| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02003/и |
| Дугаар | 1695 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1695
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/01695 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 1-1 тоотод байрлах "Монмасло" ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011107146, регистрийн дугаар 2709155/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чимидийн Баатархүү /Регистрийн дугаар ТЗ77112470/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч "Монмасло" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
"Монмасло" ХХК нь импортын бараа худалдаалдаг бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан хотын төв зах “Шинэ орчин төв”-д хүнсний бүтээгдэхүүн жижиглэн худалдаалдаг иргэн Чимидийн Баатархүү /Регистрийн дугаар ТЗ77112470/-д 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3,800,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн зээлээр худалдсан бөгөөд гэрээний үнийн дүнг авахаар очиход иргэн Ч.Баатархүү нь өөрийн лангуун дээр байхгүй, мөн хаана оршин сууж байгаа нь тодорхой бус байна. Ч.Баатархүү нь одоо болтол зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байгаа тул ТЗ77112470 регистрийн дугаартай Чимидийн Баатархүүг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч "Монмасло" ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чимидийн Баатархүү /Регистрийн дугаар ТЗ77112470/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
"Монмасло" ХХК нь зээлээр худалдсан бүтээгдэхүүний үнэ болох 3,800,000 төгрөгийг Ч.Баатархүүгээс гаргуулахаар эрэн сурвалжилсан боловч тэрээр үйл ажиллагаа явуулж байсан худалдааны төвд ажиллахгүй байгаа, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа улмаас компанид учруулсан хохирлыг барагдуулж чадахгүй байгаа талаар тайлбар гаргажээ.
Иймд, Ч.Баатархүүг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч "Монмасло" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 86 тоотод оршин суух хаягтай Сутай овогт Чимэдийн Баатархүү /Регистрийн дугаар ТЗ77112470/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР