Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1470

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00941 дугаар шийдвэртэй, Ш.Жанчивдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171/6101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэх, 16/145 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, Ү-2202000838 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 000-ын 13-47 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүрэг 2-р 40 000-ын 13-47 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч Ш.Жанчивдулам нь Д.Дуламцоогийн гуйлтаар зээлийн барьцаанд тавиад буцаагаад өгнө гэсий дагуу түүнд туслах зорилгоор 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Ш.Жанчивдулам Д.Дуламцоо нарын хооронд байгуулсан дээрх Бэлэглэлийн гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2015/02597 дугаартай захирамжаар хүчин төгөлдөр бусд тооцсон.

Гэтэл Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2194 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 722 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 757 дугаар тогтоолыг биелүүлэх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Ш.Жанчивдуламын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Ш.Жанчивдулам Д.Дуламцоотой байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүгчийн захирамжийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн атал Шийдвэр гүйцэтгэх алба маргаан бүхий орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хураасан. Орон сууцыг битүүмжлэх тогтоолд хөндлөнгийн гэрчээр Б.Отгонбаярыг оролцуулж, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэрчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан байдлыг тодруулаагүй, 30.4 дэх хэсэгт заасан эрх үүргийг танилцуулаагүй, 30.5 дахь хэсэгт заасан ямар ажиллагаанд оролцож байгааг мэдэгдээгүй, хаана оршин суудаг болохыг тодруулаагүй хууль зөрчсөн байна.

Маргаан бүхий орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16/145 дугаартай тогтоолоор хураан авахдаа дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3268 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлийг уг орон сууцаар хангуулахыг заагаагүй байхад худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хураан авсан ажиллагаа хууль бус, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2199 дугаар шийдвэрээр Д.Дуламцоогоос 76 718 002 төгрөгийг гаргуулж “Жэй Эй Эс Эи ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т Д.Дуламцоо нь үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2202000838 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40000-ын 13 дугаар байрны 47 тоот 3 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан.

Төлбөр төлөгч Д.Дуламцоо төлбөр төлөх мэдэгдлийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор Ш.Жанчивдуламыг байлцуулан хураан авч тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль хэсэгт хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх түүнийг хураан авахад хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж хуульчилсан.

Битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулахаар хуульд заагаагүй тул хуулийн дагуу уг шаардлага няцаагдаж байна. Мөн битүүмжлэх тогтоолын огноо 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171/01 дугаартай бөгөөд тухайн өдөр болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөтөлсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх учир битүүмжлэх ажиллагааны дараа явагдсан хөрөнгийг хураах 16/145 дугаар тогтоол хүчинтэй.

Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар анхны албадан дуудлага худалдааны үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдийг хөрөнгийн үнэлгээ явуулах эрх бүхий “Лэндс” ХХК томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу явагдсан.

Дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/451 тогтоолоор шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцож 85 050 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 60 750 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2199 дугаар шийдвэрээр Д.Дуламцоогоос 76 718 002 төгрөг гаргуулж “Жэй Эй Эс Эм ББСБ” ХХК-д олгохоор, шийдвэрийн 3 дахь заалтаар Д.Дуламцоо нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн юм гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 30.1, 30.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.3-д заасныг баримтлан Ш.Жанчивдуламын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171/6101 үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэх, 16/145 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө хураасан тогтоолыг хүчингүй болгуулах, эрхийн Ү-2202000838 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40000-ын 13-р байрны 47 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08671 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Ш.Жанчивдуламын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Ш.Жанчивдуламын өмчлөлийн орон сууцыг битүүмжилж хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 30.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3268 дугаар шийдвэр гүйцэтгэх хуудаст маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй байхад орон сууцыг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж хураан авсан ажиллагаа хууль бус, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлсэн боловч холбогдох хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ш.Жанчивдуламыг төлөөлж түүний итгэмжлэлийн дагуу Д.Алтантуяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү-2202000838 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байр 47 тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02199 дугаар шийдвэрээр иргэн Д.Дуламцоогоос 76 179 156 төгрөг гаргуулж “Жэй Эй Эс Эм ББСБ” ХХК-д олгох, энэхүү үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгө болох түүний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 95-97/

 

Тус алба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Д.Дуламцоод шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлж, улмаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тухайн орон сууцыг битүүмжилж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хураах тогтоол үйлдсэн үйл баримт тогтоогджээ. /хх 36-41, 54-55, 93, 98/

 

Дээрх ажиллагааны явцад орон сууцны анхны өмчлөгч гэх Ш.Жавзандуламын эрх ашиг зөрчигдсөн, уг орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаанд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч оролцуулах, эрх үүргийг нь тайлбарлах зэрэг хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримт, тэдгээрийн тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч байгууллагын хууль зөрчсөн буруутай ажиллагаа тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах ажиллагаанд гэрчийн этгээдээр хоёр иргэн оролцуулсан нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураан авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулана гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасантай, харин эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд нэг гэрч оролцуулсан нь мөн хуулийн 30.2 дахь хэсэгт заасан “шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрч оролцуулж болно” гэсэнтэй бүрэн нийцсэн байна. /хх 6-9/

 

Түүнчлэн, барьцаалсан буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заагдсан, улмаар төлбөрт гаргуулахаар хураагдсан орон сууцыг нэхэмжлэгч Ш.Жавзандулам өөрийн өмчлөлийн зүйл байсан, төлбөр төлөгч Д.Дуламцоод шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бусд тооцсон гээд, Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүгчийн захирамж, “Хүсэлт шийдвэрлэх тухай” Шүүгчийн захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн нь хэрэгт авагдсан. /хх 8-11/

 

Гэвч хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх дээрх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Жавзандуламын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар “төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний өмчлөлд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт “тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна” гэж гэсний дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагааг шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд шүүхэд гаргаж болохыг зохицуулсан. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч өөрийн эрхийг хамгаалахаар шүүхэд мэдүүлсэн гэж үзэхээр байгаа боловч хэргийн үйл баримтаар “үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц”-ны өмчлөх эрх өөрчлөгдөж, төлбөр төлөгч Д.Дуламцоогийн өмчлөлөөс бусдад шилжүүлсэн болон нэхэмжлэгч Ш.Жавзандулам өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар нотлох баримтгүй байгаа тохиолдолд түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Иймд шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т зааснаар төлбөр төлөгчид байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан. Харин уг ажиллагааг зөвшөөрөхгүй бол зөвхөн төлбөр төлөгч, төлбөр авагч талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчид, улмаар шүүхэд гомдол гаргах журмыг зохицуулсан. Энэ журмын дагуу тухайн этгээдүүд гомдол гаргаагүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагчаас бусад этгээдийн эрхийг хамгаалах талаарх хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяагийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах” талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00941 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.3-т...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА