Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 414

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: “А” ХХК 

Хариуцагч: ГЕГУБ Д.Б, 

Гомдлын шаардлага: “Улаанбаатар хотын ГУБ-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай  0243022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, гэрчээр М.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч Ч.Б нар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А” ХХК-ийн мэргэжилтэн М.Н-ыг гаалийн бүрдүүлбэрийн алдаа гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0243022 дугаартай шийтгэлийн хуудсыг гаалийн мэргэжилтэн М.Н-д танилцуулж, мөн зөрчил үйлдсэн тул өөрийг нь гэрчээр асууж шийтгэл ногдуулсан. Гаалийн тухай хууль тогтоомж, журмын дагуу гаалийн мэргэжилтний бүрдүүлбэрийг дотоод хяналтын дагуу 2 удаа хянасан    байдаг.    Үүний    дагуу    дотоод   хяналтаар   зөрчил   илрүүлж   зөвхөн мэргэжилтэнд хариуцлага ногдуулна гэж үзсэн байгаа.

Гаалийн улсын байцаагч нь хариуцлага үүрэх болоход гаалийн мэргэжилтэн М.Н-д ганцхан шийтгэлийн хуудас оногдуулсан. Шийтгэлийн хуудас нь хоёрдмол агуулгатай. “А” ХХК, М.Н хоёрын хэнд нь ногдуулж байгаа нь тодорхойгүй. М.Н нь өөрт ногдуулсан шийтгэлийн хуудсын дагуу хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч торгуулийн мөнгөн дүн болох 3000000 төгрөгөөр биш 300000 төгрөгөөр торгуулна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн зөрчилтэй холбоотой асуудлыг ГУБ-ийн дээд шат буюу Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргасны дагуу “шүүхэд ханд” гэсэн хариу ирсний дагуу шүүхэд хандсан болно. Үүнтэй төсөөтэй маргаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “шийтгэлийн хуудас нь мэргэжилтэнд биш хуулийн этгээдэд хандсан байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.

Шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ улсын байцаагч нь гэрчээр М.Ныг оролцуулж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдогчийг тогтоогоогүй. Холбогдогч этгээдийг тогтоосны дагуу Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн этгээд зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой. Гэтэл тус хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан. Шийтгэлийн хуудаст Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх агуулгатай боловч ямар хуулийн заалтыг зөрчсөн талаар ойлгомжгүй байгаа юм. Гаалийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг мэргэжилтэн нь гаалийн үйл ажиллагаанд төлөөлнө гэж заасан байгаа. Иргэний хуульд заасан төлөөлөх гэсэн агуулга биш юм. Гэтэл уг хуулийг хэрэглэхдээ хуулийн этгээдийг төлөөлж байгаа учраас хариуцлага хүлээх ёстой гэсэн агуулгаар хариуцлага ногдуулсан буюу хуулийг буруу хэрэглэсэн.

Зөрчил гаргагч нь компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Уг гэрээнд “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эдийн  ба эдийн бус хохирол, гэм хор учруулсан тохиолдолд өөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу тухайн үйлдэл нь хариуцлага хүлээх үндэслэлтэй эсэх дээр хариуцлага яригдана.

Тэгэхээр Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу дээрх зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцлага хүлээх нөхцөл байхгүй. Анх актыг зөв ногдуулж зөрчил үйлдсэн этгээдтэй хариуцлага тооцох ёстой байсан. Гэхдээ зөрчил гаргасан этгээд нь буруу бичсэнээс үүссэн улсын хохирлыг бүгдийг нь төлсөн байгаа. Харин зөрчлийн хариуцлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Улсын байцаагч нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж шийтгэл ногдуулсан тул тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хоёр. Хариуцагч Улаанбаатар хотын ГУБ Д.Б-ийн өмгөөлөгч Г.Х 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу 0243022 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан. Тухайн үед М.Нд шийтгэлийн хуудсыг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан тул “А” ХХК-д утсаар мэдэгдсэн.

М.Н нь гэрчээр асуугдах явцад зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэсэн заалтыг үндэслэн “А” ХХК-д шийтгэл ногдуулсан. Хэдийгээр М.Н дээрх мэдүүлгийг гаргаж байгаа боловч тус мэдүүлэгт хуулийн этгээдийн нэр байдаг бөгөөд уг хуулийн этгээдийг төлөөлж үйл ажиллагаа явуулж байгаатай нийцнэ гэж үзсэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг баримталсан. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхдээ улсын байцаагч нар нь прокуророос сургалт авч нэг чиглэлтэй ажилладаг бөгөөд прокурорын “хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах нь зүйтэй” гэсэн чиглэлийн дагуу мэргэжилтэн нь хуулийн этгээдийг төлөөлж байгаа учраас хуулийн этгээдэд шийтгэл ногдуулна. Харин тухайн хуулийн этгээд нь өөрийн хөдөлмөрийн гэрээгээр байгуулсан ажилтандаа хариуцлагын асуудлыг нөхөн барагдуулах нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу шийтгэл ногдуулсан байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “Улаанбаатар хотын ГУБ-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0243022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Гомдол  гаргагч  “...Зөрчлийн  тухай  хуульд  зааснаар  зөрчлийн  үйлдэл,  эс үйлдэхүйг зөв тодорхойлж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байсан бөгөөд хууль буруу хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж, хариуцагч тал “... шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл албадлагын хуудсыг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй...” гэж маргаж байгаа болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараахь байдлаар дүгнэн шийдвэрлэв.

Гаалийн ерөнхий газрын  Гаалийн бүрдүүлэлтийн газраас Улаанбааатар хот дахь Гаалийн газарт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-2/520 тоот албан бичгээр “ ...Гаалийн бүрдүүлэлтийн 2018 оны мэдээллийг шалгах явцад суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцож мэдүүлэн, гаалийн бүрдүүлэлтийн явцад байцаагч нар онцгой албан татварын ногдуулалтыг шалгаагүй  бүрдүүлэлт хийсэн  алдаа гаргасан байна...” гэсэн мэдээллийн дагуу Улаанбаатар хот дахь Гаалийн газраас гэрчээр “А” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн М.Ныг асууж, холбогдох баримт бичгийг шалгаад, ГУБ Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай А19-111 дугаартай тэмдэглэл үйлдэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0243022 дугаартай шийтгэлийг хуудсаар “А” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагч “А” ХХК нь 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан, Б.Ч******* захиралтай, Сангийн  сайдын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 78 дугаар тушаалаар “Гаалийн зуучлагч”-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, 2017 онд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан, гэрч М.Н тус компанид хөдөлмөрийн гэрээгээр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний албан үүргийг гүйцэтгэгдэг  байжээ.

Улаанбаатар хот дахь ГУБ Д.Б нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “А” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох шийтгэл ногдуулахдаа тус компанид хөдөлмөрийн гэрээгээрээ ажилладаг М.Ныг гэрчээр асууж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд О.Ш*******ыг гэрчээр гарын үсэг зуруулж, холбогдогч “А” ХХК-ийн  төлөөлж М.Н гэж бичээд гарын үсэг зуруулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа... хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 3.5 дугаар зүйлийн 11-т  “Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна.

 Өөрөөр хэлбэл хариуцагч “А” ХХК-д шийтгэл ногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж, эрх үүргийг нь тайлбарлахгүй, мөн М.Ныг гэрчээр асууж тайлбар авч, оролцогч гэж тайлбарлаж байгаа нь буруу бөгөөд зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа  хуулийн этгээдэд  эрх үүргийг нь тайлбарлаж оролцогчийн эрхээр хангалгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар уг зөрчлийг шалган шийдвэрлэсэн гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 11.21 дүгээр зүйлийн 1.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 11-д заасныг баримтлан “А” ХХК-ийн гомдлоор ГЕГ-ын УБ Д.Б-д холбогдуулан гаргасан “ГУБ-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0243022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хангаж, улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0243022 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ