Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1597

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01597

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС 45 тоотод оршин суух Эрдэнэбаярын Баньдхүүгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС 48 байранд оршин суух Шандан овогт Агвааны Онон /РД:ЧП68062530/-д холбогдох            

 

4,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Баньдхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “2013 оны 11 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр авч сар бүрд 5 хувийн хүүтэй өгнө. Би танд 40 тн контейнер авч өгнө гэж нэг жил хуурч сар жилээр өгнө. Одоо би 4,400,000 төгрөгийг А.Ононгоос гаргуулан авч миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү.

Э.Баньдхүү нь А.Ононгийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор өр төлбөрийг барагдуулах болно гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гаргуулах саналтай байна” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Онон би Э.Баньдхүүгээс авсан зээл болон хүү нийт 4,400,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулах болно” гэжээ.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Баньдхүү нь А.Ононд холбогдуулан 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Хариуцагч А.Онон нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь  хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах  үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

         ЗАХИРАМЖЛАХНЬ:

1. Э.Баньдхүүгийн нэхэмжилсэн 4,400,000 төгрөгийг хариуцагч А.Онон нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Баньдхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгнөөс 42,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 42,675 төгрөгийг, хариуцагч А.Ононгоос 42,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Баньдхүүд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                 

ШҮҮГЧ                                       Д.ЦЭРЭНДОЛГОР