Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/688

 

 

 

 

 

 

   

    2021        06           04                                  2021/ШЦТ/688

 

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Х.Н

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт С.О холбогдох эрүүгийн 2006 04349 0600  дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, Их эхлэл констракшн ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4 эцэг, эх эгчийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг гудамжны 169 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 79 дүгээр байрны 61 тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1664 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 706 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгүүлсэн Ямаат овгийн С.О /РД:МД01281911/.

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч С.О нь 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 2020 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, авсан архинаас минь уусангүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж хохирогч О.Н биед халдан зодож улмаар нүдний салст, баруун доод зовхинд цус хурал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг,

           Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О, Д , М нар Б хамт 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг, 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг, том савтай Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг тус тус ууцгаагаад согтуу байж байсан, тэд нар бид гуравт ууж байсан архинаасаа хийж өгөөд уухыг шаардахад нь бид гурав уухгүй гэсэн чинь М гэдэг хүүхэд миний авч өгсөн архийг яагаад уудаггүй юм бэ голоод байгаа юм уу гэж уурлахаар нь бид гурав явлаа гээд гарах гэсэн чинь Д- Д гэдэг хүүхэд босож ирээд шууд нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Би тэр хоёрыг салгах гэсэн чинь О, Д нар миний толгой, нүүр лүү олон удаа цохисон ... миний баруун нүдний доод хэсэгт хавдсан байна. Миний биед учирсан баруун нүдний салст, баруун доод зовхинд цус хуралт гэмтлийг О учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12659 дугаартай “О.Н биед баруун нүдний салст,баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Яллагдагч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр найзуудтайгаа хамт зааланд сагс тоглоод Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Авто онишлогооны урд талд байдаг найз Баттулгын гэрт очиж 2 шил архи Б, Д, М, Н, Д, Э нартай хувааж уугаад Д, Н хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Тэгэхээр нь би Д өмөөрч Н баруун нүдний орчим гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл Н баруун тал нь хавдаж улайж эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Их эхлэл констракшн ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хх-ийн 54, 57-59, 63-68 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч С.О нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 2020 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр авто оношилгооны төвийн ард найз О.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогчийн биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салст, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт эрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг, хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирогч О.Н “...О, Д, М нар Б хамт 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг, 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг, том савтай Нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг тус тус ууцгаагаад согтуу байж байсан, тэд нар бид гуравт ууж байсан архинаасаа хийж өгөөд уухыг шаардахад нь бид гурав уухгүй гэсэн чинь М гэдэг хүүхэд миний авч өгсөн архийг яагаад уудаггүй юм бэ, голоод байгаа юм уу гэж уурлахаар нь бид гурав явлаа гээд гарах гэсэн чинь Д, Д гэдэг хүүхэд босож ирээд шууд нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон, би тэр хоёрыг салгах гэсэн чинь О, Д нар миний толгой, нүүр лүү олон удаа цохисон...миний баруун нүдний доод хэсэгт хавдсан байна...миний биед учирсан баруун нүдний салст, баруун доод зовхинд цус хуралт гэмтлийг О учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12659 дугаартай “О.Н биед баруун нүдний салст,баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/, Яллагдагч С.О “...Д, Н хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Тэгэхээр нь би Д өмөөрч Н баруун нүдний орчим гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл Н баруун тал нь хавдаж улайж эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч С.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч С.Оын хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас О.Н эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч О.Н нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэгт авагдсан С.О үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул С.О “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч О.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.О нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 20 настай эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч С.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч С.О хувьд торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргасан болно.

Шүүгдэгч С.О хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

С.О нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн, Их эхлэл констракшн ХХК-нд засал чимэглэлчин ажилтай, сарын 1.800.000 төгрөгийн орлоготой, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалтай, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д, Н нартай үл ойлголцон үл ялих зүйлээс болж маргалдсан,  улмаар О.Н биед хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан,

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ямаат овогт С.О “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар С.Од 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Г.ХАТАНЦЭЦЭГ