Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 516

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа,

хохирогч Б.М-, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч А.Г-ад холбогдох 2016 2602 1739 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн А.Г, 1966 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 1, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

Шүүгдэгч А.Г- нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 83Б байрны 91 тоотод оршин суух, хохирогч Б.М-ээс 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг,

2014 оны 9 дүгээр сард мөнгөний хэрэгцээ боллоо гэж 20.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр лицензийн төлбөр хийнэ гэж 34.000.000 төгрөгийг тус тус зээлэх нэрийдлээр,

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ бэлэн мөнгө байлгаж болохгүй, өөр газарт хадгална гэж итгүүлэн 200.000.000 төгрөг,

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд ашиглалтын А лиценз авч өгнө гэж итгүүлэн 350.000.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдан авч өгнө гэж 200.000.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдан авч өгнө гэж 300.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нэрээр 1.807.501.365 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран амьдрах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэргийг нийт 2.951.501.365 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Г-ад холбогдох хэргээс хохирогч Б.М-ийг залилж 1.807.501.365 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.Г-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.Г-ыг 5 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Г-аас 644.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Бэрхийн нурамт” ХХК болон ашигт малтмал ашиглалтын тусгай “Зөвшөөрөл”-ийн эзэмшигч нь Будын Б.М- болохыг тогтоож, Улсын бүртгэлийн 9011081071 дугаартай, 5111145 регистрийн дугаартай “Бэрхийн нурамт” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт, Ашигт малтмалын газраас “Бэрхийн нурамт” ХХК-д олгогдсон, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын М\/-016867 дугаартай тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус үүрэг болгон даалгаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор “Бэрхийн нурамт” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд түр хугацаагаар хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг, “Бэрхийн нурамт” ХХК-ийн эзэмшлийн, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын лицензний шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг, түүнчлэн “Бэрхийн нурамт” ХХК-ийн алтны уурхайг үйл ажиллагаа явуулж буй газарт нь холбогдох эд хөрөнгүүдийн хамт битүүмжилсэн /үүнд: 63-37 УБЭ улсын дугаартай, улаан өнгөтэй, Киа загварын автомашин, 29-60 УНГ улсын дугаартай, цэнхэр өнгөтэй, Киа пронтер загварын автомашин, LW-500F загварын, шар өнгөтэй ковш трактор гэх мэт/ прокурорын 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн: 91-99 УНК улсын дугаартай, Ford explorer загварын автомашины, 88-84 УБР улсын дугаартай, Benz S500 загварын автомашины, 47-20 УБВ улсын дугаартай, Ford F-150 загварын автомашины, 00-15 УНР улсын дугаартай, Benx 320SЕL загварын автомашины битүүмжлэлүүдийг тус тус хэвээр үлдээж, тэдгээрийг хохиролд тооцуулахаар шүүхэд ирүүлсэн Г.Энхжин эзэмшигчтэй, 91-99 УНК улсын дугаартай, Ford explorer загварын автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, уг автомашины түлхүүр, Г.Тэнүүн эзэмшигчтэй, 88-84 УБР улсын дугаартай, Benz S500 загварын автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, уг автомашины түлхүүр зэргийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

А.Г-ын зээлийн барьцаанд тавьсан гэх шүүхэд хэргийн хамт ирүүлсэн онцлог шинж нь “зааны ясан халбагатай, түмэн насан хээн тавтай, алтан нуухтай, чулууны өнгөөр будсан, далайн цагаан шүрэн толгой” бүхий номин чулуун хөөрөг 1 ширхэг, зүү ороож оёсон шар эрээн өнгийн хөөрөгний даалин, хохирогч Б.М-т хадгалагдаж байгаа “алтан” гэх аяга зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар А.Г-ад буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Миний бие 350.000.00 төгрөгийг уурхайн лиценз авч өгнө гэж огт ярьж байгаагүй бөгөөд Б.М- нь өөрөө хүнийг гүтгэж худал хуурмаг зүйл ярьж байна. Үзүүлээд байгаа лицензнийхээ эзэнтэй намайг уулзуул гэж хэлсэн боловч хариу өгөөгүй. Ямар учиртай бичиг, баримт байгаа талаар лавлаж өгнө үү. Миний бие 2014 онд 4 бил үү 8 сард Балдан-Осор, Б.М- хоёрыг гэрт нь байхад номин хөөргөө 8.000.000 төгрөгөөр өгөөд маргааш нь 10.000.000 төгрөг болгон буцааж өгсөн. Тэрнээс Б.М- 35.000.000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа.

2. Хэрэгт гэрчээр оролцож байгаа хүмүүс нь Б.М-ийн ахан дүүс бөгөөд хамсаатангууд. Болорнямбуу нь Б.М-тэй төрсөн эгч, дүүгийн хүүхэд, Зоригтбаатар нь Болорнямбуугийн нөхөр, Эрдэнэбулган нь Б.М-ийн эгч, дүүгийн хүүхэд, Саран нь эгч, дүүс, Баярмаа нь ах, дүүс, Отгонбаатар нь Зоригтбаатарын төрсөн дүү, Гантуяа нь Б.М-ийн багын найз гэх мэт хүмүүсээр янз бүрийн үг зааж, худал мэдүүлэг өгүүлж байна. 

3. Миний бие “Бэрхийн нурамт” ХХК-ийг лицензийн хамт анх 2015 оны 4 дүгээр сарын 22-нд Дэлгэрдалай, Баяраа нартай гэрээ, хэлцэл хийж 200.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд Болорнямбуу, Эрдэнэбулган хоёрыг гарын үсэг зуруулж ав гэж хэлсэн. Энэ үед Б.М- байгаагүй. 2015 оны 5 дугаар сарын 24-нд би өөрийн “Хас” банкин дахь данснаасаа 293.000.000 төгрөг шилжүүлж өгснөөр уг компанийг улсын бүртгэлийн газар очиж, шилжүүлэх ажиллагааг хуулийн дагуу шилжүүлэхэд Б.М- мэдэж байсан ба хуурч мэхэлж, өөрийн нэр дээр шилжүүлсэн гэдэг нь худал юм.

Б.М- 300.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэвч Б.М- нь бүх зүйлийг надад хэлэлгүй тогны мөнгө, ажилчдын цалин, шатахууны мөнгийг надаас аваад банкинд тушаахдаа “хөрөнгө оруулалт, Б.М-” гэж явдаг. Энэ нь цэвэр дансны далд залилан. Тухайн үед Б.М- нь талийгаач нөхөр Балдан-Осорынхоо хөрөнгийг яаж авах вэ гээд хуурамч баримт бичиг бүрдүүлж, надтай хамт ерөөсөө явдаггүй байсан. Б.М-ийг цуг явах юм уу гэж байнга хэлдэг байсан, ядаж чи салхинд гараач, дандаа хуурамч зүйл хийж байх юм гэхээр “тэгэж байж авна биз дээ” гэж хэлдэг байсан.

Гэрч Дэлгэрдалайг шүүх хуралдаанд шүүгч О.Жанчивнямбуу, прокурор Оюунжаргал нар “компаниа худалдахдаа 20 хувийн татвараа төлсөн юм уу” гэхчилэн үг хэлүүлэхгүй дарамталж, айлган сүрдүүлж, хууль бус, хэт нэг талыг барьсан байдлаа илтэд харуулж байсан. Мөн хамт зарсан Баярааг гэрчээр оролцуулаагүй.

Уурхай 2015 оны 5 дугаар сарын 3-наас 2015 оны 11 дүгээр сарын 26 хүртэл ажиллаж 13.998 кг алт олборлосон. Гэтэл Б.М- сейфнээс компанийн олборлосон алтыг авч явсан байсан. 2015 оны 11 дүгээр сарын 28-нд “алт авч явсан уу” гэхэд тийм гэсэн. Тухайн үед үгүй гэсэн бол би цагдаад мэдэгдэж шалгуулах байсан боловч өөрөө Болорнямбуу, Гантуяа нартай хамт авч явсан, санаа зоволтгүй, надад байгаа гэдэг байсан болохоор би тайвшран юм бодоогүй. Компанийн нэр дээр 2016 оны 2 дугаар сарын алтаа тушаах гээд уг 13.998 кг алтыг нэхэхэд 6 кг гарангийг нь гаргаж өгч, Б.М- бид хоёр хамтдаа сорьцийн газар аваачин, Монгол банкинд компанийнхаа нэрээр тушааж, компанийн дансанд мөнгө шилжиж орсон. Ингээд 2016 оны үйл ажиллагаандаа зарцуулсан. Тэр үеэс хойш үлдэгдэл алтаа тушаая гэхэд гаргаж өгөөгүй бөгөөд компанийн өмч, улсын өмч гээд гаргаж өгдөггүй. Гэтэл мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа гомдол гаргасан боловч шалгаж өгөөгүй.

Прокурор Г.Хатанцэцэг нь удаа дараа дарамталж “уурхайгаа өгчих, тэгвэл чамайг яах ч үгүй” гэж хэлдэг. Мөн байцаагч Тэмүүжин, ахмад Очир-Эрдэнэ гэх мэт хүмүүс бүгд “уурхайгаа өгчих өө, тэгээд яв” гэдэг. Миний бие удаа дараа прокурор Г.Хатанцэцэг, дүүргийн ерөнхий прокурор Энхтуяа нарт гэрчүүдийг шалгуулах, мэдүүлэг өгүүлье гэхэд хүсэлтийг хүлээн аваагүй.

Миний санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглаж залилан хийсэн хүн нь Б.М-. Надаар уурхайн ажлыг жигдрүүлж, хэвийн байдалд оруулан булааж авсан, мөн буудлын барилгыг ашиглалтанд орсон хойно нь бүх зүйлийг төлөвлөгөөтэй, санаатай, ах дүү нартайгаа нийлж, гүтгэж байгаад харамсаж байна.

Мөн миний бие Отгонбаяртай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. “Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст таны талаар мэдүүлэг өгөөд гарч ирж байна” гээд сандарчихсан гарч ирж таарсан. Тэгэхэд нь би машиндаа суулгаад асуутал “Б.М- эгч таны талаар мэдүүлэг өгвөл мөнгө өгнө гэсэн” гэж хэлэхэд “үнэнийг нь хэлж үзээрэй” гэсэн. Тэгтэл “50.000.000 төгрөг өг, тэгвэл таны талаар худлаа хэлэхгүй” гэхээр нь би хөөгөөд буулгасан. Мөнгөнд сонирхолтой хүний үгээр үг хийж намайг хохироож байгаад харамсаж байна.

Мягмаржавыг найз дүүгийн маань найз гэдэг утгаар дагуулж, хажуудаа хань татаж, итгэл үзүүлэн хамт байдаг болсон. Тэгтэл итгэл эвдэн 2016 оны 9 сард цуг хөдөөнөөс орж ирээд гэртээ усанд орж байх хороонд түрүүвчнээс карт хулгайлан 10.000.000 төгрөгөөр хоёр удаа уншуулж байсан. Би цагдаад өргөдөл гаргаж баривчлуулж байсан боловч Мягмаржавын эх, эхнэр нь уйлаад дахин тийм зүйл гаргахгүй гэж бичгээр хүсэлт гаргаж би гомдлоо татсан. Залуу хүүхэд алдаа гаргаа байлгүй гэж бодоод өршөөж байхад Б.М-тэй нийлж, хуурамч бичиг компьютерээр хийгээд Б.М-ээр гарын үсэг зуруулж, зээлийн гэрээ хуурамчаар хийж мэдүүлэг өгч, өс хонзон авах зорилготой зүйл хийсэн байна. Иймд 300.000.000 төгрөгийн хуурамч гэрээ хийсэн гэж зүйлийг нь шалгаж өгнө үү.

Болорнямбуу мэдүүлэгтээ “Б.М- эгч А.Г-ад 10.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Энэ нь хөөрөгний 8.000.000 төгрөг зээлээд 10.000.000 төгрөг болгож өгснийг баталж байгаа юм. Би Б.М-ээс өөр мөнгө зээлж байгаагүй. Болорнямбуу “Б.М- эгч бид хоёр “Хаан” банкнаас 2015 оны 1 дүгээр сарын 23-нд 300.000.000 төгрөг аваад гэртээ хадгалж байгаад 200.000.000 төгрөгийг нь А.Г-ад өгсөн” гэсэн. Тэгтэл Отгонбаяр нь 2015 оны 1 дүгээр сарын 19-нд Б.М- А.Г- хоёр “Хаан” банк явж 200.000.000 төгрөг авчирсан гэж мэдүүлдэг. Тэгвэл Ч.Эрдэнэбулганы мэдүүлэгт “Б.М- эгч А.Г-ад 2015 оны 1 дүгээр сарын 29-нд бэлнээр өгсөн” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Эрдэнэбулган нь Б.М-ийн хамаатан бөгөөд манай гэрт гэрийн үйлчлэгч хийдэг байсан. Эрдэнэбулган мэдүүлэгтээ “А.Г- ахад би банкнаасаа 53.000.000 төгрөг гаргаж, бэлнээр өгсөн” гэдэг. Энэ асуудлыг шалгаж өгнө үү.

Энэ хэрэгт хэт нэг талыг барьж намайг залилсан гэж мэдүүлэг өгсөн эдгээр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэн, үнэнийг олж өгнө үү.

Мөн миний гэрчүүд болох Түвшинбаатар, Оюунчимэг, Баяраа, Болор-Эрдэнэ, Наранхүү, Хатанбаатар, Бямбасүрэн, Болд болон буудал барихад оролцсон Отгондаваа, Дашинчилэн рүү шланз машинаар тээвэр хийж байсан жолооч нарыг мөрдөн байцаалтад хамруулж өгнө үү.

Миний бие автын осолд орж толгой өвддөг, эмчийн хяналтад байдаг бөгөөд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байна. Иймд эрүүл мэндийн байдал болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг дахин шалгаж, үнэн зөвийг тогтоож, хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Х.Базаррагчаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчин, зөвхөн хохирогч талын гаргасан гомдол, мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэж, нэг талыг барьж цуглуулсан мөрдөн шалгах ажиллагааны материалыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянан хэлэлцэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Үүнд:

Нэг: А.Г-ад холбогдох хэргийн зүйлчлэл, мөрдөн шалгах ажиллагааны процессын зөрчлийн талаар:

1. Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг, мэтгэлцээний шатанд энэ хэргийг зүйлчлэх явцад гаргасан прокурорын алдаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан процесс ажиллагааны зөрчлийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд тодорхой баримт нотолгоо, хүсэлт гаргаж өгсөн боловч шүүх огт авч хэлэлцээгүй төдийгүй хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

Тухайлбал: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 732 дугаартай “хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн” шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал /5хх-44/ гаргаж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 48 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдсэн байдаг. Дээрх прокурорын тогтоол нь А.Г-ыг мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа, хэргийг прокурорт шилжүүлэхийн өмнө хавтаст хэргийн материалтай танилцахад 5 дугаар хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан байсан ба тогтоолыг хуульд заасан эрхийнхээ дагуу өмгөөлөгчийн хамт хуулбарлан авсан байна. Гэтэл өмгөөлөгч миний бие 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцахад хавтаст хэрэгт авагдсан байсан дээрх прокурорын тогтоол алга болсон байх ба 5 дугаар хавтаст хэргийн 47-р хуудсанд дээрх тогтоолтой ижил огноо дугаар бүхий “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол авагдсан байна.

Дээрх байдлаар нөхөн үйлдсэн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч А.Г-ад танилцуулан байцаалт авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйл, 7.3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн хяналтын прокурор Г.Ганхөлөгийн үйлдсэн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 48 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол нь хавтаст хэрэгт авагдаагүй байхад прокурор ямар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаад байгаа нь туйлын ойлгомжгүй болж байна.

Ийнхүү А.Г-ад холбогдуулан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол хавтаст хэрэгт албан ёсоор авагдаагүй байгаа тул түүнийг яллагдагч гэж үзэж, шүүхэд шилжүүлэн хэргийг шийдвэрлэх боломжгүй болж байгаа төдийгүй хавтаст хэргийн дугаарлалт өөрчлөгдсөн, нотлох баримт алга болсон ноцтой асуудал байгааг шүүхээс анхаарч үзээгүй болно.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар заасан асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа “...яллах дүгнэлтийг зөвтгөж байна...” гэх нэрээр шүүх өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгтэй хамааралгүй асуудлаар гэмт хэрэгт холбогдсон этгээдийг яллахад чиглэсэн, түүний эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт оруулсан шийдвэр гаргажээ.

Тухайлбал: Шийтгэх тогтоолын 25 дахь талд “...прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Г-ыг яллахдаа “...ноцтой хохирол учруулан үйлдсэн” гэснийг, шүүх “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж зөвтгөв” гэж өөрчлөн, шүүх улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн байна.

Мөн мөрдөгч, прокурор нь А.Г-ыг яллагдагчаар татах тогтоол гаргаж, түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон хууль буцаан хэрэглэх заалтыг огт журамлан хэрэглээгүй зөрчил гаргасан байсныг шүүх бас л зөвтгөх нэрээр завсарласан байна.

Хоёр: А.Г-ад холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан ажиллагаа явуулсан талаар:

1. Анхан шатны шүүх А.Г-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтооход хөндлөнгийн байр сууринаас хандаж чадаагүй, шүүхийн мэтгэлцээний нэг тал болох хохирогчид илтэд үйлчилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг талыг барьж явуулсан болох нь шийтгэх тогтоолд дурдсан тодорхой хууль бус шийдвэрүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Бэрхийн нурамт” ХХК болон ашигт малтмалын тусгай “Зөвшөөрөл”-ийн эзэмшигч нь Будын Б.М- болохыг тогтоож”, Ашигт малтмалын газраас “Бэрхийн Нурамт” ХХК-д олгогдсон, Булган аймаг, Дашинчилэн сум, Бүдүүн ухаа нэртэй газарт орших, 137.98 гектар талбай бүхий, улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээтэй, ашигт малтмалын ашиглалтын М\/-016867 дугаартай тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус үүрэг болгож даалгасугай.” гэжээ.

Шүүгчийн дээрх шийдвэр нь юуны өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх хэсгийн “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ” гэх заалтыг зөрчиж байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Монгол улсад Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн эрх авсан хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор зохицуулсан байх бөгөөд иргэн Б.М- нь хэдийгээр гаргуулан авсан шүүхийн шийдвэртэй байлаа ч гэсэн иргэн хүний хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших боломжгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг гэсэн “Өмчлөх эрх”-ийн зохицуулалттай холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг шийтгэх тогтоолдоо удирдлага болгон “Бэрхийн нурамт” ХХК-ийн ашигт малтмалын тусгай “Зөвшөөрөл”-ийн эзэмшигч нь Будын Б.М- болохыг тогтоож”, ашигт малтмалын ашиглалтын М\/-016867 дугаартай тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан” шийдвэр гаргаснаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэсэн заалтуудыг мөн ноцтой зөрчиж байна.

Ийнхүү анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн энгийн хэнд ч ойлгомжтой зохицуулалтыг санаатай зөрчин, ямар ч хамаагүй аргаар “Бэрхийн нурамт” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Б.М-т гаргуулан өгөхөөр зүтгэсэн үйлдэл нь А.Г-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна гэсэн үндэслэлийг бий болгож байгаа болно.

2. Улсын яллагч нь А.Г-ыг “Бэрхийн нурамт” ХХК-ийн эзэмших эрхийг залилсан гэж яллаагүй, прокурорын яллах дүгнэлтэд энэ талаар дурдсан асуудал огт байхгүй төдийгүй хохирогч Б.М- нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар 500.000.000 төгрөгийн хохиролд тооцон, “Бэрхийн нурамт” ХХК-ийг өмчлөх эрх, түүний нэр дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа алтны уурхайг техник, хэрэгслийн хамт бүхэлд нь хохирогчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь илтэд хууль бус шийдвэр болсон гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна. Тэгээд ч бодит байдал дээрээ дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, алтны уурхай, түүний тоног төхөөрөмж нь 500.000.000 төгрөгөөс хамаагүй өндөр үнэлгээтэй байх бөгөөд энэ талаарх бодит үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт хийлгээгүй төдийгүй уурхайд дан ганц Б.М- хөрөнгө оруулалт хийсэн асуудал байхгүй, А.Г- ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн талаар огт шалгаагүй юм. Түүнчлэн алтны уурхай нь хэвийн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 3 дахь талд авагдсан Монгол банкны лавлагаагаар 2016 онд “Бэрхийн нурамт” ХХК нь 522.161.299.3 төгрөгийн алт тушаасан тухай баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл Б.М-т учруулсан гэх 500.000.000 төгрөгийг “Бэрхийн нурамт” ХХК-ийн алтны уурхайн нэг жилд олборлосон алтны 50 хүрэхгүй хувиар барагдуулах боломжтой байсан бөгөөд уурхайг А.Г-, Б.М- нар нь хамтран ажиллуулж байсан болно.

3. Анхан шатны шүүхийн хамгийн ойлгомжтой бөгөөд нэг талд илтэд үйлчилснийг нотлох бас нэг шийдвэр бол дээрх байдлаар “Бэрхийн нурамт” ХХК-ийг өмчлөх эрх, түүний нэр дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа алтны уурхайг техник, хэрэгсэл зэргийг бүхэлд нь Б.М-ийн өмчлөлд шилжүүлсэн атлаа “шүүгдэгч А.Г-ыг “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал гэж байх үед уг компанийн нэрийн өмнөөс хийгдэж үүссэн бусдад төлөх аливаа өр төлбөр, зээлийн асуудал бол үүнийг “Бэрхийн нурамт” ХХК буюу захирал Б.М- хариуцах ёсгүй, иргэн А.Г- хариуцан төлж барагдуулбал зохино /шийтгэх тогтоолын 24 дэх тал/” гэсэн дүгнэлт юм.

Хуульч, өмгөөлөгч хүний хувьд шүүхийн дээрх дүгнэлтийн гаргалгаа үндэслэлийг огт ойлгохгүй байгаа бөгөөд ядаж дээрх зээлээр авсан гэх тоног төхөөрөмж, эд зүйлсийг уурхайн хэрэгцээнд авч хэрэглэсэн, хөрөнгө оруулалт болсон байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдээд шийтгэх тогтоолын дагуу Б.М-т шилжихээр болоод байгаа болно.

Тухайлбал: Шийтгэх тогтоолын 29 дэх талд дурдсан “иргэн Б.Одгэрэлийн өргөдөлд дурдсан гэрээнүүд”-ийг А.Г- зээлээр аваад, мөнгийг нь дутуу төлсөн, уурхай дээр барьсан байхад нь Б.М- хүмүүсийн хамт очиж, өөрийн хөрөнгө оруулалтыг авах нэрээр ачиж явсан байдаг шүү. Энэ талаарх баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 117-оос 132 дугаар талд авагдсан байна. Харамсалтай нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн алтны уурхайгаас Б.М- нь өөрийн хөрөнгө оруулсан гэх нэрээр 700.000.000 төгрөгийн эд зүйлээс гадна 6 кг гаран алт авч явсан байдаг боловч эдгээр эд зүйлсийн үнэлгээг огт хийлгээгүй, хэдий хэмжээний ямар эд хөрөнгө авч явсныг шалгаж тогтоогоогүй, энэ талаар гаргасан А.Г-ын өргөдөл, гомдлыг огт авч хэлэлцээгүй байна.

Гурав: А.Г-ад холбогдуулан шалгаж, шийтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн, нотолгооны талаар:

1. Шийтгэх тогтоолын 17 дахь талд “Хамтран амьдарч байгаа байдал нь хэдийгээр эр, эмийн буюу гэр бүлийн хүрээний асуудал мэт боловч албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүйн зэрэгцээ шүүгдэгч А.Г-ын үйлдсэн залилах гэмт хэргийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, хуурсан гэсэн залилах гэмт хэргийн тухайн шинжүүдийг бүрэн агуулж байна” гэж дүгнэсэн байгаа юм.

Дээрх дүгнэлтээс харахад шүүх нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “хамтран амьдрах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлийг үндэслэлтэй байна гэж үзээд байх шиг байна.

Тэгвэл А.Г- нь Б.М-тэй хамтран амьдарч эхлэхээс өмнө түүнээс авсан гэх 2014 оны 8 дугаар сард авсан гэх 35.000.000 төгрөг,

2014 оны 9 дүгээр сард авсан гэх 20.000.000 сая төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 8-нд авсан гэх 5.000.000 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 12-нд авсан гэх 34.000.000 төгрөг, нийт 94.000.000 төгрөгийг ямар аргаар залилсан гэж үзэж байгаа талаар прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын алинд нь ч тодорхойлоогүй байна. Тэгэхээр шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан” гэх үндэслэл нь А.Г-ын Б.М-ээс мөнгө авсан гэх үйлдлүүдийн цаг хугацааны хувьд таарахгүй, түүнийг буруутгаж залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж болсон үйлдлийн аргад огт тохирохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэх арга нь үйлдлийнхээ дараа бий болчихоод болохгүй байна.

2. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч А.Сайнжаргалын мэдүүлгийн агуулгыг хохирогчид ашигтай байдлаар гуйвуулан тайлбарлаж, хийсвэр байдлаар гаргалгаа гаргаж, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болох нь “түүний мэдүүлсэн нэг удаа цүнхтэй зүйл авчирч хэд хоног хадгалуулсан, тэр цүнхтэй бичиг баримтууд нь Б.М-тэй холбоотой” гэх үйл баримт нь ямар ч байсан А.Сайнжаргалын гэрт эд зүйл тавихаар А.Г- нарын хүмүүс очсон гэдгийн нотолгоо юм” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.

Гэтэл бодит байдал дээрээ мөнгө, бичиг баримт гэдэг дээрээ маргадаг болохоос А.Сайнжаргалын эд зүйл аваачиж тавьснаа А.Г-, Б.М- нар хэн хэн нь үгүйсгэдэггүй бөгөөд гагцхүү чухам юу байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоож чадаагүй ба энэ талаар гэрч А.Сайнжаргал, С.Болорнямбуу, Г.Отгонбаяр нарын мэдүүлгүүд өөр хоорондоо илтэд зөрүүтэй байдаг.

Ийм нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх, шүүгч ийм хууль бус нотолгоо гэх зүйл дам байдлаар гаргаж ирж, түүндээ үндэслэн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 5 жилийн хугацаагаар нийгмээс тусгаарлан хорих шийдвэр гаргаж болохгүй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ёстой.

Гэтэл А.Г-ыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 343 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан “иргэн Б.М-ийг залилсан” гэх 8 удаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж огт байхгүй байгаа болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, А.Г-ын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийвчлан тогтоолгүйгээр зөвхөн хохирогч Б.М-ийн мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэж, түүний хэлсний дагуу хохирлыг тогтоож хэргийн зүйлчлэн, улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх нь түүнд нь үндэслэн шууд ял оноосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар мөрдөгч, прокурор, шүүх дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтууд үндэслэлтэй, зөв эсэхийг хяналгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг талыг барьж явуулсан байдаг.

Тухайлбал: 3 дугаар хавтаст хэргийн 46-аас 49 дүгээр талд авагдсан ШШҮХ-ийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2 дахь хариултад “2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.М- нь “Бэрхийн Нурамт” ХХК-д хөрөнгө оруулалт гэж 1.807.501.365 төгрөгөөр үйл ажиллагааг нь санхүүжүүлж байсан байна” гэж дүгнэснээс үзэхэд дээрх мөнгийг А.Г- авсан бус компанийн үйл ажиллагаанд зарцуулж, санхүүгийн тайланд хөрөнгө оруулалт нэрээр бүртгэсэн болох нь тогтоогдож байдаг.

“Бэрхийн Нурамт” ХХК-ийн хөрөнгө оруулалтын тайланд тусгаад, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан болох нь нэгэнт тогтоогдсон мөнгийг А.Г- залилан мэхэлж хувьдаа авсан мэтээр прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нь үндэслэлгүй юм. Мөн прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ бэлэн байлгаж болохгүй, өөр газарт хадгална гэж итгүүлэн 200.000.000 төгрөг залилсан нь тогтоогдсон гэжээ.

Гэтэл уг асуудлыг гэрчилж байгаа гол гэрч нар болох Г.Отгонбаяр, С.Болорямбуу, А.Сайнжаргал нарын мэдүүлэг нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй байна.

Тухайлбал: гэрч Г.Отгонбаяр нь “2015 оны 1 дүгнээр сарын 19-ний өдөр би Б.М-ийн гэрт байж байхад А.Г-, Б.М- хоёр банк явчихаад ирье гэж хэлээд банк явж ирэхдээ 200.000.000 төгрөгийг бэлнээр авчирсан. Тэгээд бид гурав тэр мөнгийг авч миний машинд суугаад 10 дугаар хорооллын УБ паласын ард талын байранд очоод Б.М-ийг машиндаа үлдээгээд А.Г- бид хоёр мөнгийг аваад А.Г-ын төрсөн эгч гэх эмэгтэйгийн гэрт нь ороод цахилгаантай чемоданд тэр мөнгийг хийгээд үлдээсэн.” /1 хх-73/ гэж мэдүүлсэн бол гэрч С.Болорнямбуу нь “2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би Б.М- эгчтэй “Хаан” банк ороод данснаас 300.000.000 төгрөг бэлнээр гаргаж аваад тэр мөнгөө гэртээ хадгалж байгаад А.Г- өөрийн бие хамгаалагч Отгонбаяр гэх залуутай хамт Б.М- эгчээс 200.000.000 төгрөг эгчийндээ хадгална гээд бэлнээр аваад явсан” /1 хх-72/ гэх зэргээр мөнгийг хэн, хэзээ хаанаас хэрхэн авч явсан талаар зөрүүтэй мэдүүлжээ.

Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолоор үнийн дүн нь зөрүүтэй, яг хэзээ, ямар зорилгоор, хэрхэн авч өгөлцсөн нь тодорхойгүй мөнгийг А.Г- залилсан гэх үйлдэлд хамруулан ялласан байна.

Тухайлбал: прокурорын яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд “А.Г- нь иргэн Б.М-ээс 2014 оны 8 дугаар сард хөөрөг барьцаалж 35.000.000 төгрөг залилсан гэжээ.

Гэтэл 35.000.000 төгрөг үнийн дүн нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй байгаа төдийгүй үүнийг гэрчилсэн гэрч С.Болорямбуугийн “2014 оны 4 дүгээр сарын эхээр манай оффис дээр орж ирээд А.Г- 20.000.000 төгрөг манай ажилтан Баярмаагаас авсан, тухайн үед Б.М- эгч өмнө нь 10.000.000 төгрөг өгсөн байгаа болохоор А.Г-ад 30.000.000 төгрөгийн баримт бичүүлээрэй гэж хэлээд 30.000.000 төгрөгийн баримт бичүүлсэн” гэх /1 хх-72/ гэх мэдүүлгээр А.Г-ын “хөөрөг барьцаалж, 8.000.000 төгрөг аваад 10.000.000 болгож буцааж өгсөн гэх мэдүүлэг” үнэн болох нь нотлогдож байгаа бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан шиг 2015 оны 8 сард бус 2015 оны 4 сараас өмнө зээлж авсан нь тогтоогдож байгаа болно.

4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 24 дэх талд авагдсан “нэр бүхий гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь Б.М- мөн болохыг, “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал нь Б.М- мөн гэдгийг давхар нотолсон нотолгоо юм” гэсэн дүгнэлт нь миний үйлчлүүлэгч А.Г-ын гэм бурууг бус харин ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй болохыг нь нотолсон дүгнэлт болжээ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Учир нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн нь улсын бүртгэлд А.Г-ын нэр дээр байсан нь үнэн боловч компани болон алтны уурхайн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг Б.М- удирдаж байсан нотолсон байна.

Тэгээд ч Б.М- нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авснаас хойш А.Г-ыг цагдаад өгч шалгуулах хүртэл буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жил гаруй хугацаанд хамтран амьдарч, алтны уурхайн санхүүг хариуцан ажилласан атлаа “Бэрхийн нурамт” ХХК-ийн гэрчилгээ хэний нэр дээр байсныг мэдээгүй, гэрчилгээг огт хараагүй гэвэл бодит байдалтай огт нийцэхгүй нь тодорхой юм.

Харин ч бодит байдал дээрээ Б.М- нь өөрийн өмнөх нөхөр н.Балдан-Осорыг нас барсны дараа буюу талийгаачийн 49 хоног нь дуусаагүй шахам байхад А.Г-ыг өөрийн хамтран амьдрагчаараа сонгосон үйлдэл нь талийгаач нөхрийнхөө ар гэр, үр хүүхдүүдтэй үүсгэсэн эд хөрөнгийн маргааны явцад хийсэн хууль бус үйлдлээ далдлах гэсэнтэй нь холбоотой бөгөөд үүндээ А.Г-ыг ашигласан болов уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа болно.

Учир нь А.Г- нь “Б.М- өөрийн талийгаач нөхөр н.Балдан-Осортой холбоотой баримт материалыг засварлаж байсан, зарим материалыг түүний эгч А.Сайнжаргалын гэрт аваачиж нууж байсан талаар” удаа дараа мэдүүлсэн байдаг ба Б.М- ч гэсэн “... “Бэрхийн нурамт” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардаагүй үндэслэлээ “чиний нэр дээр байвал н.Балдан-Осорын хүүхдүүдтэй маргах явцад хураагдаж магадгүй гэсэн түүний үгэнд итгэсэн” гэж тайлбарласан байна.

Ер нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн авах явцад зарцуулсан гэх 2.950.000.000 төгрөгийг Б.М- нь ямар эх үүсвэрээс бий болгосон болох, энэхүү хөрөнгө хуулийн дагуу явагдсан үйл ажиллагааны дагуу бий болсон эсэх, татвар төлөгдсөн эсэх, иргэний гүйлгээнд байх боломжтой байсан эсэхийг огт шалгаж тогтоогоогүй тул түүний талийгаач нөхөр н.Балдан-Осорын үлдээсэн хөрөнгө бөгөөд энэ талаар үүссэн маргаантай холбоотой хөрөнгө, мөнгө байж болзошгүй байх ба үүнийгээ нуух зорилгоор А.Г-ыг ашиглан “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдан авч, мөнгө угаасан байхыг ч үгүйсгэхгүй

5. А.Г-, Б.М- нарын хооронд үүссэн маргаан нь эд хөрөнгийн болон хөрөнгө оруулалт, хамтран эзэмших дундын хөрөнгөтөй холбоотой, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй бус иргэний эрх зүйн харьцаанаас үүссэн маргаан гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байгаа болно.

Учир нь энэ үндэслэлээр А.Г-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2544 дугаартай тогтоол 3 дугаар хавтаст хэргийн 6-10 дугаар талд авагдсан байх ба иргэний эрх зүйн харилцааны гэрээнээс үүссэн маргааны залилангийн гэмт хэргээс ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцлийн дагуу мэт харагдавч дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдаас авсан эд зүйлийг буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай идэвхтэй үйлдэл байх ёстой.

Гэтэл А.Г- нь ийм шинжтэй үйлдэл хийгээгүй төдийгүй Б.М- нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг мэдэж, удирдаж, өөрийн оруулсан хөрөнгийг захиран зарцуулж баримт материал бүрдүүлж байсан байх ба өөрийн талын хүн болох н.Болор-Эрдэнийг нягтлан бодогчоор ажиллуулж байсан байдаг.

Мөн Б.М- нь “Бэрхийн Нурамт” ХХК-ийн нэрээр А.Г-ай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан /1 хх 217-219/, А.Г-тай гэр бүлийн харилцаанд орж тодорхой хугацаанд эхнэр, нөхөр нэрээр хамтран амьдарч байсан зэрэг үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний эрх зүйн эд хөрөнгийн шинжтэй харилцаа үүссэн байх ба улмаар тэдний хоорондын таарамжгүй харилцаанаас үүссэн маргаанаас үүдэн бий болж нэхэгдсэн мөнгө бүрийг залилангийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

А.Г-ыг хамтран амьдрах явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэж буруутгаж байгаа боловч бодит байдал дээрээ зарим зээлийг хамтран амьдрахаас өмнө авч байсан, барьцаатай, 1 жил гаруй хамтран амьдрахдаа Б.М- нь мөнгөө огт нэхэж байгаагүй, өөрсдийн эд хөрөнгийг нийлүүлэн дундаа хэрэглэж байсан байдаг төдийгүй хамтран ажиллах явцдаа хамтдаа үрсэн мөнгөн дээрээ л маргаан үүсгэн шалгуулж байгааг анхаарах ёстой.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, А.Г-ад холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдаж авах мөнгийг цэвэр надаар гаргуулсан. Анх надад авч өгнө гэж хэлчихээд өөрөө авсан байдаг. Мөн А.Г- нь намайг хүн амины хэрэгт гүтгэж байгаад харамсаж байна. Хэрэгт ач холбогдол бүхий байдлууд нотлогдсон. Иймд анхан шатны шүүх бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргасан, А.Г- нь хэргээ хүлээх бус харин ч эсрэг зүйл ярьж байгаа учраас оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байх тул ялыг нэмэх санал гаргаж байна ...” гэв.

 

            Хохирогч Б.М-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоос үзэхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл харагдахгүй байна. Хохирогч Б.М-ийн мэдүүлгийн эх сурвалжууд бүрэн нотлогдсон ...” гэв.

 

            Хохирогч Б.М-ийн өмгөөлөгч Б.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж, хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

            Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж А.Г-ад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”,

 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”,

1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тодруулаагүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Үүнд:

 

Прокуророос, шүүгдэгч А.Г-ыг “... 2015 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдан авна гэж 500.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байрлах Бүдүүн Ухаагийн алтны уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт нэрээр 1.807.501.365 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг үйлдсэн ...” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд  “... “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдаж авч өгнө гэж 500.000.000 төгрөг авсан ...” гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй хэргийн үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

 

Улмаар анхан шатны шүүх “А.Г- нь хохирогч Б.М-ээс 1.807.501.365 төгрөгийг залилж авсан гэх үйл баримтыг гэмт хэргийн шинжийг агуулаагүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхээргүй, энэ мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан” гэж дүгнэн уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа дээр дурдсан прокуророос ““Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдан авч өгнө” гэж хуурч мэхэлсэн гэж яллах дүгнэлт үйлдээгүй байхад мөрдөн шалгах ажиллагаагаар энэхүү хуулийн этгээдийн эзэмшиж байгаа лиценз, эрхийн бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээг огт хийгээгүй, шалгаж тогтоолгүй “Бэрхийн нурамт” ХХК болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь Б.М- болохыг тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

Мөн “Бэрхийн нурамт” ХХК-ийг Б.М-т бусдаас худалдаж авч өгнө гэж залилсан уу, бусдаас худалдаж авна гэж залилсан гэх нөхцөл байдал эргэлзээтэй, цаг хугацааны хувьд 2015 оны 4 дүгээр сард хуулийн этгээд худалдаж авсан үйл баримтын асуудал яригдаж байхад үүнээс өмнө буюу 2015 оны 1 дүгээр сараас эхлэн уг хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт нэрээр хохирогч Б.М-ээс мөнгө шилжүүлсэн асуудалд  А.Г-ыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Энэ асуудлыг шалгаж тогтоох нь дээрх үйлдэлд А.Г- ганцаар буруутай эсэх, гэр бүлийн хүрээнд хамтын амьдралтай байх хугацаанд бусдын өмнө хуулийн дагуу үүрэг хүлээсэн нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нарын болон хохирогч Б.М-ийн хэн алины тайлбараас үзэхэд А.Г-ын хохирогч Б.М-ээс хөрөнгө оруулалт гэж авсан мөнгөний зарим нь “Бэрхийн нурамт” ХХК-ийн үйл ажиллагаанд буюу уурхайн зардалд зарцуулсан, энэ хугацаанд уурхайн олборлосон гэх 13.9 кг алтыг хохирогч Б.М- болон өөр бусад этгээд авч явж тушааж байсан мэтээр тайлбарлаж байх тул үүнээс хэн нэгэн ашиг хүртсэн эсэх, хэрэв ашиг авч хүртсэн бол иргэний хариуцагчаар татвал зохих хүн, хуулийн этгээдийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хохирол иргэний нэхэмжлэлийг тодорхой хэсгийг хариуцах эсэх асуудлыг шалган шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн хэргийн материалыг судлан үзэхэд “Монголын санхүүгийн групп” ББСБ-аас Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст /6-р хх-64/ “А.Г-, С.Урангуа нар нь Булган аймгийн Дашинчилэн сум, Бүдүүн Ухаад орших 137.78 гектар талбай бүхий, “Бэрхийн нурамт” ХХК-ийн эзэмшил бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн улсын бүртгэлийн 9011081071 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ зэргийг эх хувиар нь барьцаанд үлдээж Монголын Санхүүгийн группээс 135.000 ам.долларыг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр авсан, өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй” гэсэн гомдол хэрэгт авагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл А.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хохирогч Б.М-т “Бэрхийн нурамт” ХХК-ийг худалдан авна гэж хэлж 500.000.000 төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгтээ шалгагдаж байх үедээ “Бэрхийн нурамт” ХХК-ийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээг тус тус барьцаалж зээл авсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг нэг мөр нэгтгэн шалгах нь зүйтэй.

 

А.Г- нь дээрх зээлийг авсаны дараа мөрдөгчийн “Бэрхийн нурамт” ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан, эд хөрөнгө битүүмжилсэн, мөн 137,78 гектар талбай бүхий “Бэрхийн нурамт” ХХК-ийн эзэмшил бүхий газрын шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан тогтоол гарсан байна.

 

Дээр дурдсан асуудлыг шалгаж тогтоох нь энэ үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, өөр хүн, хуулийн этгээд оролцсон эсэх, Монголын Санхүүгийн группээс авсан гэх 135.000 ам.долларыг А.Г- нь  “Бэрхийн нурамт” ХХК-ийн үйл ажиллагаа буюу бусад зардалд шилжүүлсэн эсэх, үүнээс ашиг хүртсэн эсэхийг шалгаж тогтоох, мөн А.Г- хадгалж байсан гэх мөнгөн хуримтлалаар ам.доллар /6 хх 169-172/ худалдаж авсан гэх асуудлын эх сурвалжийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог.

 

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Г-ад холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Г-ад холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Г-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                           Ц.ОЧ

 

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ