Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0767/З/ |
Дугаар | 405 |
Огноо | 2016-11-23 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 405
“Өнгөт-Оюу” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 539 дүгээр магадлалтай, “Өнгөт-Оюу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өнгөт-Оюу” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд “Өнгөт-Оюу” ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “хүчин төгөлдөр” гэсэн өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 539 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Өнгөт-Оюу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Өнгөт-Оюу” ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгох, “Өнгөт-Оюу” ХХК-ийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайлбал, “Өнгөт-Оюу” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-007162 тоот тусгай зөвшөөрлийн талбай дээр 9 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн тайланг боловсруулж ЭБМЗ-ийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай шийдвэрээр шинжээч томилуулсан. Гэтэл шинжээч хайгуулын ажлын зарим хэсгийг нарийвчлан хийх шаардлагатай гэж үзэн тайланг буцаасан. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас тусгай зөвшөөрөл бүхий талбайд нарийвчилсан хайгуулын ажил хийж чадаагүй. Хууль зүйн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй, онцгой нөхцөл байдлын улмаас шалтгаалж манай компани хайгуулын нарийвчилсан ажил хийх ажлыг хууль ёсны дагуу үргэлжлүүлэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх шаардлагыг хангаж байвал Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хадгалдаг.
“Өнгөт-Оюу” ХХК нь өөрийн эзэмшлийн 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг батлуулж, мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж хуулиар хүлээсэн үүргийг биелүүлсээр ирсэн нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх үндэс юм. “Өнгөт-Оюу” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарлаж, биелүүлсээр ирсэн бөгөөд 9 жилийн хугацаанд нийт 120.000.000 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны улмаас уг хөрөнгө оруулалт нь үнэгүйдэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж зааснаар Ашигт малтмалын газрын Тамгын газрын алба, хэлтсүүдийн чиг үүргийг нарийн зааж өгсөн бөгөөд Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэхдээ бусад нэгжүүдээсээ нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн холбогдох мэдээлэл, тайлан, ажлын явцыг нягталж хянан шалгах, чиг үүргээ хэрэгжүүлээгүй хоорондын уялдаа байхгүй байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм гэжээ.
Хянавал:
Нэхэмжлэгч “Өнгөт-Оюу” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “ашигт малтмалын хайгуулын 7162Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй болох эс үйлдэхүйг тогтоолгох, ...7162Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг хадгалж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” гэсэн нэхэмжлэл гаргаж, АМГ-аас томилогдсон шинжээчийн дүгнэлтийн дагуу ордын нөөцийг бүрэн гүйцэт тогтоон, хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа өөрчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болгосон байхад манай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах эрх байхгүй болсныг харгалзан үзээгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь “шинжээчийн шаардлагын дагуу нэмэлт ажил хийж, гүйцэтгэх явцад тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон” гэх асуудлаар тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2014 оны 8 дугаар сарын 25, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус тус Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, мөн газрын даргын нэр дээр гаргасан ба Кадастрын хэлтийн даргын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 6-4888, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/3771 дугаартай албан бичгээр “дуусгавар болгосон бүртгэл хууль зүйн үндэслэлтэй” гэж хариу өгсөн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2-т заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь гомдлыг шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх талаар мөн зүйлийн 12.3-т зохицуулжээ.
Гэтэл нэхэмжлэгч “Өнгөт-Оюу” ХХК нь ийм хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гаргасан уг нэхэмжлэлийг шууд хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “маргааны үйл баримт” дурдаж, магадлалыг эс зөвшөөрсөн агуулгатай гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан гомдлын үндэслэлд тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй тул хяналтын шатны шүүх үүнд дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Харин давж заалдах шатны шүүх, магадлалдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталсан буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх байдалд үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ