Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 421

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: МС ХХК, 

Хариуцагч: БОАЖС,

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын МС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, МС ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 0,8 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрхийг сэргээхийг БОАЖСад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б нар 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...МС ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр БОАЖСын А/220 дугаар тушаалаар Арцатын аманд 0.8 га газрыг ашиглах тусгай зөвшөөрөл авсан. Тус компани нь 2016 оноос 2018 онуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон ерөнхий үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зураг зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын зураг батлагдаагүй байхад 2018 оны 05 дугаар сарын 07-ны А/121 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Тухайн үед 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот хуудсаар мэдэгдсэн гэх боловч бид 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан. 

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-р эскиз зураг болон архитектур төлөвлөлтийн даалгавар дөнгөж батлагдаж байсан ба үүнээс хойш 3 сарын дотор БОАЖСын тушаал гарсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаар ажлын төлөвлөгөө нь 2019 оны 03 сар буюу хавар эхлэх байсан бөгөөд бид бэлтгэл ажлаа хийж байсан..., ...БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны А/121 тушаалын хавсралт дээр МС ХХК-ийг Арцатын аманд 1.3 га газар гэж бичсэн байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. заасан үндэслэлээр цуцалсан.

 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөр төлөөгүй асуудлын хувьд МС ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийг авснаас хойш 2016 онд 10560000 төгрөгийг буюу эхний төлөлтийг төлсөн. 2640000 төгрөг нь нэг сарын төлбөр юм. Ингэхээр нийт 2016 оны 09 дүгээр сараас хойш 2017 оны 10 дугаар сар хүртэл 13 сарын төлбөр төлөгдсөн байгаа. 2017 онд төлбөр төлөгдсөн нь хэрхэн нотлогдох вэ гэхээр Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны газар эзэмших, ашиглах гурвалсан гэрээг дүгнэсэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт болон газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх эрхтэйн хувьд Хан-Уул дүүргийн Газрын албаны мэдээллээр газрын төлбөрийн тооцоогүй гэж гарсан байгаа. Төлбөрийн асуудлаар бид Хан-Уул дүүргийн Газрын албатай маргаантай байсан. Учир нь Хан-Уул дүүргийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоолд м.кв нь 390 төгрөг байсныг 1392 төгрөг болгож нэмсэн. Үүнтэй холбоотойгоор шүүх эд маргаантай байж байгаад 2017 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрээр дээрх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард иргэдийн Нийтийн Хурлын шинэ тогтоол гаргасан бөгөөд бүсчилж төлбөрийг тогтоосон байгаа. Үүгээр төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул гэрээгээ шинэчилж төлбөр төлөхөөр очиход цуцалсан асуудлыг 

мэдсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасны дагуу газар дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй асуудлын хувьд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийг авснаас хойш гурвалсан гэрээ байгуулж, хашаагаар хамгаалж барилгын ажлын бичиг баримт буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон ерөнхий үнэлгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зураг зэрэг баримтуудыг баталж төлөвлөгөөг гаргаж хийсэн байгаа. БОАЖСын маргаан бүхий тушаалд заагдсан үндэслэлийн дагуу манайх 2 жил болоогүй 1 жил 6 сар болж байхад цуцалсан нь хууль зөрчиж гарсан тушаал тул 2018 оны 05 дугаар сард манай газар эзэмших эрхийг цуцалсан тушаал нь үндэслэлгүй юм... гэв.

 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариу тайлбарт нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан байгаа. Маргаан бүхий тушаал нь одоогоос 1 жилийн өмнө гарч тухайн үед нь нэхэмжлэгч компанид мэдэгдлийн хуудсыг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн гэж байгаа боловч түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т маргаан бүхий актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандана гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д газар эзэмших, ашиглах эрхийг цуцалснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хандана гэж заасан байх тул дээрх хуулийн хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Маргаан бүхий тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайхаас тухайн үед цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь хаяг дээрээ байдаггүй гэж буцсан байгаа. Үүнийг хариуцагч хариуцах ёсгүй бөгөөд нэхэмжлэгч талаас хаягийн өөрчлөлтийг байнга мэдээлэлж байх ёстой. Тэгэхээр шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тогтоол нь хүчингүй болоогүй байгаа.... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МС ХХК нь анх БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын МС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар ашиглах эрх олгосон 0,8 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрхийг сэргээхийг БОАЖСад даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад шүүх хуралдааны явцад БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын МС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, МС ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 0,8 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрхийг сэргээхийг БОАЖСад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч МС ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газарт 0,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2016/0082 дугаар гэрчилгээг олгож, тус компани нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2016/195 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулсан байна.

Гэвч БОАЖС Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр МС ХХК-ийн газар ашиглах эрхийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар цуцалжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар газар ашиглах эрх бүхий этгээд өөрийн буруугаас тухайн газраа гэрээнд заасны дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй нөхцөлд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор байна.

Тэгвэл нэхэмжлэгчийн хувьд улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2016/195 тоот гэрээ байгуулж, тус гэрээний 2.4-т МС ХХК-ийн ашиглах газрын хэмжээг 0,8 га, нэгжийн үнэ 1320, бүгд үнэ жилд 10,560,000 төгрөг байхаар заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16/1587 дугаар албан бичгээр нэхэмжлэгч МС ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,560,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,640,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч үүнээс хойших газрын төлбөрөө төлөөгүй шалтгаанаа ...Хан-Уул дүүргийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоолд м.кв нь 390 төгрөг байсныг 1392 төгрөг болгож нэмсэн. Үүнтэй холбоотойгоор шүүхэд маргаантай, шүүхээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотой... гэж тайлбарлаж байгаа нь газрын төлбөрийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх хугацаанд нэхэмжлэгч газрын төлбөр төлөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

МС ХХК нь 2016 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч П.Б-р батлуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны шинжээч Т.П-р хийлгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2016/195 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дүгнүүлж, мөн маргаан бүхий газар дээрээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эскиз зураг төслөө Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хариуцагчийн татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаар батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг төслөө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулж байгаа үйл ажиллагаа нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчтэй улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2016/195 дугаартай гэрээ байгуулж, БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тухайн газраа хоёр жил ашиглах боломжийг захиргааны байгууллагаас хангаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналаар Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 79 иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байх боловч уг жагсаалтад нэхэмжлэгч МС ХХК-ийн нэр байхгүй байна.

Мөн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасныг зөрчжээ.

Учир нь хариуцагч талаас нэхэмжлэгчийг ...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч өөрийн сайтад газар ашиглах эрхийг нь цуцлах талаар мэдэгдэж сонсох ажиллагааг явуулсан гэж... маргаж байгаа хэдий ч www.mne.mn цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд тавигдсан зарлалд нэхэмжлэгч МС ХХК-ийн нэр байхгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн талаарх мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МС ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын МС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, МС ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 0,8 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах эрхийг сэргээхийг БОАЖСад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МС ХХК-д олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ