Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0560

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандал

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0569 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0132/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0569 дүгээр шийдвэрээр: Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Шүүх Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.6.2, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан хуулийн зохицуулалттай зөрчилдсөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байхад уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

3.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... хуулиар газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх гэрээгээр зохицуулах зохицуулалтыг тусгаагүйгээс гадна байгуулсан гэрээг цуцлах үндэслэлийг хуульчлаагүй” гэж дүгнэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байхад Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 355 дугаар зүйлийн 355.2-т заасныг судалж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарах үндэслэл болсон.

3.3. Мөн “... нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн байгаа ч гэрээний ямар үүргээ ямар байдлаар биелүүлээгүй тодорхой үндэслэл гаргаж, уг үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно” гэж дүгнэсэн.

Дээрх дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дээр дурдсан хуульд заасны дагуу цуглуулж тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй учраас хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргатай 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаалаар 1. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт “В”-д заагдсан ажил хангалтгүй, 2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 3. Гэрээт талбай нээлттэй сонгон шалгаруулалтын талбайтай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр “С” ХХК-тай байгуулсан 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалснаар энэхүү маргаан үүсжээ.

3.2. Улмаар нэхэмжлэгч “С” ХХК-иас нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4.10, 3.4.14 дэх заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4.10, 3.4.14 дэх заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

3.3. Анхан шатны шүүх “... хариуцагчийн маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлүүд тогтоогдоогүй, хариуцагч нь Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2.1-д заасныг зөрчсөн байна” гэж дүгнэн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

4. “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт “В”-д заагдсан ажил хангалтгүй” гэх үндэслэлийн тухайд:

4.1. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.4.1-д “Компани нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн доор төлөвлөгөөт ажлаа эхлээгүй, хавсралт “В”-д заасан хугацаанд гүйцэтгээгүй бол Ашигт малтмал, газрын тосны газар гэрээг цуцална. Энэ тухай албан бичгээр мэдэгдэнэ” гэжээ.

4.2. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдсан өдрөөс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” А/166 дугаар тушаал гарах хүртэл уг гэрээний 5.4.1-д болон гэрээний хавсралт “В”-д заасан хугацаа болоогүй байна.

4.3. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий актад энэ талаар дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

5.1. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/5991 дүгээр “... гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.5, 3.4.10. 3.4.14 дэх заалтуудыг яаралтай хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан. Гэвч танай компани гэрээг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл гэрээг хэрэгжүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байна ...” гэх агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч “С” ХХК-д хүргүүлжээ.

5.2. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4.5-д “Эрлийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг Ашигт малтмал, газрын тосны газарт тухай бүр танилцуулж байна”, 3.4.10-д “Компани энэхүү гэрээний 3.1.3-д заасан АМГТГ-аас томилогдсон мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах 1 ширхэг автомашин /жийп ангиллын туулах чадвар сайтай, шинэ, дизель хөдөлгүүртэй/-ыг худалдан авч АМГТГ-т буцалтгүйгээр өгнө”, 3.4.14-т “Ашигт малтмал, газрын тосны газрын 1-ээс доогүй мэргэжилтэнг 2 хүртэл сарын хугацаагаар сургалт, семинар, үзэсгэлэнд хамруулах бөгөөд холбогдон гарах бүх зардлыг хариуцна” гэж тус тус заажээ.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээний дээрх заалтуудыг биелүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болоогүй гэж тайлбарлаж байх ба гэрээг цуцлах үндэслэлд энэ талаар заагаагүй байна.

5.3. Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийг гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй учраас гэрээг цуцлах болсон талаараа нотлох баримтаар тайлбарлаж чадаагүй.

5.4. Давж заалдах гомдолдоо “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж зааснаар хариуцагч нь өөрийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Дээрх шалтгаанаар анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

6. “Гэрээт талбай нээлттэй сонгон шалгаруулалтын талбайтай хэсэгчлэн давхцалтай” гэх үндэслэлийн тухайд:

6.1. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22/03 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2-т “Ашигт малтмал, газрын тосны газрын үүрэг”, 3.2.1-д “Эрлийн гэрээ байгуулсан талбайг эрлийн ажлын гэрээг дүгнэж албан ёсны шийдвэр гартал газрын тосны хайгуулын талбайгаар зарлахгүй” гэжээ.

6.2. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/140 дүгээр тушаалаар “С” ХХК-ийн эрлийн ажил гүйцэтгэх талбайн зарим хэсгийг “сонгон шалгаруулалтын талбайгаар зарлах талбай”-д оруулан шийдвэрлэсэн нь гэрээний дээрх заалтыг зөрчсөн байна.

6.3. Гэтэл нэхэмжлэгч компанийн гэрээт талбай нээлттэй сонгон шалгаруулалтын талбайтай давхцалтай гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

7. Мөн хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

7.1. Анхан шатны шүүх “... талууд маргаанаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан боловч шийдвэрлээгүй тул хариуцагчийн тайлбарууд үндэслэлгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь тухайн асуудлаар маргаан шийдвэрлэх чиг үүрэггүй тул нэхэмжлэгчийг тус яаманд заавал хандсан байх шаардлагыг шүүхээс тогтоох эрх хэмжээгүй, ийм хууль зүйн үндэслэл байхгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ.

7.2. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй бөгөөд энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэхээргүй байна.

Иймд гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ