| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/626 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/626
2021 05 24 2021/ШЦТ/626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Э.А,
шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Намжилдоржийн С холбогдох эрүүгийн 2006 03568 0893 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, нисдэг тэрэгний хөдөлгүүрийн механикч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгний механикчийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамж, 914-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Н.С /РД: ЙЕ95072015/.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Н.С нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 байрны гадаа Ё.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар газар унагаан зүүн болон баруун хавирга руу цохиж зодож биед нь зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун зүүн, тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Ё.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95 дугаар байрны 1 дүгээр орц, 1 тоотод байдаг бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө над руу нэг дугаараас залгаад машин гаргах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрныхаа гадаа гараад машинаа холдуулахад 2 эрэгтэй, 4 эмэгтэй хүүхэн байсан бөгөөд тэр хэдийн 1 эрэгтэй баярлалаа ахаа гэж хэлээд машиндаа суугаад 2 эмэгтэйн хамтаар явсан. Тэгээд 1 эрэгтэй, 2 эмэгтэй нь үлдсэн бөгөөд гадаа шуугилдаад, маргалдаад байхаар нь та нар боль, шөнө болсон байна, хүн амарч байгаа гэж хэлэхэд тэнд байсан эмэгтэй нь чи юу гээд байгаа юм, хэн гээд байсан. Тэгэхээр нь би та нар ямар хүнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гээд тэр эмэгтэй өөдөөс хэрэлдээд орилоод байсан. Тэгэхэд хамт байсан нөхөр нь бололтой залуу манай эхнэрийг юу гээд байгаа юм вэ гээд миний өмсөж байсан футболкийг толгойгоор бүтээгээд намайг газар унагаагаад миний зүүн болон баруун хавирга руу цохиод байсан. Намайг газар унагаахад миний 2 тохой шалбарсан, зүүн хавирга хэсгээр хөндүүрлээд өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-23 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9428 дугаартай “Ё. биед зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,
Яллагдагч Н.Сн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр 20 цагийн орчимд өөрийн эхнэр Бямбасүрэнг ажлаас нь аваад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Натурын урд 95/1 дүгээр байранд Цэнд-Аюуш гэх манай аавын төрсөн дүүгийн гэрт очсон. Цэнд-Аюуш нь шинэ байранд орсон тул очсон...”, “... Тэгээд хөзөр тоглож байгаад оройн 12 цаг өнгөрөөд явцгаахаар болоод бүгд гарсан. Гадаа гарахад Тэгшбаяр бид хоёр машинаа зэрэгцээ байрлуулсан байсан. Тэгээд гарах гэсэн чинь бид хоёрын машины урд талд машин таглаад тавьсан байсан. Тэгээд жолоочийнх нь утас руу залгаад машин гарах гэсэн юм гэж би ярихад 5 минут дараа эрэгтэй 40 гаран насны хүн гарч ирээд би тухайн ахад та машинаа ухраагаад манай найзын машин тавьсан газарт гарахаар нь байрлуулчих гэж хэлэхэд чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу би хаана тавихаа өөрөө мэднэ гэж хэлсэн. Тэгээд би Тэгшбаярын машиныг машин ордог хашааны хаалга шиг татаж онгойдог хаалгаар гаргаж өгөөд буцаад машин дээрээ ирэхэд миний машины урд машинаа тавиад машины хажууд эхнэртэй маргалдаад байж байсан би тэгээд байрных нь кодтой хаалгыг онгойлгоод Цэнд-Аюушийг лифт дуудаж байхад нь эгч чинь хүнтэй маргалдаад байна гэж хэлээд кодтой хаалгыг нь хаагаад тухайн хүн дээр очоод араас нь хажуу тийш нь татаад газар унагаад би эхнэр дээр очиход манай эхнэрийн гар шалбарсан байсан. Согтуу газар унасан юм шиг байна лээ Тэгээд цонхоор нэг эгч болиоч гэж хэлсэн. Тухайн ах манай эхнэртэй шөнө бусдын амгалан тайван байдал алдагдууллаа гэж маргаж байсан. Тэгээд тухайн ах босож ирээд над руу дайраад та нарыг хачин болгоно гэж хэлээд дайраад байсан. Тэгээд цонхоор харж байсан эгчид энэ хүн согтуу байна энэ хүнийг аваад оруулчих энэ байрных уу гэж хэлсэн. Тэгээд машин ордог грашаас өндөр махлаг гарч ирээд юу болоод байгаа юм вэ гээд тэр ах намайг зодсон гэж тухайн хүнд хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 46/,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 47/,
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-н 48/,
Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-н 49/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н. хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Н.С нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 байрны гадаа Ё.Мхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар газар унагаан зүүн болон баруун хавирга руу цохиж зодож биед нь зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун зүүн, тохойд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
хавтаст хэргээс шүүгдэгч Н.Са “...Тэгээд би Тэгшбаярын машиныг машин ордог хашааны хаалга шиг татаж онгойдог хаалгаар гаргаж өгөөд буцаад машин дээрээ ирэхэд миний машины урд машинаа тавиад машины хажууд эхнэртэй маргалдаад байж байсан би тэгээд байрных нь кодтой хаалгыг онгойлгоод Цэнд-Аюушийг лифт дуудаж байхад нь эгч чинь хүнтэй маргалдаад байна гэж хэлээд кодтой хаалгыг нь хаагаад тухайн хүн дээр очоод араас нь хажуу тийш нь татаад газар унагаад би эхнэр дээр очиход манай эхнэрийн гар шалбарсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ё.Мөнхбаатарын “...Тэгэхэд хамт байсан нөхөр нь бололтой залуу манай эхнэрийг юу гээд байгаа юм вэ гээд миний өмсөж байсан футболкийг толгойгоор бүтээгээд намайг газар унагаагаад миний зүүн болон баруун хавирга руу цохиод байсан. Намайг газар унагаахад миний 2 тохой шалбарсан, зүүн хавирга хэсгээр хөндүүрлээд өвдөөд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9428 дугаартай “Ё.Мөнхбаатарын биед зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/,”” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Н.Сандагдоржийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ё.Мөнхбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Н.Сандагдоржийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Н.Сандагдорж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Сандагдорж нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Сандагдоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Сандагдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Н.Сандагдорж нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Сандагдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сандагдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт С “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ё.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ