Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2017/00598

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1977 оны 03 сарын 04-ны өдөр төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, эмргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Орхог аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Зүүн Дэнж, 1-8 тоотод оршин суух Жуда овогтой Доржийн Алтантуяагийн /РД:ФЖ77030400/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа ажил эрхлэх, ээжийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, Баруун задгай, 9-8 тоотод түр оршин суух Чонос овогт Наранцэцэгийн Бадамрагчаад /РД:ФЖ72081112/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Алтантуяа, хариуцагч Н.Бадамрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Бадамрагчаатай 2002 оны 02 дугаар сарын 26-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 02 дугаар сарын 21-нд охин төрсөн. Бид гэр бүл болоход миний бие өөрийн дагавар хүүтэй байсан. Бид хоорондоо таарч тохирохгүй 8 жил тусдаа амьдарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж өөрийн хүү А.Мягмарболд, охин Б.Солонго нарыг өөрийн асрамжинд авч, охиндоо эцгээс нь тэтгэлэг тогтоолгож бидний дундын эд хөрөнгийн маргаан байгаа тул Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн баруун задгайн 9-8 тоотод байрлах хашаа байшингын маргааныг таслаж өгөхийг хүсье. Уг байшинг барихад “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагаас миний хүү А.Мягмарболдын нэр дээр барилгын материал бэлэглэсэн болно” гэв.

Хариуцагч Н.Бадамрагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Алтантуяатай 2002 оны 02 сарын 26-нд гэр бүл болон өдийг хүртэл амьдарч ирсэн. Бид хоёрын хоорондын маргаанаас хойш тус тусдаа амьдрах болсон. Гэвч би эхнэр хүүхэд нартайгаа үргэлж холбоотой байсан. Би 2012 оноос ажилгүй болж хувиараа ажил хийх болсон. Өвлийн цагт ажил муу олддог тул эхнэр хүүхэддээ анхаарал халамж багадуулсан нь миний буруу. Би эхнэр хүүхэддээ хайртай. Иймээс цаашид хайр халамжаа илүү их тавина гэдгээ ханьдаа амлаж байна. Иймд надад итгэл үзүүлж амьдарлаа илүү сайн болгоход минь хугацаа өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь Н.Бадамрагчаад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид нь 2002 онд гэр бүл болж, 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Солонго төрсөн болох нь Г-186 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Дэнж багийн Засаг даргын тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Гэрлэгчдийн хэн аль нь цаашид бие биеэ хайрлан хүндэтгэж, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй, түүнчлэн удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Орхон аймаг, Баян-Өндөр сумын, Их залуу багийн, Баруун задгай, 9-8 тоотод байрлах хашаа байшингаас өөрт оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул дундын эд хөрөнгийг хуваалгах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч холбогдох баримтаа бүрдүүлж дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жуда овогтой Доржийн Алтантуяа, Чонос овогт Наранцэцэгийн Бадамрагчаа нарын гэрлэлтийг цуцалж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 02 дугаар сарын 21-ны өдөр төрсөн охин Б.Солонгыг эх Д.Алтантуяагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Солонгыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Н.Бадамрагчаагаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 47 052 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ