| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01882/и |
| Дугаар | 1645 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 1645
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2017/01645 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 16 дугаар гудамж, 469 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 34 тоотод түр оршин суух Ч.Т -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын хэсэг, 16 дугаар гудамж, 5 тоотод оршин суух Ц.Г -д холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ч.Т миний бие нь Ц.Г тэй 2010 оны 8 дугаар сард танилцаж, бид удалгүй нэг гэрт орж, хамт амьдарсан. Том хүү А 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, одоо 6 настай. Бага охин А 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, одоо 4 настай. Хүүхдүүд эцгээрээ овоглодог. Бидний хувьд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Ц.Г нь одоо өөр эмэгтэйтэй гэр бүл зохион амьдарч байгаа. Ц.Г нь тусдаа амьдарч эхэлснээс хойш том хүүгээ өөр дээрээ авч байлгаж байгаад сар гарангийн өмнөөс би өөрийн асрамжинд авсан. Ц.Г нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа нэртэй боловч, өөр дээрээ байлгах хугацаанд хүүхдээ цэцэрлэг, сургалт хүмүүжлийн байгууллагад хамруулдаггүй, ээж хүний хувьд хүүтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй байсан. Ц.Г хүүгээ сургуульд орохоор нь өөр дээрээ авна гэж байгаа учраас миний хувьд хүүхдийнхээ хүмүүжил ирээдүйг нь бодсон ч гэсэн өөрийн асрамжид авч хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч Ц.Г ээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүү А, охин А нарыг миний асрамжид хэвээр үлдээж, эцэг Ц.Г ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
“Бид хоёр салснаас хойш хүү Г.А надтай цуг хоёр жил амьдарсан. Хүүхдүүдээ хамтад нь өсгөж, хүмүүжүүлэх нь зөв гэж үзээд ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Мөн хүүхдүүдэд хүүхдийн тэтгэлэг болох мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Ц.Г хүлээн зөвшөөрчээ.
Зохигч Ч.Т, Ц.Г нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү Г.А төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000766337, 4387 дугаартай төрсний гэрчилгээ, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин Г.А төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000907957, 3138 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхдүүд эрүүл бойжиж, хүмүүжиж байгаа нь “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 3 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Бяцхан найзууд цэцэрлэгийн тодорхойлолт, хүүхдүүд эхийн асрамжид амьдарч байгаа нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов. /хх-2-5, 8-10/
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүү Г.А, охин Г.А нар одоо төрсөн эх Ч.Т ийн асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох хүү Г.А, охин Г.А нарыг төрсөн эх Ч.Т ийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.Г ээр хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Хүү Г.А, охин Г.А нарыг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдүүдийн эх Ч.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Ц.Г д саад учруулахгүй байх үүрэгтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2017 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 185,300 төгрөгөөр тогтоосон тул хүүхдийн тэтгэлэгтэй холбогдох хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.А, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.А нарыг төрсөн эх Элжгид овогт Ч.Т-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.А, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т т олгож, хариуцагч Ц.Г ээс хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,468 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР