Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1687

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/01687

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                                                                      

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө, 754б тоотод байрлах “Гранд сутай” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011266130, регистрийн дугаар 5441587/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын өргөн чөлөө, 754б тоотод байрлах “Ворлд авто кар” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011584010, регистрийн дугаар 6027652/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Альфа байр 304 тоотод байрлах “Итгэлт рояал ТМЗ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011424068, регистрийн дугаар 5730589/-д холбогдох

 

2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон төлсөн төлбөр болох 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Наранбаатар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“О.Цэрэнцоодол миний бие “Гранд сутай” ХХК-ийг төлөөлж “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК-ийн захирал Э.Ганчимэгтэй 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”, мөн “Ворлд авто кар” ХХК-ийг төлөөлж “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК-ийн захирал Э.Ганчимэгтэй 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г тус тус байгуулсан. “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК нь дээр дурдсан гэрээний нийт ажлын хөлсийг цаг хугацаанд нь 2016 оны 02 дугаар сарын 01 хүртэл төлж байсан болно. “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК нь манай хоёр компанитай байгуулсан гэрээний 1.7-д “Зөвлөх нь гэрээт ажлыг гүйцэтгэхдээ “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд”-д заасан зарчмыг дагаж мөрдөнө” гэж заасныг, 3.1 “Зөвлөх нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг болон үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн болон хуулийн хүрээнд гүйцэтгэх ёстой...” гэж заасныг тус тус зөрчиж гэрээнд заасан ажил үүргээ хийж гүйцэтгээгүй улмаас манай хоёр компанийг татварын эрсдэлтэй байдалд оруулж санхүүгийн тайланг маш хүнд байдалд оруулан хохироосон болно. “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК нь гэрээнд заасан үүргээ буруу гүйцэтгэж манай хоёр компанид бий болгосон үр дагавар: “Гранд сутай” ХХК-ийн хувьд 1/ 2015 оны тайлангийн задаргаа байхгүй, баримт цэгцлэгдээгүй, 2/ 2016 оны 1-р улирлын ААНОАТ-ын тайлан буруу гарсан. 1, 2, 3 сарын НӨАТ-н тайлангийн борлуулалтын дүнтэй зөрсөн, 3/ 2016 оны 2-р улирлын тайлангийн борлуулалтын дүн 1-6 сарын НӨАТ-н тайлантайгаа таарахгүй байгаа, 4/ 180,000,000 төгрөгний хөрөнгө оруулалтыг улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэмэлтээр оруулж, компанийн дүрмээ шинэчлэх, 5/ 180 сая төгрөгний барилгын дахин үнэлгээний тайлан байхгүй, 6/ Дахин тайлан санхүү, татварт баталгаажуулах, 7/ 2016 оны 1-р сараас хойших борлуулалтанд НӨАТ ногдоно, 8/ Ил тодоор орж байгаа гэж бодсон, 2014 онд биш 2015 онд оруулсан байна. “Ворлд авто кар” ХХК-ийн хувьд 1/ 2015 оны жилийн эцсийн тайлан Сангийн яаманд баталгаажаагүй, 2/ 2015 оны жилийн эцсээр 112,200,000 төгрөгний борлуулалттай тайлан гарсан, 3/ 2015 оны тайлангийн задаргаа байхгүй, баримт цэгцлэгдээгүй, 4/ 2016 оны 1-р улирлын ААНОАТ-н тайлан гаргахдаа хувь хүнд өгсөн Е-баримттай 8,457,200 төгрөгний борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй, 5/ 2016 оны 2-р улирлын тайланг Х-ээр илгээсэн, 6/ Дахин тайлан санхүү, татварт баталгаажуулах, 7/ 2016 оны 1-р сараас хойших борлуулалтанд НӨАТ ноогдоно, 8/ Ил тодоор орж байгаа гэж бодсон. 2014 онд биш 2015 онд оруулсан байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7.1.5-д заасны дагуу үйлчлүүлэгч нь “...татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах эрхтэй...” гэж заасны дагуу 12,000,000 төгрөгийг “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК-аас гаргуулж өгнө үү. Учир нь “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК нь “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн 3.1.1-т зааснаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ гэж үйлчлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйл ажиллагаа байна. гэтэл  “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК нь нэхэмжлэгч хоёр хуулийн этгээдэд алдаатай, дутуу санхүүгийн тайлан гаргасан, мөн тайлан нь зөрүүтэй, үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдэд борлуулалт олсон мэтээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулж тайлан гаргасан, мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулж өгнө гэж тохирсон боловч энэхүү хуульд хамруулаагүйн улмаас хоёр компани үндэслэлгүйгээр их хэмжээний татвар төлөх болсон, өгсөн зөвлөгөө нь хангалтгүй, буруу, дутмаг зөвлөгөөг өглөө. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 16.1.4-т татварын мэргэшсэн зөвлөх нь татварын тайлан хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх, мөн хуулийн 6.1.1-т татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ тус тус хэрэгжүүлж биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хоёр компани нь эдийн засгийн алдагдалд орж, энэхүү татварын мэргэшсэн зөвлөх компанийн алдаатай үйл ажиллагааны улмаас хохирлоо. Үйлчлүүлэгч хоёр компанийн хувьд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ 100 хувь биелүүлж, гэрээний төлбөрийг сар бүр хариуцагч компанид төлж, үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Харамсалтай нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, түүний улмаас үйлчлүүлэгч хоёр компани ийнхүү хохирлоо. Иймээс хариуцагч “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК-ийн дээрх алдаатай, буруу үйлчилгээ нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг илэрхий зөрчсөн, хуулиар хүлээсэн үүрэг болох үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүргээ үл биелүүллээ. Иймд хариуцагчаас доорх төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон нийт төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон нийт төлсөн төлбөр болох 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

     Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийн чанаргүй үйлчилгээнд жилийн хугацаанд 12,000,000 төгрөг төлсөн байгаа. Нэгэнт чанаргүй, хууль зөрчсөн алдаатай, эс үйлдэхүй гаргасан, үндсэн үүргээ 100 хувь гүйцэтгэж чадаагүй компанид илүү мөнгө өгсөн байдаг. Энийгээ бид нар шаардъя гэж байгаа. Хариуцагч тал та нарт ямар бодитой хохирол учирсан юм бэ гэж байна. Энэ тохиолдолд бид нар хохирол ярихгүй. Зөвлөх үйлчилгээнд хуулийн зөвлөгөөтэй адил өмгөөлөгч магадгүй буруу зөвлөгөө өгсөн байгаа бол хөлсөө буцааж авдаг, тэрэнтэй адилхан. Сүүлд нотариатаар гэрчлүүлсэн тайлан бол эргэлзээтэй тайлан. Эмх цэгцтэй, алдаагүй тайлан өнөөдөр байхгүй байгаа. “Итгэлт рояал ТМЗ” ХХК өөрөө тайлбаруудыг өгч байсан. Эцэст нь дүгнэхэд хоёр гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээний үүргээ манай зүгээс биелүүлсэн боловч энэ компанийн зүгээс мэргэшсэн зөвлөгөө өгч чадаагүйд бид гомдолтой байна. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд маргаж байгаа. Гэрээний 3 дугаар зүйлд маш сайхан үүргүүд байгаа боловч энэ компани өнөөдөр ийм ажил хийсэн гэх зүйл байхгүй байгаа. Хавтаст хэргийн хүрээнд үзэхэд энэ компани мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх үүргээ гүйцэтгэж чадаагүй байдаг. Үйл ажиллагаа явуулаагүй компанийн тайлан 112,000,000 төгрөг гэж бичсэн нь алдаатай. Анх эдний компани ганц хуудас баримт өгсөн. Сүүлд өгсөн баримт нь улсын байцаагчийн тамга тэмдэггүй тайлан байгаа.. Энэ байдлуудаас харахаар бид нар гэрээнийхээ дагуу шаардах эрхээ Иргэний хуулийн дагуу нэхэмжилж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх зохих хэмжээнд анхаарч нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

 

Хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Гранд сутай” ХХК-ийн захирал О.Цэрэнцоодол нь анх 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус компанитай харилцан тохиролцоод “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 3 сарын хугацаатай байгуулаад улмаар 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаатай сунгаж дахин гэрээ байгуулсан. Мөн О.Цэрэнцоодол нь “Ворлд авто кар” ХХК-ийг төлөөлж бидэнтэй 2016 оны 03 дугаар сарын 10-ны орчимд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ” байгуулсан. О.Цэрэнцоодолын хүсэлтээр он сар өдрийг нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж тавьж гарын үсэг зурсан. Бидний хамтын ажиллагаа гэрээнд заасны дагуу явагдаж байгаад 2016 оны 04 дүгээр сараас үл ойлголцол гарсны улмаас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс гэрээг цуцалсан юм. Гэтэл О.Цэрэнцоодол нь шүүхэд гэрээний 3.1 Зөвлөх нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг болон хуулийн хүрээнд гүйцэтгэх ёстой гэж заасныг тус тус зөрчиж гэрээнд заасан ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас манай хоёр компанийг татварын эрсдэлтэй байдалд оруулж санхүүгийн тайланг маш хүнд байдалд оруулан хохироосон болно гэсэн үндэслэлээр гомдол гаргаж 12 сая төгрөгний хохирол нэхэмжилжээ. Иймд бид үүнийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэхэмжлэлд “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК нь гэрээнд заасан үүргээ буруу гүйцэтгэж манай хоёр компанид бий болгосон үр дагавар нь хавсралт 1-ээр тодорхойлов гээд 8 мөртэй хүснэгт оруулсан байна. Иймд хүснэгтийн мөр бүхэнд байгаа зүйлд дараах тайлбарыг өгч байна.

“Гранд сутай” ХХК-ийн хувьд 1/ 2015 оны тайлангийн задаргаа байхгүй, баримт цэгцлэгдээгүй. Тайлбар: 2015 оны тайлан хууль стандартын дагуу гарсан, бүх санхүүгийн баримт зохих дүрэм журмын дагуу үдэгдэж, архивлагдсан. Одоо ч манайд хадгалагдаж байгаа болно. Журнал ордер хөтлөгдсөн, ямар нэгэн задаргаа дутуу зүйл байхгүй. 2/ 2016 оны 1-р улирлын ААНОАТ-ын тайлан буруу гарсан. 1, 2, 3 сарын НӨАТ-н тайлангийн борлуулалтын дүнтэй зөрсөн. Тайлбар: Е баримтыг борлуулалт хийгдсэн тухай бүрд шивж, үйлчлүүлэгчид нэг хувийг өгдөг. Үүгээр НӨАТ-ын тайлан баталгаажих ёстой. Иймд энэ биднийг буруутгах үндэсгүй. 3/ 2016 оны 2-р улирлын тайлангийн борлууллатын дүн 1-6 сарын НӨАТ-н тайлантайгаа таарахгүй байгаа. Тайлбар: 2015 оны 03-р сарын 31-р гэрээ цуцлагдсан тул 2-р улирлын тайланг манай компани хариуцахгүй. 4/ 180,000,000 төгрөгний хөрөнгө оруулалтыг улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэмэлтээр оруулж, компанийн дүрмээ шинэчлэх. Тайлбар: Бид дүрмийн сангийн үнэлгээ хийлгэнэ гэж тохирсон боловч үнэлгээний тайлан бидэнд ирүүлээгүй тул улсын бүртгэлд нэмүүлэх боломжгүй. 5/ 180 сая төгрөгний барилгын дахин үнэлгээний тайлан байхгүй. Тайлбар: Манай компани нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй. Иймээс хөрөнгө үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компаниар хөрөнгийн үнэлгээг хийлгэхийг удаа дараа шаардсан боловч үнэлгээ хийлгэж өгөөгүй. 6/ Дахин тайлан санхүү, татварт баталгаажуулах. Тайлбар: Энэ ойлгомжгүй байна. Дахин тайлан гэж санхүү татварт тайлагнадаг тайлан байхгүй. 7/ 2016 оны 1-р сараас хойших борлуулалтанд НӨАТ ногдоно. 8/ Ил тодоор орж байгаа гэж бодсон, 2014 онд биш 2015 онд оруулсан байна. Тайлбар: Бид Эдийн засгийн ил тодын тайланг тусгайлан гэрээ хийж гүйцэтгэж байсан. Тийм гэрээ хийгдээгүй. 

 “Ворлд авто кар” ХХК-ийн хувьд 1/ 2015 оны жилийн эцсийн тайлан Сангийн яаманд баталгаажаагүй. Тайлбар: 2015 оны жилийн эцсийн тайлан техникийн саатлын улмаас Сангийн яаманд баталгаажуулах хугацаа хоцорсон. Гэхдээ үүнийг Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст асуудал тавьж шийдвэрлүүлсэн. Одоо ямар ч асуудал байхгүй. 2/ 2015 оны жилийн эцсээр 112,200,000 төгрөгний борлуулалттай тайлан гарсан. Тайлбар: 2015 оны жилийн эцсээр Х тайлан гаргаж татварын хэлтэст илгээсэн. 3/ 2015 оны тайлангийн задаргаа байхгүй, баримт цэгцлэгдээгүй. Тайлбар: 2015 оны 12-р сарын 25-нд байгуулагдсан компани тул 2015 оны жилийн эцсийн тайлан үйл ажиллагаа явуулаагүй 4/ 2016 оны 1-р улирлын ААНОАТ-н тайлан гаргахдаа хувь хүнд өгсөн Е-баримттай 8,457,200 төгрөгний борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй. Тайлбар: 1-р улирлын тайлангаар 20.0 сая төгрөгний борлуулалттай гарсан, энэ түүнд багтаж байгаа. Өөрсдөө Е баримтаа цаг тухайд нь шивээгүйгээс үүссэн байх. 5/ 2016 оны 2-р улирлын тайланг Х-ээр илгээсэн. 2016 оны 3 сарын 31-ээр гэрээ цуцалсан тул үүнийг бид мэдэхгүй. 6/ Дахин тайлан санхүү, татварт баталгаажуулах. Тайлбар: Дахин тайлан гэж байхгүй учир ойлгомжгүй байна. 7/ 2016 оны 1-р сараас хойших борлуулалтанд НӨАТ ноогдоно. Тайлбар: Манай үйлчлүүлэгч байх хугацаандаа суутган төлөгчөөр бүртгүүлээгүй байсан тул НӨАТ ногдохгүй. 8/ Ил тодоор орж байгаа гэж бодсон. 2014 онд биш 2015 онд оруулсан байна. Тайлбар: 2015 оны 12-р сарын 25-нд байгуулагдсан компани тул Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамрагдах хугацаанд орохгүй” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- “Нэхэмжлэл нэг болохоор гэм хорын хохирол, нэг болохоор гэрээний үүргийн биелэлт, гэрээ цуцлагдсан учраас үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн байна. Нэхэмжлэлийн утгыг уншихаар дандаа гэм хорын хохирол ярьсан байна. Сүүлд нь бичсэн нэг өгүүлбэрийг харахаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй учраас ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг буцааж нэхээд байгаа юм шиг. Нэхэмжлэл тодорхойгүй байна. “Итгэлт такс ТМЗ” ХХК нь “Ворлд авто кар” ХХК, “Гранд сутай” ХХК-тай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан уу гэвэл байгуулсан. Үүн дээр маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгч байгуулсан гэрээнийхээ хугацааг тодорхойлж чадахгүй байна. 2016 оны үйл явдалд энэ гэрээ хамаагүй. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр татварын мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь 2014 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл байгуулсан гэрээ. Энэ гэрээний дагуу үнэхээр 12,000,000 төгрөг төлсөн. “Гранд сутай” ХХК-ийн 2014, 2015 оны тайланг хангалттай гаргаж өгсөн. Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн, хүлээгээд авсан. “Ворлд авто кар” ХХК-тай ганцхан улирлын гэрээ байгуулсан. 2015 оныхоо 12 сар, 2016 оны 1 дүгээр улирлын тайланг гаргаад өгсөн. Энэ гэрээнд 1,000,000 төгрөгийн хөлс авсан. Тэр компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Явуулаагүй учраас Х-тайлан гаргаад өгсөн. Ер нь татварын зөвлөх үйлчилгээний компанид үндсэн компани өөрөө нотлох баримтаа гаргаж өгч байж тайлангаа гаргуулах үүрэгтэй. Манай компанийн зүгээс дээрхи хоёр компани дээр 8 нэр бүхий гүйцэтгэсэн ажлаа нэхэмжлэлийн хариу тайлбарт гаргаад өгсөн. Ямар хохирол учирсан нь ойлгомжгүй байгаа. “Гранд сутай” ХХК-тай байгуулсан гэрээ нь 2014 оны 05 дугаар сарын 28-аас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл байгуулсан гэрээ. 2 жилийн тайлан гаргаж өгнө. 2016 оны үйл явдал яриад байгаа бол 2016 оны тайлан балансыг гаргаж өгье гэсэн гэрээ контракт байхгүй. 2016 оны    тайлан балансын хувьд зөвлөмж хүргүүлсэн байгаа. Энэ зөвлөмжөө дүгнэлт маягаар яриад байгаа нь үндэслэлгүй байна. Дотоод аудитын дүгнэлтийг шүүх томилж гаргана уу гэхээс нэг тал гаргахгүй. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн тайлан хавтаст хэрэгт тодорхой байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. н.Цэрэнцоодолын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манайд өгсөн гэрээ цуцлах тухай бичиг байна. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгоод 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээ цуцлахыг мэдэгдэж байна гэж. Тэгэхээр энэ хавтаст хэрэгт авагдсан гэрээ хэзээний дуусгавар болчихсон байгаа. Энэ гэрээ цаашаа үргэлжилсэн юм уу? сунгагдсан юм уу гэдэг тодорхойгүй. Сүүлдээ эднийх танайхаар тайлангаа гаргуулснаас болж гэм хор учирлаа гэж байгаа бол ямар хэмжээний гэм хор учирсан байдал нь тодорхойгүй байна. Тэгэхээр нэг талдаа гэм хорын төлбөр юм шиг, нөгөө талдаа ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхээд байгаа юм шиг энэ нэхэмжлэлийн шаардлагыг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна. Танайх мэргэшлийн татварын зөвлөх үйлчилгээгээ үзүүлж чадсангүй, санхүүгийн тайлан баланс дутуу гаргачихлаа гэхэд нь манайх тайлбар өгсөн. Татварын хяналт шалгалтын дүгнэлт гаргуулъя, манайх ажлаа хийгээгүй, танайд хохирол учруулсан бол хөндлөнгийн шинжээч томилуулъя, татварын хяналтаар ороод нэг мөр ойлголцолд хүрье, та нар буруу юмаар явж байгууллагын нэр хүндийг ингэж унагаж болохгүй, юм болгон бодитой байх хэрэгтэй, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулъя гэхэд эднийх зөвшөөрдөггүй. Ийм байдалд хүрээгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрхи компаниудын нэхэмжлэл үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.

 

     Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК нь хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-д холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон төлсөн төлбөр болох 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гэрээний хугацааг дуусгавар болгох шаардлага гаргаагүй, зөвхөн гэрээний үүрэгт төлсөн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан болохыг тодруулсан.

 

Хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК нь нэхэмжлэгч компаниудтай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэвэл зохих ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн, дурдсан гэрээнүүдийн хугацаа дуусгавар болж цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

“Гранд сутай” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр  “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК-тай “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г байгуулж, гэрээний хугацааг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэж гэрээнд заажээ. /хх-21-23/

 

 “Ворлд авто кар” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК-тай “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г байгуулж, гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж гэрээнд заажээ. /хх-18-20/

 

Дээр дурдсан гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй.

 

Тус гэрээнүүдэд зааснаар гэрээний Үйлчлүүлэгч тал болох “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК нь гэрээг гүйцэтгэхтэй холбоотой шаардагдах баримт бичиг, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, тайлан мэдээг Зөвлөхөд тогтоосон хугацаанд, бүрэн гүйцэт, бичгээр гаргаж өгөх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байна. Уг гэрээнүүдийн Зөвлөх тал болох “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК нь үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах, татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайлан гаргах, татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах, нягтлан бодох бүртгэл, татварын мэргэшсэн зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын тайлан гаргах үүргийг хүлээсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдэд гэрээний талуудын хүлээх үүргийг ерөнхийлэн заасан байх бөгөөд Зөвлөх нь үйлчлүүлэгч компаниудын хэдээс хэдэн оны, хэддүгээр сар, улирлын ямар хугацааны тайланг гаргах үүргийг хүлээсэн болох нь тодорхойгүй байна.

 

 “Гранд сутай” ХХК нь “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийг байгуулсан гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 06 сар хүртэлх тайланг гаргах ёстой байсан гэж, “Итгэлт рояал ТМЗ” ХХК нь “Гранд сутай” ХХК-тай байгуулсан гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсан тул гэрээнд заасны дагуу 2014 оны сүүлийн хагас жил, 2015 оны тайланг гаргасан гэх тайлбарыг гарган маргаж байна. Гэрээнд зааснаар 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэрээний хугацаа үйлчлэхээр заасан боловч талуудын харилцан тохиролцсоноор гэрээг үргэлжлүүлэн гэрээний талууд хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан байна. “Гранд сутай” ХХК, “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 7.1-д зааснаар гэрээний үнэ 1,500,000 төгрөг гэсэн байх бөгөөд “Гранд сутай” ХХК нь гэрээний төлбөрт 11,000,000 төгрөгийг “Итгэлт рояал ТМЗ” ХХК-д төлсөн гэх тайлбарыг гаргасан, уг мөнгийг авсаныг хариуцагч компани хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар маргаагүй.

 

“Ворлд авто кар” ХХК нь “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийг байгуулсан гэрээний дагуу 2015 оны тайлан, 2016 оны 1, 2 дугаар улирлын тайланг гаргах ёстой байсан гэж, “Итгэлт рояал ТМЗ” ХХК нь “Ворлд авто кар” ХХК-тай байгуулсан гэрээ 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсан тул гэрээнд заасны дагуу 2015 оны жилийн эцсийн тайлан, 2016 оны 1 дүгээр улирлын тайланг гаргасан гэх тайлбарыг гарган маргаж байна. Гэрээнд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээний хугацаа үйлчлэхээр заасан боловч нэхэмжлэгч “Ворлд авто кар” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/21 дугаартай албан бичгээр гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсаныг мэдэгдсэн байна. /хх-44/ “Ворлд авто кар” “ХХК, “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 7.1-д зааснаар гэрээний үнэ 6,000,000 төгрөг гэсэн байх бөгөөд “Ворлд авто кар” ХХК нь гэрээний төлбөрт 1,000,000 төгрөгийг “Итгэлт рояал ТМЗ” ХХК-д төлсөн гэх тайлбарыг гаргасан, уг мөнгийг авсаныг хариуцагч компани хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК нь хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-г гэрээнд заасан үүргээ зөрчиж гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, алдаатай, дутуу санхүүгийн тайлан гаргасан, татварын мэргэшсэн зөвлөхийн үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүйн улмаас хоёр компанийг татварын эрсдэлтэй байдалд оруулсан, энэ зөрчил дутагдлыг “Мэжик консалтинг аудит” ХХК илрүүлсэн тул гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК нь нэхэмжлэгч компаниудтай байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалын тайлан, НӨАТ-ын тайлан, санхүүгийн тайлан, татварын тайланг тогтоосон хугацааны дагуу тайлагнах үүргийг хүлээж, “Гранд сутай” ХХК-ийн 2014 оны сүүлийн хагас жил, 2015 оны тайлан, “Ворлд авто кар” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайлан, 2016 оны 1 дүгээр улирлын тайланг тус тус гаргаж татварын албанд тайлагнасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч компаниуд хариуцагчийг холбогдох тайланг гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа боловч гаргасан тайлан нь алдаа дутагдалтай байсан болох нь тогтоогдсон гэж маргаж байна.

 

Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ”Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон ...татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна...”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, татварыг татварын өрөнд хамруулна...” гэж заасан бөгөөд “Гранд сутай” ХХК болон “Ворлд авто кар” ХХК-ийн татварын тайлагналттай холбоотой асуудлаар холбогдох татварын байгууллагаас мэдэгдэх хуудсыг ирүүлж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нарын ирүүлсэн нотлох баримт, тайлбараар “Мэжик консалтинг аудит” ХХК нь “Ворлд авто кар” ХХК-ийн тайланг хянахдаа цаасаар хэвлэгдсэн санхүү, татварын тайлан байхгүй тул интернет дэх тайлангийн мэдээллийг авч хийсэн болох нь тус компанийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байх тул уг баримтыг үндэслэн хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийн гаргасан тайланг алдаа дутагдалтай байна гэж дүгнэх боломжгүй юм. /хх-14/

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК гаргасан тайлангаа баталгаажуулж, танилцуулж, хэвлэмэл хэлбэрээр өгдөггүй нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг нотолно гэх тайлбарыг гаргаж байх боловч нотлох баримтаар ирүүлсэн “Гранд сутай” ХХК-ийн 2014 оны 2, 3 дугаар улирлын тайлан, 2015 оны жилийн санхүүгийн тайлан дээр “Гранд сутай” ХХК-ийн захирал О.Цэрэнцоодол, тус компанийн ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийн хооронд  байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”, нэхэмжлэгч “Ворлд авто кар” ХХК,  хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-ний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл нь холбогдох татварын албанд тайлагнасан санхүү, татварын тайлан байна.

 

Талуудын хооронд хийсэн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч хоёр компанийн хэдээс хэдэн оны, хэддүгээр сар, улирлын тайланг гаргах үүргийг хүлээсэн болох нь тодорхойгүй байх тул хариуцагчийн хийж гүйцэтгэвэл зохих ажлыг тодорхойлох боломжгүй, хариуцагчийн хийж гүйцэтгэвэл зохих ажлын талаар гаргаж буй нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй, үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК нь хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-г хоёр компанийн холбогдох санхүүгийн тайлан гаргаж байсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэрээнд заасан үүргээ зөрчиж гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, алдаатай, дутуу санхүүгийн тайлан гаргасан, татварын мэргэшсэн зөвлөхийн үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүй гэж гэрээний үүрэгт шилжүүлсэн нийт 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч гэрээний төлбөрийг бүхэлд нь эргүүлэн шаардаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...”, мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах эрхтэй” бөгөөд хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК нь өөрийн гаргасан татварын тайлантай холбоотой хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэвч хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-аас нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг тайлагнасан тайлан алдаа, дутагдал зөрчилтэй болохыг холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК-ийн  2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-ний үүрэгт төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-ний үүрэгт төлсөн төлбөр болох 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК нь нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК-тай гэрээ байгуулах үед “Итгэлт рояал такс ТМЗ” ХХК гэсэн оноосон нэртэй байсан, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр компанийн оноосон нэр нь “Итгэлт рояал ТМЗ” ХХК болж өөрчлөгдсөн болох нь Улсын бүртгэлийн 000061022 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК-тай гэрээ байгуулсан талаар маргахгүй гэсэн бөгөөд нэхэмжлэгч нар энэ талаар маргаагүй болно. /хх-65/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Итгэлт рояал ТМЗ” ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-ний үүрэгт төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-ний үүрэгт төлсөн төлбөр болох 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Гранд сутай” ХХК, “Ворлд авто кар” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР