Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр                       Дугаар 142/ШШ2017/00593                     Орхон аймаг

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, Тээвэрчдийн гудамж-39, МЭИК ХХК-ийн байр, 104 тоотод байрлах “Чингис Хаан Инженеринг групп” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг, “Эрдэнэт Хүнс” ХК-д холбогдох,

 “2016 оны 04 сарын 27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Чингис Хаан Инженеринг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Эрдэнэт хүнс” ХК-ийн нийт хувьцааны 36,79 хувь буюу 145.075 ширхэг хувьцааг  эзэмшдэг юм. Гэвч тус компани нь 2015 оны 04-р сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулахдаа дараах зөрчлүүдийг гаргажээ. Үүнд:

1.Хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг манай компанид мэдэгдээгүй. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 02-р сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хурал зарлагч этгээд нь хурлын зарыг хурал хуралдахаас 30 болон түүнээс багагүй хоногийн өмнө өдөр тутмын 2-оос доошгүй сонин, орон даяар нэвтрүүлгээ түгээдэг радио, телевиз болон Хөрөнгийн биржийн цахим хуудсаар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ мэдээлнэ ” гэж заасан. Гэвч “Эрдэнэт хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг Монголын  Хөрөнгийн биржийн албан ёсны www.mse.mn цахим хуудсаар мэдээлээгүй ба тус цахим хуудасны мэдээ мэдээлэл буланд 2016 онд тавигдсан бүх зарыг нягталж үзэхэд хурлын зар байхгүй байна.

2.“Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3.10-т “Хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичгийг хурлын зар мэдээг нийтэд анх хүргэсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, диллерийн компанид хүргүүлнэ" гэж заасныг биелүүлээгүй.

3.Компанийн тухай хуулийн 75.4-т "Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нъ ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба •тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна” гэж заасны дагуу шинээр сонгогдсон гишүүдийн дэлгэрэнгүй анкетыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулаагүй. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь Компанийн тухай хуулийн 75.8, 79.1-т тус тус заасан шаардлагуудыг хангасан эсэх талаар хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй.

4.Компанийн тухай хуулийн 46.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нъ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэж заасныг биелүүлээгүй, хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй.

5.Компанийн тухай хуулийн 81.2-т “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын, цалин, урамшууллын, нэр дэвшүүлэх хороодтой байх бөгөөд эдгээр хороодын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэнэ” гэж заасны дагуу дээрх дэд хороодыг байгуулаагүй, энэ талаар холбогдох тогтоол шийдвэр байхгүй. “Эрдэнэт хүнс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн ээлжит хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын холбогдох зүйл, заалтуудыг тус тус зөрчсөн байх тул энэхүү хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 36 болон 79 хувийг эзэмшдэг. Үүнээс гадна хариуцагч өөрөө нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгөх ёстой. СЗХ-ны сайт дээр гарсан гэж баримт гаргаж өгсөн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Мөн хариу тайлбартайгаар холбоотойгоор СЗХ-оос гаргасан журмын дагуу сонинд зар өгсөн гэх боловч бас баримт байхгүй. СЗХ-оос 9/3020, 2016 9 2 9/2695 дугаартай доорхи зөрчлүүд гарсан байна гэдгийг “Эрдэнэт хүнс” ХХК-д явуулсан. Үүнээс гадна манай компаниас 2017 5 1 17/018 дугаартай Д.Сүхбатад албан бичиг явуулаад хариу мэдэгдэнэ үү гэхэд одоо болтол баримт ирүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага  үндэслэл бүхий байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт Хүнс” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. “Эрдэнэт хүнс” Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэт хүнс” Хувьцаат компанийн байранд 52.34 хувийн хурлын ирцтэйгээр хурлыг зохион байгуулсан.

2. “Эрдэнэт хүнс” Хувьцаат компани нь Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг Монгол Улсын “Компанийн тухай хууль“ болон “Компанийн дүрэм“- холбогдох заалтын дагуу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар гаргаж 2016-01/02 тоот тогтоолоор баталсан болно. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 оны  02 дугаар сарын  15-ны өдөр баталсан 34 дугаарын “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай” журмыг удирдлага болгон “Эрдэнэт хүнс” хувьцаат компаний хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлын бэлтгэл хангуулах, хурлыг зохион байгуулах 13 заалт бүхий ажлын удирдамж гарган хэрэгжүүлж ажилласан болно.

3. “Эрдэнэт хүнс” Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 32/1-13хувийн дугаартай улсын бүртгэгчээр бүртгүүлсэн “Эрдэнэт хүнс” нээлттэй хувьцаат компанийн дүрмийн 7.22-д ‘Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулснаар бүрэн эрх үргэлжлэнэ” гэж заасны дагуу “Эрдэнэт хүнс” Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар 3 жилийн хугацаатай сонгож эрхийг нь хуульд заасны дагуу баталгаажуулсан 56 хуудас бүхий хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн хугацаанд буюу ажлын 3 хоногийн дотор хүргүүлсэн болно. Хүргүүлсэн хурлын материалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гаргасан шийдвэртэй холбогдуулан хурлыг хүчин төгөлдөр бусд тооцох тухай ямар нэг албан тоот болон мэдэгдэл ирээгүй учраас хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна.

4."Эрдэнэт хүнс” Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдлийг 2016.03.21-ний өдрийн 16-01/03 тоот албан бичгээр “Монголын Хөрөнгийн бирж“ ХК-д, 2016.03.21-ны өдрийн  16-01/04 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, хурлын зарыг "Компаний тухай хууль” болон Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан 34 дугаарын “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай” журмын холбогдох заалтын дагуу “Зууны мэдээ” сонины 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 63 дугаарт,  2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 73 (5259) дугаарт, “Өдрийн сонин”-ны 2016 05 дугаар сарын 29-ны өдрийн 71 (5336) дугаарт, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 086 дугаарт тус тус  удаа гарган зарлуулсан ба хурлыг хуульд заасан хугацаанд холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн эрхийг компанийн тухай хуульд зааснаар баталгаажуулсан болно гэж үзэж байна.

5. Компанийн тухай хуулийн 65.6-д заасны дагуу “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах хувьцаа эзэмшигчдэд дараахь баримт бичигтэй танилцах бололцоог олгоно“ гэж заасан заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор хурлаар хэлэлцэх асуудал болон хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй компанийн байранд өдөр бүр 10.00-15.00 цагийн хооронд харилцаж болох тухай холбогдох утас болон е-майл хаягийг хурлын зард тусгаж хурлын тухай танилцуулга бүхий товхимлыг хувьцаа эзэмшигчдэд зориулан 300 ширхэгийг хэвлүүлж гаргасан.

6. Компанийн тухай хуулийн 75.8-т “компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэсэн заалтын дагуу тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд сургалтанд хамрагдсан ба сургалтанд хамрагдсан тухай гэрчилгээний хуулбарыг 2015 оны хурлын материалд хавсаргаж явуулсан.

7. Компанийн тухай хуулийн 75.4-т заасан заалтын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд зөвлөлийг байгуулсан тухай тогтоол шийдвэр болон хараат бус О.Баясгалан, Д.Ганбат, Д.Баасандорж нарын гишүүдийн дэлгэрэнгүй анкетыг 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн хурлын матөриалд хавсаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн.

8. "Эрдэнэт хүнс” Хувьцаат компани нь 2013 оны эхний үлдэгдлээр шүүхийн шийдвэртэй нийт 950 854 071.00 (өсөн зуун тавин сая найман зуун тавин дөрвөн мянга далан нэг ) төгрөгийн өр төлбөртэй байгаа бөгөөд өр төлбөрийг төлж барагдуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тул ногдол ашиг хуваарилах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.“Эрдэнэт хүнс” Хувьцаат компанийн 394298 ширхэг хувьцааг нийт 289 иргэн, хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшигч “Чингис хаан инженөринг групп “ ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүн оролцуулах тухай явуулсан 18 дугаарын албан тоот бичгийг 2016.05.12-ны өдөр хүлээн авсан юм. Энэхүү гаргасан хүсэлт нь “ Компанийн тухай хууль”-ийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасан заалтыг зөрчиж тул хангах боломжгүй байсан. Нэхэмжлэгч “Чингис хаан инженеринг групп “ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Монгол улсын “Компанийн тухай хууль”-ийн 70 дугаар зүйлийн 70.1 заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Сонинд зарласнаа нотлоогүй гэж байна. Өмнө нь энэ хэрэг буцаад дахиж шүүгч Д.Ариунцэцэгт ирж байсан. Тэр үед сонинд үзлэг хийгээд энэ талаар ямар ч маргаангүй болсон. Нэхэмжлэгч талаас 8 удаа хурал хойшлуулж байсан. Тийм учраас энэ асуудлыг дахин сөхөөд байх шаардлага байхгүй. 2016 оны  06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл байгаа. Хуулиар хуралдах хугацаандаа хуралдаагүй компаниудыг зарласан байдаг. Хэд хэдэн компаниудыг нэрлэсэн байдаг. Тэр 52 компаниудын нэрс дунд “Эрдэнэт хүнс” ХХК байдаггүй. Бичмэл нотлох баримтын талаар дурьдаж байна. Өмнө нь нотлогдсон зүйлийг дахин дахин бүрдүүлэх боломжгүй. Хөрөнгийн биржийн зарын талаархи албан бичгийг шүүх эх хувиас нь хуулбарласан. 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хуралдаад ТУЗ эсвэл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргана. ТУЗ бол шийдвэрээ гаргасан. Хурлыг хэн зарлах тухай асуудал байна. Энэ нь нийтэд илэрхий байгаа. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтэд илэрхий зүйлийг дахин нотлох шаардлагагүй. Дэд хороо байгуулаагүй гэх утгатай албан бичиг явуулаагүй гэдэг. Гэтэл СЗХ тийм баримт шаардаагүй учраас явуулаагүй. Түүний дагуу хороо байгуулсан тухайгаа дараа нь хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д байгаа. Шүүхэд мэдүүлэх эрх нь эрх нь зөрчигдсөнөөс хандах эрхтэй болдог. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Чингис хаан инженеринг групп” ХХК, хариуцагч “Эрдэнэт хүнс” ХК-д холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч “Эрдэнэт хүнс” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч “хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй” үндэслэлээр шүүхэд болон Санхүүгийн зохицуулах хорооны алинд ч гомдол гаргах эрх нь нээлттэй байна.

“Эрдэнэт Хүнс” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3 дугаар бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монголын хөрөнгийн биржид ирүүлж, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд байршуулан, олон нийтэд мэдээлсэн, хувьцаа эзэмшигчдийн  хурлыг 2016.04.27-ны өдөр 52.3 хувийн ирцтэй хуралдуулсан болох нь хэрэгт авагдсан Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ний 2016 оны 11 сарыг 11-ны өдрийн 01/845 тоот албан бичиг, Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 9/306 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Эрдэнэт хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн ээлжит хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын холбогдох зүйл, заалтуудыг тус тус зөрчсөн...” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 70, 71 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Компаний тухай хуулийн 59-р зүйлийн 59.4, 65 дугаар зүйлийн 65.1, 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг баримтлан “Чингис Хаан Инженеринг групп” ХХК-ний “Эрдэнэт Хүнс” ХК-нд холбогдуулан гаргасан “Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ