| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00483/и |
| Дугаар | 592 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 592
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2017/00592 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, 27 настай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-о хороо, 50-5 тоотод оршин суух Боржигон овогт Бямбасүрэнгийн Батсайханы /РД:РС90030211/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд төрсөн, 27 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, 5-5 тоотод оршин суух Өндөрнөр овгийн Ганзамын Баяржаргалд /РД:РН90020162/ холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 20-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батсайхан, хариуцагч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2008 онд Г.Баяржаргалтай танилцаж улмаар албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2011 онд хүү Б.Ананд төрсөн. 2014 оноос хойш таарч тохирохгүй болж Батсайхан миний бие өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул гэрлэлтийг цуцалж, хүү Анандыг эхийн асрамжинд үлдээж өгнө үү. Би хүүхдийн тэтгэлэг өгнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батсайханы гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй. Нэхэмжлэгч Батсайханы хэлсний дагуу хүү Б.Анандад тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч Г.Баяржаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Г.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүүгийнхээ тэтгэлэгийн мөнгийг Б.Батсайханаас тогтоолгох хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2008 онд танилцаж, 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас хүү Б.Ананд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г-1903 дугаартай Б.Анандын төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 57 дугаартай Орхон аймгийн 7-р цэцэрлэгийн тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1467 дугаартай Баянзүрх дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийцэл Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа таарч тохирохгүйн улмаас 2014 оноос хойш тус тусдаа амьдрах болсон, Б.Батсайхан өөр хүнтэй гэр бүлээс гадуур харьцаатай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Б.Ананд нь төрсөн цагаасаа эхийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, 5-5 тоотод амьдарч байсан ба хүүхдийн насны байдал, хүүхдийн өссөн орчин нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнээд эх Г.Баяржаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Б.Батсайхан нь хүү Б.Анандын төрсөн эцэг нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байх ба хүү Б.Анандад хүүхдийн тэтгэлэг төлнө гэснийг дурдав.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Б.Батсайханаар тэтгэлэг гаргуулан хүү Б.Анандыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Бямбасүрэнгийн Батсайхан, Өндөрнөр овгийн Ганзамын Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Анандыг эх Г.Баяржаргалын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Анандыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Батсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.
4 Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 40 294 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ