төгрөгийг С.Баттогоогоос гаргуулж өгнө үү.“ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие “Дафенг шүн” ХХК-тай хамтран гэрээ байгуулж нийт 68,000,000 төгрөгийн үнэ бүхий “Фотон” маркийн автомашин худалдан авч зохих хугацаанд төлбөрийг төлж барагдуулж одоо үлдэгдэл төлбөр болох 5,380,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр гэрээ байгуулж хугацааг сунгаж эвлэрүүлэн зуучлуулж өгөхийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “Дафенг шүн” ХХК-иас нэхэмжилсэн 5,254,650 төгрөгийг хариуцагч С.Баттогоо нь хүлээн зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаа амласан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”гэжээ.  

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Дафенг шүн” ХХК нь С.Баттогоод холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,254,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Хариуцагч С.Баттогоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,254,650 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь  хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах  үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

         ЗАХИРАМЖЛАХНЬ:

1. “Дафенг шүн” ХХК-ийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,254,650 төгрөгийг хариуцагч С.Баттогоо нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дафенг шүн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,024 төгрөгнөөс 49,512  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 49,512 төгрөгийг, хариуцагч С.Баттогоогоос 49,512 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дафенг шүн” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                 

ШҮҮГЧ                                       Д.ЦЭРЭНДОЛГОР