| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01908/и |
| Дугаар | 1688 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1688
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2017/01688 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д байрлах, “Жи Мобайл” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 8 дугаар гудамж 430 тоотод оршин суух Боржигон овогт Сэндэнпүрэвийн Найдандорж /РД:ЧС52101016/-д холбогдох
1177615 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Сэндэнпүрэв овогтой Найдандорж нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай 1177615 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний үүргийн биелэлтэд 140,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 70,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэндэнпүрэвийн Найдандоржид холбогдох 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 210,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг төлөх тул үлдэх 70,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Найдандорж шүүхэд гаргасан тайлбартаа- “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилж буй 210,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд багтаж төлж барагдуулна. 70,000 төгрөгийг төлөх боломжгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь С.Найдандоржид холбогдуулан 1177615 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Найдандоржид холбогдох 1177615 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд багтаж төлж барагдуулах тухай тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 70,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тухай хүсэлтүүдийг ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи Мобайл” ХХК нь 1177615 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч С.Найдандорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 210,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд багтаж төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 70,000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, С.Найдандоржид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгнөөс 3,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,475 төгрөгийг, хариуцагч С.Найдандоржоос 3,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР