| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/2005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/651 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Х.Н |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/651
2021 05 28 2021/ШЦТ/651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Х.Н-Эрдэнэ,
шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даш овогт Ө холбогдох эрүүгийн 2106 00000 0520 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Баянхонгор аймаг Эрдэнэцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хөх бүрдний эх ХХК-д гагнуурчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум 1 дүгээр баг, Сэнжит гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо 6 дугаар гудамжны 9 тоотод түр оршин суух,
урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Даш овогтО.Ө /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч О.Ө нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяндэлгэр” хүнсний дэлгүүрийн гадна талд байсан Б.Г эзэмшлийн 34-34 УНМ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний нагац дүү болох X Азбаяр, төрсөн дүү Б.И нар 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутын үед намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2б хэсэг 1658 тоотод байхад миний 34-34 УНМ улсын дугаартай цагаан өнгийн тоёота королла маркийн автомашины түлхүүрийг надаас авч дэлгүүр руу ундаа зайрмаг авахаар явсан юм. Тэгээд гэртээ байж байтал 21 цаг 08 минутад төрсөн дүү Б.Ихбаяр над руу өөрийн 94487016 дугаараас миний 88171732 дугаар руу залгаж надад дэлгүүрийн гадна талаас машин алга болчихлоо, Улиастайн шинэ эцэс рүү хөдлөөд явчихлаа ардаас нь хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуудас/,
Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улиастайн шинэ эцсийн ойролцоо байрлалтай үйл ажиллагаа явуулдаг Баяндэлгэр хүнсний дэлгүүрийн гадна талд очиж зогсоод ах Х.Азбаярын хамт дэлгүүр рүү юм авахаар орсон. Х.Азбаяр нь машинаас буухдаа машинаа унтраасан боловч түлхүүрээ зоолттой, машины хаалгаа түгжилгүй дэлгүүр орчихсон юм. Бид дэлгүүрээс ундаа зайрмаг аваад 5 орчим минут болж байхад дэлгүүрийн гадна талд машины өндөр хааз сонсогдсон. Тэгэхээр нь Х.Азбаяр ахтай гараад хартал 34-34 УНМ улсын дугаартай цагаан өнгийн тоёота королла машиныг унасан этгээд Улиастайн шинэ эцэс рүү чиглэлтэй явж байсан. Бид араас нь хөөгөөд гүйцээгүй...харин миний ай поне X маркийн гар утас асаалттай хэвээрээ машины дотор хэсэгт голын хайрцаг дотор байсан тул би өөр хүний утаснаас ай ди кодоороо интернэтээс байршлыг хартал шөнийн дэлгүүрийн автобусны буудлын баруун хойд хэсгийн гудамжинд байршил гарч ирж байсан. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчтай утасны байршлаар машиныг хаана байгааг эрэн сурвалжлан машин хулгайлсан гэх этгээдийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овооны автобусны буудлын ойролцоо Петровис ШТС-ын зүүн хойд талын гудамжнаас олж тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ойролцоох гудамжинд танихгүй хүнтэй хамт 2 шил архи хувааж уутал хамт архи уусан залуу сайхан ахтай танилцлаа манай гэрт хамт очъё гэж хэлэхээр нь автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн буудал дээр буусан. Тэр залуу автобуснаас буугаад та машин унаж чадах уу? би машинаа дуудчихъя гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед миний ухаан орж гараад уусан архиндаа согтоод байсан. Нэг ухаан ороход цагаан өнгийн машины хажууд ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь тэр машиныг надтай хамт архи уусан залуугийн машин байна гэж бодоод суутал түлхүүр нь зоолттой байхаар нь асаагаад хөдлөөд явсан. Би тэр машиныг жолоодож явж байхдаа согтуу машин барьж явж болохгүй гэдгээ гэнэт санаад нэг газар зогсоод машинаасаа буугаад хажууд нь байж байтал цагдаа нар ирж намайг авч явж эрүүлжүүлэх байранд хонуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Яллагдагч Д.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн мэдүүлсэн. Хохирогчийн машиныг тухайн үед зөвшөөрөлгүй авч явсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
О.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 хуудас/,
“Хөх Бүрдний-Эх” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 25 хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 26 хуудас/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.Өын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч О.Ө нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяндэлгэр” хүнсний дэлгүүрийн гадна талд байсан Б.Гэндэнсүрэнгийн эзэмшлийн 34-34 УНМ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч О.Өын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Б.Гэндэнсүрэнгийн “...21 цаг 08 минутад төрсөн дүү Б.Ихбаяр над руу өөрийн 94487016 дугаараас миний 88171732 дугаар руу залгаж надад дэлгүүрийн гадна талаас машин алга болчихлоо, Улиастайн шинэ эцэс рүү хөдлөөд явчихлаа ардаас нь хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ихбаярын “...Улиастайн шинэ эцсийн ойролцоо байрлалтай үйл ажиллагаа явуулдаг Баяндэлгэр хүнсний дэлгүүрийн гадна талд очиж зогсоод ах Х.Азбаярын хамт дэлгүүр рүү юм авахаар орсон ... 5 орчим минут болж байхад дэлгүүрийн гадна талд машины өндөр хааз сонсогдсон. Тэгэхээр нь Х.Азбаяр ахтай гараад хартал 34-34 УНМ улсын дугаартай цагаан өнгийн тоёота королла машиныг унасан этгээд Улиастайн шинэ эцэс рүү чиглэлтэй явж байсан. Бид араас нь хөөгөөд гүйцээгүй ... харин миний Iphone X маркийн гар утас асаалттай хэвээрээ машины дотор хэсэгт голын хайрцаг дотор байсан тул би өөр хүний утаснаас ай ди кодоороо интернетээс байршлыг хартал шөнийн дэлгүүрийн автобусны буудлын баруун хойд хэсгийн гудамжинд байршил гарч ирж байсан...машин хулгайлсан гэх этгээдийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овооны автобусны буудлын ойролцоо Петровис ШТС-ын зүүн хойд талын гудамжнаас олж тогтоосон” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Өлзийбатын “... Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн мэдүүлсэн. Хохирогчийн машиныг тухайн үед зөвшөөрөлгүй авч явсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч О.Өыг “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Гэндэнсүрэнгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч О.Өын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч О.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Ө нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч О.Батмөнх нар нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
О.Ө нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даш овогт О.Ө “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Өад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ