Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/602

 

 

 

 

 

 

   

   2021        05         20                                     2021/ШЦТ/602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Ц.Г

шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Базаррагчаагийн Дэмбэрэлсайханд холбогдох эрүүгийн 2106 00000 0166 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Эрдэнэ толгой 40 дүгээр гудамжны 117 тоотод  оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, 

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг  жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 46 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял,

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржгин овогт Д /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Д нь 2021 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Баялаг дэлгүүрийн орчим иргэн Ө.Б хоолойг үүрч явсан цүнхний оосроор нь боож, газарт унагаан, цээжин дээр нь хөлөөрөө гишгэж, улмаар түүний үүрч явсан жижиг цүнхийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн,

2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд иргэн Ө.Б нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний булгаралт, уруулд язралт,  зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2 дугаар сарын 18-ны үдээс хойш хохирогч бид 2 хамт ажилладаг байсан Эрдэнэсайхан ахынд очсон. Би тэр өдөр согтуу байгаагүй, унтаж байсан. Эрдэнэсайхан ах ажлаа тараад Батцэнгэл гээд хүнийг дагуулж оруулж ирсэн. Би босож ирээд ахтай ажил ярьж байгаад нэг шил архи уусан. Нэг эгч орж ирээд загнасан. Батцэнгэл ах бид 2 хамт гарсан. Цаашаа явж байхдаа ахын дүү цүнх барьж байгаач ах нь бие засъя гэсэн. Би цүнхийг нь бариад алхаж байтал хойноос янз бүрээр хэлээд байсан. Одоо чамайг ална, чи зогсож бай, цуг явъя гээд байсан. Хашааны үүдэн дээр очиход хойноос бариад авахаар нь хавсарч унагаагаад цаашаа гүйгээд явсан. Хүч хэрэглэсэн буюу дээрэм хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18 хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өнөөдөр 9 цаг гагнуур хийхээр Улиастай руу явсан. Надтай хамт манай урд гудамжинд байдаг Эрка /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ явсан. Бид нар ажлаа хийж дуусгаад 18 цагийн үед Эркагийн гэрт ирсэн. Гэрт нь ирээд Эркагийн эхнэр надад цай хоол хийж өгөөд дайлсан. Тэдний гэрт намайг очиход согтуу 30 гаруй насны залуу унтаж байсан. Тэгээд бид нар замаасаа 1 шил архи авсан байсныгаа Эркагийн гэрт хувааж уусан. Архи уух үед Эркагийн гэрт унтаж байсан залуу босож ирээд бид нартай хамт архи уусан. Тухайн үед тэр залуу өөрийгөө хэн гэж танилцуулсныг санахгүй байна. Тэгээд Эркагийн гэрт байж байхад эгч нь орж ирээд уурласан. Иймд би Эркагийн гэрт байсан танихгүй залууг явъя гэж хэлээд гэрээс авч гараад гэрлүүгээ харихаар явж байтал гэнэт тэр залуу намайг нарийн гудамжны аман дээр миний жижиг цүнхний оосороор хоолойг боосон. Би тухайн үед бага зэрэг уучихсан байсан болохоор амархан газарт унасан. Намайг газарт унасан байхад тэр залуу миний цээжин дээр хөлөөрөө гишгэж байгаад жижиг цүнхийг татаад аваад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх 22-23 хуудас/,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өнөөдөр 23:30 цагийн үед манай аав гэртээ хүнд дээрэмдүүлчихлээ гээд хувцас нь шороо болсон байдалтай орж ирсэн. Гэртээ ирэхдээ цүнх болон цүнхэнд байсан эд зүйлсийн хамт аваад явчихсан гэж хэлсэн. Иймд би аавыг дагуулж гараад машиндаа суулгаад Эрка ахын хашаанд очсон. Хашааны хаалгыг нь нүдэхэд Эрка ахын эгч нь гарч ирсэн. Тэгэхээр нь би Эрка ахтай хамт архи уусан хүн аавыг дээрэмдчихсэн байна гээд хэлтэл эгч нь мэдэхгүй, танихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавыг гэрт авч ирж буулгаад ганцаараа нөгөө залууг хайгаад хойд гудмаар явсан. Тэгтэл төв засмал замын урд талын гудамжинд аавын цүнхийг барьчихсан төв зам руу гарах гээд нөгөө залуу явж байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод та яагаад хүний эд зүйл дээрэмдээд явчхаж байгаа юм гээд хэлтэл үг хэлэлгүй намайг түлхээд 626 дугаартай хашааг даваад орчихсон. Тэгтэл удалгүй тэр хашааны эзэн гарч ирээд манай хашаанд хүн явж байхаар нь юун хүн бэ гээд асуусан чинь таксинаас мурьчихлаа гэж хэлээд алга болчихлоо гэж хэлсэн. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирсний дараа эрүүгийн мөрдөгч, н.Ганбаяр, аавын дүү Өнөбат бид гурав 625 тоот хашаан дээр очиход хашааны хажуу талын нүүрсний амбаар дээр нөгөө залуу хэвтэж байсан. Тэр залуу аавын цүнхийг үүрчихсэн хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 24-25 хуудас/,

Гэрч Л.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад байшиндаа унтах гээд хэвтэж байхад байшингийн дээвэр түчигнээд нохой хуцаад байхаар нь гараад шалгахад манай хашаа руу давж орж ирээд дээвэр дээр сууж байсан. Би гайхаад сайн хартал биерхүү эрэгтэй сууж байсан. Би та юун хүн бэ гэж асуухад ах нь таксинд өгөх мөнгөгүй болохоор зугтаад явж байна, би хулгайч биш, манайх урд талын гудамжинд байдаг юм, итгэхгүй бол үнэмлэх гаргаж ирээд шалгаж болно гэсэн. Тэгэхээр нь буугаад ир гэтэл надаас биеэр том 40 орчим настай гэмээр куртикгүй, цамцтай, жижиг бор өнгийн гэмээр цүнхтэй /пасктай/ нимгэн хувцастай эрэгтэй бууж ирсэн. Би буугаад ирэхээр нь том биетэй болохоор нь айгаад эвтэйхэн аргалаад гаргачих санаатай байсан. Тэгээд гаргасан чинь манай зүүн талд байх засмал замаар явж байсан. Цагаан өнгөтэй приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт зогсоод наашаагаа хөдлөөд нөгөө манай байшин дээр байсан эрэгтэй манай хашаа руу эргэж давж орж ирээд баруун талын хашаа руу даваад явчихсан” гэх мэдүүлэг /хх 30-33 хуудас/,

Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... айлын хашаа давж зугтааж байгаад хашаанд байсан нүүрсний амбаарын дээр гараад хэвтэж байхад цагдаа нар ирээд согтуу байсан болохоор эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн” гэх мэдүүлэг /хх 7-8 хуудас/,

 Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 37-40 хуудас/,

Самсунг жи-7 маркийн гар утас, жижиг гар цүнх, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт 2 ширхэг, Хас банкны виза картыг нийт 283.100 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44 хуудас/,

 Эд зүйл баримт бичиг хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх 58-59 хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 117 хуудас/,

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Гантулгын /эрх бүхий албан тушаалтны/ тэмдэглэл /хх 119 хуудас/,

 Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх 32-34 хуудас/,

 Хохирогч Ө.Бя мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 03-нд найз нартайгаа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд ороод үйлчлүүлээд пиво уугаад сууж байсан. Уг бааранд орохоос өмнө бид нар мөн бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчхоод гараад ирэхэд манай ширээний хажууд нэг танихгүй залуу очсон байхаар нь би юун залуу вэ, явчих гэхэд цаанаас нь саарал хувцастай залуу ирээд миний үүдэн шүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд хүмүүс сагаад барьцалдаж байж байхад цагдаа нар ирээд уг залуу бид нарыг цагдаагийн газар авч ирсэн. Тэгэхэд уг залууг Д гэж байсан. Тэгээд Д эрүүлжүүлэхэд оруулсан... одоогоор 180.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн  ... намайг хиймэл шүд хийлгэх шаардлагатай гэсэн, одоогоор хийлгэж чадаагүй байна” гэх мэдүүлэг /хх 16-17 хуудас/,

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө багш нарын баяр тэмдэглэсэн , тэгээд найз нартайгаа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд ороод нэг шил хувааж уугаад сууж байхад хажуу ширээний цэнхэр цамцтай залуу манай ширээн дээр ирсэн...тэгээд юм яриад байсан, цаанаас Бямбасүрэн ирээд уг залууг яваа гэсэн, тэгэхэд цаанаас нь өндөр залуу ирээд Бямбасүрэнгийн уруул хэсэгт нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх 19 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12307 дугаартай “Ө.Б биед 2 шүдний булгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх 2 шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 29-30 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60-61/,

Урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрүүдийн хуулбар /хх 64-80/,

ЦЕГ-ын нэгдсэн сангийн лавлагаа /хх 81-90/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 122 дугаартай дүгнэлт /хх 94-95/,

2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 431 дүгээр тогтоолыг эдэлж дууссан тухай баримт /хх-ийн 61 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар

2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд хохирогч Ө.Бямбасүрэнгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний булгаралт, уруулд язралт,  зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг дэлгүүрийн орчим хохирогч Ө.Батцэнгэлийн хоолойг үүрч явсан цүнхний оосроор боож, газарт унаган цээжин тус газарт хөлөөрөө гишгэн хүч хэрэглэж, түүний үүрч явсан жижиг цүнхийг авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/,

- Хохирогч Ө.Б “... би Эркагийн гэрт байсан танихгүй залууг явъя гэж хэлээд гэрээс авч гараад гэр рүүгээ харихаар явж байтал гэнэт тэр залуу намайг нарийн гудамжны аман дээр миний жижиг цүнхний оосроор хоолойг боосон. Би тухайн үед бага зэрэг уучихсан байсан болохоор амархан газарт унасан. Намайг газарт унасан байхад тэр залуу миний цээжин дээр хөлөөрөө гишгэж байгаад жижиг цүнхийг татаад аваад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх 22-23/,

- Гэрч Б.Г “23:30 цагийн үед манай аав гэртээ хүнд дээрэмдүүлчихлээ гээд хувцас нь шороо болсон байдалтай орж ирсэн. Цүнх болон цүнхэнд байсан эд зүйлсийн хамт аваад явчихсан гэж хэлсэн ... ганцаараа нөгөө залууг хайгаад хойд гудмаар явсан. Тэгтэл төв засмал замын урд талын гудамжинд аавын цүнхийг барьчихсан төв зам руу гарах гээд нөгөө залуу явж байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод та яагаад хүний эд зүйл дээрэмдээд явчхаж байгаа юм гээд хэлтэл үг хэлэлгүй намайг түлхээд 626 дугаартай хашааг даваад орчихсон ... цагдаагийн бүрэлдэхүүн ирсний дараа эрүүгийн мөрдөгч Ганбаяр, аавын дүү Өнөбат бид гурав 625 тоот хашаан дээр очиход хашааны хажуу талын нүүрсний амбаар дээр нөгөө залуу хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 24-25 хуудас/,

- Яллагдагч Б.Д “Хүлээн зөвшөөрч байна ... айлын хашаа давж зугтааж байгаад хашаанд байсан нүүрсний амбаарын дээр гараад хэвтэж байхад цагдаа нар ирээд согтуу байсан болохоор эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн” гэх мэдүүлэг /хх 7-8/,

 - Дамно ХХК-ий БЗД3-21-60 дугаартай “Samsung J7 маркийн гар утас 200.000 төгрөг, жижиг хуучин гар цүнх 19.800 төгрөг, иргэний үнэмлэх 43.300 төгрөг, виза карт 2 ширхэг 10.000 төгрөг, нийт 283.100 төгрөг” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44/,

- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 58-59/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 117/,

- Хохирогч Ө.Б “2020 оны 10 дугаар сарын 03-нд найз нартайгаа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд ороод үйлчлүүлээд пиво уугаад сууж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчхоод гараад ирэхэд манай ширээний хажууд нэг танихгүй залуу очсон байхаар нь би юун залуу вэ, явчих гэхэд цаанаас нь саарал хувцастай залуу ирээд миний үүдэн шүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Уг залууг Дэмбэрэлсайхан гэж байсан. Эрүүлжүүлэхэд оруулсан. 180.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн  ... намайг хиймэл шүд хийлгэх шаардлагатай гэсэн, одоогоор хийлгэж чадаагүй байна” гэх мэдүүлэг /хх 16-17/,

- Гэрч М.А “... цэнхэр цамцтай залуу манай ширээн дээр ирсэн юм яриад байсан, цаанаас Б ирээд уг залууг яв гэсэн, тэгэхэд цаанаас нь өндөр залуу ирээд Бямбасүрэнгийн уруул хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12307 дугаартай “Ө.Б биед 2 шүдний булгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 29-30/

- Яллагдагч Б.Дэмбэрэлсайханы “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 165-166/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дэмбэрэлсайхан, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хүч хэрэглэн дээрэмдсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, хүч хэрэглээгүй гэж маргаж, зүйлчлэлийн хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ө.Батцэнгэл, гэрч Б.Г нарын мэдүүлгээр *******сгэгдэж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, харин хохирогч, гэрч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадсан, өөр бусад баримтаар давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.   

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын өмчлөх эрхийн эсрэг илээр, хүч хэрэглэн, идэвхтэй үйлдлээр халдаж довтолсон байх дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан ба хохирогчийн үүрч явсан цүнхийг авахдаа цүнхний оосроор хоолойг боож унаган цээж хэсэгт хөлөөрөө гишгэж цүнхийг авсан үйлдлийг хүч хэрэглэсэн гэх дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон зөв зүйтэй байна.

Өмчлөх эрхийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд заавал бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хохирогчийн эсрэг эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон үйлдэл хийснээр дээрэмдэх гэмт төгсдөг онцлогтой.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн идэвхтэй үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэн халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дэмбэрэлсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Д нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн даруй хэргийн газартаа баригдаж, эд зүйлсийг буцаан өгсөн болох нь  тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Хохирогч Ө.Б зүгээс гар утасны дэлгэц хагарсан хохирол нэхэмжилсэн боловч энэ асуудлыг зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн прокурорын албан бичиг хэрэгт авагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн улмаас баримтаар 180.000 төгрөгийн хохирол тогтоогдсоныг Б.Д гаргуулж хохирогч Ө.Бямбасүрэнд олгож, Ө.Б нь цаашид шүд эмчлүүлэх шаардлагатай талаар дурдсан байх тул энэ гэмт хэргийн улмаас гарах эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлыг иргэний журмаар Б.Д нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Д гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ц хохирогч Ө.Б учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг үндэслэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл завсарлуулж, уг хохирлыг нөхөн төлсөн байх тул Б.Дэмбэрэлсайханыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн буюу 34 настай, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 7 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч Б.Дэмбэрэлсайханы өмгөөлөгч С.Цацралтуяа нь хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэ

 эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд удаа дараа ял шийтгүүлсэн боловч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн амьдрал зохиож нийгэмд төлөвшиж байсан, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдалтай, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар, шөнийн цагаар, гудамж талбай олон нийтийн газарт дээрх 2 гэмт хэргийг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Дэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сар хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Дэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Дэ нь энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааг эдлэх ялд оруулан тооцно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржгин овогт Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар, хүч хэрэглэж довтлон дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Хохирогч Ө.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Д нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ХАТАНЦЭЦЭГ