| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02331/и |
| Дугаар | 1657 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1657
2017 оны 05 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2017/01657 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,
1975 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 10-104 тоотод оршин суух, Жаа овогт Цогзолмаагийн Цогбадрах /РД:УЖ75113011/-д архины албадан эмчилгээ хийлгэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Төр-Од /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Ц.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч О.Төр-Од шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 10-104 тоотод оршин суух Цогзолмаагийн Цогбадрах нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, баривчлагдаж, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дэхь хэсэгт заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.Цогбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би урьд өмнө нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй. Сайн дураар эмчлүүлсэн боловч хэдэн сарын дараа архи уусан одоо архи уухгүй гэж бодож байна гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Ц.Цогбадрахыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Ц.Цогбадрах нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 10-104 тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Тэрээр 2010 оноос хойшхи хугацаанд эрүүлжүүлэгдэн, 21 удаа захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Ц.Цогбадрахын эхнэрийн өргөдөл, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч болон 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт авагдсан байна.
Ц.Цогбадрах нь “Архинд донтох өвчний 2 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Жаа овогт Цогзолмаагийн Цогбадрах /РД:УЖ75113011/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Ц.Цогбадрахыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР