| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0000/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/593 |
| Огноо | 2021-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.О |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/593
2021 05 19 2021/ШЦТ593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Б.О /томилолтоор/,
Иргэдийн төлөөлөгч Ш.Ч,
Шинжээч Б.А /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У, түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Б холбогдох эрүүгийн 2006 00000 0899 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд Дарь Эх 11 дүгээр гудамжны 1051 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтЖ. Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Ж.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б- толгойн тус газарт нь чулуу шидсэний улмаас зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч А.Бат-Эрдэнэ нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаачийг нас барсных нь маргааш өглөө нь буюу 9 цагийн үед над руу ярихад нь мэдсэн. Тухайн үед томографикт үзүүлэхэд тархи нь бяцарсан байсан. Маш гомдолтой байна. Би 4 нялх хүүхэдтэй. Энэ хэсэг хугацаанд хүүхдүүдэд маш их хэцүү байдалтай байсан. Одоо ч гэсэн хүүхдүүдэд хэцүү байгаа. Хэрэгт өгсөн хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч М.Ар “Гэмтэл авахаас өмнө уушгины хатгалгаатай гэсэн онош оношлогдоогүй байсан. Гавал тархины цусан хураа нэгэнт удаан хугацаагаар хэвтэрт байгаа өвчтөнд хэвтрийн хатгалгаа үүссэн бол тухайн хүний бие махбодын эсэргүүцэх чадвар, эмчилгээнд тэсвэртэй байдал зэрэг олон хүчин зүйл хамаарах бөгөөд эмчилгээний хийгдсэн боловч үр дүнд хүрэхгүй тохиолдолд байдаг. Амь хохирогч А.Б учирсан гэмтэл нь гавлын ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа үүссэн учир гавал тархин дээрх цусан хурааг авах мэс засал хийлгэсэн. Үүний дараа гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлэгдсэн байдаг. Гавлын ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа нь гэмтлийн зэргийн заавраар амь хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаардаг. Хэрвээ хатуу хальсан дээрх цусан хурааг аваагүй бол тархи дарагдаж амь насанд аюултай байх байсан. Тийм учраас хагалгаа хийж хатуу хальсан дээрх цусан хурааг авснаар амь насыг аварсан. Гэсэн хэдий цусан хураа нь тархийг дараад тархины шилжилт үүсгэсэн. Энэ нь тархи дарагдаж хавагнаснаас болсон. Ингээд хэвтрийн дэглэмд орсны улмаас уушгины хэтийн хавтгайгаар хүндэрсэн байсан. Эмчилгээ авахгүйгээр амьсгалын дутагдлаар талийгаач нас барсан. Гавал тархины гэмтлээс үүссэн хэвтрийн хатгалгаа нь гавал тархины гэмтэлтэй шалтгаант холбоотой. Хатуу хальсан дээрх цусан хураан үүсэж тархи дарагдаж, комд ордог. Хэрвээ уушгины хатгалгаа өвчин тусаагүй байсан бол энэ хүний амь аврагдах боломжтой байсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 3-4 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед ээж Норовсүрэн над руу залгаад танай нөхөр А.Б энд нэг айлд ухаангүй байдалтай байна гэж Одхүү гэдэг хүн ирж хэллээ гэж ярьсан. Тухайн үед би архи уусан юм уу, яасан юм болоо гэж асуухад ээж мэдэхгүй ээ ухаангүй байна гэж хэлсэн. Ээж Норовсүрэн, хүргэн Мөнх-Оргил хоёр О гэрт очиж үзсэн ба ухаангүй байдалтай байхаар нь цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэний эмч үзээд шууд авч явсан ба М над руу залгаад биеийн байдал муу байгаа талаар хэлсэн. Шууд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орж томографикийн зураг авхуулахад тархиндаа гэмтэлтэй байсан тул Гэмтлийн эмнэлэгт шилжүүлж ирсэн. Гэмтлийн эмнэлэгт ирээд яаралтай хагалгаанд орсон ... 2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл ухаангүй байдалтай байна ... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед нөхөр А.Б нь гучхан минут хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Гэрт байхад найзууд нь утас руу залгаад байхаар нь гэрээс гаргасан. Гарч явснаас нь хойш би утас руу нь залгаж ярихад одоо очлоо гэж хэлээд ирээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 7-11 хуудас/,
“Шүүх хурал болсны дараа 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний нөхөр А. дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Эмчилгээний зардалтай холбоотой 8.293.898 төгрөгийн баримт, нас барсантай холбоотой оршуулгын 7.827.862 төгрөгийн, нийт 16.121.760 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Энэ хохирлоо гаргуулмаар байна. Маш их гомдолтой. Нөхөртэй маань хамт архи уусан хүмүүс ямар учраас эмнэлгийн байгууллагад хандаж тусламж дуудаагүй юм бол гэх бодол толгойноос гарахгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 224-225 хуудас/,
Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 30 минутын үед гэртээ сууж байсан чинь Одхүү гэх залуу ирээд танай хүргэн чинь манай гэрт ухаангүй байна, би ажилдаа явах гэсэн чинь босч өгөхгүй бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд би хэзээ ирсэн юм яасан гэж асуухад өчигдөр орой нүдэн Баагий, Батболд нар манай гэрт сугадаад чирээд оруулж ирээд танай танайд хонуулчихъя гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Мөнх-Оргилыг дагуулаад Одхүүгийн гэрт очиход манай хүргэн Бат-Эрдэнэ гэрт нь ямар ч ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бат-Эрдэнэ бид хоёр алхаж явсаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Булгийн хажуу гэх нэртэй дэлгүүрийн урд явж байтал дэлгүүрийн цаад булангийн шатан дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь Б бид хоёрыг таниад юу хийж яваа юм бэ гэж дуугарсан. Бид хоёр тухайн үед таниагүй. Б 10 метрийн наанаас газраас чулуу аваад шидсэн. Энэ үед шатан дээр сууж байсан хохирогч Б зүүн хойд шанаа буюу толгойн хойд хэсэгт оносон. Сууж байснаа гэнэт толгойгоо бариад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тухайн үед чулуугаар цохисон Б сандарч байсан. Б газраас босгож ирээд баруун гарын сугадаад би зүүн гарын сугадаж өргөөд Тэмүүлэн гэх нэртэй дэлгүүрийн хойд тал руу уруудаад хоёр талаас нь дамжлаад Дарь эх орох гээд явсан. Бат-Эрдэнэ бид хоёр хохирогчийг дамжлаад хоёр талаас нь өргөөд нэг мэдсэн Баянзүрх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах хуурай ах Одхүүгийн гэрт аваачсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч С.Г шалгах ажиллагаанд өгсөн “... найз Б гэрт очиход эхнэр Амараатай хоёулхнаа байсан. Тэгээд хөзөр тоглож байхад найз Батболд Б өөрөө ирсэн. Тэгээд 16 цагийн үед Б, Б бид 3 гарч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 94А байрны гадаа хүргүүлсэн. Тэгээд манай гэрт бид 3 орсон. Эхнэртээ хэлж 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи, 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи бид 4 хувааж уусан. Тэгээд би унтаад өгсөн. Б, нар намайг унтсаны дараа гараад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/,
Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... нөхөр Гантулгын хамт байх үед нөхрийн найз Батболд, Баагий 2 ирсэн. Тэгээд манай нөхрийн хамтаар 0.75 хэмжээтэй Хараа архи уучихаад 19 цагийн үед яваад өгсөн., Б нар нэг их согтоогүй манай гэрээс гарсан. Тухайн үед маргаан хийсэн зүйлгүй, гэрлүүгээ явлаа гээд гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 25 хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... 20 цагийн орчим гаднаас нүдэн Б /Ж.Б/, Батболд хоёр Урианхай Баагий /А.Бат-Эрдэнэ/-ийг хоёр талаас нь сугадсан байдалтай орж ирээд Урианхай Б ор засаж өгөөч гэхээр нь би пишингийн ар талд ор засаж өгөхөд тэр хоёр А.Бат-Эрдэнийг унтуулсан. Тухайн үед А.Б юу ч ярилгүй хурхираад унтаад байсан ... Өглөө 9 цагийн үед босоход А.Б хурхирсан хэвээрээ анх хэвтсэн байдалтай байхаар нь түүнийг босгох гэхэд босохгүй байсан. Би түүнийг согтуудаа унтаад байгаа юм болов уу гэж бодоход нэг л биш байсан ба орондоо шээсэн байхаар нь амны халбагаар цай өгөх гэхэд ууж чадахгүй байхаар нь түүний хадмын гэр нь манай гэртээ ойрхон байдаг болохоор хадам аав, ээж хоёрт нь очоод А.Б өнгөрсөн шөнө Ж.Б, Б хоёртой орж ирсэн, бие нь нэг л бишээ өчигдөр орой ирээд манайд ирээд унтсан одоог хүртэл унтаад байна 10 цаг орчим унтлаа түргэн дуудаж үзүүлэхгүй бол болохгүй. Өчигдөр орой унтахдаа хурхирсан одоо хүртэл хурхираад байна шөнөжингөө хурхирлаа гэхэд хадмууд нь манай гэрт ирээд түүнийг босгох гэтэл босч чадахгүй байхаар нь 103 дуудсан ... Өглөө босоод үзэхэд баруун талын шанаа орчимд шалбараад хавдсан байсан” мэдүүлэг /1хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны өгсөн “А.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 14-нд гавал тархины хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн хүнд цус хуралт, тархины аалзавчинд цус хуралт, гүнзгий комын байдалтай ирж, амь насны заалтаар амь насыг аврахаар тархины мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-нд гэмтлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу хатуу хальсан дээр цус хуралтыг авахаар дахин хагалгаанд орсон ... Өвчтөний биеийн байдал хүнд, ухаангүй, тогтвортой эмчлэгдэж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27 хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4791 дугаартай “А.Б биед зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархины гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух, баруун шанаа, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 29-31 хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай “Амь хохирогч А.Б Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт DS:Уушгины хатгалгаатай хавсарсан уушгины буглаа, амьсгалын дутагдал II-III зэрэг, гэмтлийн шалтгаант тархины хагалгааны дараах байдалтай хэвтсэн ба өвчний оношийг зөв тогтоосон байна. Тухайн эмнэлгийн нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээнүүд болон оношинд тохирсон эмчилгээнүүд хийгджээ. А.Б биед зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал гэмтэл учирсан ба ГССҮТ-д тархины хатуу хальсан дээрх цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийлгэсэн байна. Амь хохирогч нь дээрх гэмтэл хэвтрийн хатгалгаа, уушгины буглаагаар хүндэрсний улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт /2хх-ийн 2-10 хуудас/,
Яллагдагч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэр хорооллын гудамжаар явж байхад 2 залуу шат довжоо шиг юман дээр суучихсан орилж хашхираад Б бид 2 руу чиуу шидсэн, чулуу хэнийг нь ч оноогүй. Би зөрүүлээд газраас ойролцоогоор 10-12 см урттай, 4-6 см орчим өргөнтэй чулуу аваад чулуу шидсэн залуу руу уг чулуугаа шидсэн. Чулуу уг залуугийн толгой хэсэгт оносон ба чулуунд оногдоод л сууж байсан газраасаа газарт унаад өгсөн ... Бид 2-ын хооронд ойролцоогоор 10-15 метрийн зайтай байсан. Нэлээн согтуу байсан болохоор А.Бат-Эрдэнийг таниагүй. Маргалдсан зүйл болоогүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-55/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтууд /1хх-ийн 108-140, 187-192 хуудас/,
Нас барсан гэрчилгээний хуулбар /1хх-ийн 31 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хавтаст хэргээс иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 77 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 81 хуудас/, ЦЕГ-ын нэгдсэн сангийн лавлагаа /1хх-ийн 82-83/ зэрэг болно.
Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 402 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон тогтоох хэсэгт холбогдсон гэмт хэргийн талаар бичихдээ яллагдагчийн нэр байхгүй, хэрэгт хэн холбогдсон, хэнд холбогдох хэргийг зүйлчлээд байгаа нь тодорхойгүй техникийн шинжтэй зөрчил гаргасныг анхааруулбал зохино.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн хажуу дэлгүүрийн орчим чулуу шидлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Бат-Эрдэнийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед ээж Норовсүрэн над руу залгаад танай нөхөр А.Бат-Эрдэнэ энд нэг айлд ухаангүй байдалтай байна гэж Одхүү гэдэг хүн ирж хэллээ гэж ярьсан ... тархиндаа гэмтэлтэй байсан тул Гэмтлийн эмнэлэгт шилжүүлж ирсэн. Яаралтай хагалгаанд орсон ... 13-ны өдөр 13 цагийн үед нөхөр А.Бат-Эрдэнэ нь гучхан минут хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан”, “Шүүх хурал болсны дараа 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний нөхөр А.Бат-Эрдэнэ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Эмчилгээний зардалтай холбоотой 8.293.898 төгрөгийн баримт, нас барсантай холбоотой оршуулгын 7.827.862 төгрөгийн, нийт 16.121.760 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 7-11, 224-225/,
- Гэрч Ц.Н “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 30 минутын үед гэртээ сууж байсан чинь Одхүү гэх залуу ирээд танай хүргэн чинь манай гэрт ухаангүй байна, би ажилдаа явах гэсэн чинь босож өгөхгүй бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд би хэзээ ирсэн юм яасан гэж асуухад өчигдөр орой нүдэн Баагий, Батболд нар манай гэрт сугадаад чирээд оруулж ирээд танай танайд хонуулчихъя гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Мөнх-Оргилыг дагуулаад Одхүүгийн гэрт очиход манай хүргэн Бат-Эрдэнэ гэрт нь ямар ч ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15/,
- Гэрч Б.Б “... Б бид хоёр алхаж явсаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Булгийн хажуу гэх нэртэй дэлгүүрийн урд явж байтал дэлгүүрийн цаад булангийн шатан дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь Бат-Эрдэнэ бид хоёрыг таниад юу хийж яваа юм бэ гэж дуугарсан. Бид хоёр тухайн үед таниагүй. Бат-Эрдэнэ 10 метрийн наанаас газраас чулуу аваад шидсэн. Энэ үед шатан дээр сууж байсан хохирогч Бат-Эрдэнийн зүүн хойд шанаа буюу толгойн хойд хэсэгт оносон. Сууж байснаа гэнэт толгойгоо бариад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тухайн үед чулуугаар цохисон Бат-Эрдэнэ сандарч байсан. Бат-Эрдэнэ газраас босгож ирээд баруун гарын сугадаад би зүүн гарын сугадаж өргөөд Тэмүүлэн гэх нэртэй дэлгүүрийн хойд тал руу уруудаад хоёр талаас нь дамжлаад Дарь эх орох гээд явсан. Бат-Эрдэнэ бид хоёр хохирогчийг дамжлаад хоёр талаас нь өргөөд нэг мэдсэн Баянзүрх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах хуурай ах Одхүүгийн гэрт аваачсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21/,
- Гэрч Б.О “... 20 цагийн орчим гаднаас нүдэн Баагий /Ж.Б/, Батболд хоёр Урианхай Баагий /А.Бат-Эрдэнэ/-ийг хоёр талаас нь сугадсан байдалтай орж ирээд Урианхай Баагийд ор засаж өгөөч гэхээр нь би пишингийн ар талд ор засаж өгөхөд тэр хоёр А.Б унтуулсан. Тухайн үед А.Б юу ч ярилгүй хурхираад унтаад байсан ... Өглөө 9 цагийн үед босоход А.Б хурхирсан хэвээрээ анх хэвтсэн байдалтай байхаар нь түүнийг босгох гэхэд босохгүй байсан. Би түүнийг согтуудаа унтаад байгаа юм болов уу гэж бодоход нэг л биш байсан ба орондоо шээсэн байхаар нь амны халбагаар цай өгөх гэхэд ууж чадахгүй байхаар нь түүний хадмын гэр нь манай гэртээ ойрхон байдаг болохоор хадам аав, ээж хоёрт нь очоод А.Бат-Эрдэнэ өнгөрсөн шөнө Ж.Б, Батболд хоёртой орж ирсэн, бие нь нэг л бишээ өчигдөр орой ирээд манайд ирээд унтсан одоог хүртэл унтаад байна 10 цаг орчим унтлаа түргэн дуудаж үзүүлэхгүй бол болохгүй. Өчигдөр орой унтахдаа хурхирсан одоо хүртэл хурхираад байна шөнөжингөө хурхирлаа гэхэд хадмууд нь манай гэрт ирээд түүнийг босгох гэтэл босож чадахгүй байхаар нь 103 дуудсан ... Өглөө босоод үзэхэд баруун талын шанаа орчимд шалбараад хавдсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-23/,
- Гэрч Ц.Б “А.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 14-нд гавал тархины хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн хүнд цус хуралт, тархины аалзавчинд цус хуралт, гүнзгий комын байдалтай ирж, амь насны заалтаар амь насыг аврахаар тархины мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-нд гэмтлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу хатуу хальсан дээр цус хуралтыг авахаар дахин хагалгаанд орсон ... Өвчтний биеийн байдал хүнд, ухаангүй, тогтвортой эмчлэгдэж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4791 дугаартай “А.Б биед зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 29-31/,
- Баянзүрх эмнэлэг ХХК-ий 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02/318 дугаартай “А.Бат-Эрдэнэ хоёр талын уушгины үрэвсэл хүнд зэрэг, гэмтлийн шалтгаант харвалтын дараах байдал оноштойгоор 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс манай эмнэлгийн Насанд хүрэгчдийн өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 06 дугаар сарын 28-наас Яаралтай тусламжийн төвийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд эмчлүүлж байгаа нь үнэн болно” гэсэн албан бичиг /1хх-ийн 107/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай “Амь хохирогч нь дээрх гэмтэл хэвтрийн хатгалгаа, уушгины буглаагаар хүндэрсний улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт /2хх-ийн 2-10 хуудас/,
- Баянзүрх эмнэлэг болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 25-115/,
- Нас барсан гэрчилгээний хуулбар /1хх-ийн 31 хуулбар/,
- Яллагдагч Ж. “... гэр хорооллын гудамжаар явж байхад 2 залуу шат довжоо шиг юман дээр суучихсан орилж хашгираад Батболд бид 2 руу чиуу шидсэн, чулуу хэнийг нь ч оноогүй. Би зөрүүлээд газраас ойролцоогоор 10-12 см урттай, 4-6 см орчим өргөнтэй чулуу аваад чулуу шидсэн залуу руу уг чулуугаа шидсэн. Чулуу уг залуугийн толгой хэсэгт оносон ба чулуунд оногдоод л сууж байсан газраасаа газарт унаад өгсөн ... Бид 2-ын хооронд ойролцоогоор 10-15 метрийн зайтай байсан. Нилээн согтуу байсан болохоор А.Бат-Эрдэнийг таниагүй. Маргалдсан зүйл болоогүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-55/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3 дахь хэсэгт “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгч Ш.Чинбатын зүгээс шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй болохоо илэрхийлж, холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан, түүний өмгөөлөгч Ц.М гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж оролцсон бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б хэргийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэтгэлцэж оролцсон.
Хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбарууд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмчийн тайлбар зэргээр талийгаачийн биед хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас 2 удаа мэс засалд орсон, мэс засалд яаралтай орсноор тухайн үед амь аврагдсан, ГССҮТ-д 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 36 хоног хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарсан, анх эмнэлэгт ирэх үед биеийн байдал маш хүнд, гарах үед биеийн байдал хүндэвтэр гэж өвчний түүхэнд тэмдэглэсэн,
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс гарснаас хойш 1 сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт уушгины хатгалгаатай хавсарсан уушгины буглаа, амьсгалын дутагдал II-III зэрэг, гэмтлийн шалтгаант холбоотой тархины хагалгааны дараах байдал гэсэн оноштой хэвтсэн, хэвтэх үед ухаан бүдэг, орчны харьцаа сул гэж өвчний түүхэнд биеийн ерөнхий байдлыг тэмдэглэсэн, гавал тархины хагалгааны дараах байдал гэмтэл нь хэвтрийн хатгалгаа, уушгины буглаагаар хүндэрсний улмаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь тогтоогдсон.
Талийгаачийг нас барсны дараа хохирогчийн хууль төлөөлөгч У.У зүгээс Баянзүрх дүүргийн эмнэлэгт хандан “Эмгэг судлалын шинжилгээ болон шүүх эмнэлгийн шинжилгээний тухай мэдээлэл бүрэн авсан, өмгөөлөгчтэйгөө ярилцаад эмгэг судлалаар орохоор болсон. Тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд санал гомдол байхгүй” гэсэн өргөдөл /2хх-ийн 57/ бичсэний дагуу талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийгдээгүй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4791 дугаартай шинжээчийн дүгнэлтэд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж тусгасан байгаа нь анхнаасаа амь нас аврагдах боломжтой гэмтэл байсныг илэрхийлжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 169 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2 шинжээч гаргаж, 1 шинжээч тусгай санал бичсэн ба хэргийн материалаар өвчний түүх, эмгэг судлалын шинжилгээнд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй байна.
Гавал тархинд гэмтэл учраагүй бол хэвтэрт орохгүй, хэвтрийн хатгалгаа тусаагүй бол уушги буглахгүй, гавал тархины гэмтэл болон уушгины буглааны улмаас биеийн байдал хүндрээгүй бол амь нас хохирохгүй гэсэн шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдаж талийгаач А.Бат-Эрдэнэ рүү чиглүүлэн чулуу шидсэн идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байгааг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Б санаатай үйлдлийн улмаас А.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан хор уршиг учирсан ба үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж хүндрүүлэх шинжийг заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.
Иймд Ж.Б “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас талийгаач А.Б эмчилгээний зардалтай холбоотой 8.293.898 төгрөг, оршуулгын зардалтай холбоотой 7.827.772 төгрөг буюу нийт 16.121.760 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бэс 16.121.760 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэгт олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ж.Бэс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Ж.Б 40 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Бд 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол өмгөөлөгч Б.Борхүү 9 жилээс дээш хорих ял оногдуулах, өмгөөлөгч Ц.Мандал хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ж.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл, согтуугаар оройн цагаар гудамж талбайд үл ялих зүйлээр шалтаглан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн байна.
Тус гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Ж.Б согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан ба энэ хор уршиг нөхөгдөхгүй шинж чанартайг тэмдэглэвэл зохино.
Хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй, зөрчилд холбогдоогүй, гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн байна. Гэвч гэмт хэрэг гарснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хохирол төлбөр төлөх санал санаачилга гаргаагүй, энэ нь өөрийн нэр дээр шилжүүлээгүй боловч худалдан авсан газар хашаа байдаг гэх боловч үүнийг өмгөөлөгчөөр дамжуулан хохиролд тооцуулах боломж байснаар илэрхийлэгдэж байна.
Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Б нь энэ хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тооцвол нийт 399 хоног цагдан цагдан хоригджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б цагдан хоригдсон 399 хоногийг ял эдэлсэнд тооцож, эд ялаас хасах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ж.Б “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 399 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бэс 16.121.760 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэгт олгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бэс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Х.САНЖИДМАА
Ө