Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00581

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2488 дугаар магадлалтай,

Ц.А-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзаж, 29.300.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.А-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр А ХХК-тай 33-05 УНК улсын дугаартай, Киа маркийн автобусыг 32.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа 15.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 17.000.000 төгрөгийг зорчигч тээвэрлэж олсон орлогоосоо суутгуулан төлж дуусгахаар тохиролцсон. Энэ гэрээний дагуу хот хооронд зорчигч тээвэрлэж олсон орлогын 60 хувийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт А ХХК-д төлөх, үлдэх 40 хувийн орлогыг би авч, уг 40 хувиас бүх зардлыг хариуцан төлөхөөр тохирсон. Би 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний үнэд нийт 28.000.000 төгрөг төлсөн, мөн сар бүр суутгасан эрсдэлийн мөнгө 1.300.000 төгрөг нийт 29.300.000 төгрөгийг буцааж авах нэхэмжлэл гаргаж байна. Учир нь А ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, автобусыг сэлбэгэд хэрэглэн намайг худалдан авах боломжгүй болгосон гэжээ.                                                  

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс ажилтан Ц.А-ад компанийн хөрөнгө болох 33-05 УНК улсын дугаартай Киа маркийн 45 хүний суудалтай автобусыг худалдаагүй, компанид төлсөн гэх 15.000.000 төгрөгийг компанийн санхүү бүртгэлд бүртгэж тайлагнаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй болно. Компанийн хувьцаа эзэмшигч Д.Баттулга, нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Баттулгын дүү Д.Түмэнжаргал нар нь компанид 540.000.000 төгрөгийн хохирол учруулж, санхүүгийн анхан шатны баримтгүй зарцуулалт хийсэн байдаг. Үүнтэй холбоотой компанийн автобус Ц.А-ад зарсан гэсэн асуудал давхар яригдаж байсан. Эдгээр ажилтантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 33-05 УНК улсын дугаартай автобусыг компани худалдах талаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан санал болон хурлаас шийдвэрлэсэн шийдвэр байхгүй. Д.Баттулга нь дур мэдэн хууль бусаар компанийн эд хөрөнгийг худалдах шийдвэр гаргаж бусдад хохирол учруулсан явдлыг компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн зүгээс Ц.А-ад компанийн хөрөнгө болох 33-05 УНК улсын дугаартай автобусыг худалдаагүй, худалдах талаар шийдвэр гаргаагүй, худалдах эрхийг Д.Баттулгад өгөөгүй болно. Ц.А-а болон А ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хувьцаа эзэмшигч Д.Баттулга нь компанийг төлөөлж 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийсэн гэрээ нь хэлбэрийн шаардлага зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Ц.А-а болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А-а сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А ХХК нь гэрээний үүрэг гэж үзээд авсан ба гэрээ хийхгүй гэж буцааж өгөөгүй. Би сар бүр компанид гэрээний мөнгө төлдөг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл хоёр жил орчим хугацаанд сар бүр гэрээний мөнгө төлж байсан. Би иргэн Д.Баттулгатай гэрээ огт хийгээгүй, Д.Баттулгатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн энэ хэрэгтэй холбоотой ямар ч эрүүгийн хэрэг үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан А ХХК-иас 29.222.838 төгрөгийг гаргуулан Ц.А-ад олгож, нэхэмжлэлээс 77.162 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.А-а болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.450 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 317.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 30.064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2488 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 622.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12-р сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж №2488 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна.

Компани автобусны парк шинэчлэл хийх зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ХЭХ-ийн хурлын шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкнаас 210 сая төгрөгийн зээл авахаар шийдвэрлэж 2014.05.23-ны өдөр 36 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй зээл авч, 6 дугаар сарын 27-нд зээлийн мөнгөнөөс 3 автобус БНСУ-аас худалдан авсны нэг нь Гранд биөрд Р16К загварын 33-05 УНК улсын дугаар авч бүртгэгдсэн автобус юм. Энэ автобусыг бусдад худалдах эрх “А” ХХК-нд л байх ба түүний нэрийг ашиглаж, өөрт олгогдоогүй эрхээр нэхэмжлэгч Алтанхундагатай иргэний эрх зүйн харилцаанд орсон байхыг үгүйсгэхгүй. Компанийн хувьцаа эзэмшигчид нь зөвхөн Монгол улсын Компаний тухай хуулийн дагуу компаний хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эдлэнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэт нэг талыг барьж гарсан ба Компаний тухай хуулийн Хувьцаа эзэмшигч нарт холбогдох хуулийн заалтуудын хэрэгжилтийг үгүйсгэж хууль хэрэглээг няцаасан зүйл боллоо. “А” ХХК-ийн Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаанд, захирал нь Ёндонжамц гэж бичигдсэн байхад, дур мэдэн Компанийн нэрийг ашиглаж хэлцэл хийгдсэнийг хэргийн хүрээнд нягтлан, дээрх хэлцэл хүчинтэй эсэх талаар шүүх дүгнэх бүрэн боломжтой байтал зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд маргааныг дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн Баттулгын компанийн нэрээр оруулж ирсэн автобусыг бусдад худалдсан, гэрээг гүйцэтгэх захирал мэтээр байгуулсан, ххаг-ний төлбөрийг хувьдаа авсан гэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулж байгаа үйл факт болон баримтыг огт анхаарч үзэлгүй хэргийг шийдсэн. Гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаах зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн өгсөн гэх мөнгийг аваагүй байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн юм бол Ц.А-ын автобус юу болсныг нягтлах нь гарцаагүй байсан. нэхэмжлэгч автобусны мотороо компанид өгсөн, автобусаа бусдад зарсныг ч нягталж дүгнээгүй. Гэтэл хэрнээ автобусыг тухайн компанийн нийтийн тээвэр эрхлэх зөвшөөрлийн хүрээнд ашиглан олсон орлогыг Ц.А-а автобусыг худалдан авсан үлдэгдэл төлбөрөө төлсөн хэмээн шийдсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12-р сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж №2488 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ц.А-а нь хариуцагч “А” ХХК-с 29.300.000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээнээс татгалзсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...автобус худалдаагүй, төлсөн гэх 15.000.000 төгрөгийг компанийн санхүү бүртгэлд бүртгээгүй, үйл ажиллагаанд зарцуулаагүй” гэсэн тайлбар гаргаж, улмаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Ц.А-а нь “А” ХХК-д жолоочоор ажиллаж байсан ба тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тус компанийн захирал Д.Баттулгатай харилцан тохирч, 33-05 УНК улсын дугаартай автобусыг 32.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 15.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 17.000.000 төгрөгийг ажил үйлчилгээний хөлснөөс суутгах тодруулбал сарын цэвэр орлогын 60 хувийг төлөхөөр тохирч гэрээ байгуулжээ /хэргийн 59-61 дүгээр тал/.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан гэрээ  байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч автобусыг эзэмшиж,  ашиглаж байсан боловч “А” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 18/16 тушаалаар уг автобусыг акталж, үндсэн хөрөнгөөс хассан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзан, автобусны үнэд төлсөн  мөнгөө буцаан шаарджээ.

Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал бий болсныг  хариуцагч үгүйсгээгүй бөгөөд Ц.А-а гэрээнээс татгалзсан тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож,  гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлээс 29.222.838 төгрөгийн шаардлагыг хангасан нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан  байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар хийсэн шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02675 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2488 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 622.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ