Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1469

 

 

 

 

 

 

 

 

 

“Хотхон-8” Сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00934 дүгээр шийдвэртэй, “Хотхон-8” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Түвшинбаярт холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 302 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.Түвшинбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхоны “Хотхон-8” СӨХ-ны 9 дүгээр байр 12 тоотод оршин суугч Д.Түвшинбаяр нь тус байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг төлөх хуульд заасан иргэний үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн сард төлөх төлбөр 14 400 төгрөг, 2015 оны 3 дугаар сараас 12 сар дуустал нийт 144 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл 158 400 төгрөг, нийт 302 400 төгрөгийг төлж барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагыг огт өгөхгүй гэж хэлээгүй. Нэхэмжлэлд дурдсан саруудын төлбөрийг төлөөгүй нь үнэн. 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш би энэ байранд амьдарч байгаа, 4 давхарт байдаг ба дээрээс ус алддаг. Энэ талаар сууц өмчлөгчдийн холбоонд хэлэхээр хариуцаж байгаа хүн байдаггүй. Өмнө нь би төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан. Ус алдаад хохирол учирсантай холбоотой гарсан засварын мөнгийг өгөхийг сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа шаардсан ч огт хэлэлцэхгүй, өөр бусад руу буруу өгдөг байсан.

Би ус алдсаны улмаас 2 удаа засвар хийж 231 000 төгрөгийн зардал гаргасан. Уг хохирлоо хасаад төлбөрийн бусад хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хохирол барагдуулсан тохиолдолд төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Түвшинбаяраас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 302 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хотхон-8” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хотхон-8” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түвшинбаяраас 9 722 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Манай дээрээс ус алддаг. Энэ талаар Сууц өмчлөгчдийн холбоонд хэлэхэд хариуцаж байгаа хүн байдаггүй. Төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан ч ус алдаж, учирсан хохирлын мөнгийг тус холбооноос удаа дараа шаардсан, өөр бусад руу буруу өгдөг байсан, 2 удаа засвар хийж 231 000 төгрөгийн зардал гаргасан учир уг хохирлоо хасаад төлбөрийн бусад хэсгийг төлж, хохирлоо барагдуулах хүсэлтэй. Сууц өмчдөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Даваа, нягтлан Уранчимэг нараас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “Хотхон-8” СӨХ нь хариуцагч Д.Түвшинбаярт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 302 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Түвшинбаяр нь тухайн СӨХ-д хамаарах Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 9-р байранд оршин суудаг нь тогтоогдсон бөгөөд  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл хугацаанд буюу нийт 302 400 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан өрийн жагсаалтаар тогтоогдож байна. /хх2, 15-17/

 

Дээрх төлбөрийн дүн, түүнийг төлөөгүй талаар хариуцагч маргаагүй боловч “гэрт нь ус алдсаны улмаас 231 000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг нэхэмжлэгч “Хотхон-8” СӨХ хариуцсан тохиолдолд нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөхөд татгалзахгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэснээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Д.Түвшинбаяраас дээрх зардалд үүссэн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Түвшинбаярын хувьд ус алдсан, үүний улмаас засвар хийж, хохирол учирсан, нэхэмжлэгчид удаа дараа хэлж, шаардсан ч арга хэмжээ аваагүй, уг засварт зарцуулсан 231 000 төгрөгтэй харилцан тооцох байдлаар төлөх боломжтой гэж тайлбарлах боловч хуулийн дээрх зохицуулалтаар сар бүр төлбөл зохих дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдох зардалд өөр бусад төлбөрийг шууд тооцох агуулга тусгагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч “Хотхон-8” СӨХ-оос хариуцагчийн өмнө дээрх өр төлбөр үүсч, уг өр төлбөрийг түүний СӨХ-д төлөх төлбөрт нь харилцан тооцох боломжтой гэж үзэх баримт хэрэгт байхгүй. Иймд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг хуульд заасны дагуу дундын өмчлөлиийн зардал төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төлбөрийг Д.Түвшинбаяраас гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь ус алдсантай холбоотой учирсан хохирлыг буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэх эрхтэй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийснийг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00934 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА