Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-, Д.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ч.Ням, Ж.Энхтуяа,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 462 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нарт холбогдох 2016 2503 1900 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Ц.Б, 1972 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

2. Т овгийн Д.Б, 1958 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

Д.Б-, Ц.Б- нар нь бүлэглэн болон ганцаараа нэр бүхий 5 хохирогчид “ахмадын байрнаас зах зээлийн үнээс хямд үнэтэй байр худалдан авч өгнө” гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан. Үүнд:

- Д.Б-, Ц.Б- нар нь бүлэглэн:

Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд “ахмадын байрнаас хямд үнэтэй байр худалдан авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч М.Жаргалдоржоос 10.170.000 төгрөгийг,

- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд “2 өрөө, 48-50 метр квадрат байрыг 30.000.000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч У.Ундрахжаргалаас 20.340.000 төгрөгийг,

- Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Төрийн банкаар дамжуулан 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “ахмадын байрнаас 53 метр квадрат байрыг 35.000.000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, хохирогч Д.Мөнхжаргалаас 25.170.000 төгрөгийг,

 

Д.Б- нь:

- Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Мөнхтулгаас “100 айлд байрлах ахмадын байрнаас 54 метр квадрат байрыг 35.000.000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж 12.170.000 төгрөгийг,

Ц.Б- нь:

- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хоорондох хугацаанд “Буянт-Ухаа 2” байранд төрийн албаны хөнгөлөлттэй байрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч Г.Буянтогтохоос 7.150.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Б-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж шүүх үзлээ. Тухайлбал:

1. Д.Б- 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр түүнийг Эрүүгийн хуулийн тус гай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоосон боловч уг асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хохирогчийн хувьд эрх нь зөрчигдсөн эсэх.

2. Д.Б-т холбогдох эрүүгийн хэрэг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр үүсгэсэн байх ба У.Ундрахжаргалаас түүнд орон сууц худалдан авах зорилгоор 2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сард нийт 20.340.000 төгрөг өгч, мөн оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд тэрээр өгсөн мөнгөө цувуулан буцааж авсан, мөн Д.Мөнхжаргал нь орон сууц худалдан авахаар Д.Б-т 2016 оны 4 дүгээр сард 25.170.000 төгрөг өгснийг мөн оны 7 дугаар сараас 9 дүгээр саруудад Д.Б-, Ц.Б- нараас цувуулан буцаан авсан байхад У.Ундрахжаргалыг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор, Д.Мөнхжаргалыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор тус тус тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байхад У.Ундрахжаргал, Д.Мөнхжаргал нар яагаад өөрсдийгөө гэмт хэргийн хохирогч гэж үзсэн эсэхийг дахин нягтлах.

3. Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Даваажаргалаас “2016 оны 6 дугаар сарын 23-нд Ц.Б-ын заасан дансанд 2.000.000 төгрөг хийсэн” гэж мэдүүлсэн, гэрч М.Баярсүхийн “Ц.Б-тай уулзаад хүүхдийн мөнгө өг гэсэн. Ц.Б- надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны байр үзүүлсэн” гэх мэдүүлгүүдээс үзвэл хохирогч Э.Мөнхтулгыг залилсан гэх үйлдэлд Ц.Б- оролцсон эсэх.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх ба хохирогч Г.Буянтогтох Ц.Б-д мөнгө өгсөн талаарх мэдүүлгийнхээ эх сурвалжаа бүрэн зааж чадахгүй байна.

6. Хохирогч М.Жаргалдоржид 3.170.000 төгрөгийн хохирол төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан тодорхойлолтоор хохирогч нь төлбөргүй гэх бичгийг яагаад хийх болсон.

7. Яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарыг гэмт хэрэгт хэрхэн, яаж хамтран оролцсон, хохирлыг хэн хэрхэн хариуцахыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлоогүй байна.

Иймд дээрх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд нэмж шалгах шаардлагатай байх ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалт: 2016 2503 1900 дугаартай хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Буянжаргалаас Ц.Б- нь “ахмадын байрнаас зах зээлийн үнээс хямд үнээр байр авч өгнө гэж Д.Б-ээс байрны урьдчилгаа мөнгө гэж 22.510.000 төгрөгийг хуурч мэхлэн залилан авч Д.Б-т гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзэн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

 Д.Б-ийг хохирогчоор тогтоох шийдвэр гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар Д.Б- нь Ц.Б-д залилуулсаны улмаас түүнд 22.510.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байхад түүнийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн прокуророос Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Буянжаргалын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Д.Б-ийг хохирогчоор тооцсон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захирамжийн 2 дахь заалт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дахь заалт нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ нь бодит хохирол, хор уршиг учруулаагүй байхыг ойлгох бөгөөд харин залилан мэхлэх үйлдлийн улмаас хохирлоо нөхөн төлсөн байдлыг энэ зүйл заалтад хамааруулан ойлгож яллагдагч нар нь бусдад учруулсан хохирлоо хохирогчид буцаан төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж дүгнэн У.Ундрахжаргал, Д.Мөнхжаргал нарыг хохирогч биш гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Захирамжийн 3 дахь заалт: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Мөнхтулгын “2016 оны 5 дугаар сард миний бие орон сууц худалдан авахаар сонирхож, найз нөхөддөө хэлж байсан. Тэгтэл найз Анхбаяр ашиглалтанд ороогүй хямдхан байр байх шиг байна гээд Даваажаргал гэж хүний утасны дугаарыг өгсөн.

Ингээд Анхбаяраар дамжуулж Даваажаргалтай танилцан орон сууцны талаар асуусан. 100 айлд байрлах ахмадын байрнаас 54 м.кв байрыг 35.000.000 төгрөгөөр худалдан авч болно гэхээр нь эхний ээлжинд 7.000.000 төгрөгийг нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын “Хаан банк”-ны салбараас шилжүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мөн Даваажаргалын “Хаан банк”-ны данс руу 6.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Дараа нь 2.170.000 төгрөгийг эхнэрийнхээ “Худалдаа хөгжлийн банк”-ны интернэт гүйлгээгээр Даваажаргалын “Хаан банк”-ны данс руу шилжүүлсэн ба нийт 12.170.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш Даваажаргалд дахин мөнгө шилжүүлээгүй. Учир нь баталгаа гаргаж өгөөгүй гэсэн асуудал тавихад Даваажаргал “чи Д.Б- гэж хүнтэй уулз, энэ хүн чамд байр авч өгөх гэж байгаа хүн юм, би бол огт хамааралгүй” гэж хэлсэн. Тэгээд Даваажаргалаас Д.Б- гэж хүний утасны дугаарыг авч ярьж байгаад түүний гэр болох Яармагт очиж уулзахад Д.Б- “байр чинь асуудалгүй бүтнэ, харин чи үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна. Байр бүтээж өгч байгаа хүн нь Нийслэлд барилгын мэргэжилтэн Ц.Б- гэж хүн бий, энэ хүн байр бүтээж өгнө” гэж хэлэхээр нь дахиж мөнгө өгч чадахгүй, баталгаа гаргуулж авсны дараа мөнгө өгнө гэдгээ хэлсэн.

Тэгтэл Д.Б- нь тэгвэл ахмадын байранд ороход гэрээ хийдэг юм, тэр гэрээг хийж өгнө, намайг нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэрэг материалыг гаргуулан авсан. Тэрнээс хойш байнга Д.Б-тэй холбогдоход өнөө маргаашгүй бүтнэ, маргааш, нөгөөдөр гэрээ хийнэ гэж хэлдэг байсан. Сүүлдээ 2016 оны 9 дүгээр сард уг байранд хүмүүсээ оруулна гэхээр нь Ц.Б- гэж хүнтэй чинь уулзъя, юу болоод байна гэсэн асуудал тавихад Ц.Б- уулзах боломжгүй, гэхдээ байр чинь бүтнэ гэж хэлсээр 8 сар хүргэсэн.

Ингээд 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын хойд талд байрлах саарал өнгийн 10 гаруй барилгын тэнд Д.Б-, Ц.Б- нартай уулзахад Ц.Б- нь Д.Б-ээс мөнгө авсан, тэгэхдээ тэр мөнгө нь надад зориулсан байрны мөнгө бол биш гэж хэлсэн.

Энэ яриаг сонсож байсан Ц.Буянхишиг нь энэ яриаг үгүйсгээгүй ба Ц.Б- нь энэ байрыг өмчлүүлж ордер гаргаж өгөх боломжгүй гэхээр нь “тэгвэл мөнгөө буцааж авъя” гэж Ц.Б-, Д.Б- нарт хэлэхэд Д.Б- нь “за чиний мөнгийг эргүүлэн өгнө” гэж хэлдэг ба Ц.Б- нь “чиний мөнгийг би аваагүй, тухайн байрыг өмчлүүлж ордер гаргаж өгөх боломжгүй, ахмадуудад өгдөг түрээсийн байр тул өмчлүүлж болохгүй, би Д.Б-ээс мөнгө авсан тэгэхдээ тэр мөнгийг чамд байр авч өгөх гэж аваагүй. Д.Б- нь чамаас мөнгө авчихаад бид нарын дунд худлаа ярьж байна” гэсэн.

Д.Б- нь надаас 12.170.000 төгрөгөө авснаа Ц.Б-д хэлээгүй байсан. Ц.Б- нь надад байр чиний өмчлөлд гарах боломжгүй гэдгийг хэлсэн ба ингээд би залилуулсан байна гэж бодсон гэх мэдүүлэг,

О.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “О.Мөнхтулга нь Д. Буянхишигээс байр авахаар тохиролцсон байсан. Д.Б- эгчээс асуухад 54 м.кв талбайтай Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргээс сонголт хийх боломжтой гэж хэлсэн. Мөнхтулгын өгсөн мөнгийг Д.Б-ийн данс руу болон бэлнээр түүнд өгсөн. Тухайн үед Д.Б- эгч хүн олоод өгвөл дараагийн байрыг чамд хямд үнээр олоод өгнө гэхээр нь Мөнхтулгыг танилцуулсан. Д.Б- эгч ахмадын байрнаас өөрийн нэр дээр байр аваад тэр байраа Мөнхтулгын өмчлөлд шилжүүлж өгнө гэж байсан. Д.Б- эгч Мөнхтулга бид хоёрыг дагуулаад 100 айлын орчимд байх ашиглалтанд ороогүй байрыг харуулж байсан” гэх мэдүүлэг, Мөнхтулгаас авсан мөнгөө шилжүүлсэн талаарх Даваажаргалын “Хаан банк”-ны дансны хуулга,

Ц.Б-ын “Д.Б- эгчтэй 2016 оны 1  дүгээр сард танилцсан. 2016 оны 3 дугаар сард Д.Б- эгчээс 15.000.000 төгрөгийг зээлж авсан. Д.Б- намайг “наад мөнгөө өгч чадахгүй бол Төрийн орон  сууц корпорациас байр ол” гэж хэлэхээр нь би боломжгүй гэж хэлсэн. 2016 оны 8 дугаар сард Д.Б- над руу залгаад “ТОСК-оос надад зээлээр өгсөн Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхоны 2 өрөө 39.9 м.кв байрны гэрчилгээгээ аваад ир” гэж дуудахаар нь байрандаа очиход Мөнхтулга гэх залууг дагуулаад ирсэн байсан.

Мөнхтулга нь надаас эгчээ энэ байранд орох юм уу гэж манай байрны хажуу талын байрыг гараараа заагаад Д.Б- эгч 27.000.000 төгрөгөөр надад зарах гэж байгаа гэж хэлэхээр нь би “энэ байр худалддаг байр биш, төрийн албан хаагчдын түр оршин суудаг байр байгаа юм, хувьчилж болохгүй, нэрэн дээрээ шилжүүлэх боломжгүй” гэдгийг түүнд хэлсэн. Д.Б- нь хажуу талаас та 2 мөнгө ярихгүй шүү, наад хүнтэйгээ ярихгүй шүү гээд /над руу заагаад/ наад байрныхаа тухай ярь гээд миний нэр дээрх байрыг хэлсэн. Би Мөнхтулгад наад байрыг чинь өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй, тухайн байранд ямар хүн оршин сууж, түрээслэх талаар тавигдах шаардлагыг түүнд үзүүлсэн.

Тэгтэл Д.Б- нь Мөнхтулгыг чи наад байраа авахаа больчихгүй юу даа гээд Мөнхтулга, Д.Б- нар нь маргалдсан байдалтай яриад Мөнхтулга нь уурласан. Би Мөнхтулгыг танихгүй. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр Д.Б- над руу залгаад зээлсэн мөнгөө өгч чадахгүй бол Мөнхтулга гэдэг хүнийг хөөцөлдөж байгаа байрандаа оруул гэх болсон.

Дараа нь Д.Б- чамд зээлсэн 15.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөг нь Мөнхөө гэдэг хүний мөнгө. Чи энэ хүний мөнгийг эргүүлж өг гэсний дагуу би Мөнхөөд 10.000.000 төгрөгийг нь төлсөн” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар Д.Б- нь хохирогч Э.Мөнхтулгыг Ц.Б-тай уулзах боломж байхгүй, байр чинь бүтнэ, чиний мөнгийг Ц.Б- гэх хүнд өгчихсөн, үлдэгдэл мөнгөө өг гэж бодит байдлыг нуун дарагдуулж, түүнд байр авч өгнө гэж итгүүлсэн үйлдлийг дангаараа хийж гүйцэтгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон .

Захирамжийн 4 дэх заалт: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Буянтогтох “2016 оны 2 дугаар сараас эхлэн Ц.Б-тай танилцаж, хуурай эгч дүүс болсон. Ц.Б- нь манай ээж Д.Б-ээр засал номоо хийлгэдэг. Ц.Б- нь манай нөхөр Нууц-Эрдэнэ бид хоёрыг шинэ гэр бүл болж байгаа юм чинь “Буянт-Ухаа 2”-т байр хөөцөлдөж өгье, нийт 12.150.000 төгрөгийг урьдчилгаанд авна гэхээр нь Нууц-Эрдэнэ бид хоёр Д.Б-ээр дамжуулж 5.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг Саранцэцэгээс зээлж аваад Ц.Б-ын ажлын гадаа Сувд-Эрдэнэ гэдэг хүнээр дамжуулж өгсөн. Нөхөр Нууц-Эрдэнийн данснаас 310.000 төгрөгийг Ц.Б-ын данс руу, үлдсэн 300.000 төгрөгийг нь Ц.Б-ын өгсөн өөр хүний данс руу шилжүүлж, нийт 7.155.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлгээс гадна гэрч Нууц-Эрдэнийн “2016 оны 2 дугаар сард Ц.Б- нь хөнгөлттэй байранд оруулж өгнө гэсэн. Ингээд Саранцэцэгээс эхлээд 5.000.000 төгрөг, дараа нь 1.370.000 төгрөгийг зээлж Ц.Б-д өгсөн. 2016 оны 4 дүгээр сард данснаасаа 300.000 төгрөгийг Ц.Б-ын данс руу, 310.000 төгрөгийг нь Ц.Б-ын өгсөн өөр хүний данс руу хийсэн, бэлнээр 170.000 төгрөгийг гэрт нь өгсөн. Ингээд Ц.Б- нь улсын баяр өнгөрөөгөөд баяртай мэдээ дуулгана гэдэг байсан” гэх мэдүүлэг,

гэрч Саранцэцэгийн “2016 оны 2 дугаар сард Т.Буянтогтох, Д.Б- нар нь 5.000.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард дахин 5.000.000 төгрөг, 8 дугаар сард 5.000.000 төгрөг тус тус зээлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Сувд-Эрдэнийн мэдүүлэг, Нууц-Эрдэнэ нь өөрийн данснаас 610.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Г.Буянтогтох нь Ц.Б-д байрны урьдчилгаа мөнгө болох 7.150.000 төгрөгийг өгсөн болох нь хангалттай тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч Г.Буянтогтохын мэдүүлгийн эх сурвалжийг тогтоон шалгасан.

Захирамжийн 5 дахь заалт: Хохирогч М.Жаргалдорж нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр /Жавзмаа бөө/ Д.Б-т очиж үзүүлэхэд нь Д.Б- “ахмадын байрыг хямдхан авах уу” надад хотын захирагчийн ажлын албанд таньдаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Хөгжим бүжгийн коллежийн тэнд ресторанд орж, Д.Б-ээр дамжуулж Ц.Б-тай танилцаж 5.170.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Д.Б- нь өгсөн мөнгө чинь хүрэхгүй байна. Дахиж мөнгө өгөх шаардлагатай гэхээр нь би 5.000.000 төгрөгийг Д.Б-ийн гэрт нь очиж өгсөн.

Ц.Б-, Д.Б- нар нь эхнэр Жавзмаа бид хоёрыг Хангай хотхоны 13 давхар ахмадын байрны 8 дугаар давхарт байгаа байрыг худалдан авна гэж дагуулж очиж үзүүлсэн. 2016 оны 10 дугаар сард Ц.Б- нь би ажилгүй болсон чинь бүтэхээ больчихлоо, түрээсийн орон сууц түр аваад өгье, 2 жил түрээсэлж байгаад өөрийн чинь нэр дээр шилжүүлээд өгье гэхээр нь зөвшөөрөөгүй, нэгэнт байр бүтэхгүй болсон юм чинь мөнгөө авъя гэж Ц.Б-аас удаа дараа шаардсаар байгаад Ц.Б-аас нийт 4.000.000 төгрөгийг “Хаан банк”-ны дансаар хүлээн авсан. Д.Б- нь 2 бяруу өгсөн, одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ” гэсэн ба мөн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож бусдад залилуулсаны улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хэдэн төгрөгийг төлж барагдуулсан, одоо үлдэгдэл мөнгөө хэнээс нэхэмжилж байгаа болох, мөрдөн байцаалтын шатанд яагаад хохирол төлөгдсөн тухай бичиг хийж өгсөн тухайгаа мэдүүлсэн байхад үүнийг дахин тодруулах шаардлагагүй юм.

Захирамжийн 6 дахь заалт: Яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарыг гэмт хэрэгт хэрхэн, яаж оролцсон, хохирлыг хэн, хэрхэн хариуцахыг шүүгдэгч тус бүрээр тодорхойлоогүй байна гэжээ.

Яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан журмын дагуу тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтад тусгахаар заасан зүйлийг дурдаж, яллах дүгнэлтийг бичсэн ба яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог хүснэгтээр гаргасан талаар дурдаж, хохирлын тооцоог гаргасан хүснэгтэд хохирлыг хэн хэрхэн хариуцахыг шүүгдэгч тус бүрээр гаргаж шүүхэд шилжүүлсэн болно.

Иймд шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь миний хүсэлтээр явагдсан. Яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан байсан. Хохирогчоор нэмж тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын тооцоог бодит гаргаагүй тул зайлшгүй тодруулах нь зүйтэй. Иймд шүүгчийн захирамжийн зарим хэсэг үндэслэлтэй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Би хэргийн хохирогч нь юм. Нэмж шалгуулах хүсэлтэй байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Ц.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Д.Б-ийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол 2 дугаар хавтаст хэргийн 166 дугаар талд авагдсан байна. Мөн шүүгчийн захирамжид дурдсан бусад асуудлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулж болон нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шинжлэн судалж шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нарт холбогдох хэрэгт хохирогч нарыг хуульд зааснаар зөв тогтоосон эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг тодорхойлох боломжтой гэж үзэв.  

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах…”-аар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 462 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ