| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0057/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2016-06-07 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Т.Цэнд-Аюуш |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн
Улсын яллагч Т.Цэнд-Аюуш
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх
Гэрч Д.Сэлэнгэ, Х.Соёлцэцэг
Шинжээч П.Гаваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зйүлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тамир сумын харъяат, 1966 оны 05 сарын 27-нд төрсөн, 51 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр баг, 104-6 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид ачаа, вагон хүлээлцэгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Чонос овогт Равдан-Очирын Равдандоржид /РД:ЧЗ66052719/ холбогдох эрүүгийн 201610010059 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Р.Равдандорж нь 2016 оны 03 сарын 26-ны 14 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуу үедээ Ц.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг түлхэн унагаан баруун хөлийн гадна хавчаар ясны үзүүр хэсэгт сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр зэргийн, доод уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх, зүүн бугалга болон зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Равдандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 03 сарын 26-нд өглөө ажлаасаа буугаад харих гэж байсан манай ажлынхан Одончимэгийн гэртээ байна гээд дуудад байсан учир ээлжийн ахлахтайгаа хамт дэлгүүрээс 1 шил архи аваад очсон юм. Очих үед Лхагвасүрэн, Өнөрбаяр, Д.Сэлэнгэ, Х.Соёлцэцэг нар байсан ба Лхагвасүрэн айл хүндрүүлээд яах вэ хэдүүлээ караоке оръё гэсэн юм. Тэгээд бид нар Замын-Үүд караоке орсон чинь ажиллахгүй байсан юм. Тэгсэн Лхагвасүрэн утсаар ярьж байгаад яваад өгсөн юм. Өнөрбаяр гэрээс ус алдаад байна гээд бас явсан. Тэгээд Д.Сэлэнгэ, Б.Соёлцэцэг бид 3 үлдсэн юм. Тэгсэн Д.Сэлэнгэ бүдэрч унаад байсан ба Б.Соёлцэцэг бөөлжөөд байхаар нь орхиж явалгүй хамт байж байсан юм. Тэгээд би хүргэж өгөхөөр болоод зогсож байсан хажууд машин ирээд зогссон юм. Гэтэл машин дотроос том биетээ залуу бууж ирээд үгийн зөрөөгүй намайг хальт цохихоор нь би зөрүүлээд цохисон юм. Тэгээд бид 2 нилээд маргалдсан. Тэгсэн бас нэг залуу гараад ирсэн юм. Тэгэхээр нь би явсан ба гэртээ очоод байж байтал Сэлэнгийн нөхөр байна, эмнэлэгт оёдол тавиулсан, залгаад уулзая хаана байна гээд байхаар нь би утсаа унтраасан. Дараа нь удалгүй цагдаа дээр намайг дуудаж байцаалт авсан. Би Мөнхжаргалыг урьд нь огт харж байгаагүй. Дараа нь сонсоход манай эхнэрийн хамаатан хүн юм байна лээ, эмчилгээний зардалд нийтдээ 600,000 төгрөг төлсөн, Мөнхжаргалтай уулзаж уучлалт гуйсан, баримт байхгүй боловч замын зардлыг нь төлнө. Энэ хэрэгт миний буруу байгаа гэдгийг ойлгож байна” гэсэн мэдүүлэг
Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Мөнхжаргалын биед хэрэг явдал болсоноос хойш 3 хоногийн дараа үзлэг хийж дүгнэлт гаргасан. Хөл нь хавдар ихтэй байсан бөгөөд рентгэн зургийг харахад савхан яс хугарсан, эмзэглэлтэй байсан. Түүний биед учирсан савхан ясны сэлтэрсэн хугарал нь шинэ үүссэн гэмтэл байсан ба энэ нь унах үед үүсэх боломжтой. Мөн доод уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх, зүүн бугалга болон зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Гэмтлүүд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм “ гэсэн мэдүүлэг
Хохирогч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 06 сарын 26-ны өдрийн 12-14 цагийн үед Баянаа гэх танил миний 91911461 дугаарын утас руу залгаж танай эхнэр Сэлэнгэ халамцуу бололтой 136 дугаар байрны гадаа 4-5 хүмүүстэй Замын-Үүд ресторан руу чиглээд явж байна гэж хэлсэн, Баянааг залгах үед би Монголын хил дээр ажлаа хийж байсан учир таксинд сууж Замын-Үүд сумын 1-р багийн нутагт байрлах 136 дугаар байрны гадаа манай эхнэр согтуу үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй зогсож байхаар нь би очиж “яасан их архи уудаг новшнууд бэ” гэж жаахан чанга дуугаар хэлэхэд Сэлэнгээтэй хамт явж байсан өндөр нүдний шилтэй залуу миний нүүрэн тус газар буюу уруул хэсэг рүү нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би босож ирээд явах гэтэл явж чадахгүй баруун талын хөл гишгэж болохгүй байсан. Уг залуу намайг цохиж унагаачихаад ертөнцийн зүгээр зүүн урд зүг чиглээд яваад өгсөн. Манай эхнэр хамт байсан эмэгтэй хамт хаашаа ч юм явчихсан байсан. Намайг таксиний жолооч түшиж босгоод Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад хүргэж өгчихөөд явсан.Тэгээд эмч нар үзэж урууланд 6 оёдол тавьсан. Тэгээд би төмөр замын МЧ-ийн дарга болох Энхбаяраас манай эхнэр Сэлэнгээгийн ээлжинд өндөр биетэй, нүдний шилтэй, бор царайтай залуу хэн байдаг юм гээд болсон процессийг ярихад Равдандорж байх гээд 91598288 гэсэн утасны дугаарыг өгсөн. Би уг дугаар луу залгаад би уурууландаа 6 оёдол тавиулсан, мөн миний баруун хөлийг эвгүй болгосон байна, хаана байгаа юм уулзъя гэхэд уг залуу утсаа салгасан. …Эмчилгээний зардал баримтаар бол 1190320 төгрөг болсон. Баримтгүй ирж очих замын зардал гээд нийт 1500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
Гэрч Х.Соёлцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” тэр өдөр ээлжнээс буугаад Одончимэгийнд очиж архи уусан, миний хувьд нилээн согтсон, болсон явдлыг санахгүй байгаа юм, нэг мэдэхэд бөөлжиж байгаад харахад Сэлэнгээгийн нөхөр гэх залуу доошоо тонгойсон байдалтай, уруулын хавиас нь цус гарсан харагдаж байсан, тэгээд л гэррүүгээ явсан” гэсэн мэдүүлэг
Гэрч Х.Соёлцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 03 сарын 26-ны 08 цаг өнгөрч байхад ажлаа дараагийн хүндээ хүлээлгэн өгчихөөд Лхагвасүрэн, Сэлэнгэ, Одончимэг бид нар нийлж Одончимэгийн гэрт очиж гэрт нь байсан 0.75 литрийн Хар чингис архи хувааж уугаад сууж байхад Равдандорж, Загдсүрэн хоёр гаднаас 0.75 литрийн экс архи авчирсан. Тэгээд Лхагвасүрэн, Одончимэг, Сэлэнгэ, Загдсүрэн, Равдандорж бид нар хамт уг хоёр шил архийг хувааж уусан. Би Одончимэгийн гэрээс хэн хэний хамт гарснаа санахгүй байна. Нэг мэдэхэд байрныхаа гадаа бөөлжөөд Сэлэнгэ миний нуруун дээр дараад зогсож байсан ба”хөөе” гээд хашгирахаар нь өндийж харсан чинь гаалийн ногоон хувцастай залуугийн амнаас цус гарч Равдандорж цаашаа яваад өгсөн. Сэлэнгэ манай гэр лүү орж амарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч Д.Сэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр ээлжнээс буугаад хамт олонтойгоо архи уугаад нилээн согтсон байсан. Равдандоржийн хувьд Соёлцэцэг бид 2-ыг согтсон болохоор таксинд суулгаж өгөх гээд явж байхад нь манай нөхөр Мөнхжаргал ирсэн юм билээ. Тэр үед Соёлцэцэг бөөлжиж байгаад л хөөе, явъя ямар аймаар юм бэ гэсэн, тэгээд харахад манай нөхөр газар уначихсан байсан. Тэгээд би Соёлцэцэгийнх рүү явсан. Тухайн үед яг ямар үйл явдал болсон талаар сайн санахгүй байна “ гэсэн мэдүүлэг
Гэрч Д.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир яг юу болсон талаар сайн санахгүй байна. Соёлцэцэгийн гэрийн гадаа зогсож байхад манай нөхөр Мөнхжаргал ирээд Равдандоржтой зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь Соёлцэцэгийн гэррүү орсон “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
Гэрч М.Баянбатын мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 03 сарын 26-ны өдөр манай байрны гадаа хүн бөөлжөөд байхаар нь цонхоор хартал Мөнхжаргалын эхнэр Сэлэнгэ нь 3 залуу, 3 эмэгтэйн хамт зогсож байсан. Тэгээд Мөнхжаргалд танай эхнэр Сэлэнгэ манай байрны гадаа согтуу зогсож байна гэж ярьсан. 10-20 минутын дараа Мөнхжаргал пирүс машинтай ирээд намайг аваад гаалийн контор болон Замын-Үүд буудлын ойр орчим явж байгаад төмөр замын байрны гадаа явж байгаад төмөр замын байрны гадаа эхнэр Сэлэнгэ болон түүнтэй хамт явж байсан хүмүүстэй тааралдаж уулзах гээд машинаас буусан. Би машин дотор байсан болохоор Мөнхжаргал болон өндөр нүдний шилтэй залуу залуу 2-ын хэн нь түрүүлж хаашаа нь хэдэн удаа цохисоныг хараагүй, машинаас бууж очиход Мөнхжаргал газар уначихсан, доод уруулнаас цус гарсан байсан ба хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь сумын нэгдсэн эмнэлэг рүү авч очиж доод уруулд нь 6 оёдол тавиулж, хөлний зургийг авахуулахад савхан яс нь хугарсан байна гэж эмч хэлсэн “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 31-ний өдрийн “1. Ц.Мөнхжаргалын биед баруун хөлийн гадна хавчаар ясны үзүүр хэсэт сэлтэрсэн хугарал, доод уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх, зүүн бугалга болон зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ..
3. Учирсан гэмтэлийн баруун хөлийн гадна хавчаар ясны үзүүр хэсэгт сэлтэрсэн хугарал нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, доод уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх, зүүн бугалга болон зүүн даланд цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 169 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 /
Хохирогч Ц.Мөнхжаргалд эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлсөн баримт, мөн 5081005804 тоот ХААН банкны дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 35, 64/
Хохирлын баримтууд /хх-ийн 36-39/
Шүүгдэгч Р.Равдандорж нь урд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Р.Равдандорж нь 2016 оны 03 сарын 26-ны 14 цагийн үед архи уусан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, унагаасан байх ба энэ үед хохирогчийн баруун хөлийн гадна хавчаар ясны үзүүр хэсэгт сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр зэргийн, доод уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх, зүүн бугалга болон зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтлүүд учирсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түнийг 2016 оны 03 сарын 26-ны өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “ 1-р багийн нутагт байрлах 136 дугаар байрны гадаа манай эхнэр согтуу үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй зогсож байхаар нь би очиж “яасан их архи уудаг новшнууд бэ” гэж жаахан чанга дуугаар хэлэхэд Сэлэнгээтэй хамт явж байсан өндөр нүдний шилтэй залуу миний нүүрэн тус газар буюу уруул хэсэг рүү нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би босож ирээд явах гэтэл явж чадахгүй баруун талын хөл гишгэж болохгүй байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч М.Баянбатын мөрдөн байцаалтад өгсөн “Би машин дотор байсан болохоор Мөнхжаргал болон өндөр нүдний шилтэй залуу залуу 2-ын хэн нь түрүүлж хаашаа нь хэдэн удаа цохисоныг хараагүй, машинаас бууж очиход Мөнхжаргал газар уначихсан, доод уруулнаас цус гарсан байсан ба хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь сумын нэгдсэн эмнэлэг рүү авч очиж доод уруулд нь 6 оёдол тавиулж, хөлний зургийг авахуулахад савхан яс нь хугарсан байна гэж эмч хэлсэн “ гэсэн мэдүүлэг,
гэрч Х.Соёлцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...бөөлжиж байгаад харахад Сэлэнгээгийн нөхөр гэх залуу доошоо тонгойсон байдалтай, уруулын хавиас нь цус гарсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 169 тоот шинжээчийн дүгнэлт
шинжээч эмч П.Гаваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Мөнхжаргалын биед хэрэг явдал болсоноос хойш 3 хоногийн дараа үзлэг хийж дүгнэлт гаргасан. Хөл нь хавдар ихтэй байсан бөгөөд рентгэн зургийг харахад савхан яс хугарсан, эмзэглэлтэй байсан. Түүний биед учирсан савхан ясны сэлтэрсэн хугарал нь шинэ үүссэн гэмтэл байсан ба энэ нь унах үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Иймд Замын Үүд дэх сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, түүний гэм буруу тогтоогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм. Хх-ийн 39-д хуудсанд авагдсан 179,110 төгрөгийн эмийн тооцооны баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна. Харин 36-37-р хуудсанд авагдсан Номун Клиник эмнэлгийн 595,430 төгрөгийн тооцооны баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх ба шүүгдэгч нь хохирогч Ц.Мөнхжаргалд уг эмчилгээний зардалд нийт 600,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.Мөнхжаргалд эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлсөн баримт, мөн 5081005804 тоот ХААН банкны дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 35, 64/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Равдандорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл, харин энэ хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл болох юм.
Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгтхураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Чонос овогт Равдан-Очирын Равдандоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Равдан-Очирын Равдандоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Р.Равдандоржид оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Р.Равдандорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт холбогдуулан хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Р.Равдандоржмд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Равдандоржид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД