Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00590                      Орхон аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант баг, 4-р байрны 8 тоотод оршин суух Харьд овогт Бавуусүрэнгийн Буян /РД:ФВ75032019/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Буян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, гэрч Х.Буян-Эрдэнэ, Ц.Батбаатар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Буян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус сумын Соёл мэдээллийн төвд арга зүйч бүжгийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байсан ба ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж урьд өмнө нь арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Гэтэл намайг үл ялих шалтгаанаар, үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэнэт ажлаас халсан. Ажлаас халсан тушаалаа маргааш аваарай гэж 9-ний өдрөөс хойш байж байгаад 13-ны өдөр өгсөн. Би өөрийгөө ажлаас халагдах ямар нэгэн дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Иймд намайг ямарч үндэслэлгүй ажлаас халсан тул хуучин ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалант сумын Соёл Мэдээлэлийн төвийн эрхлэгч Б.Оюунгэрэл би 2017оны 2- р сарын 13-ны 08 тоот тушаалаар Б.Буянг 2-р сарын 8-наас 12-н хүртэл архи ууж, ажил шалтгаангүйгээр 6\зургаан\ өдөр тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, мөн хуулин 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, дотоод журмын 8.2.2 дах заалт, 8.2.3, 11.1.1, 11.1.2, 11.1.4-ын 6 дах заалтыг баримтлан ажлаас халсан нь үндэслэлтэй болно. Б.Буян нь шүүхэд гаргасан өргөдөлдөө: “ ... ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж урьд өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Гэтэл намайг 2 сард үл ялих шалтгаанаар ямар ч үндэслэлгүйгээр урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр ... гэнэт ажлаас халсан...” гэж шүүхэд худал мэдүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тэрээр 2013 оны 01-р сарын 07-ны Б/02 тушаалаар ажлаас халагдаж байсан. Тухайн үед Засаг дарга байсан С.Дангаасүрэн намайг дуудаж ээжийг нь бодоод буцаагаад ажилд нь оруул гэсэн шаардлагын дагуу 2013 оны 08-р сарын 02-ны 39 тоот тушаалаар Бүжгийн багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр хугацаатай ажилд авсан. 2015 оны 07 дугаар сарын 09-ний 14/6 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл, 2016 оны 3-р сарын 01-ний өдрийн 10 тоот тушаалаар цалингийн 20 хувь хасч сахилгын шийтгэл ногдуулж байсан. 2017оны 11-р сарын 29-ний өдөр СМТ-ийн караоке өрөөнд архи ууж түр саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн. Зөвхөн 2017 он гарсаар 01 дгээр сард ажлын 1 өдөр буюу 8 цаг, 2 дугаар сард ажлын 6 өдөр буюу 48 цаг шалтгаангүй ажил тасалж, шалгалтанд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил юм. Энэ бүхэн нь үл ялих шалтгаан биш бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил юм. Иймд Б.Буянг хапсан нь үндэслэлтэй болно гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаан болохоос өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Б.Буян би тус шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 1475340 төгрөг нэхэмжилж, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа би хүлээн зөвшөөрч эвлэрэв. Энэхүү 1476340 төгрөгийг 2 хувааж 2017 оны 06 дугаар сарын 28-нд 738170 төгрөгийг, үлдсэн 738170 төгрөгийг 2017 оны 07 дугаар сард багтаан 2017 оны 07 дугаар сарын 28-нд төлөхөөр тохиролцов. Уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй байх эрх үүсэх үр дагаварыг талууд ойлгов” гэж байгуулж нэхэмжлэгч Б.Буян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нар гарын үсгээ зурсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Буян нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Буян нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1476340 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 19 283 төгрөгийг нэхэмжлэгчээс, 19 823 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Буянгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1476340 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хүлээн зөвшөөрч, уг 1476340 төгрөгийг 2 хувааж 2017 оны 06 дугаар сарын 28-нд 738170 төгрөгийг, 738170 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 28-нд төлөхөөр тохиролцож” эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Буянгаас улсын тэмдэгтийн хураамж 19283 төгрөг, хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 19823 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ